Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/00836

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/02257 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 11,152,056 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

*******ийн 2022 оны 10 сараас 2022 оны 12 сарын илүү цагийн хөлс 4,154,508 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 6,997,548 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 11,152,056 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

Үүнд, ******* нь 2022 оны 10 дугаар сард 56 цагийн илүү, нэг цагийн хөлс 49,591 төгрөг, нийт 4,165,644 төгрөг, 2022 оны 11 дүгээр сард 32 цагийн илүү, нэг цагийн хөлс 57,016 төгрөг, нийт 2,736,768 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 56 цагийн илүү, нэг цагийн хөлс 50,591 төгрөг, нийт 4,249,644 төгрөг, бүгд 11,152,056 төгрөг болж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйл нь уртын ээлжээр ажиллах ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа уул уурхай, олборлох салбарын ажлын горимыг тусгайлан зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, мөн хуулийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж заасан. Эдгээр заалтыг хууль тайлбарлах Системийн (Systematic interpretation) аргын хүрээнд авч үзвэл:

1. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан;

2. 12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрөөд гэхдээ энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан буюу нэг ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлсон;

3. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт заасны дагуу илүү цагийн хэмжээг тооцоод 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж өгөхийг мөн тодорхой заасан.

4. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор хуулиар зохицуулсан. Энэ тохиолдолд нөхөн амраасан тохиолдолд ажил амралтын горим зөрчигдөх талаар хариуцагч талын зүгээс тайлбарладаг. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан хуулиар хатуу тогтоож өгсөн. Үүнээс уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэдэг нь тодорхой байна.

Иймд хариуцагчийн ирүүлсэн Хэрэв уртын ээлжээр өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл, эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна гэсэн хариу тайлбар үндэслэлгүй буюу Уртын ээлжээр ажиллаж буй ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасныг баримталж ажил, амралтын цаг тэнцүү ажиллах тул нөхөн амраах үр дагаварт ажил олгогч хүрэхгүй юм.

Ийнхүү хуулиар ажил, амралтын цагийг нарийвчлан тогтоож өгснөөр ажилтны илүү цагаар ажилласан хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөн амраасан байх урьдчилсан нөхцөлийг ажил олгогч хэрэглэхгүй харин илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгох хууль зүйн үр дагаварт хүргэж байна. Ингэж олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэлийг 8 цагаар тооцохыг тодорхой заасан.

Иймд нэхэмжлэгч дээрх байдлаар нэхэмжлэлээ шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол, хууль зүйн үндэслэл, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүхэд дэлгэрэнгүй байдлаар гарган өгч байна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн уртын ээлжийн ажилтны ажиллах нэг өдрийн үргэлжлэх цаг 8 цаг байх ёстой. гэтэл өдөрт 12 цаг ажиллаж байна, тиймээс өдөрт 4 цаг илүү ажиллаж байгаа тул үүнд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох ёстой гэсэн нэхэмжлэлийн үндэслэл нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно, 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх... гэж заасантай үл нийцнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг мөн ялгаагүй сард дунджаар 168:504 цаг байна.

Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд цалин хөлсийг сараар тооцож, төлөвлөдөг. Сараар тооцоход сард дунджаар 168 цаг ажиллах нөхцлийг боловсруулсан. Энэ нөхцөл нийтлэг үйлчилдэг тул дундаж цалин хөлс тодорхойлох журмыг дагаж мөрддөг. Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл, эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан 92 дугаар зүйл нь ердийн ажлын цаг, ээлжийн ажлын цаг зэрэгтэй харьцуулахад тусгай зохицуулалтыг агуулж байх бөгөөд хууль хэрэглэх зарчмын үүднээс авч үзвэл тусгай зохицуулалтыг ерөнхий зохицуулалтаас урьдаж хэрэглэх ёстой.

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 10 дугаар сард 168 цаг, 11 дүгээр сард 144, 12 дугаар сард 192 цаг ажилласан бөгөөд ажилласан илүү цагт ногдох цалин хөлсийг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа болно. ******* нь 10 дугаар сард 14 хоног ажиллаж, 17 хоног амарсан, 11 дүгээр сард 12 хоног ажиллаж, 18 хоног амарсан, 12 дугаар сард 16 хоног ажиллаж, 14 хоног амарсан байна.

Ийнхүү сард 12-16 хоног л ажилласан боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор дунджаар 7-10 сая төгрөгийн цалин авсан байх ба үүн дээрээ дахин илүү цагийн хөлс гэж 11,152,056 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь хууль тогтоомжид нийцэхгүйн дээр хөдөлмөр эрхлэлтийн хэт ялгавартай нөхцөл байдлыг бий болгох, ажил олгогчид төсөвлөөгүй их хэмжээний цалингийн зардал гарах эрсдэлийг бий болгоход хүргэхээр байна. Нэхэмжлэгч нь 2022 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ 14/14 хуваариар 12 цагаар ажиллаж ирсэн ба ажил амралтын хуваарь болон ажлын цагийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацаанд зохих журмын дагуу ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан. Хуульд заасан уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 1 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь хуульд заасан уг хугацааг хэтрүүлсний зэрэгцээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан асуудлаараа хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй, нэхэмжлэгч нь 4,154,508 төгрөг гаргуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1, 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 11,152,056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,422 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. Нэхэмжлэгч нь 2022 оны 10 cap, 11 cap, 12 саруудын илүү цагийн хөлсийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ингэхдээ анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо 2022 оны 10 сарын цалин хөлсний хөөн хэлэлцэх хугацааг тоолох хугацаанаас бусад саруудын хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо cap бүрд ялгамжтай байдлаар тоолох буюу cap бүрийн илүү цагийн хөлс шаардах эрх үүсэх хугацаа өөр өөр байна. Шүүхээс нэг хэрэгт нэг хөөн хэлэлцэх хугацаа байна хэмээн хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолж дүгнэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй" мөн хуулийн 154.2.2-т Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлын 90 хоногийн дотор гэж заасны дагуу нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн буюу урьдчилан шийдвэрлүүлэх 90 хоногийн хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс тооцоход 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дууссан хэмээн үзсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2022 оны 10 сарын илүү цагийн хөлс шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байж болох ч 2022 оны 11 cap, 12 сарын тухайд хөөн хэлэлцэн хугацаа хэтрээгүй тухай маргадаг.Тодруулбал 2022 оны 11 cap цалингийн урьдчилгаа цалинг 11 сарын 25-ны өдрөөр, үлдэгдэл цалинг 12 сарын 10-ны өдөр авч байгаа тул энэ хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2023 оны 01 сарын 10-д 30 хоног, 2023 оны 02 сарын 10-нд 60 хоног, 2023 оны 03 сарын 10-ны нд 90 хоног болж байна.Гэвч шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолж буюу шүүхийн шийдвэрийн 3.3 дахь хэсгийн 4 дэх мөрөнд эрх хэрэгжүүлэх хугацаа гэдэг нь өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой өдрөөс тооцогдох учиртай тул cap бүр олгож байгаа цалин хөлс бүрт хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлгүй юм хэмээн нэг хэрэгт нэг хөөн хэлэлцэх хугацаа байна хэмээн хэргийг шийдвэрлэсэн. Гэвч нэхэмжлэгч нь тухайн cap бүрд ажиллаад тухайн ажилласан хугацааны илүү цагийн хөлсөө авахаар нэхэмжилж байгаа учир тухайн cap бүрт хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрээр зөвхөн нэхэмжлэгчийн 2022 оны 10 сарын цалин хөлс шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь дээр дүгнэлт хийж буюу тухайн 10 сарын илүү цагаа шаардах эрхээ үүссэн хугацаанаас бусад саруудын хөөн хэлэлцэх хугацааг тоолж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь анх 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *******-ийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан.

4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчид олгогдсон байгаа цалин хөлс нь 112 цагт оногдох үндсэн цалингаа авсан учир илүү цагийн хөлсийг 1,5 /нэг арваны/ дахин нэмэгдүүлж олгох нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 10, 11, 12 дугаар саруудад ажилласан ба цалин хөлсөө авсан. Анхан шатны шүүхэд хэлэлцүүлэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь алдаатай. Нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *******-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацааг тоолохын бол 2022 оны 10, 11 дүгээр сард хамаарах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа нь императив учраас яг уг хугацаагаар тоологдохгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 11,152,056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь тоног төхөөрөмжийн операторын ажил албан тушаалд ажиллахаар талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан байх ба гэрээний өөрчлөлт байгуулсан үеэс эхлэн нэхэмжлэгч нь уртын ээлжийн горимоор нэг ээлжид 14 хоног ажиллаж, 14 хоног амарч, нэг өдөрт 12 цаг ажиллаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /1хх27, 29-34/

 

3. Нэхэмжлэгч нь 2022 оны 10,11,12 дугаар сард ажилласан цаг, олгосон цалин хөлсний хэмжээнд маргаагүй, харин нэхэмжлэгчийн нэг өдөрт ажилласан 12 цагаас 4 цагийг илүү цагаар ажилласан гэж үзэж илүү цагаар ажилласны нэмэгдэл эсэх, хэрэв нэхэмжлэгч илүү цагаар ажилласан бол нөхөн амруулсан, эсхүл илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс олгосон эсэх, гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн эсэх асуудал нь маргааны зүйл болжээ.

 

3.1. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд ажилтныг уртын ээлжээр ажиллуулах талаар зохицуулсан бөгөөд тус хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж, энэ зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, мөн энэ зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж тус тус заасан.

 

3.2. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэж, энэ зүйлийн 87.3 дахь хэсэгт Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно гэж тус тус заасан.

 

3.3. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн нэг өдрийн ажлын үргэлжлэх хугацаа болох 12 цагийг үндсэн ажлын цаг гэж үзэх боломжгүй ба нэхэмжлэгч нь 2022 оны 10, 11, 12 дугаар сард өдөрт 4 цаг, тус бүр 14 хоногт 56 цаг илүү цагаар ажилласан байна. /1хх50-51/

 

3.4. Уртын ээлжээр ажиллах ажилтан нь нэг ээлжид 14 хоног ажиллаж, 14 хоног амарч байгаа нь тухайн ажилтны гэрээсээ алслагдмал байх нөхцөлөөс улбаатай эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн амьдралын үр дагаврыг бодолцсон, нийгмийн харилцааны талаар баримталж буй хууль тогтоогчийн бодлогын шийдэл гэж үзэх учраас нэхэмжлэгчийн сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдрийн илүү ажилласан 4 цагийн хугацааг нөхөн амраасан гэх хугацааг багтсан гэж үзэхгүй.

 

3.5. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгох ёстойгоос 1 дахин нэмэгдүүлж олгосон гэж үзэхэд 0,5 хувийг нь шаардах эрхтэй байжээ.

 

4. Гэвч, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан маргаанд хамаарах тул нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах байгууллагад гомдол гаргахаар зохицуулсан байдаг. Анхан шатны шүүхээс, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул үндэслэлийг өөрчлөн дүгнэх шаардлагатай. Иймд нэхэмжлэгчийн уг эрхээ хамгаалуулахаар гомдол гаргасан байдлыг цаг хугацаагаар нь тодорхойлбол:

 

4.1. Нэхэмжлэгч нь байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр илүү цагийн хөлс олгуулах тухай гомдлоо гаргасан /2хх22/ цаг хугацааны тухайд маргадаггүй бөгөөд хариуцагч талаас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гомдлыг Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл байдаггүй гэх үндэслэлээр гомдлыг буцаасан/2хх136/ болох нь нотлогдож байна.

 

4.2. Мөн нэхэмжлэгч талаас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст илүү цагийн хөлс олгуулах тухай гомдлыг гаргасан /2хх23/ байх ба хариуцагч талаас 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хугацаа хэтэрсэн байна гэх үндэслэлээр түүний гомдлыг буцаасан /2хх24/ болох нь тогтоогдож байна.

 

4.3. Нэхэмжлэгч талаас 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан /1хх88-112/ байх бөгөөд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл/шийдвэрээр талууд харилцан зөвшилцөж, эвлэрч чадаагүй, харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, энэхүү тэмдэглэл/шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* танилцаж гарын үсэг зурсан байна.

 

4.4. Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд илүү цагийн хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байх ба уг нэхэмжлэлийг шүүх 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл хүлээн авсан бүртгэлд бүртгэсэн байх бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан баримтууд хэрэгт авагдсан байна./2хх131-135/

 

4.5. Мөн нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан үйл баримтууд тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгчийн гомдол гаргасан хугацаануудыг тооцож үзвэл, нэхэмжлэгч байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисс/зөвлөлд хандан гомдлоо гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байдал тогтоогдохгүй байна. Харин, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гардаж авснаас хойш 13 хоногийн дараа шүүхэд гомдол гаргаж, уг хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн, түүнчлэн шүүхээс нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр татгалзсан байхад шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргаж дахин 10 хоногоор тус тус хэтрүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

6. Иймд дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нэхэмжлэгч талаас нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

7. Шүүх маргааны зүйлд хамаарах хуулийн заалтыг оновчгүй хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримталсан өөрчлөлтийг оруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/02257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1, 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2 дахь хэсэгт гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ