| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/06145/И |
| Дугаар | 4881 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 4881
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5061458 регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, энхтайвны өргөн чөлөө 51, старс төв 20 тоотод байрлах “Зууны чавхдас” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн УО67040835 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, усны гудамж, 3-26 тоотод оршин суух Баатарын Баатархүүд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7.330.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Баатархүү нь “Зууны чавхдас” ХХК-иас 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 5/3 тоот зээлийн гэрээгээр 2.500.000 төгрөгийн зээл авсан юм. Зээл авснаас хойш нийт 600.000 төгрөгийн хүү төлсөн ба 2014 оны 8 дугаар сараас хойш юу ч төлөлгүй 21 сарын хугацаа өнгөрлөө. Эхний үед утсаар ярихад удахгүй төлнө гэдэг байсан боловч сүүлдээ утас нь холбогдохоо байсан. Гэрийн хаягаар хайж очиход гэр нь байнга цоожтой хүнгүй байдаг. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2.500.000 төгрөг хүү 4.200.000 төгрөг, алданги 630.000 төгрөг, нийт 7.330.000 төгрөг болсон байна. Иймд Баатархүүгээс дээрхи төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Баатархүү миний бие “Зууны чавхдас” ХХК-ий хариуцан үйл ажиллагаа явуулдаг ломбардаас 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 2.500.000 төгрөгийг хуучны танил найзаараа дамжуулан зээл авсан. Авсан зээлээ бүрэн төлөх боломж гараагүй тул эхний 4 сарын хүүг төлсөн. Уг зээлийг анх авсан үеэсээ л төлж барагдуулах талаар зээл олгосон Ж.Эрдэнэбулганд утсаар хэлж хүүгээ зогсоочих мөнгөтэй болохоороо 3.000.000 болгоод өгнө гэж тохиролцсон. Зээлдэгч миний бие хүндэтгэн үзэх шалтгаанаа үнэнээр нь тайлбарлаж хэлж байсан. 2015 оны эхээр ажил албан тушаал өөрчлөгдөж одоо 99142148 утастай байгаа. Би авсан зээлээ төлөх болно. Нэхэмжлэлээс 3.000.000 төгрөгийг төлнө харин нэхэмжлэгчийн 4.200.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна. миний бие үндсэн зээлээ төлнө. Харин их хэмжээний хүү, алданги төлж чадахгүй гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Зууны чавхдас” ХХК нь хариуцагч Б.Баатархүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.330.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Бид харилцан тохиролцож 3.500.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохирч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч нь нийт үнийн дүнгийн 3.830.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд талуудын эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК нь хариуцагч Б.Баатархүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.330.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 7.330.000 төгрөгийн 3.830.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 3,500.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 7.330.000 төгрөгийн 3.830.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 3,500.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хариуцагч Р.Мөнхзулд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132.230 төгрөгийн 50 хувь буюу 66.115 төгрөгийг улсын орлогоос, 66.115 төгрөгийг хариуцагч Б.Баатархүүгээс гаргуулж, нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ