| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/06274/И |
| Дугаар | 210/МА2025/00837 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00837
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/01473 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
121,577,088 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* нь *******-аар 2022 оны 10 дугаар сараас эхлэн *******ийн байгалийн цогцолбор газрын ******* амралтад цэвэр бохир усны систем болон гадна бохирын септик танк систем бүхий байгууламжийг 3 байршилд суурилуулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохирч, тэдний компанийн ахлах инженер *******, инженер ******* нар газар дээр нь ирж үзэн хэмжилтээ хийж, *******-аас нэхэмжлэхүүдийг ирүүлсэн. Энэхүү ажил маань санхүү зээлийн асуудлаас шалтгаалан хугацаа хойшилж, 2023 оны 9 дүгээр сард дахин *******-тай холбогдож, дахин инженерүүд ирж үзлэг хэмжилтээ хийн ажил эхлүүлэхээр болсон.
******* нь ******* *******-тай 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 16-ны өдөр Ногоон бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглах зээл болох 125,550,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр зээл авсан. Энэ авсан зээл нь *******-ийн нэхэмжлэхүүдийн дагуу гарсан бөгөөд тэр дүнгээр буюу 125,550,000 төгрөгийг *******-ийн ******* банкны ******* тоот дансанд мөн өдрөө шилжүүлсэн.
Гэвч *******-ийн зүгээс ажлаа хийж гүйцэтгэхгүй, эхлэхгүй байсан. 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ахлах инженер *******тэй уулзаж, тэрээр хавар танай ажлыг хамгийн түрүүнд хийж гүйцэтгэнэ гэснээр хойшилсон. Дараа хавар нь ч ажил эхлээгүй, иймээс бид энэ компаниар ажил гүйцэтгүүлэхээсээ татгалзаж, төлбөрөө нэхсэн. ******* нь 2024 оны 04 дүгээр сард 20,000,000 төгрөгийг эргүүлэн өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл түүнээс өөр төлбөр төлөөгүй.
Энэ хугацаанд ******* нь ******* *******-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг бүрэн төлсөөр явж байна. Бидний зүгээс цаг хугацаа мөнгө санхүүгийн хувьд маш их хохиролтой байгаа бөгөөд *******-ийн эргүүлэн төлөөгүй байгаа төлбөрт ногдох банкинд төлсөн зээлийн хүүг хохирол гэж үзэж нэхэмжилж байна. Иймд *******-аас 105,550,000 төгрөг, хохиролд 16,027,088 төгрөг, нийт 121,577,088 төгрөгийг гаргуулан *******-д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Манай компани улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг сантехник угсралтын компани билээ. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* манай компанийн ИТА-ны дарга *******тэй холбогдон *******ийн байгалийн цогцолбор газарт байрлах ******* амралтын газартаа манайх ногоон зээл авч байгаа танай байгууллагаар гадна бохирын систем, цэвэр усны систем угсрах ажил гүйцэтгүүлж хийлгэхээр шийдсэн байгаа тул мөнгөө урьдчилаад хийж байя ирэх хавар гэрээгээ байгуулж ажлаа хийлгэнэ гэж утсаар тохирон *******-ийн ******* *******-ийн ******* тоот дансанд 125,550,000 төгрөг шилжүүлсэн. Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдагтайгаа холбоотойгоор өвлийн улиралд материалын үнэ хямдарсан үед бараа материалаа нөөцлөн авч хавраас ажлуудын гэрээ хийгдэхээр ажлаа үргэлжлүүлэн хийхээр тооцон мөнгөн урсгалын төлөвлөгөө гарган ажилладаг. Гэтэл ******* ажлаа хийлгэхээр төлбөрөө шилжүүлсэн атлаа ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулаагүй, ажлын зургаа өгөлгүй байсаар хавар болоход ажлаа хийлгэхээ болилоо төлбөрөө буцаан авмаар байна гэж манай компанид төвөгтэй байдал үүсээд байна. Гэхдээ манай компани боломжоо харан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг *******-ийн дансанд шилжүүлсэн. Манай компаниас биш *******-аас болоод ажлын зургаа өгөөгүйгээс ажил эхлээгүй өдийг хүрсэн. Нэхэмжлэгчийн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай материал, механизм, ажиллах хүч бүгд бэлэн байгаа болно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 105,550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,027,088 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 765,836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 685,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:
Нэхэмжлэхүүдийн дагуу бид ******* банктай зээлийн гэрээ байгуулж, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ногоон бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглах зээл болох 125,550,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр зээлийг авч, тухайн өдрөө *******-ийн дансанд шилжүүлсэн. ******* нь ажлаа хийж, гүйцэтгээгүй.
******* нь холбогдох зураг төслөө өөрсдөө хийнэ гэж инженерүүд нь бүх хэмжилтүүдээ хийгээд явж, тэд үнээ тооцоолоод бидэнд нэхэмжлэхүүдээ ирүүлсэн. Бидэнд заавал гэрээ байгуулах ёстой гэж хэлээгүй, санхүүгийн асуудлаа шийдвэрлэчихвэл даруйхан ажлаа эхэлнэ гэсний дагуу зээл аваад тэр даруй төлбөр мөнгөө шилжүүлсэн.
Инженертэй нь удаа дараа холбогдож ярьж байсан, удахгүй эхэлнэ гэсээр намар дууссан. Тийм учраас нэхэмжлэгч компани гэрээг цуцалсан. Төлбөрөө буцаан авъя гэж гүйцэтгэх захиралтай удаа дараа утасдаж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр хийгээгүй. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч ******* банкинд *******-д шилжүүлсэн төлбөрийг хүүг төлсөөр явж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр...., мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай. ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан боловч анхан шатны шүүх нотлох баримтын хамаарал, ач холбогдол зэргийг үл харгалзан тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэсэнгүй.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзах санал гаргасан боловч хариуцагч талаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу инженер техникийн ажилчдыг ажиллуулсан үнэ болох 5,550,000 төгрөгийг хасаж шийдвэрлээгүй байх тул тухайн хэсгийг хасаж шийдвэрлэж өгнө үү.
Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагчийн зүгээс гомдолд дурдаж байгаа зүйлээр анхан шатны шүүхэд маргаагүй. Хугацаа авах гэсэн санаа зорилготой байгаа учраас гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 105,550,000 төгрөгийг, хохиролд 16,027,088 төгрөг, нийт 121,577,088 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
1.1. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлдээ, хариуцагчийн зүгээс ажлаа хийж гүйцэтгэхгүй, эхлэхгүй байсан. 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ахлах инженер *******тэй уулзахад хавар танай ажлыг хамгийн түрүүнд хийж гүйцэтгэнэ гэснээр хойшилсон. Дараа хавар нь ч ажил эхлээгүй, иймээс бид энэ компаниар ажил гүйцэтгүүлэхээсээ татгалзаж, төлбөрөө нэхсэн. ******* нь 2024 оны 4 дүгээр сард 20,000,000 төгрөгийг эргүүлэн өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл өөр төлбөр төлөөгүй тул банкинд төлсөн зээлийн хүүг хохирол гэж үзэж нэхэмжилнэ гэжээ.
1.2. ******* ажлаа хийлгэхээр төлбөрөө шилжүүлсэн мөртлөө ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулаагүй, ажлын зургаа өгөлгүй байсаар хавар болоход ажлаа хийлгэхээ болилоо, төлбөрөө буцаан авмаар байна гэснээс болж манай компанид төвөгтэй байдал үүссэн. Гэхдээ манай компани боломжоо харан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөгийг *******-ийн дансанд шилжүүлсэн гэжээ.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогджээ.
2.1. ******* нь *******-тай 2023 оны 10 дугаар сард ******* байгалийн цогцолбор газрын ******* амралтад цэвэр бохир усны систем болон гадна бохирын спетик танк бүхий байгууламжийг 3 байршилд суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр талууд амаар харилцан тохиролцож, ажлын хөлсөнд нэхэмжлэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *******-ийн ******* банкны ******* тоот дансанд 125,550,000 төгрөгийг шилжүүлсэн нь ******* банкны мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга, талуудын тайлбар зэргээр нотлогдсон байна.
/хх10-11/
2.2. Нэхэмжлэгч ******* нь, ******* *******-тай байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/202249764406 дугаар Зээлийн гэрээ-гээр 125,550,000 төгрөгийг, жилийн 15 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлдэж авсан байна./хх6-9/
2.3. Хариуцагч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 01/10-271 дугаартай албан бичгээр *******-д хандан Барилгын салбар нь улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдгаас шалтгаалж мөнгөн урсгалын хүнд үе таарсан бөгөөд төлбөрийн буцаалтыг хийх боломжгүй байгаад хүлцэл өчье. Бид эхний гэрээ хийгдэж ажил эхлэхээр та бүхний хүсэж буй 50 хувийн төлбөрийн асуудлыг шийдэх боломжтой болно гэжээ./хх32/
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар шүүхийн дүгнэлт зөв. Талууд ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан үндэслэлээр гэрээний хөлсийг буцаан өгөх талаар маргаагүй боловч нэхэмжилсэн хохирлыг төлөх эсэх талаар маргасан байна.
3.1. Талууд гэрээнээс татгалзсан үндэслэлээр хариуцагч талаас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, 105,550,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
3.2. Мөн, дээр дурдсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтаас үзэхэд 2023 оны 10 дугаар сард талууд ажил гүйцэтгэх гэрээний талаар амаар тохиролцож нэхэмжлэгч талаас ажлын хөлсөнд 12,550,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба, уг гэрээт ажлыг 2024 оны хавар хийж гүйцэтгэхээр хойшлуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогджээ. Гэвч, нэхэмжлэгч талаас уг гэрээт ажлыг хариуцагч талаар хийж гүйцэтгүүлэхээс татгалзсан болох нь хариуцагч *******-ийн нэхэмжлэгч талд хүргүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 01/10-271 дугаартай албан бичгээр нотлогдож байна.
3.3. Нэхэмжлэгч дээрх гэрээнээс татгалзсан явдалд хариуцагчийн гэрээний үүргийн зөрчил тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагчийн гэм буруугийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Иймд ******* банкны зээлийн 16,027,088 төгрөгийг хүүд төлж хохирсон гэх шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
3.4. Хариуцагч талаас, ажил гүйцэтгэх гэрээний дагуу инженер техникийн ажилчдыг ажиллуулсан үнэ болох 5,550,000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэх давж заалдах гомдол гаргасан байх боловч уг гэрээтэй холбоотойгоор хариуцагч талаас гаргасан зардлын баримтыг анхан шатны шүүхэд гаргаж мэтгэлцээгүй, энэ талаар нотлох баримтгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
4. Иймд, хариуцагч *******-аас 105,550,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,027,088 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/01473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 238,086 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 103,750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.АЛТАНЦЭЦЭГ