Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 43

 

                 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч А.Тунгалагтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг

Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Т-т холбогдох 1940000660047 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 06 сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э.Т.

              Шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийж, хууль сахиулах албаны барилга байгууламжид халдсан” гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Э.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 01 цагийн орчимд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан тус Сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Э хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, заналхийж Цагдаагийн хэлтсийн түр саатуулах байрны сараалжин хаалгыг эвдэж хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж 80000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Иргэний нэхэмжлэгч Ц.Б 2019 оны 05-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манай цагдаагийн хэлтэс нь өмнө нь тасаг байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн хэлтэс болон өргөжиж улмаар бүтээн байгуулалтын ажлыг хийж 1 давхартаа гэмт хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг түр саатуулах байрыг барьж 2018 онд зөвшөөрлөө авсан юм. Тэгсэн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэн Э.Т гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гудамж талбай олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явж цагдаагийн албан хаагчийг тавьсан шаардлагыг эсэргүүцэж улмаар цагдаагийн хэлтэс дээр хүлээлгийн өрөө буюу түр саатуулах байрны гадна тал сууж байх үедээ түр саатуулагдах байрны төмөр сараалжан хаалгыг өшиглөсөөр байгаад гагнаасаар нь салгасан  эвдсэн байсан. Би үүнийг нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө ажилдаа ирэхдээ мэдсэн. Ингээд ямар байдлаар эвдсэн эсэхийг камер шүүж үзэхэд Э.Т нь 2 гараа гавлуулсан байдалтай байж байгаад баруун талынхаа хөлөөр удаа дараа түр саатуулах байрны төмөр сараалжан хаалгыг өшиглөж байсан. Энэ үед тус цагдаагийн хэлтэст жижүүрийг туслах цагдаагаар гарч байсан цагдаагийн дэд ахлагч М гарч ирж шаардлага тавьж байгаа бололтой байсан. Тэгсэн Э.Т нь өшиглөхөө болиод удалгүй дахин хэд хэдэн удаа өшиглөж байгаад төмөр сараалжан хаалганы нэг төмрийг салгаж эвдээд авч байсан дүр зураг камерт бичигдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/

-Гэрч Э.Э 2019 оны 04-р сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу 2019 оны 04 дүгээ сарын 04-ний өдрийн 08 цагаас 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 08 цаг хүртэл 24 цагаар цагдаагийн хэлтэст иргэд аж ахуйн нэг байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэлд очих үүрэгтэй жижүүрийн жолооч цагдаагаар ерөнхий жижүүр, цагдаагийн ахлах дэслэгч Н.Г туслах жижүүр цагдаагийн дэд ахлагч М нарын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сарын 05-ны 00 цаг 50 минутын орчимд туслах жижүүр цагдаагийн дэд ахлагч М  нь “Гадаа хүмүүс муудалцаад байгаа бололтой орилж чарлаад байна” гэхээр нь би хэлтэс дотор байдаг гудамж талбайд байрлуулсан камерийг харахад манай цадаагийн хэлтсийн зүүн урд талд байх жижиг цагаан дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд нь хэдэн эрэгтэй эмэгтэй залуучууд зогсож байсан. Тэгэхээр нь би хэлтсийн хаалгаар гадагш гарахад дэлгүүрийн зүүн талд зогсож байсан хүмүүс хоорондоо муудалцаад байгаа бололтой байхаар нь яваад очиход манай Бор-Өндөр сумын залуучууд болон хүүхнүүд байсан. Тэр дундаас миний мэдэх хүмүүс нь Т, Б, С гэх залуучууд байсан ба мөн Ц гэх хүүхэн 3 хүүхэний хамт байсан. Тэд бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ингээд би тэд нараас “Юу болоод байгаа талаар асууж тодруулж шөнө оройн цагаар битгий орилж чарлаад бай” гэсэн шаардлага тавихад тэнд байсан хүүхнүүд нь урд зүг рүү явж харин эрчүүд нь үлдсэн. Тэгсэн Б, С, Т нартай явж байсан 2 залуу нь хойд зүгт зам дагаад явсан. Харин Б, С, Т үлдсэн. Тэгсэн С нь хойшоо явсан 2 залуугийн хойноос явсан. Харин Б нь би Т-ийг гэр рүү нь хүргээд өгье гээд урагшаа дагуулаад явсан. Ингээд би тэд нарыг яах эсэхийг хараад зогсож байтал сургуулийн баруун талд явж байсан нөгөө 4 хүүхэн дээр Б, Т 2 очсон. Тэгсэн нөгөө хүүхнүүд эргэж хойшоо алхаад цагдаагийн хэлтсийн урд талд байх цэнхэр 3 давхар байрны хойгуур эргээд явсан. Тэгсэн тэр дунд явж байсан Ц  ирээд “Та нар наад согтуу залуугаа аваад явж чадахгүй байгаан, хэний дүү болоод ингээд байгаан, бид нартай хэрүүл өдөөд дагаад яваад байна” гэж хэлээд яваад өгсөн. Тэгсэн Б эргэж ирээд Т өөрөө гэртээ харчихъя гэнэ гэж хэлээд Т-ийг явах эсэхийг хараад зогсож байтал сургуулийн том хаалганы дэргэд нэг залуутай тааралдаж эргээд хойшоо алхаж байгаа миний зогсож байсан газарт ирсэн. Тэгэхээр нь би “Чи хариачээ, яагаад эмэгтэйчүүдтэй хэрүүл маргаан үүсгээд байгаан, би чамд өмнө нь гэртээ харь гэж шаардлага тавьсан биз дээ гэхэд Т “Чамд ямар хамаатай юм” гэхээр нь “Чамд би олон удаа шаардлага тавьж гэртээ амар гэж хэллээ” гэхэд “Миний яах чамд хамаагүй” гэхээр нь би “Мөрөөрөө шаардлага биелүүлээд гэртээ харьж амарч чадахгүй бол хуулийн дагуу чамд арга хэмжээ авахуулж чадна” гээд Цагдаагийн хэлтэс рүү аваад орох гэтэл орохгүй гээд хашлаганаас зуурчихаад явахгүй байсан. Би Т-ийг түр саатуулж ар гэрт нь хүргэж өгнө гэсэн бодолтой байсан юм. Энэ үед түүний найз Б нь харж байсан. Би удаа дараа Т-т шаардлага тавихад биелүүлээгүй сүүлдээ намайг хувцсаа тайлчих, 2 уулаа зодолдъё гэх мэтээр өдөөд байсан. Харин би Төгөлдөрт чи зүгээр шаардлага биелүүлчих гээд гарыг нь тавиулах гээд ноцолдох үед Т миний нүүрэн тус газар 2-3 удаа цохиж миний өмсөж явсан хантаазыг минь татаж урсан. Ингээд би биеэ хамгаалж ноцолдох үед туслах жижүүрээр үүрэг гүйцэтгэж байсан М гарч ирсэн. Ингээд бид 2 нийлж Т-т тусгай мэх хэрэглэж хүчээр цагдаагийн хэлтэст оруулж ирсэн. Энэ бүх үйл явдлыг Т-ийн найз Б нь харж байсан. Б нь болсон асуудлыг эхлэхэд л байсан. Ингээд би дотоод журмын дагуу гэмт хэрэг зөрчилд холбогдсон этгээдүүдийн өөрсдийн амь биеийг нь болон алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах зорилгоор гаранд нь гав хийж суулгах гэтэл гавлуулахгүй гэж эсэргүүцэл үзүүлсэн. Ингээд М бид 2 хүч хэрэглэж нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гавыг гаранд нь хийж гавалсан. Ингээд Т нь гавлуулсаныхаа дараагаар намайг болон үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нарыг “Машинтай нь дэлбэлнэ, хутгалж ална гэх мэтээр заналхийсэн, мөн намайг чамайг хаана амьдардагийг чинь мэднэ, орц руугаа ороход чинь араас чинь шааж ална” гэх мэтээр заналхийлээд л байсан. Харин бид энэ байдлыг тоогоогүй. Тэгсэн Т нь орилж чаралж түр саатуулахын төмөр сараалжин хаалгыг өшиглөөд байсан. Тэгж байгаад сараалжин хаалганы төмөр сараалжийг хөлөөр өшиглөж эвдсэн. Тухайн үед ийм л зүйл болсон. Энэ бүгд манай цагдаагийн хэлтсийн хяналтын камерт бичигдсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/

-Гэрч м-ын 2019 оны 04-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 04 дүгээр сарын 04-ний 23 цагийн үед нагац А-ын гэрээс гэртээ харихдаа Бор-Өндөр сумын төвөөр буюу Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах 35 болон 36 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талаар нь урагшаа алхаж явтал Цагдаагийн хэлтсийн зүүн урд хэсэгт байрлах 1 давхар жижиг цагаан дэлгүүрийн үүдэнд 2 залуу 2 эмэгтэй хэрэлдэж маргалдаад байгаа бололтой байсан. Би тухайн үед хэн гэдгийг мэдээгүй байсан. Ингээд урагш алхаад тэр хэд дээр очиход манай найз Т нь хамт ажилладаг залуу болох Г  хамтаар нилээн согтолтын байдалтай миний танихгүй 2 эмэгтэйтээ маргалдаагүй харин Т нь л маргалдаж хэрэлдээд байх шиг байсан. Миний сонссоноор нөгөө 2 эмэгтэй нь Т яв гээд хөөгөөд байх шиг байсан. Намайг тэр хэдэд ойртоод ирж байх үед цагдаагийн хэлтэс дотроос ногоон хантаазтай цагдаагийн дэд ахлагч Э ганцаараа гарч ирж байгаа харагдсан. Тэгээд намайг Т, Г нарын дэргэд ирэхэд цагдаа Э бас ирсэн. Ингээд Э нь Т нарт хандаж “Та хэдийг шөнө оройн цагаар бусдыг амруулахгүй шуугилдаад байна” гэсэн дуудлага ирээд байна, явж амарцгаа, битгий хоорондоо хэрэлдэж маргалдаад шуугилдаад бай” гэхэд Г нь нөгөө 2 эмэгтэйгийн хамтаар урагшаа буюу Бор-Өндөр цогцолбор сургуулийн баруун талын замаар урагшаа явсан. Харин Т явахгүй үлдсэн. Тэгсэн Э“Чи явж амар, нилээн согтсон байна” гэж хэлээд намайг гэр рүү нь хүргээд өгчих гэхээр нь би Т аваад гэрт нь хүргэж өгөхөөр хойд зүгт явж байтал 36 дугаар байрны урдаас Г гэх залуу Төгөлдөрийг дуудсан. Тэгсэн Т нь Г уулзахаар буцаад явсан. Тэгэхээр нь би Т-тэй хамт Г дээр очсон. Ингээд тэр 2 уулзаад төв замаар урагшаа алхаж явсан. Тэгэхээр нь би тэр 2 салаад буцаж 39 дүгээр байранд байдаг эгчийндээ оччихоод эргэж гэр рүүгээ харихаар явж байтал цагдаагийн хэлтсийн гадаа Т нь ирчихсэн Э 2 зогсож байсан. Тэр хоёрын хооронд үүсэж байсан харилцааг сонсоход Э нь “Цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага биелүүлсэнгүй” гээд цагдаагийн хэлтэс рүү авч орох гэж байгаа бололтой харин Төгөлдөр нь орохгүй гээд байгаа бололтой явган хүний замын дэргэд байх хашлаганаас зуурчихсан хашлаган дээр суучихсан байсан. Ингээд тэр 2 ноцолдоод байсан. Харин би ямар нэгэн үйлдэл үг хэлэлгүй дэргэд нь харж зогсож байсан. Тухайн үед Э нь намайг байж байгаарай гэсэн юм. Тэгсэн Э гарыг нь салгах гээд ноцолдох үед Т нь Э руу гараа саваад нүүр рүү нь цохьсон. Э нь Т хойш нь газар нь унагаж гарыг өчсөн. Энэ үед цагдаагийн хэлтэс дотроос цагдаа, цагдаагийн дэд ахлагч М гарч ирсэн. Ингээд тэр 2 Т нийлж байгаад гарыг нь гавлаад цагдаагийн хэлтэс рүү аваад орсон. Тухайн үед Э-гийн өмсөж явж байсан шар өнгийн гэрэл ойлгогчтой “Police” гэсэн бичигтэй шар хантааз нь зүүн хэсэг нь урагдсан байсан. Ингээд Э, М нар нь Т-ийг цагдаагийн хэлтэс рүү аваад ороход нь би хэлтсийн үүдэнд нь хүлээсэн. Тэгээд би байж байгаад Т-ийн ээжийн дуудаж өгөөд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

-Гэрч Э-гийн 2019 оны 04-р сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу цагдаагийн хэлтсийн жижүүрийн албанд ерөнхий жижүүр цагдаагийн ахлах дэслэгч Г, жижүүрийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Э.Э хамтаар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08 цагаас 2019 оны 04 дүгээр сарын 05-ны 08 цагийн хооронд 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн юм. Би үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа теле камераар хяналт тавьж байхад манай цагдаагийн хэлтсийн зүүн урд талд байх нэг давхар цагаан дэлгүүрийн зүүн хойд хэсэгт хэдэн эрэгтэй эмэгтэй хүмүүс байж байсан. Тухайн үед цаг 01 болж байсан учир би шөнө оройн цагаар ямар хүмүүс бөөгнөрч яваад байгааг шалгахаар цагдаа жолооч цагдаагийн дэд ахлагч Э гарахад тэдгээр хүмүүс хоорондоо маргалдаж байгаа бололтой өндөр дуугаар бие бие рүүгээ орилоод зарим нэг нь урагшаа болон хойшоо явж байсан. Тухайн үед би хэн хэн байсан эсэхийг таниагүй. Тэгэхээр нь Э хамтаар тэдгээр хүмүүст шаардлага тавихаар очиход миний танидаг хүнээс Т, М хоёр байсан. Э бид хоёрыг тэр хүмүүсийн дэргэд очиход Т нь нэг эмэгтэйтээ хэрэлдээд харин М  нь дундуур нь хориглоод зогсож байсан. Ингээд бид хоёрыг очиход Т-тэй маргалдаж байсан эмэгтэй урд зүгт явсан. Ингээд Э бид 2 Т болон М-ыг гэр орондоо харих талаар хууль ёсны шаардлага тавьсан. Тэр хоёр мөн л урд зүг рүү явсан. Тэгэхээр нь би хэлтэс рүү орж харин Э тэр хоёрыг явж байгаа эсэх хяналт тавьсан. Ингээд хэлтэс орж ирж хоногийн нөхцөл байдлаа бичиж байгаад Э орж ирэхгүй болохоор нь дахин камераа хартал хэлтсийн зүүн урд талд цагаан дэлгүүрийн хойд төмөр хайсан дээр тэр 2 Э нэг хүнтэй зууралдаж ноцолдоод байгаа бололтой, дэргэд нь нэг хүн хараад зогсож байсан. Тэгэхээр нь би гараад очтол нөгөө Т,“Б  чи хэзээ ийм болчихсон юм бэ? Би орохгүй” гэх мэтээр орилж чарлаад байсан. Ингээд би тэд нар дээр очиж Э хамт Т хүчээр цагдаагийн хэлтэс рүү оруулж саатуулж өөрсдийн болон Т-т учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2 гарыг нь гавласан юм. Тухайн үед Т нь нилээн согтолттой бидний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж Э-гийн биед халдаж нүүрэн тус газар нь мөргөх гэж оролдож, өмсөж явсан шар хантаазыг нь урсан болохоор бид гавласан. Ингээд Т-ийг гавалчихаад ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байхад Т нь бид нарыг хувцсаа тайлчих, зодолдъё гөлөг нар минь, пизданууд минь гэх” мэтээр харааж зүхэж доромжлоод байсан. Энэ үед гаднаас ерөнхий жижүүрээр үүрэг гүйцэтгэж байсан ахлах дэслэгч Г орж ирсэн. Тэгээд Г, Э бид хоёроос ямар хүн саатуулчихаад байгаан гэж асуухаар нь “Бид 2 Т-ийн гаргасан асуудлын талаар тайлбарлаж хэлэхэд цаанаас Т бидний яриаг сонсоод “мөн л агсарч өөрийгөө өмөөрч орилж чарлаад байсан” тэгж орилж чарлаж байгаад түр саатуулах байрны төмөр сараалжан төмрийг өшиглөж эхэлсэн. Тэгэхээр нь би Т-т хандаж төмөр өшиглөхөө боль гэж шаардлага тавихад Т эхэндээ больсон. Тэгээд төд удалгүй дахин хэд хэд өшиглөсөн. Тэгэхээр нь дахин шаардлага тавихаар гарахад түр саатуулах байрны төмөр сараалжан төмрийг гагнаасаар нь салтал өшиглөсөн юм. Ингээд би өшиглөж салгасан төмрийг нь холдуулаад дахин шаардлага тавьсан. Энэ цаг хугацаанаас хойш Т нь гайгүй болж унтаад өгсөн. Тухайн үед ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

- 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 51-р хуудас/

-Яллагдагч Э.Т 2019 оны 05 сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Г хамт бааранд орж 0.75 литрийн савлагаатай Соёрхол гэх нэртэй архинаас 2 шилийг уугаад баар хаах үед баарнаас гарсан юм. Би архи уусан үедээ гэртээ очдоггүй болохоор тухайн үед нагац эгчийндээ очиж хонохоор төв замаар буюу 35, 36 дугаар байрны баруун талаар урд зүгт явж байтал Г таньдаг бололтой хэдэн эмэгтэй хүмүүстэй тааралдсан. Би тухайн үед хэн хэн гэдгийг нь таниагүй. Мөн би тухайн үед нилээн согтсон байсан. Ингээд юунаас болсныг мэдэхгүй нэг мэдсэн тэр эмэгтэй хүмүүстэй цагдаагийн хэлтсийн баруун урд талд маргалдаж байсан. Тэгсэн цагдаагийн хэлтсээс Э гэдэг цагдаа гарч ирээд “Яагаад хэрэлдэж маргалдаад байгаан, явж амарцгаа” гэхэд би тэр хэдээс салаад Б гэх найзтайгаа тааралдаад урагшаа явж байгаад буцаж “Хас”  банкны АТМ орж мөнгө авах гээд эргээд явж байснаа санаж байна. Би тэр үед нилээн согтсон байсан болохоор зарим үйлдлээ санахгүй байна. Нэг мэдсэн цагдаа Э уулзчихсан, Э нь “Зүгээр явж чадахгүй бол хэлтэс рүү яв” гэхээр нь би шаардлагыг нь эсэргүүцэж “би яасан юм, яах гэж хэлтэс рүү чинь явах юм” гэж хэлээд бид хоёрын дунд бага зэргийн маргаан үүссэн. Тэгсэн удалгүй цагдаа дотроос М гэх цагдаа гарч ирээд намайг очиж байгаад цагдаагийн хэлтэс рүү оруулж түр саатуулах гэсэн бичигтэй өрөөний гадна талд сандал дээр суулгаж 2 гарыг маань гавласан. Тэгэхээр нь миний уур хүрээд эхэндээ “гавыг маань тайлаад өг, гаваа тайлаачээ” гэхэд намайг тоохгүй байсан. Тэгэхээр нь би уурандаа төмөр сараалжан түр саатуулах байрны хаалганы төмрийг өшиглөсөөр байгаад гагнаасаар нь салгачихсан юм. Ингээд л өөр дахин үйлдэл хийгээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/

-Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Э.Т миний бие Цагдаагийн байрны сараалжан төмрийг эвдсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлж барагдуулсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Иргэний нэхэмжлэгч Ц.Б, гэрч Э.Э , гэрч О.М гэрч Э.М шүүгдэгч Э.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “Цагдаагийн хэлтсийн түр саатуулах байрны сараалжан хаалгыг эвдэж хууль сахиулах албаны барилга байгууламжид халдсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.  

 Тухайлбал шүүгдэгч Э.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 01 цагийн орчимд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан тус Сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Э хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, заналхийж Цагдаагийн хэлтсийн түр саатуулах байрны сараалжин хаалгыг эвдэж хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж 80000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.    

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Т-т холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Э.Т “Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийж, хууль сахиулах албаны барилга байгууламжид халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

Хохирогчид учруулсан 80000 төгрөгний хохирлыг шүүгдэгч Э.Т нь төлж барагдуулсан болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Б “Хохирол төлөгдсөн. Гомдол, саналгүй” гэх хүсэлт /хх-н 8/, шүүгдэгч Э.Т-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийж, хууль сахиулах албаны барилга байгууламжид халдсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.  

Шүүгдэгч Э.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Т нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 34/

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг шүүгдэгчид оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Т-ийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “шүүгдэгч Э.Т-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Э.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

Шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2  

дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь: 

 

              1.Шүүгдэгч  Э,Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийж, хууль сахиулах албаны барилга байгууламжид халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

              2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч  Э,Т 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 /зургаан  сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э,т,т оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т,т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                        М.ЭНХМАНДАХ