Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 46

 

        Ц.Ц, Ц.О нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

өмгөөлөгч К.Бауиржан,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжарал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1313 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 913 дугаар магадлалтай, Ц.Ц, Ц.О нарт холбогдох 201301052143 дугаартай хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Бауиржангийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1959 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт Ц-ийн О нь Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт заасан “Хориотой үед ан амьтны түүхий эдийн зүйлийг хадгалснаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг

2. Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ч овогт Ц-ийн Ц нь Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт заасан “Хориотой үед ан амьтны түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, хадгалснаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Цг хориотой үед ан амьтны түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, хадгалсан, шүүгдэгч Ц.О-ыг хориотой үед ан амьтны түүхий эдийн зүйлийг хадгалснаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц, Ц.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц, Ц.О нараас 104.686.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Байгаль орчин Ногоон хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-т олгож,

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ц.Ц-ийн 39-** УБ* улсын дугаартай “Тоёото Ланд круйзер” маркийн автомашин, 34-** улсын дугаартай “Кио бонго пронтер” маркийн автомашинуудыг эзэмшигч Ц.Ц-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц, Ц.О нараас 104.686.000 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль хамгаалах санд олгосугай”, тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Ц.Ц-ийн 39-** УБ* улсын дугаартай “Тоёото Ланд круйзер-80”, 34-** улсын дугаартай “Кио бонго пронтер” маркийн автомашинуудыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч К.Бауиржан, Д.Мөнхдэлгэр нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч К.Бауиржан, прокурор Ц.Бурмаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Бауиржан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Ц.Ц нь өөрийн хүргэн дүү болох М.Ш-ийн гаражид Өвөрмонгол Насаагийн тарваганы арьсыг хадгалсан үйлдэлд Ц.О хамтран оролцоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Ц.О, Ц.Ц нарыг хориотой үед ан амьтны түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, хадгалсан гэж буруутгахдаа тухайн хадгалсан тарваганы арьсыг хориглосон газар нутгаас агнасан, барьсан, цуглуулсан, худалдан авсан эсэхийг тогтоолгүйгээр буюу хориглосон гэх заалтад хамаарч байгаа эсэхийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2012 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн А-06 дугаар тушаалаар тарвагыг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар, Төв аймгийн зарим нутагт ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар агнахыг 2 жилийн хугацаатай хориглосон байсан ба энэхүү тушаал нь 2014 оны 2 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчилж байсан. Уг тарвагыг хаанаас агнасан, цуглуулсан, худалдан авсан эсэхийг тогтоолгүйгээр энэхүү тушаалд хамруулан яллаж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд “ховор ан амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, ....тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн” нөхцөлд ял шийтгэхээр хуульчилсан. Тарвага нь ховор ан амьтны тоонд ордоггүй “элбэг” амьтны тоонд ордог болох нь шинжээчийн 14 тоот дүгнэлтэд тусгагдсан байхад ховор ан амьтан гэж үзэж ял шийтгэл халдаах нь Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийг зөрчсөн.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Ц.Ц, Ц.О нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг тогтоолгүйгээр, хуулийг буруу хэрэглэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Шинжээчийн 14 тоот дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцож гаргасан байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүх энэ хэргийн хохирлыг тооцон гаргахдаа “хадгалсан, тээвэрлэсэн” гэх үйлдлийг “цуглуулсан, худалдсан, худалдан авсан” үйлдэлтэй адилтган үзэж Амьтны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “... тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан.

Энэ хэргийг шийдвэрлэхдээ Насаа гэх Өвөрмонгол иргэний үйлдлийг хэрхэн шалгасан, хэрэв түүнийг үйлдлийг тусгаарласан бол гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэрхэн тооцох талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.

Энэ хэргийн хохирлыг Ц.О, Ц.Ц нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлийг тус тус зөрчсөн. Иймд дээр дурдсан нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож Ц.О, Ц.Ц нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Ц.Ц, Ц.О нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон. Ц.О нь хамтран оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Ц.Ц, Ц.О нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлаас “гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоох” асуудлыг нотлоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд ховор ан амьтныг агнах, түүхий эдийг нь хадгалах, тээвэрлэх, худалдах, худалдан авахыг гэмт хэрэгт тооцсон бөгөөд бусад амьтны хувьд зөвхөн хориотой үед  агнасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоосон байна.

Хориотой үед агнаж 1258 тарваганы арьс бэлдсэн гэмт хэргийг хэн үйлдсэнийг олж тогтоох талаар бодитой ажиллагаа явуулахын оронд Ц.Ц, Ц.О нарын “тарваганы арьс өөрсдөд нь хамааралгүй, БНХАУ-ын иргэн Н-ийн арьс” гэх мэдүүлгээр энэ ажиллагааг хязгаарласан нь хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгах зарчимд нийцэхгүй байна.

Харилцан эсрэг ашиг сонирхол бүхий хамтран оролцогч нарын хувьд хүн бүрээр үйлдэл, холбогдлыг нарийн тогтоохгүйгээр зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлан шүүхээр шийдвэрлүүлэх, эсхүл бүлэглэсэн нэрийдлээр гэмт хэрэгт хавтгайруулан хамруулж яллах нь бусад яллагдагчийн эрх зүйн байдалд  сөргөөр нөлөөлж болохыг анхаарах нь зүйтэй.

Иймд 1258 ширхэг тарваганы арьсны гарал үүсэл, агнасан, бэлдсэн этгээдийг олж тогтоолгохоор  хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1313 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 913 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Бауиржангийн  гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Т.УРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                       Ч.ХОСБАЯР