Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2025/0019

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур

 амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Ц.Цогт     

Шүүгчид:                   Д.Батбаатар

                                      М.Батсуурь

                                      Х.Батсүрэн                                                           

Илтгэгч шүүгч:      Г.Банзрагч                

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0713 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2024/0789 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2025/0058 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч “У” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад (хуучин нэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд) холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.”У” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хөмөгийн аманд 1,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” 01713... дугаар гэрчилгээ олгогдож, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2019/46, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 2021/62 дугаар газар ашиглах гуравласан гэрээг тус тус байгуулжээ.

2.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дүгээр тушаалаар “газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй” үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

“... Тус компанийн хувьд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хувьцаа эзэмшигч бүрэн өөрчлөгдөн шинэ төсөл хэрэгжүүлэхээр зураг төсөл, хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж байх хугацаанд газрын эрхийг хүчингүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хувьцаа эзэмшигчид мэдэгдэлгүйгээр газрын эрхийг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах заалтыг зөрчсөн. Маргаан бүхий сайдын тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдэж, гардуулаагүй. Харин дээрх тушаалын хуулбар болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 533 дугаар албан бичгийг тус захиргаанаас очин гардаж авсан. Дээрх хугацаанд тус компанийн ганц хувьцаа эзэмшигч болох гүйцэтгэх захирал Т.У нь 2022 оноос хүүхдээ эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлж, асарч байсан учир тухайн компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсон. Иймд хуульд нийцүүлэлгүйгээр бидний эрхийг зөрчин захиргааны акт гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч “... Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны санал, газар дээр нь үзлэг хийсэн гэрэл зураг зэргээр нотлогдсон. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолоор “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийсэн. Тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0713 дугаар шийдвэрээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дүгээр тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэхдээ: 

5.1.“... Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасан гэрээний биелэлтийг дүгнээгүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн гэж үзсэн нь буруу.

5.2.Нэхэмжлэгч компанийн хувьд нэг хувьцаа эзэмшигчтэй буюу үйл ажиллагааг дан ганц захирал Т.У хариуцан явуулдаг байх бөгөөд тэрээр өөрийн төрсөн хүүхэд нь хүндээр өвчилсний улмаас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хүүхдийнхээ асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тасралтгүйгээр удаа дараа Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчлүүлэхээр явсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад хариуцагч нь зөвхөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хийсэн хээрийн судалгааны ажлын тэмдэглэлийг үндэслэн шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх нь хөндөгдсөн оролцогчийг сонсох ажиллагаа явуулалгүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн.

5.3.“У” ХХК-ийн цорын ганц эзэмшигчийн хувьд өөрийн хүсэл зоригоос үл хамаарсан шинжтэй байдал гэнэт бий болсны улмаас газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан болон маргааны үйл баримтад дурдсан бүхий л баримтаар тогтоогдож байх тул маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2024/0789 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1/, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:

6.1.“Хэрэгт авагдсан  нотлох баримтаар “У” ХХК нь тухайн газрыг зориулалтын дагуу ашигласан, эсхүл тийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Т.У-д тохиолдсон “хүүхдээ эрүүл мэндийн шалтгааны улмаас асарсан, газарт оруулах хөрөнгө оруулалтаа хүүхдийн эмчилгээнд зарцуулсан” гэх нөхцөл байдлыг газар ашиглагч “У” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хамаатуулан тайлбарлах үндэслэлгүй.

6.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ирүүлсэн (маргаан бүхий газарт төлөвлөсөн) “Хөмөгийн энгэр” жуулчны баазын загвар болон тойм зураг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө зэрэг нь 2019 онд үйлдэгдсэн байх тул цаг хугацааны хувьд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр гарах хүртэл хугацаанд “зориулалтын дагуу 2 жил дараалан ашигласан” гэдгийг нотлохгүй. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д зааснаар гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, ноцтой зөрчил гаргасан эсэх зөрчил нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан газар ашиглах эрхийг хүчингүй болгох өөр үндэслэлд хамаарах тул маргааны үйл баримтад үл хамаарах асуудалд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

6.3.Нэхэмжлэгчээс “... хувьцаа эзэмшигчид мэдэгдэлгүйгээр газрын эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа явуулах заалтыг зөрчсөн” гэж маргадаг боловч сонсох ажиллагаа явуулсан ч маргаан бүхий актад дурдсан газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал, бусад үр дүнд хүрэхээргүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй ...” гэжээ.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

7.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан давж заалдах гомдлын хэлбэрийн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэдэг. Гэтэл дээрх гомдол нь түүний гарын үсэггүй, байгууллагын тамга, тэмдэггүй, яамны хэвлэмэл хуудас дээр хэвлэгдээгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.3-т заасныг зөрчсөн, гомдол гаргах эрхгүй этгээдийн гаргасан гомдлыг шүүх буцаах ёстой байтал анхан шатны шүүх уг гомдлыг хүлээж авч, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж гомдлыг хэлэлцэж, улмаар хангаж шийдвэрлэсэнд гомдолтой.

7.2.Анхан болон давж заалдах шатны шүүх хүндээр өвчилсөн хүүхдийг асрах нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж дүгнэсэн хэдий ч давж заалдах шатны шүүх “... хувь хүнд тулгарсан дээрх нөхцөл байдал нь газар ашиглах эрхийг хэрэгжүүлж буй хуулийн этгээдийн тухайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж газар ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байсан гэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Т.У-д тохиолдсон “хүүхдээ эрүүл мэндийн шалтгааны улмаас асарсан, газарт оруулах хөрөнгө оруулалтаа хүүхдийн эмчилгээнд зарцуулсан” гэх нөхцөл байдлыг газар ашиглагч “У” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хамаатуулан тайлбарлах үндэслэлгүй” гэж дүгнэсэн.

7.3.Хуулийн этгээд нь эрх зүйн бие даасан субъект тул хувь хүнд тулгарсан нөхцөл байдлаас үл хамааран хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Гэвч хуулийн этгээд нэг хувьцаа эзэмшигчтэй, хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа тохиолдолд түүний ар гэрийн гачигдал нь хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэнэ. Хэдийгээр хуулийн этгээдийн хувьд гэр бүлийн гишүүн хүнд өвдөж, асарсан гэдэг нь шууд утгаараа хүндэтгэн үзэх шалтгаан болж чадахгүй байж болох ч тухайн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх боломжтой байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь эцэг, эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т тус тус хуульчилсан. Т.У тухайн цаг хугацаанд зүүн хөлийн бүдүүн шилбэний ясны хавдартай хүүхдээ асарч байсан бөгөөд энэ нь түүний ажил хийх боломжийг хязгаарлаж, мөн газарт оруулах хөрөнгө оруулалтаа хүүхдийн эмчилгээний зардалд зарцуулсан байдаг. Харин хүүхдийн эцгийн хувьд гэр бүлээ тэжээн тэтгэж, хүүхдийн эмчилгээ, эм, тарианы төлбөр зэргийг хариуцан байнгын орлогын эх үүсвэрийг бий болгохын тулд ажиллаж байсан, гэр бүлийн нэг гишүүн хүнд өвдсөнөөр зөвхөн өвчтэй хүүхдээс гадна гэр бүлийн бүх гишүүд сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хүнд байдалд ордог нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой байсан.

7.4.Давж заалдах шатны шүүх “... сонсох ажиллагаа явуулсан ч маргаан бүхий актад дурдсан газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал, бусад үр дүнд хүрэхээргүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” гэж хэт нэг талыг барьж Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөсөн нь үндэслэлгүй. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т “... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар  эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй (барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м) байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

7.5.Мөн 2021/62 дугаар гэрээний 2.4-т газар ашиглах гэрээний эхлэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 08, дуусах хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэж заасан бөгөөд гэрээ байгуулагдсан 2021 оноос 2 жилийн хугацааг тооцвол 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дүгээр тушаалаар буюу хуульд заасан хугацаанаас өмнө газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн байна. Газрын ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар гэрээний биелэлтийг дүгнээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна гэж хэт явцууруулж хуулийг буруу тайлбарласан. Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.1-д “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөн дүгнэж, бусад хэсгийг нь хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

8.1.Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй эс үйлдлийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Магадлалын Хянавал хэсгийн 11-д “Сонсох ажиллагаа явуулж маргаан бүхий актад дурдсан ч газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал, бусад үр дүнд хүрэхээргүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй” гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан нь захиргааны шийдвэр гаргаж буй этгээдэд үүрэг болгосон императив хэм хэмжээ юм. Гэтэл давж заалдах шатны шүүх захиргааны акт гаргасан этгээдийн хууль бус эс үйлдэхүйг зөвтгөсөн нь хууль ёсны зарчимд нийцээгүй.

8.2.Монгол Улсын Үндсэн хуульд “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” байхаар заасан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан императив хэм хэмжээ буюу заавал хийгдэх ёстой хуульд заасан процесс ажиллагаа болно. Өөрөөр хэлбэл, сонсох ажиллагаа хийгээгүй нь маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох үндэслэл болно. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг зөрчсөн нь тогтоогдсон бол заавал хийх шаардлагатай ажиллагаа биш хэмээн анхан шатны шүүхээс өөрөөр тайлбарлаж хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу гаргасан гомдол нь энэ хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлд хамаарч байгаа болно.

8.3.Хүндэтгэн үзэх шалтгааныг анхаарч үзээгүй тухайд: “У”  ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа. Энэ нь олон гишүүнтэй компаниас онцлог бөгөөд ганц гишүүнтэй компанийн хувьд компанийн гишүүнд хүндэтгэн үзэх нөхцөл байдал бий болсноор компанийн үйл ажиллагааг эрхлэх боломжгүй болох нь тодорхой юм. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг эрх зүйн хэм хэмжээнд заасан шаардлагыг биелүүлэх объектив болон субъектив боломжгүй байдлыг ойлгоно. Тус компанийн хувьцаа эзэмшигч, захирал хүүхдээ эмчлүүлж байсан нь хуульд заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй байдалд хамаарах нь энгийн ухамсрын түвшинд ч тодорхой асуудал болно.

8.4.Гэтэл магадлалын Хянавал хэсгийн 12-т “гэр бүлийн нэг гишүүн эрүүл мэндийн шалтгаантай байсан гэдэг асуудлыг хуулийн этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан болохгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэжээ. Хуулийн этгээд нь онолын үүднээс хийсвэр ойлголт тул түүнийг хувь хүн хэрэгжүүлдэг. Тиймээс нэг гишүүнтэй компанийн хувьд олон гишүүнтэй компаниас ялгамжтай авч үздэг болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар  “... хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой болно. Иймд гомдлыг хүлээн авч, хянан хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбар өгөв.

10.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

11.Нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

12.Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтад Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэснээс өөр өөр шийдэлд хүрчээ.

13.Хэргийн үйл баримтын тухайд, нэхэмжлэгч “У” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар Налайх дүүргийн нутагт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хөмөгийн аманд 1,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон. Мөн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Газрын төлбөрийн талаар ямар нэгэн маргаангүй байна.

14.Нэхэмжлэгчээс “компанийн ганц хувьцаа эзэмшигч болох гүйцэтгэх захирал нь 2022 оноос хүнд өвчтэй хүүхдээ эмчлүүлэхээр гадаад улс руу удаа дараа явснаас компанийн үйл ажиллагаа доголдож, газарт оруулах байсан хөрөнгө оруулалтаа хүүхдийнхээ эмчилгээнд зарцуулсан, иймээс газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэж тайлбарлан, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгчээ.

15.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авч, “компанийн цорын ганц эзэмшигчийн хувьд өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарсан шинжтэй, гэнэтийн үйл явдал байх тул хүндэтгэн үзэх шалтгаан байна, хариуцагч нь зөвхөн хамгаалалтын захиргааны хийсэн хээрийн судалгааны ажлын тэмдэглэлийг үндэслэн шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх нь хөндөгдсөн оролцогчийг сонсох ажиллагаа явуулалгүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

16.Харин давж заалдах шатны шүүх “хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захиралд тохиолдсон “хүүхдээ эрүүл мэндийн шалтгааны улмаас асарсан, газарт оруулах хөрөнгө оруулалтаа хүүхдийн эмчилгээнд зарцуулсан” гэх нөхцөл байдлыг газар ашиглагч “У” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хамаатуулан тайлбарлах үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа явуулсан ч маргаан бүхий актад дурдсан газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал, бусад үр дүнд хүрэхээргүй байна ...” гэх зэргээр дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

17.Иймд хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс дээрх хуулийн зүйл, заалтыг энэ хэргийн үйл баримтад холбогдуулж тайлбарлах нь зүйтэй байна.

18.Газрын тухай хуульд зааснаар газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөр өөр зориулалтаар эзэмших/ашиглах эрхтэй. Иймд уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэснийг буюу “хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг эрхийн гэрчилгээ эзэмшигч иргэн болон аж ахуйн нэгж, байгууллага (хуулийн этгээд)-ын хувьд ялгаатай байдлаар тайлбарлах нь хуулийн агуулга, зорилгод нийцэх юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар аж ахуйн нэгжид олгосон газар, гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан иргэнд олгосон газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхэд учирч болох хүндэтгэн үзэх шалтгааныг адилтган тайлбарлах боломжгүй юм.  

19.Тухайлбал, энэ тохиолдолд компанийн хувьцаа эзэмшигч хувь хүнд тохиолдсон хүндэтгэх шалтгааныг хуулийн этгээдэд хамаатуулан авч үзэх нь хуулийн зорилго, агуулгад нийцэхээргүй байна. Иймд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

20.Харин нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүссэн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш жил орчмын дараа Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн байдлын зэргийг цуцалсан нийтэд илэрхий үйл баримт тохиолдсон. Уг хөл хорионы улмаас ихэнх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 23, 2023 оны 60, 72, 2024 оны 76, 93, 96 зэрэг тогтоолуудаар энэхүү нөхцөл байдлыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарна гэж тайлбарласан. Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр шүүхийн шийдвэрүүдийг анхаараагүйгээс ижил үйл баримт бүхий энэхүү хэргийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр шийдвэрлэсэн байна.

21.Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”-ы талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг дээрх байдлаар өөрчилж, шүүхийн шийдвэрийн шийдлийг нь хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэлийг хангах нь зүйтэй. 

22.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2024/0789 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0713 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ЦОГТ       

                    ШҮҮГЧИД                                                         Д.БАТБААТАР

                                                                                              М.БАТСУУРЬ

                                                                                              Х.БАТСҮРЭН

                                                                   Г.БАНЗРАГЧ