Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 00017

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Эрдэнэттранспорт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн /цаашид “Эрдэнэттранспорт” ХХК гэх/-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Авто тээврийн төвд тус тус холбогдох

            “Орхон аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар тушаалыг хүчингүй болгох,  42 225 000 /дөчин хоёр сая, хоёр зуун хорин таван мянган/ төгрөгийн хохирлыг Орхон аймгийн Авто тээврийн төв, Орхон аймгийн Засаг даргаас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2016/0005/З/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Эрдэнэттранспорт” ХХК-ийг төлөөлж, тус компанийн захирал Ш.Чагнаадорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Авто тээврийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс, иргэдийн төлөөлөгч Г.Доржбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эрдэнэттранспорт” ХХК-ийн захирал Ш.Чагнаадорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Орхон аймгийн Авто тээврийн төвийн даргын №01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, учирсан хохирол болох 42 225 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаан удаа дараа болж байгаа. Нэхэмжлэлд заасан асуудлыг тодорхой ярьсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд Орхон аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсээс аж ахуй нэгжүүдийг тохирлын үнэлгээнд хамруулахдаа ажлын хэсгийнхэн нь үзэмжээр үнэлгээ өгч хуулийг нэг мөр хэрэгжүүлээгүй. Засгийн газрын тогтоол, Стандартчилал хэмжилзүйн тохирлын үнэлгээний тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байдаг. Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хэрэгжүүлэхгүй байна. Тохирлын баталгаа гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээг хилээр нэвтрүүлэх журмын тохирлын баталгаа гаргах заалтыг ирүүлсэн материал шаардлага хангаагүй тохиолдолд хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ гэсэн байна. Энэ заалтыг хэрэгжүүлээгүй. Тохирлын үнэлгээ явуулсан талаар ямар нэгэн албан тоот манай компанид ирээгүй байна. Энэхүү журмын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт арга зүйн удирдамжийн дагуу хөндлөнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр лаборатори, шинжилгээний зааврыг баримтлан тухайн бүтээгдэхүүн техник, стандартын шаардлага хангаж байгааг тогтоох гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй буюу хэрэгжүүлэхийг огт хүсээгүй. Үнэлгээний ажил явуулахдаа тодорхойгүй, нөхцөл байдлыг бүрэн шалгаагүй байдаг. Харин тодорхой бус зүйлээр буюу таксины цоохор тэмдэггүй гэх мэтээр жижиг шалтаг хайсан байдлаар ерөнхий үнэлгээг тогтоосон. Үүнийг тогтоосон техник хяналтын байгууллагаар жилд 2 удаа бүх тээврийн хэрэгслээ оруулж явдаг байсан. Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар бол тээврийн хэрэгсэл тус бүр дээр дүгнэлт гаргаад дараа нь компани уг тээврийн хэрэгсэлтэй гэрээ байгуулж ажилладаг. Энэ мэт асуудлуудыг тохирлын үнэлгээ гаргахдаа огт хайхарч үзээгүй. Мөн үүнийг мэддэггүй байсан байх. Манай компани дээр 2015 онд иргэд, зорчигч, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагуудаас ямар нэгэн гомдол санал ирж байгаагүй. Ямар ч аваар осол, дутагдал гараагүй. Замын хөдөлгөөний дүрэмд заналхийлсэн байдал бий болоогүй. Тохирлын үнэлгээг гаргахдаа дээрх байгууллагуудаас тодорхойлолт санал авах ёстой байсан. Тэгтэл маш ерөнхийгөөр буюу хууль дүрмийг биелүүлдэггүй гэж бичсэн байдаг. Үүнээс харахад өөрийн үзэмжээрээ хандаж оноонуудыг өгсөн байдаг. Мөн журмын 2 дугаар зүйлийн 2.6.8 дах заалтад үнэлгээ гаргагч тайланд дараах зүйлийг тодорхой тусгана гэж заасан байхад энэ тээврийн хэрэгсэл ийм зөрчилтэй байна. Ийм учраас ийм байдалтай байна гэсэн зүйл огт бичээгүй. Үнэлгээнд тохирохгүй байгаа бол дахин нэг сараас хэтрэхгүй хугацаа олгож үнэлгээ явуулах талаар хүсэлт гаргагчтай тохирох боломжийг зааж өгсөн байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэрэв 10 асуулт байхад 8 асуултад тэнцээд 2 асуултад тэнцэхгүй бол хүсэлт гаргагч талтай тохиролцоод зохих хэмжээний хугацаа өгөөд ахин шалгаж болох байсан. Журмын 2 дугаар зүйлийн 2.7-д бүтээгдэхүүний чанарын тогтвортой байдлын талаар бусад байгууллагын хяналтын дүгнэлтийг ашиглах боломжтой байсан. Тохирлын гэрчилгээ олгох үндэслэл нь улсын байцаагчийн үзэмжээр ялгах боломжтой байдал бүрдээд байгаа бөгөөд үүний цаана хувийн ашиг сонирхол яваад байна. Иймэрхүү байдлаар тохирлын гэрчилгээ авсан шаардлага хангаагүй байдлаар явж байгаа зүйл их байна. Аливаа аж ахуй нэгж, байгууллагууд стандартыг хангаж ажиллах ёстой гэдгийг анхааруулж, гэхдээ уян хатан байж, харилцан хамтарч ажилладаг байх хэрэгтэй. Үүнийг аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч түүний үндэслэл болгож болохгүй гэдгийг анхааруулж байсан. Орон нутгийн нийт тээвэр эрхлэгчидтэй ярилцаад санал явуулаад шийдвэрлэж байх ёстой. 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Засаг даргын захирамж гарч үйл ажиллагааг хааснаар бидэнд хохирол учраад байна. Аж ахуй нэгжийн зээлийн барьцаанд байсан миний байр, орон сууц эд хөрөнгөө бүгдийг хураалгасан. Ийм байдалтай байна. Орхон аймгийн тээвэр эрхлэгч компаниуд улсаас нэг ч төгрөг авч үзээгүй. Хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байдалд хүрсэн учраас хохирол амсаад байна. Үүний хохирол болох 42 225 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж олдог орлого түүнээс олох ашгаа тооцож гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 зүйлийг зөрчсөн. Баталгаажуулалт гэж юу вэ гэхээр уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар бүтээгдэхүүн тогтолцоонд тогтоосон шаардлагад нийцсэн эсэхийг хөндлөнгийн этгээд бичгээр нотлох ажиллагаа юм. Тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т баталгаажуулалтын байгууллага нь зохих журмын дагуу тушаалаа гаргах байсан. Авто тээврийн төвийн даргын гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн. Тэр үндэслэлээр энэ баталгаажуулалтын байгууллага нь хууль зөрчсөн. Уг хуулиар бол Засгийн газар тохирлын үнэлгээ олгох журмыг журамласан. Засгийн газрын 222 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт заасан журмын дагуу явуулсан эсэхийг харин Засаг дарга хянах ёстой байсан. Энэ журмаар нь ажлын хэсэг байгуулагдаад зохих журмынхаа дагуу явагдаагүй учраас бид хууль зөрчсөн байна гэж үзээд байгаа юм. 02 болон 03 дугаар бүхий “Эрдэнэттранспорт” ХХК-ийг дүгнэсэн дүгнэлт нь зүгээр нэг өөрсдөө бодож байгаад бичсэн үзүүлэлтээрээ дүгнэсэн байгаа юм. Уг 2 тогтоолоор гаргаад байгаа дүгнэлт нь яг ямар стандартад нийцээд байгаа юм бэ? Үндэсний стандарт бол MNS 51212013 гэж байдаг. Энэхүү стандартад такси үйлчилгээний компанид тавигдах шаардлагыг тус тусад нь гаргасан байна. Гэтэл “Эрдэнэттранспорт” ХХК нь энэ стандартын ямар заалтыг зөрчөөд 100 онооноос 89 авсныг тайлбарлаагүй байна. Жишээлбэл энэхүү стандартаар жолоочид тавигдах гурван шаардлага байхад гаргасан үзүүлэлт дээрээ зөвхөн нэгийг нь үндэслэж оноо өгсөн байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.” гэв.

Нэхэмжлэгч “Эрдэнэттранспорт” ХХК-ийн өмгөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Орхон аймгийн Авто тээврийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар өөрчилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Энэ хууль бус актын улмаас учирсан хохирол 42225000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн үндэслэл гэвэл Орхон аймгийн Авто тээврийн төв, Стандартчилал хэмжилзүйн газар хамтран ажлын хэсэг байгуулаад 01, 02 тоот дүгнэлтийг үндэслээд Авто тээврийн төв тушаалыг гаргасан байдаг учраас тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Хохирлыг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны байдлаар тооцож 42225000 төгрөг гэж тооцсон байгаа. Автотээврийн тухай хуульд зааснаар орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээний асуудлыг Засаг дарга шийдвэрлээд явахаар заасан ч Засаг дарга авто тээврийн байгууллагад бүрэн эрхээ шилжүүлсэн. Авто тээврийн төв гэдэг байгууллага хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж байгаа. Төрийн өмчит үйлдвэрийн газар гэх аж ахуйн нэгжид хамаардаг. Бид анх үндсэн хариуцагч юм байна хэмээн үзэж үндсэн хариуцагчаар татсан байгаа. Хамтран хариуцагчаар Орхон аймгийн Засаг даргыг оролцуулах шаардлага гарсан. Орхон аймгийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад хохирол учирсан учраас хамтран хариуцагчаар татаж оруулсан. Ер нь нийтийн тээврийн үйлчилгээ, такси үйлчилгээ заавал тохирлын үнэлгээнд хамрагдах ёстой. Үүний дагуу бараа, үйлчилгээ нийлүүлдэг. Үүнийг үнэлэх төрийн байгууллага албан тушаалтан ялгаварлал бий болгох эсэх талаар Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 20 дугаар тогтоолын хавсралтаар журам баталсан байна. Энэ шаардлагыг хангахгүй байгаа учраас үйл ажиллагааг зогсоосон гэж ярьдаг. Орхон аймгийн Стандартчлал хэмжил зүйн газар, Авто тээврийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийн 02, 03 гэсэн үзүүлэлт хэсэг дээр зааснаар “Эрдэнэттранспорт” ХХК стандартын шаардлага хангахгүй байна гэж тайлбарладаг. Үндэслэл болсон зүйл болох энэ дүгнэлт хуульд заасны дагуу гарсан уу гэдгийг анхаарах шаардлагатай. Тус тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.3-т Стандарчлал хэмжилзүйн төвөөс итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага буюу баталгаажуулалтын байгууллага бүтээгдэхүүнд тохирлын баталгаажуулалт хийнэ гэсэн байгаа. “Эрдэнэттранспорт” ХХК нь бүтээгдэхүүн биш үйлчилгээ явуулдаг гэж тайлбарлаж магадгүй. Энэ бүтээгдэхүүн гэдэгт юуг ойлгох вэ гэхээр энэхүү журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад нэр томьёо тайлбарласан хэсэгт заасан байдаг. Үүнд бүхий л ажил үйлчилгээ болон барааг хэлнэ. Тиймээс энэ нэрний цаана нийтийн тээврийн үйл ажиллагаа хамаарч байгаа. Энэ үйлчилгээнд ямар зарчмаар үнэлгээ, дүгнэлт хийх вэ гэдгийг журамлаж заасан байна. Баталгаажуулалтын байгууллага үйлчилгээнд дүгнэлт явуулахдаа тухайн шаардлага хангасан мэргэжлийн ажлын хэсэг томилж явуулна гэсэн байна. Шинжилгээг хийхдээ хувийн болон албаны сонирхолгүй этгээдээр дүгнэлт гаргуулахаар журамд заасан. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.6 шинжээчийн гүйцэтгэх ажлыг бичсэн байна. Үүнд холбогдох стандарт арга зүйн удирдамжийн дагуу хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээний дүнг ашиглан тухайн бүтээгдэхүүн болон техникийн зохицуулалт стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтооно. Тэгтэл Авто тээврийн байгууллага нь Орхон аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэстэй хамтарсан тушаал гаргаад үүгээрээ ажлын хэсэг байгуулаад үүндээ Авто тээврийн байгууллагын улсын байцаагч болон холбогдох хүмүүсийг оруулсан байгаа. Тэгэхээр журмын дагуу ажлын хэсэг анхнаасаа байгууллагдаагүй. Албаны сонирхолтой этгээдийг оруулснаараа энэ дүгнэлт анхнаасаа үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Авто тээврийн байгууллага маш олон удаа стандартчиллын үнэлгээнд орсон байдаг. Уг компани муу байсан учраас тэнцэхгүй гэж ярьдаг. Үүний гол үндэслэл юу вэ гэхээр энэ тохирлын үнэлгээний 2 дугаар зүйлийн 2.6-д заасан заалтыг огт хэрэгжүүлээгүй байна. Өмнө нь 18 үзүүлэлтээс үзээд 10 үзүүлэлтэд тэнцсэн байхад дараа нь дахин баталгаажуулалт хийхдээ үлдсэн 8 үзүүлэлтээ л шалгах ёстой. Тэгэхэд ахиад л бүгдийг нь шалгаад байдаг. Журамдаа үлдсэн 8 үзүүлэлтээ л шалгахаар заасан байдаг. Ямар нэгэн алдаа хайгаад заавал унагаах сонирхолтой байдаг. Хэрвээ стандартчилал тохирлын үнэлгээг хийхдээ энэ журмыг баримталсан бол тус компанид яаж хийгдсэн талаар маш тодорхой гарч ирэх боломжтой. Одоо болохоор шүүхээр маргаантай байгаа учраас тохирлын үнэлгээ хийхгүй гэдэг. Стандартчилал хэмжилзүйн газар болон Авто тээврийн төвөөс гаргаад байгаа хамтарсан ажлын хэсгийн 02 болон 03 дүгнэлтүүдийг захиргааны акт биш гээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс үзсэн. Энэ үзүүлэлт нь энэ захиргааны актын үндэслэл болсон бол уг захиргааны акт өөрөө үндэслэл муутай хууль зөрчсөн акт байна гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3-т зааснаар хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна.” гэв.

Хариуцагч Орхон аймгийн Авто тээврийн төвөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Авто тээврийн төвийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаал /Засгийн газрын 127 дугаар тогтоолын хэрэгжилт, стандартын шаардлага хангаагүй “Эрдэнэттранспорт” ХХК-ийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоож, сонгон шалгаруулалт явуулах хүртэл мэдээллийн санд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, чиглэл, зогсоолыг стандартын шаардлага хангасан тохирлын гэрчилгээ бүхий аж ахуйн нэгж, компани “Автомастер төв” ХХК, “ББ-Од” ХХК, “Эрдэнэт-Арслан” ХХК-иудад түр гэрээгээр хуваарилан хариуцуулж зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулалгүй хэвийн үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулж, чиглэл, тээврийн хэрэгслийн хуваарилалтыг хавсралтаар баталсугай/-ыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Авто тээврийн төвөөс тус компанид Засгийн газрын 127 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/623 тоот захирамжийн дагуу албан тоот хүргүүлж, стандартын шаардлага хангаж тохирлын гэрчилгээ авахыг  удаа дараа мэдэгдсэн. Үүний дагуу тус компани нь Стандартчилал, хэмжил зүйн хэлтэст хүсэлт гаргасны дагуу Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Авто тээврийн төвийн даргын хамтран баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж үзлэг шалгалт хийхэд тус компани нь 90-ээс доош хувьтай буюу стандартын шаардлагыг хангаагүй гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Засгийн газрын 127 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, стандартын шаардлага хангуулах ажлыг 2013 оноос  эхлүүлэн ажилласны үр дүнд нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь стандартын шаардлагыг ханган тохирлын гэрчилгээг авсан байдаг. “Эрдэнэттранспорт” ХХК-д стандартын шаардлага ханган ажиллахыг удаа дараа мэдэгдсэн. 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч албан шаардлагыг биелүүлээгүй. 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэрийн өрөөнд 2014 оны 6 дугаар сард тохирлын гэрчилгээгээ авахаар харилцан тохиролцон албан бичгээр тамга даран баталгаажуулсан байдаг ч биелэлээ олоогүй байна. Мөн Авто тээврийн төвийн даргатай 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх түр гэрээ”, “Аймаг доторх таксийн үйлчилгээний түр гэрээ”, “Аймаг  хооронд суудлын авто машинаар зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх түр гэрээ”-нүүдийг байгуулсан бөгөөд тус гэрээний хугацаанд стандартын шаардлагыг хангаж тохирлын гэрчилгээ авах, хангаагүй тохиолдолд хариуцлага хүлээх талаар гэрээнд тусгасан. Дээрх байгуулсан түр гэрээний хугацаа нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна. Авто тээврийн төвийн зүгээс “Эрдэнэттранспорт” ХХК-д удаа дараа хуулийн дагуу ажиллахыг сануулж, албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, боломж хугацаа олгож ажилласан болно. Авто тээврийн төвийн дарга Д.Эрдэнэбаатар би Засгийн газрын 127 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын А/623 тоот захирамжаар олгосон эрхийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалыг хуулийн дагуу гарган ажиллаж байна. Иймд “Эрдэнэттранспорт” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. ... Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 16902000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.”  гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Авто тээврийн төвийн дарга С.Эрдэнэцогт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон өөрчилсөн шаардлагад гаргасан тайлбартаа:  ““Эрдэнэттранспорт” ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлага зэрэг нь үндэслэлгүй байгаа учир хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд “Эрдэнэттранспорт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлага зэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье.” гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Авто тээврийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Авто тээврийн  төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тушаал бол ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй. Хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тушаал юм. Автотээврийн тухай хууль, Авто тээврийн төвийн даргын шийдвэр захирамж, авто тээврийн стандартыг Авто тээврийн байгууллага мөрдөх ёстой болохоос шүүмжлэх маргах үүрэг, эрх байхгүй. Юуны өмнө авто тээврийн таксины үйлчилгээ эрхлэх гэдэг бол аймгийнхаа үндэсний төвд бүртгүүлдэг журамтай. “Эрдэнэттранспорт” ХХК бүртгүүлээгүй байгаа. Тохирлын гэрчилгээ хуулиараа авсан байх ёстой. Тохирлын гэрчилгээгүйгээр тээврийн үйл ажиллагаа эрхлэх байтугай нэг удаа хулгайн тээвэр хийх эрхгүй. Нэг л стандарт мөрдөж байгаа. Энэ стандарт Монгол Улсын ямар хууль тогтоомжийг зөрчөөд байгаа юм бэ?  Нийтийн зорчигч тээвэр гэдэг бол зорчигч тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автобус, такси, нийтийн цахилгаан хэрэгсэлийг хамруулна гэсэн байдаг. Энд хамаарч байгаа л бол тохирлын гэрчилгээ аваад шинжилгээ хийлгэх ёстой. 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн ажлын хэсгийн тайлан дээр байгаа. “Эрдэнэттранспорт” ХХК энэхүү үнэлгээгээр 85 хувийн үнэлгээ авсан байна. Хууль тогтоомжид зааснаар 90 хувиас дээш байж тэнцэнэ. Тэнцээгүй тохиолдолд тохирлын гэрчилгээ олгох боломжгүй байна. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтээр 82 хувьтай гарсан. Хууль юу гэж шаардаж байна гэхээр 90 хувь байх ёстой. Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар авто тээврийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр хийнэ гэсэн байна. Гэрчилгээ олгох боломжгүй тэнцэхгүй байгаа байгууллагад гэрчилгээ олгохгүй. Бид хуулийг хэрэгжүүлэх ёстой хүмүүс. Хэрэгт түр гэрээ гэж нэг зүйл байгаа. Уг гэрээний хугацаа дууссан. Нэхэмжлэгчид мэдэгдээгүй биш мэдэгдсэн, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр тодорхой байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Захиргааны актыг захиргааны хэргийн шүүх үндэслэлтэй эсэхийг шийддэг болохоос тохирлын үнэлгээ бол захиргааны акт биш. Энэ үнэлгээг хэн ч хүчингүй болгоогүй байгаа. Орхон аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/17 дугаартай албан бичгийг хэзээ хүлээж авсан тухай ирсэн бичгийн бүртгэл байхгүй. Хэзээ хүлээж авсныг нотлох боломжгүй учраас нэхэмжлэгч талаас маргаан үүсгээд байгаа юм. Тохирлын үнэлгээ хийсэн ажлын тайланг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр талууд мэдсэн болох нь комиссын хуралдааны 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэлээр нотлогдоно.” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэттранспорт” ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Авто тээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, харин нэхэмжлэл дээрээ илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан байгаа. Авто тээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаал нь “Эрдэнэттранспорт” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, мэдээллийн санд бүртгэлтэй техник хэрэгслүүдийн чиглэл зогсоолыг шаардлага хангасан компаниудад хариуцуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах утга агуулга бүхий тушаал гарсан байгаа. Тухайн тушаалыг гаргахдаа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/623 тоот аймгийн Засаг даргын захирамжаар “Засгийн газрын 127 дугаар тогтоолын стандартын шаардлага хангуулах, ачаа зөөх, зорчих тээвэрлэлтийн үйл ажиллагаа шуурхай зохион байгуулах, аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулах, цуцлах, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанар бүтээмжийг сайжруулах, авто үйлчилгээний талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах эрх”-ийг Орхон аймгийн Авто тээврийн төвд олгосон. Эрх олгосон шийдвэрийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тушаалыг гаргасан байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б-д “өмчийн бүх төрөл, хэлбэрт тулгуурлан харъяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, уг үйлчилгээнд дагаж мөрдөх журам, стандартын биeлэлтийг хангуулах энэ ажлыг тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах зохион байгуулах” талаар заасан бөгөөд аймгийн Засаг дарга энэ эрхээ Авто тээврийн байгууллагад шилжүүлээд байгаа. Энэ эрхийг олгосны үндсэн дээр  2016 оны 01 дүгээр сарын 15-ны  өдрийн 01 тоот тушаалаар “Эрдэнэттранспорт” ХХК-ийг Засгийн газрын 127 дугаар тогтоолын хэрэгжилт шаардлагыг хангахгүй байгаа, стандартын шаардлага хангаагүй байгаа талаар удаа дараа албан бичиг, тоотоор шаардлага тавьж байсан. 2014 оноос тохирлын гэрчилгээний үнэлгээг хангаж ажиллуулах талаар шаардлага тавьж байсан. Энэ талаар шүүх хуралдаан дээр судалсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас тодорхой харагдаж байна. Авто тээврийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалыг илт хууль бус гэж үзэх боломжгүй байна. Тушаалын үндэслэлд Засгийн газрын 127 дугаар тогтоолын хэрэгжилт стандартын шаардлага хангаагүй гэдэг асуудал байгаа. Яагаад гэхээр ажлын хэсэг хуралдаад 90 онооноос дээш оноотой бол тохирлын гэрчилгээ олгоно, 90 онооноос доош бол тохирлын гэрчилгээ олгохгүй гэж ажлын хэсгийнхэн шийдсэн. Тухайн тохирлын үнэлгээг хийхдээ ажлын хэсэг газар дээр нь очиж үзлэг хийж, энэ үнэлгээг хийсэн байгаа.  Нэхэмжлэгч Ш.Чагнаадорж тохирлын үнэлгээг танилцуулаагүй гэдэг зүйл хэлж байгаа. Гэтэл Ш.Чагнаадорж өөрөө тухайн үед байсан. Та нар нэг оноо нэмээд биччих тэгвэл би гарын үсгээ зурна. Нэг оноо бичихгүй бол би гарын үсэг зурахгүй гэж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаал бол өөрөө бодитой. Захиргааны акт гаргаж байгаа субъект нь тодорхой. “Эрдэнэттранспорт” ХХК өөрөө нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөх дүрэм журмыг ерөөсөө биелүүлдэггүй. Хариуцагч талаас 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалаас болж манай компанид 42225000 төгрөгийн хохирол учирсан гэж ярьж байна. Энэ нь ерөнхий харъяаллаараа иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдүүлэх асуудал байна. Энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй, хангалттай нотлох баримт байхгүй байна.” гэв.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут шүүхэд гаргасан тайлбартаа: ””Эрдэнэттранспорт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох нийт 42225000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл хэсэгт “ ...аймгийн Засаг дарга хуулиар олгосон бүрэн эрхээ Орхон аймгийн Авто тээврийн төвд олгосон, нөгөө талаас хууль бус захиргааны актыг гаргасан тул хариуцагч нараас ... хохирлыг гаргуулж өгнө үү” гэж тусгасан байх бөгөөд энэхүү эрхийг аймгийн Засаг дарга  нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжаар “Орхон аймгийн Авто тээврийн төвд” аймгийн авто тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт хангах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу хэрэглэгчдийн эрэлт хугацаанд тулгуурлан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг оновчтой зохион байгуулах, орон нутгийн онцлог байдал, зорчигч урсгалыг харгалзан ангилан төрөлжүүлэх, ачаа, зорчигч тээвэр, авто тээврийн хяналтын үйл ажиллагааг зохицуулахдаа холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч холбогдох мэдээ, мэдээллээр хангаж ажиллах мөн аймгийн нутаг дэвсгэрт болон аймаг, хот хоорондын ачаа, зорчигч тээврийн үйл ажиллагааг шуурхай удирдан зохион байгуулах, Засгийн газрын 2005 оны 127 дугаар тогтоолын дагуу стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах, цуцлах зэрэг зорчигч тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, авто тээврийн үйлчилгээний талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах эрхийг аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 /б/ “өмчийн бүх төрөл, хэлбэрт тулгуурлан харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, уг үйлчилгээнд дагаж мөрдөх журам, стандартын биелэлтийг хангуулах”,  Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 “нутаг дэвсгэртээ авто тээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах”, 7.1.3 “авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагатай хамтран нутаг дэвсгэртээ авто тээврийн улсын хяналт хэрэгжүүлэх”, 7.1.4 “нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах” мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 “аймаг хооронд, орон нутаг, аймгийн төв, хотын доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг тухайн аймаг, хотын Засаг дарга гаргах бөгөөд аймаг, нийслэлийн Засаг даргын эрх олгосон байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн уг захирамж гарч энэхүү захирамж гарсан өдрөөс эхлэн бүрэн эрхийг тухайн үеийн Орхон аймаг дахь Авто тээврийн төв хэрэгжүүлж ажилласан байх тул 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Орхон аймаг дахь Авто тээврийн төвийн 01 дугаартай тушаалаас учирсан хохирлыг нөхөн төлөх хариуцагч нь Орхон аймгийн Засаг дарга байх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн хариуцагчийг зөв тодорхойлж мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13 “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох” гэж заасан байх тул хариуцагч Орхон аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Нэхэмжлэгчийн зүгээс тохирлын гэрчилгээ олгох ажиллагаа дүгнэлтийг бүрэн дүүрэн хуулийн хүрээнд хийгээгүй гэж байна. Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар тухайн нутаг дэвсгэрт тээврийн үйлд ажиллагааг эрхлэх эрхтэй байдаг. Үүнийг Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйл болон 8 дугаар зүйлд заасан байдаг. Хуульд зааснаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх ба эрх олгосон байгууллага үүнийг хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Үүний дагуу Орхон аймгийн Авто тээврийн төвд Орхон аймгийн Засаг даргын А/623 захирамж гарсанаар өөрийн бүрэн эрхээ шилжүүлсэн байгаа. Энэхүү захирамжийн улмаас Орхон аймгийн Авто тээврийн төв нь энэхүү захиргааны актыг гаргасан учраас хариуцагч нараас нийт 42225000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж байгаа нь үндэслэлгүй юм. Аймгийн Засаг дарга бүрэн эрхээ хуульд заасан журмын дагуу шилжүүлсэн байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“Эрдэнэттранспорт” ХХК-ийн Орхон аймгийн Авто тээврийн төв, Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 42.255.000 төгрөгийн хохирлыг Орхон аймгийн Засаг даргаас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Орхон аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

            Орхон аймгийн Авто тээврийн төвийн дарга, Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн дарга нар хамтран 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй “Эрдэнэттранспорт” ХХК, “Автомастер төв” ХХК-иудын үйл ажиллагаанд үнэлгээ явуулах удирдамж”-ийг баталж үнэлгээний зорилго, үнэлгээ хийх чиглэл, хугацаа, дүн болон үнэлгээ хийх ажлын хэсгийн ахлагч, гишүүдийг томилсон байна.

            Удирдамжийн дагуу ажлын хэсэг 2016 оны 01 дүгээр сарын 12-ноос 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрүүдэд дээрх компаниудын үйл ажиллагаанд үнэлгээ хийжээ.

            Стандартчилал, тохирлын  үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “тохирлын үнэлгээний байгууллага” гэж тохирлын үнэлгээг хэрэгжүүлэх сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын болон тэдгээрийг итгэмжлэх байгууллагыг”, 12 дугаар зүйлийн 12.5-д “Тохирлын үнэлгээний байгууллага нь тохирлын үнэлгээг мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, дадлага туршлагатай, тухайн чиглэлээр мэргэшсэн шинжээчээр гүйцэтгэнэ”, Автотээврийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д “Авто үйлчилгээний байгууллага нь дараахь шаардлагыг хангаж ажиллана: 192.1.2. тухайн үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг хэмжилзүйн мэргэжлийн байгууллагаар жил бүр шалгуулж, баталгаажуулах”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн Төрийн хяналт шалгалтын зарчим гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын ажиллагаа нээлттэй, ил тод байх” гэж тус тус заасан байхад Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч Т.Ариунболдыг хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилж, хариуцагч байгууллагын төлөөллийг дүгнэлт гаргахад оролцуулсан нь дээрх хуулийн заалттай зөрчилдсөн, хараат бус, шударгаар хяналт шалгалтыг явуулж, дүгнэлт гаргасан гэж үзэхээргүй байна.  

            “Удирдамжийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 02, 03 дугаартай Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн үзүүлэлтүүдийг гаргахдаа нэхэмжлэгч компанийн захирал Ш.Чагнаадоржид мэдэгдэж, оролцуулсан нь ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно” гэж хариуцагч байгууллага тайлбарласан боловч энэ нь нотлогдохгүй байна.

            Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.2-т “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх”, 4.1.4-д “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах”, 5 дугаар зүйлийн 5.10-д “шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана”, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн “Тохирлын үнэлгээнд дараахь зарчмыг баримтална” гэсэн 12.3.1-12.3.4-д “бие даасан, хараат бус байх, бодитой, үнэнч, шударга байх, хүсэлт гаргагч бүх талд адил тэгш нөхцөл олгох, нээлттэй, хүртээмжтэй байх” гэж тус тус заасан.

            2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ажлын хэсгийн хурлаар “Автомастер төв” ХХК, “Эрдэнэттранспорт” ХХК-иудад тохирлын үнэлгээ хийсэн дүнгийн талаар ярилцаж шийдвэрлэсэн гэх боловч “Автомастер төв” ХХК-ийн үнэлгээ тусгагдаагүй байхад тухайн компанийн үйл ажиллагааг “сайн” гэж дүгнэн, тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн, түүнчлэн нэхэмжлэгч Ш.Чагнаадоржийг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ажлын хэсгийн хуралдаанд оролцуулсан гэх боловч түүний гарын үсэг тэмдэглэлд байхгүй, гарын үсэг зурахаас татгалзсан тухай тэмдэглэлд тусгаагүй, нэхэмжлэгч тухайн хуралдаанд оролцуулаагүй хэмээн шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэл үнэн зөв, эсэх нь эргэлзээтэй, хуульд заасан дээрх зарчмуудыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Өөрөөр хэлбэл “Автомастер төв” ХХК, “Эрдэнэттранспорт” ХХК-иудад адил тэгш, үнэнч шударга хандаагүй, мөн эрх зүйт төрийн гол зарчим болох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх, сонсгох, ил тод, нээлттэй байх зарчмуудыг хангаагүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

            Иймд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлийг эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт гэж үзэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх ...” гэж зохицуулсан ба 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн удирдамжаар үнэлгээний босго онооны талаар тодорхой зааж зохицуулаагүй байхад ажлын хэсэг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар босго оноог тогтоосон нь үндэслэлгүй, ажлын хэсэгт босго оноо тогтоох эрх хуулиар олгогдоогүй байна.

            Орхон аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/17 дугаартай албан бичгээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд тохирлын үнэлгээ хийсэн ажлын тайланг хүргүүлсэн байхад тайлан ирэхээс өмнө буюу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дээрх тайланг үндэслэн Авто тээврийн төвийн даргын 01 дугаартай тушаалаар “Эрдэнэттранспорт” ХХК-ийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон нь үндэслэлгүй байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн албан бичигт 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэж бичсэн нь техникийн алдаа” гэж тайлбарласан боловч шүүх бүрэлдэхүүн техникийн алдаа гэж үзээгүй болно. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Орхон аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/17 дугаартай албан бичгийг хэзээ хүлээж авсан тухай ирсэн бичгийн бүртгэл байхгүй. Хэзээ хүлээж авсныг нотлох боломжгүй учраас нэхэмжлэгч талаас маргаан үүсгээд байгаа юм. Тохирлын үнэлгээ хийсэн ажлын тайланг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр талууд мэдсэн болох нь ажлын хэсгийн хуралдааны 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэлээр нотлогдоно” гэжээ. Энэхүү ажлын хэсгийн хуралдааны 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэл үнэн зөв эсэх нь эргэлзээтэй болох талаар шүүх дээр дүгнэсэн.

            Иймд Орхон аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2. Орхон аймгийн Засаг даргаас 42225000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-д “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учруулсан ...” , 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах...” гэж тус тус заасан байна.

Авто тээврийн төвийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 /Захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд/-т зааснаар захиргааны чиг үүргийг хуулийн үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд гэж үзэхээр байна. Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” тогтоолын 3 дугаар заалтаар аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг - Тээвэр, авто замын газрыг “Авто тээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэн зохион байгуулжээ. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоол нь Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 22 дугаар зүйлүүдэд үндэслэсэн байх тул Авто тээврийн үндэсний төв болон түүний харъяа орон нутгийн Авто тээврийн төв нь хуулийн үндсэн дээр аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрын хэрэгжүүлж байсан чиг үүргийг шилжүүлэн авсан захиргааны байгууллага гэдэгт хамаарч байна.

Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 /Нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах/, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б /өмчийн бүх төрөл, хэлбэрт тулгуурлан харъяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, уг үйлчилгээнд дагаж мөрдөх журам, стандартын биелэлтийг хангуулах/-д заасан бүрэн эрхийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэхээр зохицуулсан байна.

Энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Орхон аймгийн Засаг дарга нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар “Авто тээврийн төвд эрх олгох тухай” захирамжаар  “аймгийн нутаг дэвсгэрт болон аймаг, хот хоорондын ачаа, зорчигч тээврийн үйл ажиллагааг шуурхай удирдан зохион байгуулах, Засгийн газрын 2005 оны 127 дугаар тогтоолын дагуу стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах, цуцлах зэрэг зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, авто үйлчилгээний талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах” эрхийг Орхон аймгийн Авто тээврийн төвд олгож, “аймгийн авто тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, хууль тогтоомж, дүрэм журам, стандартын дагуу хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг оновчтой зохион байгуулах, орон нутгийн онцлог байдал, зорчигч урсгалыг харгалзан ангилан төрөлжүүлэх, ачаа, зорчигч тээвэр, авто үйлчилгээ, авто тээврийн хяналтын үйл ажиллагааг зохицуулахдаа холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч холбогдох мэдээ, мэдээллээр хангаж ажиллах”-ыг аймгийн Авто тээврийн төвд үүрэг болгон шийдвэрлэжээ.

Дээрх байдлуудаас дүгнэхэд Орхон аймгийн Засаг дарга Авто тээврийн төвд  2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжаар эрхээ шилжүүлсэн нь хуулийн дагуу явагдсан, тухайн захиргааны актад холбогдуулан гомдол гаргаж маргаагүй, А/623 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул аймгийн Засаг даргыг үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч “Эрдэнэттранспорт” ХХК-д хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Орхон аймгийн Засаг даргын буруутай хууль бус үйл ажиллагаа, захиргааны актын улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Орхон аймгийн Засаг даргаас хохирол 42 225 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13  дахь заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Эрдэнэттранспорт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Орхон аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу Орхон аймгийн Засаг даргаас 42 225 000 /дөчин хоёр сая хоёр зуун хорин таван мянган/ төгрөгийн хохирол гаргуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Эрдэнэттранспорт” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Авто тээврийн төвөөс 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эрдэнэттранспорт” ХХК-д олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БОЛОРМАА

                                            ШҮҮГЧИД                                    Б.МӨНХЖАРГАЛ

                                                                                            Ж.ГАНЧИМЭГ