| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 139/2024/00219/И |
| Дугаар | 216/МА2025/00002 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 216/МА2025/00002
| 2025 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 216/МА2025/00002 |
Т а з нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 306/ШШ2025/00058 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Т а з нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.Б холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учруулсан хохирол 13,118,206 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатар, нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Б.Б нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар тус төвийн их эмч М.Г төрийн албанаас халсан. Иргэн М.Г нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/01887 дугаар шийдвэрээр М.Г Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвөөс 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 8,904,492 төгрөгийг М.Г ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон. Иймд Б.Б хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 8,904,492 төгрөгийг *******ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Б.Б гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. ...Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөл байдал илэрсэн. М.Г ...дахин шүүхэд хандаж, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 139/ШШ2023/00345 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, өмнөх шүүхийн шийдвэр буюу Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр үйлчилснээс хойших ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй гаргасантай холбоотой ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4,213,714 төгрөгийг Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвөөс нөхөн олгосон тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, уг үнийн дүнгээр хариуцагчаас нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Иргэний хуулийн 498.2 дугаар зүйлийн 498.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан байгаа. Үүний дараа төр буруутай үйл ажиллагаа явуулсан буруутай шийдвэр гаргасан этгээдээс дахиж нөхөн гаргуулж төрийг хохиролгүй болгоно гэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасантай уялдуулж тайлбарлахад хууль бус шийдвэрийн улмаас төрд 13,118,206 төгрөгийн хохирол учирсан байх тул буруутай шийдвэр гаргасан Б.Б энэ мөнгийг гаргуулж, төрийг хохиролгүй болгож шийдэж өгөөч гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 8,904,492 төгрөг гаргуулахаар тодорхойлж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б нь М.Г 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажилд авсан тушаал гаргаж, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 8 хоног ажил тасалсан гэсэн шалтгаанаар халсан. Энэ процесст хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүссэн гэж үзвэл 9 хоногийн цалин, хөлс бодогдож түүнийг ажилгүй байсан хугацаагаар тооцож олгохоор байна. Гэтэл хариуцагч Б.Б 8,904,492 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хууль тогтоогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчийн үүргийг хуульчилсан бөгөөд тодруулбал тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийг гардаж авах, биелүүлэх үүрэг хүлээхээр хуульчилсан. Энэ утгаараа Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/01887 дугаар шийдвэрийг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн дарга биелүүлэх үүрэгтэй. Учир нь, тус хэргийн нэхэмжлэгч нь М.Г, хариуцагч нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төв байна. Б.Б ийм үүрэг хүлээхгүй. Гэтэл холбогдох албан тушаалтны үүргээ биелүүлээгүй үйлдэлд Б.Б буруутган түүнээс 4,213,714 төгрөг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь дээрх хуулийн зүйл, заалтыг зөрчсөн тул хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. М.Г нь ажилдаа огт ирээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүсээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:
Хуульд заасны дагуу хохирол учруулсан гэх мөнгийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1., Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д заасныг баримтлан хариуцагч Б.Б үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 8,904,492 төгрөгнөөс шүүхийн шийдвэрт заасан 8,804,492 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд төвлөрүүлж, үлдэх 100,000 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 4,213,714 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлага хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 155,822 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
1. 306/ШШ2025/00058 дугаартай шийдвэр гарахад нөлөөлсөн буюу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой, үнэн зөв, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй тухайд:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, түүнийгээ нотлохдоо Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/01887 тоот шийдвэр, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 00345 дугаартай шүүгчийн захирамж зэргийг үндэслэл болгосон. Харин Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 306/ШШ2025/00058 дугаартай шийдвэрийг гаргахдаа дээрх шийдвэр, шүүгчийн захирамжид тулгуурласан байх бөгөөд 00345 тоот шүүгчийн захирамжид үндэслэл бүхий дүгнэлт хийж, харин 184/ШШ2023/01887 дугаартай шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:
- Шүүхийн харьяаллыг илтэд зөрчсөн буюу харьяаллын бус хэргийг хянан шийдвэрлэсэн. Учир нь М.Г нь Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 болон эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн оршин суугаа газрын харьяа Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 00273 дугаартай шүүгчийн захирамжаар шилжүүлсэн. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн аваад Шүүхийн тухай хуульд заасны дагуу давж заалдах шатны шүүх болон улсын дээд шүүхэд хандан тухайн хэргийн харьяаллыг бодитойгоор тогтоолгоогүй байна.
- Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад шүүхийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэлгүйгээр шийдвэрлэсэн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр гарснаар биш ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүсэхээр хуульчилсан. Гэтэл М.Г ажилдаа огт ирээгүй. Өөрөөр хэлбэл Цагаандэлгэр сумын эрүүл мэндийн төв иргэн М.Г нарын хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүсээгүй. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02166 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны 16 тоот албан бичиг, 2022 оны 06 дугаар сард Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын эрүүл мэндийн төвийн статистик, дүн бүртгэлийн “Hifo” программаас авсан мэдээлэл, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зэргээр нотлогддог.
- Ажилгүй байсан цаг хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,804,492 төгрөг олгох тооцооллыг буруу хийсэн. Өөрөөр хэлбэл М.Г нь 3 хоног ажилласан, бусад өдрүүдэд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн гэж тайлбарладаг боловч 3 хоног ажилласан гэсэн тайлбараа нотолж чадаагүй. М.Г ажилд авсан тушаалд цалинг ТҮЭМ 5 дугаар шатлал буюу сарын 832,357 төгрөг байхаар засан. М.Г 3 хоног ажилласан гэж үзээд 832,357 төгрөгийг ажлын 22 хоногт хуваах юм бол 1 өдрийн цалин 37,835 төгрөг байна. 37,835 төгрөгийг 3 хоногоор үржвэл 113,505 төгрөг болж байна. Үүнийг ажилгүй байсан хугацаа болох 11 сараар үржвэл 1,248,555 төгрөг болж байна. 9 хоног ажилласан гэж үзээд тооцоолол хийсэн ч 8,804,492 төгрөг болохгүй байна. Гэтэл шүүх ямар тооцоолол хийж үнийг тогтоож М.Г олгож шийдвэрлэсэн нь тодорхой бус байхын зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна. Эдгээрээс дүгнэн үзвэл 184/ШШ2023/01887 тоот шийдвэр нь хуульд нийцэхгүй байхын зэрэгцээ Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг ашиг сонирхлын зөрчилтэйгөөр шийдвэрлэсэн гэж үзэх боломж байна.
2. 184/ШШ2023/01887 дугаартай шийдвэр гарах хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тухайд:
-Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын эрүүл мэндийн төвийг хариуцагчаар тодорхойлсон ба хэргийн жинхэнэ хариуцагч биш байсан. Мөн Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. М.Г нь огт ажил хийгээгүй буюу хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байсан. Мөн хариуцагчаас удаа дараа утсаар мэдээлэл авахад гайгүй байх, санаа зоволтгүй гэсэн хариулт авч байсан учраас оролцоогүй болно. Эдгээрээс дүгнэн үзвэл Б.Б нь хэргийн жинхэнэ хариуцагч биш, шүүх болон хэргийн оролцогчоос заавал оролцуулах шийдвэр, хүсэлт гаргаагүй учраас биечлэн оролцож чадаагүй болно.
3. 184/ШШ2023/01887 тоот шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах боломжгүй болсон тухайд:
-Т а з нэхэмжлэлийг гардан аваад Цагаандэлгэр сумын эрүүл мэндийн төвөөс 2022 оны 06 дугаар сарын эмч нарын үзлэгийн бүртгэл, дуудлага, түргэн тусламж үзүүлсэн бүртгэл, М.Г нь тус төвд одоогоор ажил хөдөлмөр эрхлээгүй нь үнэн гэсэн тодорхойлолт зэргийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар дарга Б.Н 2 удаа уулзахад боломжгүй гэсэн хариу өгсөн тул шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргаж чадаагүй. Б.Н нь М.Г талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөхгүй, өгдөггүй болох нь хавтаст хэрэгт байгаа Говьсүмбэр аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн нотлох баримт гаргуулах тухай 00797 тоот шүүгчийн захирамж, 00797 тоот шүүгчийн захирамжийг хүргүүлсэн тухай 04/209 тоот албан бичиг, шүүгчийн туслах Э.Бат-Оргилын 2024 оны 11 дүгээр сарын 05, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд 88016152 утсаар холбогдоход энэ нотлох баримтыг манайх гаргаж өгөх шаардлагагүй ээ, гаргаж өгөхгүй гэсэн хариулт авсан тухай тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нотлох баримт албадан гаргуулах тухай 00891 тоот шүүгчийн захирамж, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 00891 тоот захирамжийг Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн тухай 04/237 тоот албан бичиг зэргээр нотлогдоно. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан нотлох баримт гаргуулах хүсэлт өгөх, цалин хөлсний олговортой холбоотой шинжээч томилуулах зэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслэх татгалзаж байсан болно. Эдгээрээс дүгнэн үзэхэд 184/ШШ2023/01887 дугаартай шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь нотлогдох бөгөөд уг шийдвэрийг нэхэмжлэгч тал өөрийн шаардлагаа тодорхойлсон нотлох баримт гэдэг утгаар нь хууль зүйн дүгнэлт өгч байгаа ба урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт шүүхэд байж болохгүй гэдэг агуулгаар асуудалд хандаж байгаа болно.
4. 306/ШШ2025/00058 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т: ...хэрэгт авагдсан 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн баримтаар Ду.Цд. эмнэлэг-07-р сар М.Г гэсэн утгатайгаар шилжүүлсэн байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, хуульд заагдсан үйл ажиллагааны дагуу хийгдсэн гүйлгээ байх тул нотлох баримтаар үнэлж дээрх олговор М.Г олгогдсон болох нь тогтоогдож байна гэж үзлээ хэмээн дүгнэлт хийсэн. Гэтэл хавтаст хэрэгт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсэн буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлсэн тухай нотлох баримт огт байхгүй байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан биелүүлэх чиг үүрэг хүлээх ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлсэн мэтээр дүгнэх боломжгүй байна. Төрийн сангаас хийгдсэн буруу гүйлгээ буцаад шилждэг гэдэг нь нийтэд илэрхий ойлголт шилжүүлсэн мөнгийг М.Г хүлээн авсан гэдэг нь дээрх төлбөрийн баримтаар огт нотлогдохгүй байна. Харин 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 00345 тоот шүүгчийн захирамжид тусгагдсан 4,213,714 төгрөгийг шууд М.Г эзэмшдэг Хас банкны 5005436298 тоот дансанд шилжүүлсэн нь маргаангүй юм.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж ... хэмээн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Иймд уг шийдвэр болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хэд хэдэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна гэж ойлголоо. Үндэслэл тус бүр дээр нь тайлбар хэлье. Нэхэмжлэгч талаас эхлээд 8.9 сая төгрөгийг нэхэмжилж байгаад дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа 4.2-оор нэмэгдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 8.8-ыг хангаад үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон дээр *******өөс давж заалдах гомдол гаргаагүй. Яагаад гэвэл шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Учир нь сүүлд нэмэгдүүлсэн 4.2 дээр хариуцагч Б.Б гэм буруугийн асуудал байхгүй байна. Өөрөөр хэлбэл буцаагаад М.Г ажилд нь томилоход Б.Б гаргасан эс үйлдэхүй байхгүй учраас гэм буруу тогтоогдохгүй байна гэдэг агуулгаар шүүхийн шийдвэр гарсан учраас энийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрсөн. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс М.Г олгосон мөнгө бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд орсон, М.Г олгогдоогүй гэж тайлбарлаад байдаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болох төлбөрийн баримтад дурдагдсан байгаа. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлээд төсвөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансаар дамжигдаад М.Г руу орсон. Үүнтэй бол ямар нэгэн байдлаар маргаан байхгүй. Төлбөрийн баримтад М.Г олгогдсон мөнгө гэдэг нь тусгагдсан байдаг учраас М.Г дансанд ороогүй гэдэг нь энэ баримтаар үгүйсгэгдэнэ. Анхан шатны шүүхийн шийдвэртээ ч гэсэн энэ талаар дүгнэж бичсэн байдаг. Хоёрдугаарт М.Г ажилд томилоод, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах хүртэл хугацаанд ажил огт хийгээгүй гэж тайлбарладаг. Гэтэл хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хэрэг Сонгинохайрхан дүүргийн шүүхээр шийдвэрлэгдэхдээ М.Г сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа хууль бусаар цуцалсан байна гэдгийг шүүх нэгэнт нотлоод тогтоогоод өгчихсөн. Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэгэнт нотлогдсон үйл баримт, нэгэнт нотлогдсон учраас одоо энд яриад нэмэргүй. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулъя гэдэг гомдлын үндэслэл ярьдаг. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрийг хянуулах эрх нь нээлттэй байгаа. Өөрсдөө хүсэлт гаргаад шийдвэрлүүлэх боломжтой. Одоогийн нөхцөл байдал буюу Т а з нэхэмжлэлтэй гэм буруугийн хуралд хамааралгүй юм гэдгийг хэлэх гэсэн юм. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын тэгш эрхийг хангаагүй. Нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргадаг боловч хангаагүй гэдэг зүйлийг яриад байна. Иргэний хэрэг нь өөрөө эрүүгийн хэрэг, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай явагддаг. Энэ нь юу вэ гэхээр зөвхөн талуудын тэгш эрхийн зарчмын үндсэн дээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Талууд өөрсдөө нотлох баримтаа өгнө, өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагаа нотолно. Өөрсдөө үгүйсгээд байгаа тайлбараа нотлох ёстой. Тийм учраас анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн Т а з нэхэмжлэлтэй хэрэг дээр нотлох баримтаа гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Дараагийн асуудал бол М.Г хөдөлмөрлөх харилцаа огт үүсээгүй, үүсээгүй байхад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүх буруу тооцоолоод олгосон гэдэг зүйлийг яриад байна. М.Г 3 хоног ажилласан байхад 3 хоногийн цалин хөлсийг олгох ёстой байсан гэж буруу яриад байна. Энэ нь үгүй юм. Яагаад гэхээр М.Г ажлаас хууль бусаар халсан өдрөөс Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсөнд 8.9 сая төгрөг, буцаад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасантай холбоотой 4.2 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Түүнээс биш М.Г гэх хүнийг 3 хоног ажилласантай холбоотой зүйлийг шийдээгүй. Хэрвээ энэ хүнийг ажлаас буруу халаагүй байсан бол ийм цалин хөлсийг авах ёстой байжээ гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Ажлаас халсны эрх зүйн үр дагавар нь ийм юм байна, ийм учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ингэж олгох нь зөв юм байна гэдгийг шүүх шийдсэн юм. Үүнийг зөвөөр ойлгоосой гэж хэлмээр байна. Ингээд төрд учирсан хохирол 8.8 сая төгрөгийг хууль бус шийдвэр гаргасан Б.Б төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээгээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч ******* нь Б.Б холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 8,904,492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,213,714 төгрөгөөр нэмэгдүүлсэн, хариуцагч нь “М.Г 8 хоног ажил тасалсан шалтгаанаар ажлаас халсан, шүүхийн процесст намайг оролцуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан эсэх нь тодорхойгүй. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд тухайн үед ажиллаж байсан Эрүүл мэндийн төвийн дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байсан” гэсэн үндэслэлээр маргасан.
2. Анхан шатны шүүх,Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагчаас 8,804,492 төгрөг гаргуулж, 4,313,714 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатар “шүүх шийдвэр гаргахдаа хэргийн харьяалал зөрчиж шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэсэн нь буруу. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төв, М.Г нарын хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүсээгүй. Ажилгүй байсан хугацааны цалинг ямар үндэслэлээр тооцсон нь тодорхойгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлсэн мөнгийг М.Г авсан гэдэг нь нотлогдоогүй” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
4.1. Хариуцагч Б.Б нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/13 дугаартай тушаалаар нэгдүгээр багийн бага эмч М.Г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/01887 дугаартай шийдвэрээр М.Г ...ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,804,492 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
4.2. Иргэн М.Г, дахин шүүхэд хандаж, “...ажилгүй байсан хугацааны олговорт 4,213,714 төгрөг” нэхэмжилснийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 139/ШШ2023/00345 дугаартай захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4.3. Шүүхийн шийдвэрүүдийн дагуу Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хүн эмнэлгийн төсвөөс 8,904,492 төгрөг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд, 4,213,714 төгрөг М.Г дансанд шилжсэн байна. Хэдийгээр хэрэгт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсантай холбоотой баримтууд авагдаагүй боловч төлбөрийн хүсэлтээс харахад шүүхийн шийдвэрийн үндсэн дээр төрийн байгууллагын данснаас мөнгө гарсан нь тодорхой байна.
5. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж заасан.
Анхан шатны шүүх, маргаан бүхий захиргааны акт нь М.Г эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг шүүх тогтоосон, хариуцагч Б.Б уг шийдвэрийг гаргасан гэм буруутай албан тушаалтан мөн гэж дүгнэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.
Түүнчлэн, хариуцагчаас гэм хорын хохирол гаргуулахдаа “Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төв, М.Г нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, сарын цалин хөлсийг тооцож олговор тогтоосон байдал” зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...үйл баримтыг дахин нотлохгүй” гэснийг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзсэн нь зөв байна.
Гэхдээ хариуцагч Б.Б төрд учруулсан гэм хорын хохирлын хэр хэмжээг тогтооход Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдэл байгаа эсэхийг ажлаас халсан үйл баримттай холбон үзэх зайлшгүй шаардлагатай.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс үзвэл, ажилтан М.Г нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажилд томилогдон 3 хоног ажилласныг хариуцагч тал үгүйсгээгүй, харин 06 дугаар сарын 23-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө авсан, эрүүл мэндийн шалтгаантай талаараа мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, тус шүүхийн шийдвэрт ажилтан М.Г эмнэлгийн акттай байхад нь ажлаас халсан нь ажил олгогчийн буруу гэж дүгнэсэн байгаа ч ажилтны зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ажилдаа очих боломжгүй байгаагаа урьдчилж мэдэгдээгүй буруутай үйл ажиллагаа байсан нь харагдаж байна. Ийнхүү мэдэгдээгүй явдал нь ажил олгогчийн зүгээс ажилтныг ажил тасалсан гэж үзэж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болжээ.
Иймд, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т заасан “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэснийг баримтлан анхан шатны шүүхийн тогтоосон 8,804,492 төгрөгийн 50 хувь буюу 4,402,246 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 4,213,714 төгрөгийг анхан шатны шүүх “хариуцагч Б.Б ажлаасаа чөлөөлөгдөж шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлэх албан тушаалтан биш болсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг зохигч талууд хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх хөндөхгүй орхилоо.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг агуулгын “Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчсөн” гэсэн үндэслэл нь энэ хэргийн хувьд хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн.
8. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан “хохирлын мөнгийг гаргуулах шаардлагагүй” гэсэн дүгнэлт нь хууль зүйн хүрээнд үндэслэлгүй болохыг хоёр шатны шүүх дүгнэж байна.
9. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг нь үндэслэлтэй гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,822 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 306/ШШ2025/00058 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:
“Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Б төрд учруулсан гэм хорын хохирол 4,402,246 төгрөг гаргуулж *******ийн нэр дээрх Төрийн сангийн 100900021501 дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 8,715,960 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “155,822” гэснийг “85,386” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,822 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ О.ОДНЯМАА