Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 44

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, улсын яллагч Г.Мөнхболд, шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц. Х холбогдох эрүүгийн 1940000000051 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  улсаас авсан гавьяа, шагналгүй, Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,  Ц Х

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Ц.Х нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Н-гийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би ажлаа тараад, ажлынхантайгаа ажлынхаа эгчийн гэрт нэг шил архи авч ороод, тэрийгээ хувааж уугаад, хоол унд идэцгээгээд гарсан. Тэгээд гэртээ очоод эхнэртэйгээ маргалдсан. Эхнэр хорон үгээр идээд, хий хоосон зүйлээр хардаад байхаар нь би тэвчээр алдаад эхнэртээ гар хүрсэн. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Ц.Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 24-ний орой 17 цаг 40 минутанд ажлаасаа буугаад цуг ажилладаг хүмүүстэйгээ хамт нярав Урантуяагийн гэрт очиж 1 шил 0.75 литрийн Соёрхол хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад бүгдээрээ У,гэрээс гарч баар руу явна гэцгээсэн. Би У гэрээс гараад баар руу яваагүй, гэр рүүгээ харьсан. Манай ажлынхан надаас салаад бааранд орохоор явцгаасан. Би гэртээ орой 23 цагийн үед орсон. Намайг гэртээ ороход эхнэр маань гэртээ ганцаараа байсан. Намайг гэртээ орсноос хойш намайг гадуур архи уулаа, мөн хардаж сэрдэж уурлаад байсан. Эхнэрийг уурлаад байхаар нь би өөдөөс нь хэрэлдсэн. Эхнэр бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсаар байгаад 2019 оны 05 дугаар сарын 25-ны 01 цаг өнгөрсөн. Тэгээд сүүлдээ миний уур хүрээд эхнэр Н нүүр рүү хоёр удаа гараараа цохисон. Тэгэхэд над руу уурлаад дайрахаар нь цааш нь түлхсэн чинь хувцасны шүүгээ мөргөөд ойчсон. Тэгээд эхнэрийг газар ойчсоны дараа босгож ирээд аргадаж уучлалт гуйсан. Тэгээд аргадаж уучлалт гуйж байгаад цагдаад дуудлага өгүүлэлгүй хоносон. Манай эхнэрийн нүүр арай муухай болчихсон байсан. Тэгээд эхнэр бид хоёрын хэрүүл маргааш нь дахин үргэлжилсэн. Тэгж байгаад манай эхнэр надад уурлаад 2019 оны 05 дугаар сарын 26-ны орой цагдаад дуудлага өгсөн. ...Тэгэхэд манай эхнэр намайг архи ууж явлаа, хэнтэй уугаад байгаа юм гэж хардаад хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тэгээд сүүлдээ намайг эхнэр маань янз бүрээр хэлээд загнаад байхаар нь миний уур хүрээд, тэвчээр алдаад хоёр удаа гараараа нүүр лүү цохисон. Манай эхнэр намайг цохиогүй, миний биед учирсан гэмтэл байхгүй. Харин манай эхнэрийн 2 нүд нь хавдсан байсан. Баруун гарын бугалга, зүүн гарын алганы ар талд хөхөрсөн байсан. Өөр учирсан гэмтэл шарх байгаагүй. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй. Эхнэр бид хоёр л байсан. Миний согтолт гайгүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 27-28-р хуу/

Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 07 цагаас ажилдаа яваад орой ажлаасаа 17 цаг 40 минутанд тараад гэртээ ирэх ёстой байсан боловч гэртээ ирэхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утаснаас нөхөр рүүгээ залгасан чинь ажлынхантайгаа ганц шил архи ууж байна гэж хэлсэн. Ажлынх нь нэг хүний төрсөн өдөр болж байна гэж хэлсэн. Тэгээд удахгүй харилаа гэж хэлсэн. Ингэж хэлснээсээ хойш ирэхгүй нэлээн удаад байхаар нь би утас руу нь хоёр удаа залгасан. Тэгэж байгаад манай нөхөр шөнө нэлээн орой орж ирсэн. Би тухайн үед хэвтэж байсан болохоор цаг анзаарч хараагүй. Нөхрийг орж ирэхээр нь хаагуур явж байгаад ирж байгаа юм гээд элдвээр хэлж хэрүүл өдсөн. Тэгэхэд манай нөхөр миний өөдөөс хэрэлдээд байсан. Тэгэж байгаад манай нөхөр над руу уурлаад миний нүүр лүү хоёр удаа гараараа цохисон, тэгэхээр нь миний уур хүрээд нөхөр рүү дайрсан чинь манай нөхөр намайг өөрөөсөө холдуулах гээд түлхтэл би хувцасны шүүгээ мөргөөд унасан. Тэгээд намайг газар унасан хойно манай нөхөр намайг аргадаж тайвшруулж уучлалт гуйсан. Тэгэхэд шөнийн 02 цаг болж байсан. Манай нөхөр надаас уучлалт гуйгаад аргадаад байхаар нь цагдаад дуудлага өгөөгүй, мөн өөрөөсөө болж хэрүүл хийж байгаад цохиулсан болохоор тухайн үед дуудлага өгөөгүй. Тэгээд хоорондоо эвлэрээд унтаж амарсан. Маргааш өдөр нь манай нөхөр гэрээсээ гарч яваад хэсэг хугацаанд ирэхгүй, утсаа авахгүй байхаар нь дахиад архи ууж байгаа юм шиг байна гэж бодоод уурандаа цагдаад дуудлага өгсөн. Миний хоёр нүд хөхөрч хавдсан. Баруун гарын бугалга бага зэрэг хөхөрсөн, зүүн гарын алганы ар талд хавдаж хөхөрсөн. Өөр учирсан гэмтэл шарх байхгүй. Тухайн үед нөхөр бид хоёр л гэртээ байсан, өөр хүн байгаагүй. Манай нөхрийн согтолт гайгүй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрвээ нөхрийгөө архи уугаад гэртээ орж ирэхэд нь хэрүүл маргаан үүсгэж, элдвээр хэлээгүй бол ийм асуудал үүсэхгүй байсан. Манай нөхөр өмнө нь архи уусан ч гэсэн ийм байдал гаргаж байгаагүй, миний өөрийн буруугаас энэ асуудал болсон” гэх мэдүүлэг /хх-н 32-33-р хуу/

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 05 дугаар сарын 24-ний орой ажил тараад манай ажлын хүмүүс манай гэрт ирсэн. Би ажлаасаа тараад түрүүлээд гэртээ харьчихсан байхад манай ажлынхан араас манай гэрт ирсэн. Манай ажлын Х, О, Т, Э нар манай гэрт нэг шил 0.75 литрийн Соёрхол гэх архитай орж ирээд хуваагаад ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусаад манай ажлынхан манайхаас гараад явцгаасан. Манай гэрээс хаашаа явцгаасныг нь мэдэхгүй байна. Би гэрээсээ гараагүй үлдэж амарсан. Х манай гэрээс гараад хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Манайхаас гарахаасаа өмнө хаашаа явахаа гэж хэлээгүй. Х-ын  согтолт нь гайгүй байсан. Манай гэрт нэг шил 0.75 литрийн соёрхол гэх архи хувааж уугаад гарсан, нэмж архи уугаагүй” гэх мэдүүлэг /хх-н 34-р хуу/

Гэрч Д.О-сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 05 дугаар сарын 24-ний орой 17 цаг 40 минутанд ажлаасаа тараад хамт ажилладаг Х, Т, Э нартай хамт нярав У эгчийн гэрт очсон. Тухайн үед У эгч түрүүлээд харьчихсан байсан бөгөөд араас нь утсаар ярьж байгаад гэрт нь очсон. Бид нар У,эгчийн гэрт очихдоо дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн соёрхол гэх нэртэй архи аваад орсон. Ингээд У-гийн гэрт дэлгүүрээс худалдаж авсан архиа хуваагаад ууцгаасан. У эгчийн гэрт жоохон хүүхдүүд нь л байсан. Тэгээд бид нарыг архиа ууж байхад У, эгч хоол хийж өгөөд нэлээн орой болоод 22 цаг өнгөрч байх үед архиа ууж дуусгаад гарцгаасан. Энэ хугацаанд юм яриад сууж байсан болохоор нэг шил архийг нилээн удаан уусан. Тэгээд У эгчийн гэрээс гараад гэр гэр лүүгээ харьцгаасан байх. Би лав У,эгчийн гэрээс гараад тэд нараас салаад гэр рүүгээ харьсан. У эгч гэртээ амарна гээд үлдсэн. Х, У эгчийн гэрээс гараад хаашаа явсныг нь мэдээгүй, явахад нь асуугаагүй. Х, гэр лүүгээ харьсан байх. Бид нарын согтолт бүгд гайгүй байсан, бид нар бүгдээрээ нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан, нэмж архи уугаагүй” гэх мэдүүлэг /хх-н 35-р хуу/

Гэрч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн засвар механикийн төв цехэд засварчин хийдэг. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ажлаа тараад Х, О хоёртой хамт У-гийн гэрт очсон. Бид нар ажлаас гараад Т-гийн машинд сууж  Бид нар  У-гийн гэр лүү орохдоо нэг шил 0.75 литрийн соёрхол гэх архи аваад орсон. Тэгээд нярвын гэрт ороод архиа хувааж уугаад сууж байхад У бид нарт хоол хийж өгөөд нэлээн орой болсон. Бид нар юм ярингаа архиа ууж байгаад орой 22 цаг өнгөрч байхад У эгчийн гэрээс гарцгаасан. Би У,эгчийн гэрээс гараад ганцаараа гэртээ харих гээд явсан, бусад маань ч гэсэн гэр гэр лүү явсан. Бид нар У эгчийн гэрээс гараад гэр гэр лүүгээ харьсан. Х ч гэсэн гэртээ харьсан байх. У эгчийн гэрт нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан, Х архинаас уусан, гэхдээ Х согтолт нь гайгүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 37-р хуу/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 240 дугаартай

  1. Б.Н-гийн биед хамар ясны далд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн сарвуу хэсэг, баруун атгаал хэсгүүдийн цус хуралт, толгойн хуйхны зулай хэсэг болон хамрын нуруу хэсэг, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 10 хуу/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар хоёр удаа гараараа цохиж гэмтэл учруулсан болохоо өөрөө болон хохирогч хэн аль нь мэдүүлсэн, хохирогч нүүрэн тус газраа 2 удаа цохиулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Х-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Х нь 2019 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн үед өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Б.Н,гийн эрх чөлөөнд халдаж түүний биед хамар ясны далд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн сарвуу хэсэг, баруун атгаал хэсгүүдийн цус хуралт, толгойн хуйхны зулай хэсэг болон хамрын нуруу хэсэг, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна хэсгийн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн болох нь

Хохирогч Б.Н,гийн “...манай нөхөр над руу уурлаад миний нүүр лүү хоёр удаа гараараа цохисон, тэгэхээр нь миний уур хүрээд нөхөр рүү дайрсан чинь манай нөхөр намайг өөрөөсөө холдуулах гээд түлхтэл би хувцасны шүүгээ мөргөөд унасан…” гэх мэдүүлэг, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 240 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрахыг мэдсэн хэр нь түүнийг хүсч үйлджээ.

Прокуророос дээрх гэмт хэрэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна. Хэдийгээр шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Н,гийн эрх чөлөөнд халдаж биед нь гэмтэл учруулсан боловч дээрх гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Хүчирхийллийн аюулын зэргийг үнэлэх үнэлгээгээр “эрсдэлийн түвшин бага” гэсэн дүгнэлт гарсан, шүүгдэгч нь хохирогчтой хамт амьдрах хугацаандаа гэр бүлийн дотор тэгш эрх эдлэх боломжийг хязгаарласан түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг агуулсан аливаа үйлдэл хийж байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын бие биедээ хүндэтгэлгүй хандсан байдлаас үүдэлтэй  байна.  

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч Ц.Х, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

             Шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсгийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 6.000.000 төгрөгийн торгох ял шийтгэхээр тогтоов.

          Хохирол төлбөрийн талаар:

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Н нь “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрвээ нөхрийгөө архи уугаад гэртээ орж ирэхэд нь хэрүүл маргаан үүсгэж, элдвээр хэлээгүй бол ийм асуудал үүсэхгүй байсан. Манай нөхөр өмнө нь архи уусан ч гэсэн ийм байдал гаргаж байгаагүй, миний өөрийн буруугаас энэ асуудал болсон” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

             Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалттай зөрчилдөөгүй тул тус шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Ц Х хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Х Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсгийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр, зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, 2 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгж буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч Ц.Х Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгж буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 6000 /зургаан мянга/ нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ц.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР