| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/04442/И |
| Дугаар | 4875 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 4875
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЦД79050516 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, консул 11 гудамж, 3б тоотод оршин суух Адьяа тайж овогт Мягмарсүрэнгийн Ганбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн НЬ73103077 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, консул 12 гудамж, 311 тоотод оршин суух Далантай овогт Дуламсүрэнгийн Одсүрэнд холбогдох,
250.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ганбат миний бие Д.Одсүрэнтэй 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өөрийн амбаарт байсан 2 эсгий дээвэр, 3 эсгий туурга, 1 бризентийн хамт нийт 250.000 төгрөгийн барааг 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл зээлүүлсэн. Ингэхдээ бид гарын үсэг зураагүй, хүү тооцоогүй. Зээлүүлсэн хугацаа дууссан боловч бараа худалдан авсан Д.Одсүрэн барааны мөнгөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд 250.000 төгрөгийг Д.Одсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Минйи бие М.Ганбаттай 250.000 төгрөгийн наймаа хийгээгүй нь үнэн болно гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Талууд 250.000 төгрөгийн 150.000 төгрөг дээр эвлэрч, нэхэмжлэгч нь 100.000 төгрөгөөс татгалзаж байна. Өнөөдрөөс хойш 1 сарын дотор 150.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Ганбат нь хариуцагч Д.Одсүрэнд холбогдуулан 250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 250.000 төгрөгийн 100.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 150.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч М.Ганбат нь нэхэмжлэлийн шаардлагын 250.000 төгрөгийн 100.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Одсүрэн нь 150.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хариуцагч Д.Одсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.150 төгрөгийн 50 хувь буюу 4075 төгрөгийг улсын орлогоос, 4075 төгрөгийг хариуцагч Д.Одсүрэнгээс гаргуулж, нэхэмжлэгч М.Ганбатад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ