Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2025/00019

 

Л.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 150/ШШ2025/00048 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Л.*******

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормааг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

Иргэн ******* миний бие 1995 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Сант суманд мал маллаж ажиллаж амьдарч байна. Сумын мал тооллогын А данс архивд байхгүйн улмаас 1995 оноос 1997 онуудад малчнаар ажиллаж байсан жил тогтоогдохгүй улмаас тэтгэвэр тогтоолгоход хүндрэл учирсан.

Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 362 дугаар тогтоолоор батлагдсан Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандаж 1995-1997 онуудад малчнаар ажилласан жилээ тогтоолгохоор хандахад 1995, 1997 онуудыг ажилласанд тооцож /1996 оны баримт, баярын бичиг, шагнал урамшуулал байхгүй үндэслэлээр/ тогтоож болохгүй талаар 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 15 дугаар албан бичгээр мэдэгдлээ. Малчин хүн жил болгон морь уралдуулж шагнал урамшуулал авах боломжгүй билээ. Иймд гэрч асуулгаж миний 1996 онд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 150/ШШ2025/00048 дугаартай шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан үндэслэлгүй тул хүсэлт гаргагч Л.*******ийн ажилласан жил тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш ирж авахыг мэдэгдэж, ...хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

Иргэн Л.******* миний бие 1995 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Сант суманд мал маллаж ажиллаж амьдарч байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч бичиг баримт бүрдүүлэх явцад 1995 оноос 1997 онуудын сумын мал тооллогын А данс архивд байхгүй улмаас тухайн цаг хугацаанд миний мал маллаж байсныг нотлох шаардлага үүссэн.

Энэ талаар Нийгмийн даатгалын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандаж тухайн 1995,1997 онуудад мал маллаж, морь уяж уралдуулах сум орон нутгаас шагнуулж байсан баярын бичиг зэрэг нотлох баримтыг үндэслэн 1995,1997 онуудад малчин байсныг тогтоож бичгийн нотлох баримтгүй тул 1996 онд малчин байсныг тогтоох боломжгүй талаар албан бичгээр мэдэгдсэн. Малчин хүн жил болгон шагнал урамшуулал авах боломжгүй тул мал маллаж байсныг нэгэн үед хамт нэг суманд мал маллаж байсан болон тухайн үед сум орон нутагт ажиллаж амьдарч байсан иргэдээс өөр нотлох боломжгүй болсон.

Ийм учир Иргэний хэргийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т хэргийн нотлох баримт нь зохигч гуравдагч этгээд тэдгээрийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасны дагуу миний бие Сант суманд 1996 онд мал маллаж байсныг гэрч асуулгаж, нотолж тогтоож өгнө үү гэж хүсэлт гаргасан.

Гэтэл шүүх гэрч дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаар ажилласан жилийг тогтоох боломжтой гэх үндэслэлээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д нийтдээ 20-с доошгүй жил үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэж заасан. Миний хувьд нийгмийн даатгал төлсөн талаар нэхэмжлэл гаргаагүй бөгөөд зөвхөн 15 жил мал маллаж байсан үүнээс бичгийн нотлох баримтгүй тул нотлогдохгүй байгаа 1996 он болох 1 жилийн хугацааг л гэрчээр нотолж шүүхийн журмаар шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.******* нь 1991 онд цэргээс халагдаж ирээд ээжтэйгээ мал дээр гарсан бөгөөд 1995 оноос өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс малчнаар тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч 1995 оноос 1997 онуудад малын А данс байхгүй байсан учраас малчнаар ажиллаж байснаа тодорхойлж чадахгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс байгаа бичиг баримтаа бүрдүүлээд Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандсан бөгөөд нэхэмжлэгчийн морь уяж байсан баярын бичиг зэргийг үндэслээд 1995 болон 1997 онуудад малчнаар ажиллаж байсныг тогтоогоод 1996 оныг тогтоогоогүй ...1995, 1997 онуудад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоочихсон учраас 1996 онд ажиллаж байсан болохыг гэрч асуулгаж тогтоолгох үүднээс нэхэмжлэл гаргасан. Иймд гэрч асууж тогтоож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Л.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал-ыг буюу 1996 онд малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

Шүүх хуралдааны явцад тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажилласан байдал буюу 1996 онд малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байхад хүсэлт гаргагч Л.*******ийг 1996 онд малчнаар ажилласан байдлыг зөвхөн гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэх боломжгүй, хүсэлт гаргагч өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй холбогдох баримтаа гаргаж ирүүлээгүй гэж дүгнэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн, оролцогчийн эрхийг ноцтой зөрсөн алдаа болжээ.

Түүнчлэн шүүх хүсэлт гаргагч Л.******* нь 1995 оноос 1997 онд малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор харьяалах Нийгмийн даатгалын хэлтэст хандсанаар түүний 1995, 1997 онуудад малчнаар ажиллаж байсныг тогтоож, 1996 он орхигдсонтой холбоотойгоор шүүхэд хандсан байдалд дүгнэлт хийгээгүйн дээр дээрх 2 онуудад ажилласан байдлыг тухайн ямар баримтад үндэслэн хэрхэн шийдвэрлэсэн эсэх талаар тус Нийгмийн даатгалын хэлтэст байгаа баримтуудыг шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд өөрөө шаардан авах боломжтой байхад хүсэлт гаргагчийн үүрэг мэтээр дүгнэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

3.Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж,

1.2-д Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ гэж тус тус заасан.

4.Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болж байх тул давж заалдах шатны шүүхээс дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

5.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлт болон хүсэлт гаргагчийн давж заалдах гомдолд шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 150/ШШ2025/00048 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Б.ЭРДЭНЭХИШИГ