Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 951

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

    2019        06         13                                  2019/ШЦТ/951

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,   

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 1906 02777 1254 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Д.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 64 дүгээр байрны 49 тоотод эхнэр Н.Баянжаргалтай маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний гарт тоос сорогчны хоолойгоор цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

                                                                                 /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 02777 1254 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Н.Буянжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугар хороо 64-49 тоот гэртээ бага хүү Мөнх-Оргилын хамт гэрээ цэвэрлээд байж байсан. Нөхөр өөрийнхөө хиртэй хувцасаа угаалгын машинд хийгээд гарч ирсэн. Би тоосоо соруулчихаад шалаа угаагаад сууж байсан. Тэгсэн манай нөхөр тоос сорогч бариад тоос соруулна гэсэн. Тэгэхээр нь би тоосоо соруулсан чи яах гэсэн юм бэ гэсэн чинь уурлаад тоос сорогчны төмөр хоолойгоор зүүн гар руу олон удаа цохисон. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 7-10 тал/,

 

Гэрч Д.Мөнхжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 4 дүгээр сарын 02-ны орой би Санхүү эдийн засгийн сургууль дээр сагсны тэмцээн үзээд сууж байхад ээж надруу залгахаар нь би утсаа аваад ярихад ээж уйлаад хүрээд ир гэж дуудсан. Намайг ирэхэд ээж орон дээрээ сууж байсан. Аав цаана нь сууж байсан. Хоорондоо хэрэлдээд байж байсан. Би юу болсон талаар ээжээс асуухад аав чинь миний гарыг цохичихлоо гэж хэлээд гараа хараад уйлаад байсан. Миний араас удалгүй цагдаа нар хүрч ирээд аавыг аваад явсан. Аав цагдаа ирнэ гэдгийг мэдсэн юм шиг хувцасаа өмсөөд сууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

 

Гэрч Н.Бямбажаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 4 дүгээр сарын 27-ны орой 21.00 цаг өнгөрч байхад миний эгч Н.Буянжаргал надруу залгаад Б.Д намайг зодчихлоо, би цагдаагийн газар дуудлага өгсөн чинь цагдаа нар ирчихлээ. Намайг цагдаагийн газраас ирээд аваадхаач гэж утсаар ярихаар нь би цагдаа дээр ирээд эгч Н.Буянжаргалыг авсан. Цагдаагийн газар орж ирэхэд үүдэнд Б.Д ганцаараа сууж байсан. Би Б.Даас юу болсон талаар асуухад би эгчийг нь зодсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Д.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтын шатанд:

2019 оны 4 дүгээр сарын 27-ны орой 20.00 цаг өнгөрч байхад би өрөөндөө байсан. Гэрийн том өрөөнд ээж, аав хоёр маргалдаад байсан. Маргалдаж байгаад ээж чанга орилхоор  нь би өрөөнөөсөө гарахад ээж орон дээрээ сууж байсан. Аав тоос сорогчны урд талын ишийг бариад орилоод зогсож байсан. Ээж орон дээр зүүн гараа бариад сууж байсан. Би аавыг ээжээс холдуулаад аавын гарнаас тоос сорогчны ишийг авч газар тавьсан гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 5210 дугаартай:

Н.Буянжаргалын биед зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20 тал/,

 

Шүүгдэгч Б.Ды мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тэр өдөр хагас сайн өдөр байсан ба би ажлаа тараад 18.30 цагийн үед ирсэн. Би орж ирээд ажлын хувцасаа солиод шууд гэрээ цэвэрлэж эхэлсэн ба цайгаа ч ууж амжаагүй гэрээ цэвэрлэж эхэлсэн. Би гэрээ цэвэрлээд тоосоо тоос сорогчоор соруулаад байж байхад миний эхнэр Н.Буянжаргал тоос сорогчны цахилгааны утсыг цахилгаанаас нь гурван удаа салгасан. Тэгж гурван удаа салгахдаа чи юугаа хайгаад байгаа юм гэж хэлээд надруу дайраад миний өөдөөс хашгираад байсан. Би хариуд нь энэ гэр орон чинь хог шорооноосоо салж болдоггүй гэр орон юм уу гэж хэлээд Н.Буянжаргалыг тоос сорогчны гартаа барьдаг урт ишээр гарын шуу руу нь гурван удаа цохисон. Тэгсэн миний эхнэр цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

-Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 5 тал/,   

-Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 28/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Ды урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойололт /хх-ийн 27 тал/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Ды гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Н.Буянжаргалын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Н.Буянжаргал нь нотлох баримтаар 168.000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан баримтыг шүүх хуралдаанд ирүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ