| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/02753/И |
| Дугаар | 4874 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 4874
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЧВ82010561 регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, хилчин 96 гудамж 19 тоотод оршин суух Буянт овогт Даваанямын Мөнгөн-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЦБ81112991 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, цайз 8-88 тоотод оршин суух Боржигон овогт Даваасүрэнгийн Батболдод холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Мөнгөн-Эрдэнэ, хариуцагч Д.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнгөн-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд Д.Батболдтой танилцан 2008 оны 6 дугаар сарын 18-нд гэрлэлтийн 0107218 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. 2005 оны 5 дугаар сард хүү Төгөлдөр, 2007 онд охин Сарангэрэл нарыг тус тус төрүүлсэн бөгөөд, зан харьцаа, Батболдын бие даан авч явч чадахгүй ажил төрөл хийхгүй, өөрийгөө бодсон, үр хүүхдэддээ халамж, сэтгэлгүй байдлаас болж 2014 оны 9 дүгээр сараас эхлээд тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хүү, охин хоёр миний асрамжид байгаа. Одоо бид дахин хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Г.Мөнхбаяр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид гэр бүл болоод 10 гаруй жил амьдарсан 2 хөөрхөн хүүхэдтэй. Бидний дунд салахаа хүртэл ноцтой асуудал байхгүй. Би эхнэр хүүхэддээ хайртай. Надад ажил мэргэжил байхгүй ч хар бор ажил хийгээд чадахаараа хөдөлмөрлөдөг байсан. Намайг ажилгүй, бие даан авч явах чадваргүй гэсэн байна. Энэхүү нэхэмжлэлийг хадам ээж бичсэн байна. Бидний амьдралд хадам ээжгүй хоног өдөр гэж байгаагүй, надтай суусан юм шиг байдаг байсан. Эхнэрийг байр түрээслээд тусдаа амьдарья гэхээр түрээсийн байшинд амьдарч чадахгүй явахгүй гэдэг. Эхнэр маань сайхан сэтгэлтэй гэдэгт би итгэдэг. Ээжийгээ хойд эцэгтэйгээ үлдээж чадахгүй байгаадаа л тэгэж хэлдэг байх. Уг нь ажил хийгээд өөр дээрээ авах хүсэлтэй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнгөн-Эрдэнэ нь хариуцагч Д.Батболдод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Мөнгөн-Эрдэнэ хариуцагч Д.Батболд нар нь 2004 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 1751 дугаарт бүртгэсэн бүртгэл, тэдний дундаас 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү М.Төгөлдөр, 2008 оны 07 дүгээр сарын 01-ний өдөр охин Б.Сарангэрэл нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү М.Төгөлдөр, охин Б.Сарангэрэл, нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.
Гэрлэгсэд 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөөгүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Б.Даваасүрэнд хандсан бөгөөд эвлэрүүлэн зуучлагч Б.Даваасүрэн нь “талуудтай уулзаж ярилцлага хийхэд хангалттай үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой болсон, талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгож шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгов” гэсэн байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар хүү М.Төгөлдөр, охин Б.Сарангэрэл нарын асрамжийн талаар маргаагүй, эх Д.Мөнгөн-Эрдэнийн асрамжид, үлдээхийг харилцан хүлээн зөвшөөрсөн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан зохицуулалттай нийцэж байх тул 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү М.Төгөлдөр, 2008 оны 07 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Сарангэрэл нарыг эх Д.Мөнгөн-Эрдэнийн асрамжид үлдээж, сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Д.Батболдоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж заасны дагуу хүү М.Төгөлдөр, охин Б.Сарангэрэл нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь эцэг Д.Батболдын эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Д.Мөнгөн-Эрдэнэд саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.
Зохигч эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Буянт овогт Даваанямын Мөнгөн-Эрдэнэ, Боржигон овогт Даваасүрэнгийн Батболд нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү М.Төгөлдөр, 2008 оны 07 дүгээр сарын 01-ний өдөр охин Б.Сарангэрэл нарыг эх Д.Мөнгөн-Эрдэнийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү М.Төгөлдөр, 2008 оны 07 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Сарангэрэл нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Д.Батболдоор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мөнгөн-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батболдоос 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Д.Мөнгөн-Эрдэнэд олгосугай.
5. Зохигч эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Совингэрэлд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ