| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 150/2024/00134/И |
| Дугаар | 208/МА2025/00020 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 208/МА2025/00020
******* ******* ******* ХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 150/ШШ2025/00023 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК
Хариуцагч ******* Эрдэнэ ******* ХХК
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Газар худалдах, худалдах авах гэрээний үүргээ биелүүлж холбогдох "Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах нийт 244.7 га эзэмшил газрыг эзэмших эрхийг "******* эрдэнэ *******" ХХК-нд шилжүүлэхийг ******* ******* ******* ХК-нд даалгуулах тухай,
Хэргийг хариуцагчийн төлөөлөгч С.*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсанаа /цахим/, П.Ундрах-Эрдэнэ /цахим/, хариуцагчийн төлөөлөгч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндпүрэв нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтлөв.
...сумын засаг даргын 2008 оны 12 сарын 17-ны өдрийн 220 тоот шийдвэрээр ******* нэгж талбарын дугаар бүхий 100 га, ******* нэгж талбарын дугаар бүхий 154 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг "******* ******* ******* ХК-д олгосон байдаг.
******* нэгж талбарын дугаар бүхий 154 га газрын хугацаа дууссан тул хугацаа сунгуулах хүсэлт гаргасны дагуу Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын засаг даргын 2023 оны 12 сарын 11-ний өдрийн А/152 дугаар захирамжаар эрхийн гэрчилгээ сунгагдаж нэгж талбарын дугаар бүхий 149.6 га болж өөрчлөгдсөн. Мөн ******* нэгж талбарын дугаар бүхий 100 га газрын нэгж талбарын дугаар болж, га нь 95.1 га болж өөрчлөгдсөн. Газрын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан газрын даамлаас тодруулга авахад нарийвчилсан мэргэжлийн багажаар хэмжилт хийн дахин газрын хэмжээг тооцоолсон гэсэн хариу өгсөн бөгөөд одоогоор "******* ******* ******* ХК нь 244.7 га газрыг эзэмшиж байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах ******* ******* ******* ХК-ийн 244.7 га эзэмшил газрыг ******* Эрдэнэ ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа:
...Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах 244.7 га газар нь бүрэн манай *******-Эрдэнэ ******* ХХК нь уг газрыг эзэмшиж ашиглах 100 хувь эрхтэй этгээд юм. ******* ******* ******* ХК-ийн удирдлага албан тушаалтнууд байнга солигдож тогтворгүй байснаас болж хоёр компанийн газрын маргаан өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэлгүй явсаар байгаа. Манай компанийн зүгээс энэ хүртэлх хугацаанд уг газартай холбоотойгоор хураамж, татвар гарсан байгаа бол бүх төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд ******* ******* ******* ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:
...Анх *******-эрдэнэ ******* ХХК нь ******* ******* ******* ХК-тай 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.1.1 дэх хэсэгт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байгаа 304 га газрыг худалдан борлуулах үүрэг хүлээнэ гэж заасан.
******* ******* ******* ХК нь Газрын тухай хууль болон Газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу огт ашиглаагүй атлаа газар эзэмших эрхийн хугацаагаа хэрхэн яаж сунгуулж, шинээр нэгж талбарын болон бүхий 149.6 га болон 95.1 га газруудын гэрчилгээг авсан нь тодорхойгүй байдаг. Үүнийг тодруулахаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад бичгээр хүсэлт гаргасан боловч албан ёсоор хариу огт ирүүлээгүй байна.
Иймд *******-Эрдэнэ ******* ХХК нь албан ёсоор бичгээр гэрээ байгуулж, түүний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулан, үнэн шударгаар зориулалтын дагуу 14 жилийн турш эзэмшиж ашиглаж ирсэн болохыг тогтоож, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Газар худалдах, худалдан авах тухай гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах нийт 244.7 га газрын эзэмших эрхийг *******-Эрдэнэ ******* ХХК-д шилжүүлэхийг ******* ******* ******* ХК-д тус тус даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсанаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
******* эрдэнэ ******* ХХК нь 2010 оны 10 сарын 13-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ-ээр ******* ******* ******* ХК-нд газрын үнэ гэх 19,760,000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн боловч энэхүү гэрээ нь хуульд заасан журмыг зөрчиж байгуулагдсан хэлцэл юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус тул ******* эрдэнэ ******* ХХК нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үүргийг шаардах боломжгүй.
******* ******* ******* ХК нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах газруудын эзэмших хугацааг сунгуулахтай холбоотойгоор Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасны дагуу газрын төлбөрийг тогтмол төлж, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Сэлэнгэ аймгийн засаг даргад хандан шийдвэрлүүлж хууль ёсны дагуу газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулсан.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т зааснаар газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх бүхий этгээд нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга байх бөгөөд иргэний хэргийн шүүхэд ******* ******* ******* ХК-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож ******* эрдэнэ ******* ХХК-д шилжүүлэхийг даалгах эрхийг хуулиар олгоогүй.
******* эрдэнэ ******* ХХК нь 14 жилийн турш ******* ******* ******* ХК-ийн газрын ашиг, шимийг хүртэж байгаа ба ******* ******* ******* ХК-иас газрын төлбөрийг тасралтгүй тогтмол төлж байсан байна.
Аливаа этгээд нөгөө этгээдээс эд хөрөнгө шаардах эрх нь хэлцлийн үндсэн дээр, эсхүл хуулийн дагуу үүсэх бөгөөд ******* ******* ******* ХК нь хууль ёсны эзэмшил газраа ашиглаж чадаагүй бол ******* эрдэнэ ******* ХХК тухайн газрыг шаардах эрх үүснэ гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Иймд хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 150/ШШ2025/00023 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1-р багийн Талын толгойд байрлах нэгж талбарын дугаартай 149.6 га газар, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1-р багийн Зараагийн хөндийд байрлах нэгж талбарын нэгж талбарын дугаартай 95.1 га, нийт 244.7 га газрыг албадан чөлөөлөхийг *******-Эрдэнэ ******* ХХК-д даалгаж,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-т зааснаар ******* ******* ******* ХК, *******-Эрдэнэ ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, ******* ******* ******* ХК-иас хэлцлээр шилжүүлсэн зүйл болох 19,760,000 төгрөгийг гаргуулж *******-Эрдэнэ ******* ХХК-нд олгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар *******-Эрдэнэ ******* ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Газар худалдах, худалдах авах гэрээний үүргээ биелүүлж 244.7 га газрыг *******-Эрдэнэ ******* ХХК-д шилжүүлэхийг ******* ******* ******* ХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-Эрдэнэ ******* ХХК-иас 140,400 төгрөгийг гаргуулж, ******* ******* ******* ХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 255,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:
Хариуцагч *******-Эрдэнэ ******* ХХК нь дээрх шийдвэрийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч ийнхүү давж заалдах журмаар уг гомдлыг гаргаж байна. Үүнд:
Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
1. Маргаан бүхий гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29.1-т заасан шаардлагыг хангаагүй хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөрөнгийн *******ийн бусдаас шилжүүлэн авсан эзэмших эрхтэй газар нь төрийн өмч мөн эсэх, түүнчлэн Хөрөнгийн ******* нь өөрөө зөвхөн дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар бусдад эрхээ шилжүүлсэн ёстой эрх, дуудлага худалдаа хийх эрх олгогдсон эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэнд гомдолтой байна.
2. Маргаан бүхий гэрээг Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцсон. Гэтэл маргаан бүхий гэрээ нь 2010 оны 10 дугаар сарын 13 өдөр байгуулагдаж, түүнээс хойш 14 жилийн хугацаанд Хөрөнгийн огт ашиглаж, эзэмшээгүй. Түүнчлэн, 14 жилийн хугацаанд тус газрын эрхийг *******-Эрдэнэ ******* компанид шилжүүлэх өгөхийг хүссэн албан бичгийг удаа дараа Хөрөнгийн *******ид хүргүүлж байсан нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 14 жилийн хугацаанд *******-Эрдэнэ ******* компани нь эзэмшиж, ашиглаж байсныг мэдэж байсан атлаа хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулан, газраа эргүүлэн авах хүсэл зориг Хөрөнгийн *******-д байгаагүй. Тодруулбал, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн болохоо мэдэж байсан ба түүнийгээ бодитоор хүлээн зөвшөөрсөн. Хожим хүлээн хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох хуулийн зөвшөөрсөн тохиолдолд тухайн гэрээ хэлц зохицуулалт байдаг ч түүнийг хэрэглэсэнгүй.
3.Иргэний хуульд зааснаар төлбөрийг бүрэн төлснөөр эзэмшигч, өмчлөгч болох тухай зохицуулалт байдаг. Мөн түүнчлэн Хөрөнгийн *******ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Тодруулбал, шаардлага гаргах болон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг шалгаагүй. *******-эрдэнэ ******* ХХК нь албан ёсоор гэрээ байгуулж, түүний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулан, үнэн шударгаар зориулалтын дагуу 14 жилийн турш эзэмшиж ашиглаж ирсэн нь тогтоогддог ба энэхүү хугацаанд шаардлага гаргаж байгаагүй байдаг.
4. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд буюу түр орлон гүйцэтгэгч гэх Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заагаагүй, зохицуулалтгүй этгээд нэхэмжлэл гаргасан байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн болон нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн тухайд:
5. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтүүдийг хариуцагч талаас гаргасан боловч хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр удаа дараа татгалзсан. Жишээ татвал,
Хэн хэзээнээс хэрхэн эзэмшиж, ашиглаж байгаа болон мөн хэдий хэмжээний газрыг нь хариуцагч эзэмшиж байгаа байгаа болох нь тодорхойгүй байдаг. Маргаан бүхий газрын хувийн хэргийг газрын албанаас гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хангаагүй.
6. Хавтаст хэрэгт авагдсан баримт нь Газрын даамал гэх гарын үсэгтэй тайлбараас өөр баримт байдаггүй. Гэтэл шүүгчийн захирамжаар сумын Засаг даргаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Түүнээс гадна Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирүүлсэн 2024.08.07 өдрийн 2016 оноос өмнө баримт Үндэсний архивд байгаа учир байгаа тул лавлагааг гарган өгөх боломжгүй гэх хариу ирсээр байхад буюу шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
7. Шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу Хариуцагч, түүний төлөөлөгчид мэдэгдээгүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам-аас татгалзахаас өөр аргагүй байдалд хүргэсэн.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Мөн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг гаргуулалгүй хэргийн үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 150/ШШ2025/00023 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтыг дутуу цуглуулсан учраас хэргийг анхан шатны шүүх рүү буцаах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай зүгээс маргаан бүхий газрын хувийн хэргийг гаргуулахаар хүсэлт гаргасан. Анх манай компанитай байгуулсан гэрээ хэлцэлд газрын хэмжээ нь 350 га газар байсан боловч хэрэгт авагдсан баримтаас харахад 95 га болон 144 га болж газрын хэмжээ нь бүхэл бүтэн 65 га газрын зөрүүтэй болж өөрчлөгдчихсөн. Хавтаст хэрэгт маргаан бүхий нэгж талбарын дугаартай газруудын хувийн хэрэг авагдаагүй. Манай зүгээс дээрх хүсэлтийг 2 удаа гаргасан боловч шүүхийн зүгээс хангаагүй. Мөн Хэрэг эрхлэх газар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас энэхүү нэгж талбарын дугаартай газрын шилжүүлэх шийдвэр гарсан эсэх лавлагааг гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан. 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гарсан 571 дугаартай энэхүү захирамж нь 1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан. Тухайн баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх ёстой байсан бөгөөд тухайн захирамжийн хариу албан бичиг нь манайд 2016 оноос өмнөх баримт бичиг байхгүй учраас Үндэсний архивын газарт хандаж лавлагаа гаргуулна уу гэсэн байсан. Тиймээс захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэхгүй байна.
Мөн Иргэний хуульд шударга эзэмшигч гэж хэнийг хэлэхийг тодорхойлсон байдаг бөгөөд гэрээ хэлцэл хийгээд, түүнийхээ дагуу 19,600,000 төгрөг төлсөн. Мөн нөгөө тал болох ******* ******* ******* ХК-руу үүргээ биелүүлнэ үү гэсэн албан бичгийг 2013, 2017, 2020 онуудад хүргүүлж байсан. Энэ баримтуудыг шүүх үнэлж дүгнэсэнгүй гэж үзэж байгаа учраас энэхүү гомдлыг гаргасан. Мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад шүүх зохих ёсны хууль зүйн дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэж байна. Учир нь 2017 оноос хойш өнөөдрийн хүртэл хугацаанд ******* ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал н.Алтай гэх хүн байгаа гэсэн баримт хэрэгт авагдсан. н.ыг түр орлон гүйцэгчээр томилсон талаар Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр ямар нэгэн тэмдэглэгээ хийлгээгүй. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан болохыг шүүх харгалзан үзнэ үү. ...******* ******* ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэлийг нотлох баримтын шатанд шинжлэн судлуулна. Тухайн тэмдэглэлд түр орлон гүйцэтгэгч нь шаардлага хангаж байгаа юу?, хууль зүйн үндэслэлгүй байна, яагаад Сангийн сайдын тушаалаар энэхүү этгээдийг томилоод байгаа вэ?, энэ талаар хууль зүйн дүгнэлт шаардлагатай гэж дурдсан байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг томилох эрхтэй болохоос биш түр орлон гүйцэтгэгч буюу эрх бүхий албан тушаалтан бусад этгээдийг бол томилох эрхгүй болохыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. Иймд давж заалдах шатны шүүхээс гаргасан гомдлын үндэслэлд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэр гаргаж, гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсанаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...өнөөдрийг хүртэл манай компанийн захирал н.Алтай гэсэн нэрээр явж байгаа. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр н. буюу гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан ******* ******* ******* ХК-ийн Сэлэнгэ аймагт байрлах газартай холбоотой маргаан буюу ******* эрдэнэ ******* ХХК-тай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх тогтоол гарсан. Ийнхүү Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрхийн дагуу нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Мөн нотлох баримт гаргуулах хүсэлт буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Засгийн газраас олгох ёстой зөвшөөрөл байгаа эсэх лавлагаа гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс гаргасан. Холбогдох баримтууд ирэхэд нь шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байна гэж маргаагүй. Учир нь тухайн газар газар худалдах худалдан авах, эзэмших хүчинтэй хугацаа, гэрчилгээ олгосон хугацаа зэрэг нь газрын даамлын мэдүүлгээр дэлгэрэнгүй тогтоогдсон. Мөн Засгийн газраас тухайн газрыг олгох зөвшөөрөл байхгүй гэсэн хариу ирсэн учраас ахин нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргаагүй. Иймд хариуцагчаас гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсанаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...******* эрдэнэ ******* ХХК-тай холбоотойгоор шүүхэд 2 маргаан байгаа бөгөөд эхний хэрэгт ******* эрдэнэ ******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй маргаан хийгээгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс эхний хэрэгт хариуцагч талтай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгоход ийм маргаан гаргаагүй атлаа газартай холбоотой энэ хэрэгт төлөөлөх эрхтэй маргаад байдаг. ******* ******* ******* ХК-ийг төлөөлөх ганц этгээд н. мөн болох нь Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор нотлогддог. Өмнөх хэрэг дээр ч н. итгэмжлэл олгосон учраас төлөөлөх эрх бүхий этгээд нь энэ гомдолд хамааралгүй гэж үзэж байна. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч *******-Эрдэнэ Монос ХХК-д холбогдуулан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах ******* ******* ******* ХК-ийн 244.7 га эзэмшил газрыг *******-Эрдэнэ ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, талуудын хооронд байгуулсан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Газар худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч компанийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөөгүй ба 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Газар худалдах, худалдах авах гэрээний үүргээ биелүүлж холбогдох Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах нийт 244.7 га эзэмшил газрыг эзэмших эрхийг *******-Эрдэнэ ******* ХХК-нд шилжүүлэхийг ******* ******* ******* ХК-нд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
3.Анхан шатны шүүх шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгч С.*******, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Хариуцагчийн зүгээс ...Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Мөн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг гаргуулалгүй хэргийн үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү... гэж тайлбарласан.
4.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Учир нь: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гаргасан ...төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлалаас гадуур худалдахад ...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно... гэж заасны дагуу дээрх маргаан бүхий газрыг ******* Эрдэнэ ******* ХХК-д 2010 онд худалдахдаа эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг авсан эсэх лавлагааг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзээд 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 150/ШЗ2024/00571 дугаар захирамжаар дээрх баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн х/782 тоот албан бичгээр уг маргаан бүхий газрын шийдвэр, холбогдох баримт Засгийн газрын архивд байхгүй байгааг үүгээр мэдэгдье гэсэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/1375 дугаар бүхий албан бичгээр мөн маргаан бүхий газрын баримт Үндэсний төв архивд шилжсэн талаар мэдэгдсэн байхад захирамжийн биелэлтийг хангаж уг баримтыг Үндэсний төв архиваас гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.
Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд үүсээд байгаа маргаан бүхий газрыг зохигчид худалдаж, худалдан авсан 2010 оны гэрээг хүчин төгөлдөр эсэх, зохих этгээдийн зөвшөөрөлтэйгөөр хийгдсэн эсэхийг бодитой нарийвчлан тогтоохгүйгээр маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байгаа бөгөөд шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.
5.Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болж байх тул давж заалдах шатны шүүхээс дээхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 150/ШШ2025/00023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Б.ЭРДЭНЭХИШИГ