Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 4873

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

  Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд  регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, самбуугийн гудамж-47-д оршин байх “Мобиком Корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монгол улсын иргэн ШБ75030290 регистрийн дугаартай, баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 20 гудамж, 353  тоот хаягт оршин суух, Дагвадоржын Эрдэнэбаатарт холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,701,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: иргэн Д.Эрдэнэбаатар нь 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр “Мобиком Корпораци” ХХК-тай “Үүрэн холбооны дараа төлбөрт iphone үйлчилгээний гэрээ”, “Үүрэн холбооны дараа төлбөрт iphone үйлчилгээний нөхцөл” болон “iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” болох 20055174 тоот гэрээ байгуулан 64 гига-байт багтаамжтай 5 Эс загварын Ай-фон /i-Phone 5S 64 GB/ маркийн гар утсыг худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтад олгогдох үүрэн холбооны iPhone 54000 багц үйлчилгээ авсан. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл гар утасны төлбөрөө төлж барагдуулаагүй тул “Үүрэн холбооны дараа төлбөрт iphone үйлчилгээний гэрээ”-ний 6-р зүйл, “Үүрэн холбооны дараа төлбөрт iphone үйлчилгээний нөхцөл”-ийн 7-р зүйл болон “iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-ний 2,3-р зүйл, иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасны дагуу гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 2,270,996 ярианы төлбөрийн үлдэгдэл 430,127 нийт 2,701,123 /хоёр сая долоон зуун нэг мянга нэг зуун хорин гурван/ төгрөгийг Д.Эрдэнэбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Мобиком Корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булгантамир миний бие хариуцагч Д.Эрдэнэбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,701,123 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Д.Эрдэнэбаатараас 2,701,123 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Эрдэнэбаатар нь бүрэн төлж барагдуулсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 2,701,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Д.Эрдэнэбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.168 төгрөгийн тал хувь буюу 29.080 төгрөгийг улсын төсвөөс, 29.080 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэбаатараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-нд олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                             Л.ЭНХЖАРГАЛ