Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2025/00021

 

******* ******* бирж ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 150/ШШ2025/00018 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* бирж ХК

Хариуцагч ******* ******* ******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Хоёр давхар байшингийн үнэ 43,270,000 төгрөг, барилга ашигласны төлбөр 31,494,672 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсанаа /цахим/, П.Ундрах-Эрдэнэ /цахим/, хариуцагчийн төлөөлөгч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндпүрэв нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ******* ******* ******* ХХК -иас 43270000 төгрөг гаргуулах

2.******* ******* бирж ХК нь Анард ХХК-тай 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус гэрээний дагуу Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум, 1-р баг, Өндөр худагт байрлах ******* ******* ******* ХХК-ийн эзэмшлийн Бригадын хашаанд 2 давхар байшинг Анард ХХК-иар бариулсан байдаг. ******* ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал болох С.******* нь ******* ******* бирж ХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Д.Содхүүгийн төрсөн хүү байх ба энэ давуу талаа ашиглан ******* ******* ******* ХХК нь одоог хүртэл тухайн үл хөдлөх хөрөнгийг үнэ төлбөргүйгээр эзэмшиж ашиглаж байна. Тухайн үл хөдлөх ******* доорх газар нь төрийн өмчид, газрын эзэмших эрх нь ******* ******* ******* ХХК-д байдаг ба үл хөдлөх хөрөнгийг газраас салгамагц зориулалтыг нь алдагдуулахаар байшинг хэвээр үлдээж, түүний үнийг тухайн байшинг эзэмшиж ашиглаж буй ******* ******* ******* ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

1.******* ******* ******* ХХК-иас барилга ашигласны төлбөр 31,494,672 төгрөг гаргуулах

2.******* ******* бирж ХК (цаашид ******* гэх)-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ******* ХХК-д холбогдох 43,270,000 төгрөг гаргуулах тухай хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа билээ. *******ийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:

******* ******* бирж нь Анард ХХК-тай байгуулсан 2006 оны 11 сарын 13-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ******* ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Өндөр худаг гэх газарт байрлах Бригадын хашаанд нь 2 давхар тоосгон байшин бариулсан. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 сарын 27-ны өдрийн 1097 дугаар шийдвэрт ******* ******* ******* ХХК-ийн фермд байрлах 2 давхар байшин, засварын газрын карказд үнэлгээ хийн 43,270,000 төгрөг болохыг тогтоосон.

Тус 2 давхар байшинг хариуцагч ******* ******* ******* ХХК нь өнөөдрийг хүртэл төлбөргүй эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд тус барилга нь тэнхлэгээрээ 7*12, дотор талаараа 6,6*11,8 метр хэмжээтэй буюу 77.88 м.кв хэмжээтэй болно.

Уг байшинг ашигласны төлбөрийг Төрийн өмчийн хорооны 2007 оны 42 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн өөрийн өмчийн эд ******* түрээсийн төлбөрийн доод үнэ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 49 дүгээр Төрийн өөрийн өмчийн эд ******* түрээсийн төлбөрийн доод хязгаар, түрээсийн зарим төлбөрийн хэмжээг тогтоох заавар, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолуудыг тус тус үндэслэн 2014 оноос 2016 оны 4 сарыг дуустал 1 мкв-ыг 3,300 төгрөгөөр, 2017 оноос 2024 он хүртэл 1 мкв-ыг 3000 төгрөгөөр тус тус тооцоолоход: 2014 онд 3,084,048 төгрөг, 2015 онд 3,084,048 төгрөг, 2016 оны 04 сарыг дуустал 1,228,016 төгрөг, 2016 оны 05 сараас 12 сарыг дуустал 1,869,120 төгрөг, 2017 онд 2,803,680 төгрөг, 2018 онд 2,803,680 төгрөг, 2019 онд 2,803,680 төгрөг, 2020 онд 2,803,680 төгрөг, 2021 онд 2,803,680 төгрөг, 2022 онд 2,803,680 төгрөг, 2023 онд 2,803,680 төгрөг, 2024 онд 2,803,680 төгрөг нийт 31,494,672 төгрөг байна гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ******* ХХК нь бүхэлд эс хүлээн зөвшөөрч байна.

2.Учир нь 2006 оны үйл баримтад холбогдуулан үндэслэлгүйгээр, хөөн хэлэлцэх хугацааг харгалзалгүйгээр 2024 онд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй асуудал гэж үзэж байна. Тодруулбал, 2011.06.17 өдрийн 1097 дугаартай шүүхийн шийдвэрээр төлбөл зохих этгээдээс хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус этгээд нь хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй бол хохирол төлбөр гаргуулах асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл 2006 оны үйл баримттай холбоотойгоор шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн атал одоо хуулийн хувьд огт хамааралгүй манай компаниас үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Түүнчлэн дээр дурдсан шүүхийн шийдвэрээс гадна өөр шийдвэр байдаг ба манай компанийн талд шийдэгдэж байсан ба одоогоос 18 жилийн өмнөх үйл явдал тул тухайн үед ажиллаж байсан ажилтан нар солигдсон, хариуцсан ажилтан нь баримт материалыг олоход хүндрэлтэй байна. Мөн одоогоор манай компанийн ургац хураалт дуусаагүй байгаа ба Улаанбаатар хотод байрлах компанийн агуулахаас архивын баримт бичгээ шүүж үзэх хугацаа шаардлагатай байгаа болно. Тиймээс ургац хураалт бүрэн дууссаны дараа Улаанбаатар хот дахь баримт бичгээ шүүн үзэж холбогдох нотлох баримтыг нэмэлтээр гаргаж өгөх болно. Иймд ******* ******* ******* ХХК-иас 43,270,700 төгрөг гаргуулах тухай шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэдгийг хэлье. Манай ******* ******* ******* ХХК, ******* ******* бирж ХК-тай харилцан тохиролцож байшин бариулсан зүйл байхгүй. Анард ХХК-д төлбөр мөнгийг нь 100 хувь төлж дуусгаад барилгаа бариулсан. Анард ХХК энэ 2 барилгыг хоёуланг нь барьж дуусгаагүй үлдсэн ажлуудыг би өөрийн биеэр барьж дуусгасан. Барьж байх явцад Анард ХХК-ийн захирал Н.Энхтайван гэж хүн архи дарс ууж ажлаа хийхгүй байхаар нь энэ компани ажлаа хийхгүй юм байна гэж бодоод хийсэн ажлынх нь төлбөрийг төлөөд үлдсэн ажлыг нь миний бие өөрөө хийж гүйцэтгэсэн. Нэмэлт 31 сая төгрөг ашиглалтын зардалд нэхэмжлээд байгаад тайлбар хэлэхэд манайх өөрсдийн хөрөнгөөр өөрсдөө барьсан барилгаа түрээс төлж байна гэсэн ойлголт байхгүй. Иймд түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 150/ШШ2025/00018 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* бирж ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох 2 давхар байшингийн үнэ 43,270,000 төгрөг, Барилга ашигласны төлбөр 31,494,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* бирж ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 689,723.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 150/ШШ2025/00018 дугаар шийдвэрээр байшингийн үнэ 43,270,000 төгрөг гаргуулах, барилга ашигласны төлбөр 31,494,672 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг.Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

Анхан шатны шүүх ...Маргаан бүхий 2 давхар барилга нь ******* ******* биржийн хөрөнгөөр барьж, 43,270,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан үеэс буюу эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн үеэс тоолохоор байна, Эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдсэн үеэс буюу шүүхийн шийдвэр гарснаас хойш хөөн хэлэлцэх ерөнхий хугацаагаар тоолбол 2021 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна... гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

******* ******* бирж ХК нь Анард ХХК-тай 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд 2 давхар барилга, авто засварын барилга зэрэг 2 үл хөдлөх хөрөнгийг бариулсан байдаг.

Улмаар ******* ******* бирж ХК болон Анард ХХК-ийн хооронд төлбөр тооцоо, ажлын дутуу гүйцэтгэлтэй холбоотой маргаан үүсч, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудын төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрээр ******* ******* бирж ХК-иас Анард ХХК-д шилжүүлсэн 171,500,000 төгрөгөөс Анард ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд тохирсон дүн, маргаан бүхий барилгын үнэ 104,370,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөр 67,130,000 төгрөгийг Анард ХХК-иас гаргуулан ******* ******* бирж ХК-д олгож, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийг ******* ******* бирж ХК-ийн эрх ашгийг хөндсөн эрхийн акт гэж тайлбарлаж, уг шийдвэр гарсан цагаас эхлэн ******* ******* бирж ХК-ийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр нь Анард ХХК болон ******* ******* бирж ХК-ийн хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний маргааныг шийдвэрлэсэн болохоос биш, ******* ******* Монс ХХК болон ******* ******* бирж ХК-ийн хоорондын маргааныг шийдвэрлэсэн агуулгагүй.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байгаа барилга нь ******* ******* бирж ХК-ийн өмч болохыг тогтоож, Анард ХХК-иас авах авлагаас хассан байхад шүүх нотлох баримтыг буруугаар үнэлж, хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо ******* ******* бирж ХК нь хариуцагч ******* ******* ******* ХК-д байшин барьж өгсөн мэт, энэхүү байшингийн төлбөрөө ******* ******* ******* ХК-иас шаардан авах ёстой байтал аваагүй гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй бөгөөд ******* ******* бирж ХК нь тухайн цаг хугацаанд хэн нэгэнд байшин барьж өгөх санаа зорилго байгаагүй, гагцхүү өөртөө буюу ******* ******* бирж ХК-ийн үйл ажиллагаанд зориулж, өөрийн эзэмшил газрын хажууд байшин бариулсныг анхаараагүй байна.

Хоёр.Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* ******* ХХК нь 2021 онд ******* ******* бирж ХК-ийн өмчлөлийн 2 давхар байшинд манай байгууллагын зөвшөөрөлгүйгээр, мэдэгдэлгүйгээр үл хөдлөх ******* улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцно, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан.

******* ******* бирж ХК-ийн өмчийн 2 давхар барилгыг ******* ******* ******* ХХК дур мэдэн улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлж үл хөдлөх ******* гэрчилгээ гаргуулсан нь хожим илэрсэн тул энэхүү илэрсэн цаг хугацаанаас ******* ******* бирж ХК-д шаардах эрх үүснэ.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 150/ШШ2025/00018 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсанаагын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ******* ******* бирж ХК-ийн өмчийн 2 давхар барилгыг ******* ******* ******* ХХК дур мэдэн улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлж, үл хөдлөх ******* гэрчилгээ гаргуулсан нь хожим илэрсэн тул энэхүү илэрсэн цаг хугацаанаас ******* ******* бирж ХК-д шаардах эрх үүснэ. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ******* ******* бирж ХК нь Баруун бүрэн суманд тариалангийн газартай бөгөөд энэ газрынхаа хажууд Анард ХХК-иар байшин бариулсан. Тухайн байшинг ******* ******* бирж ХК-ийн өмч хөрөнгөөр барьсан болох нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрээр тогтоогддог. Гэтэл манай өмчлөлийн тэр байшинг ******* ******* ******* ХХК нь 2021 онд үл хөдлөх ******* гэрчилгээ гаргасан. Тэгэхээр манай өмчлөлийн байшингийн гэрчилгээ өөр хүний нэр дээр гарсан хугацаанаас ******* ******* бирж ХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцно гэж заасны дагуу 2021 оноос хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.

Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс 2010 оны шүүхийн шийдвэр гарсан цагаас хөөн хэлэлцэх хугацааг тоолж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн шүүх нь ******* ******* бирж ХК болон Анарт ХХК нарын хоорондын маргааныг л шийдвэрлэсэн болохоос биш ******* ******* ******* ХХК-тай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй. ******* ******* ******* ХХК-ийн зүгээс тайлбартаа маргаан бүхий байрыг манай компани бариулсан гэх боловч энэ тайлбарыг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэр нь үгүйсгэдэг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ******* ******* ******* ХХК нь маргаан бүхий 2 барилгыг бариулахдаа ******* ******* бирж ХК-тай нэг ч гэрээ байгуулж, нэг ч төлбөр өгсөн зүйл байхгүй. Манай компани нь Анард ХХК-ийн захирал Б.Энхтайвантай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж бүх төлбөр тооцоогоо өгөөд тухайн 2 барилгыг бариулсан. Анард ХХК-тай тооцоо нийлсэн болон барилга хүлээн авсан бүх баримтууд хэрэгт байгаа. Хоёрдугаарт тухайн барилгыг Анард ХХК бүрэн гүйцэт дуусгаж өгөөгүй. Барилгын карказын үйл ажиллагаа явуулж байх явцдаа Анард ХХК барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсноос болж манай ******* ******* ******* ХХК болон миний бие тухайн барилгыг барьж дуусгасан. ******* ******* бирж ХК-ийн зүгээс тухайн барилгыг барихад ямар ч мөнгө гараагүй, тийм баримт байхгүй гэв.

 

Хариуцагч өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...43,000,000 төгрөгтэй холбоотой асуудал нь 2006 онд шийдэгдсэн байхад 19 жилийн дараа нэхэмжлээд байгаа нь хэр үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж өгнө үү. Мөн тухайн үед манай зүгээс маргаан бүхий барилга нь хэний барилга вэ? гэдэг дээр маргаж байсан бөгөөд хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн барилгыг барихад орсон бүхий л хөлс мөнгө манай байгууллагаас гарсан. Тухайн үед ******* ******* бирж ХК-ийн бирж газар тариалан эрхэлдэггүй, үнэт цаастай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Тийм байж хаа хол байх Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд үйл ажиллагаа хийнэ гэдэг нь бодит байдалд нийцэхгүй байна.

Доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа ямар тайлбар өгснөөс болж өнөөдрийн энэ 43 сая төгрөгийн өр төлбөрийг төлөх ёстой болсон талаар үнэн зөв мэдүүлэг өгөөсэй гэж хүсэж байна. ******* ******* ******* ХХК нь 2007 оноос хойш газар тариалан эрхэлж байгаа бөгөөд энэ хугацаанд ямар нэг байдлаар өөр газраас үнэ төлбөргүй авсан, захиран зарцуулсан зүйл байхгүй. ******* ******* ******* ХХК-ийн захирал нь шүүх хуралдаанд ирсэн учраас тайлбараа илүү тодорхой гаргах байх гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* бирж ХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Нэхэмжлэгч ******* ******* бирж ХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдуулан хариуцагчийн эзэмшлийн газар дээр баригдсан 2 давхар байшингийн үнэ 43,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа барилга ашигласны төлбөр 31,494,672 төгрөг гаргуулах гэж нэмэгдүүлсэн байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийг хөөн хэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх нотлох баримтыг буруу үнэлэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж тайлбарлажээ.

 

3.Хэргийн үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч ******* ******* бирж ХК нь Анард ХХК-тай 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 36 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж гэрээгээр Улаанбаатар хотын Бэлхийн зусланд баригдах 7х8м /гадна/ харьцаа бүхий 94 м талбайтай, мансардын давхартай, 16 айлын угсармал модон сууц, 7х10м харьцаа бүхий 140 м талбайтай мансардын давхартай амралт чөлөөт цагийн төвийн барилга мөн 800 м төмөр хашааны угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

Гэрээний дагуу Анард ХХК нь Улаанбаатар хотын Бэлхийн зусланд баригдах 16 айлын угсармал модон сууцны ажлыг гүйцэтгэж байхад тухайн үед ******* ******* бирж ХК захирлаар ажиллаж байсан Р.Содхүү нь ажил гүйцэтгэх гэрээний байршлыг өөрчилж Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумд ажилчдын амралтын байрны зориулалтай 2 давхар байшинг бариулаар болж Анард ХХК нь гэрээний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэн барилгыг ******* ******* ******* ХХК-ний захирал С.******* хүлээн авсан байна.

Дээрхи үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Анард ХХК-ын захирал С.Энхтайваны: ...2006 онд Хөрөнгийн биржтэй гэрээ хийж 2006 онд мөнгөө шилжүүлж авсан. 2007 оны хагас хүртэл мөнгөө авсан Гэтэл биднийг барилгын ажлаа хийж байхад Р.Содхүү захирал ирээд Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны цаана байрлах Хөрөнгийн биржийн туслах аж ахуй болох үр тарианы бригад дээр очиж *******-******* ******* ХХК-ийн дээрх барилгыг барь гэж хэлсэн. Ингээд бид Сэлхэд барьж байсан барилгаа зогсоогоод Сэлэнгэ аймагт очиж ажилласан... гэх мэдүүлэг, барилга хүлээн авсан акт, ажил хүлээлцсэн тухай талуудын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 14, 66, 67/

Анард ХХК нь ******* ******* бирж ХК-тэй байгуулсан гэрээнийхээ дагуу түүний хөрөнгөөр ******* ******* ******* ХХК-ны эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар баг Бургалтай Өндөр худагт байрлалтай газарт 1180 м.кв талбай бүхий 2 давхар байшинг барьж 2008 онд ******* Эрдэнэ ******* ХХК-нд хүлээлгэн өгсөн байх ба тэр цагаас хойш ******* ******* ******* ХХК нь өөрийн эзэмшилдээ авч улмаар 2021 оны 12 сарын 31-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр тус ******* өмчлөгч болжээ. /хх-ийн 110/

Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа дээрхи барилгыг өөрийн хөрөнгөөр Анард ХХК-аар бариулсан ******* ******* бирж ХК-ны хөрөнгө ороогүй гэж тайлбарладаг боловч энэ нь тус барилгын ажлыг ******* ******* бирж ХК-ны захиалгаар Анард ХХК нь гүйцэтгэсэн, захиалагч нь ажлын хөлсөө төлөх үүргээ биелүүлээгүй улмаас шүүхэд хандаж Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 сарын 27-ны өдрийн 1097 дугаартай шийдвэрээр маргаанаа шийдвэрлүүлсэн тухай баримтаар хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.

4.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгч ******* ******* бирж ХК-ийг зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарласан үндэслэл болно гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

5.Хариуцагч түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн Бургалтай Өндөр худагт байрлалтай 1180 м.кв талбайтай газар тариалангийн бригад, фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг *******-******* ******* ХХК-ий нэр дээр бүртгэгдэн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан боловч тухайн маргаан бүхий 2 давхар барилга нь ******* ******* бирж-ийн хөрөнгөөр барьж, 43,270,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан үеэс буюу нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2021 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч ******* ******* бирж ХК нь 2006 онд өөрийн эзэмшлийн газар тариалангийн газрын хил залгаа газарт ажилчдын байрны зориулалтаар барилга бариулахаар тохиролцон Анард ХХК-иар ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Өндөр худагт гэх газарт барилга бариулсан нь тогтоогдсон, тус газар нь зохигчдын хэн хэнийх нь эзэмшлийн бус байсан бөгөөд хариуцагч ******* ******* ******* ХХК нь барилгыг хүлээн авсны дараа Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын засаг даргад барилгын доорхи газрыг эзэмших тухай хүсэлт гаргаж Сумын засаг даргын 2008 оны 09 сарын 24-ны өдрийн захирамжаар газрын эзэмшлийг асуудлыг шийдвэрлүүлж, улмаар барилгыг 2021 оны 12 сарын 31-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр тус үл хөдлөх ******* өмчлөгч болжээ.

Нэхэмжлэгч ******* ******* бирж ХК нь Анард ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дутуу баригдсан барилгын үнэ гаргуулахаар шүүхэд хандаж Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1097 дугаартай шийдвэрээр тэдгээрийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт Анард ХХК-аас 67.130.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Тус маргааныг шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн захиалгаар түүний 43,270,000 төгрөгийн өртөг бүхий хөрөнгөөр АнардХХК нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Өндөр худагт гэх газарт барилга барьсан үйл баримтыг тогтоосон байх ба тус барилга нь хэний өмчлөлийн болох талаархи асуудал хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Харин хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* бирж ХК-д барилгын эзэмшил, өмчлөлийн талаар тодорхой зөвшилцөхгүйгээр байшингийн доорхи газрыг эзэмшилдээ авч улмаар байшинг өөрийн өмчлөлд хариуцагчийн хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн үеэс нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэх тул 2022 оны 01 сараас эхлэн нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. гэж заасантай нийцэх тул нэхэмжлэгч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Иймд давж заалдах шатны шүү бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримын хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгчийн өөрийн хөрөнгөөр бариулсан 2 давхар барилгыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн өмчлөлд авсныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан байх тул мөн хуулийн 492 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 2 давхар байшинг барихад зарцуулсан хөрөнгө болох 43,270,000 төгрөгөөс хариуцагчийн барилгын ажилд зарцуулсан 8,000,000 төгрөгийг хасаж хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 35,270,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* бирж ХК-нд олгож, харин зохигчдын хооронд үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглах хугацаанд төлбөр төлөх талаар тохиролцсон эсэх нь тодорхойгүй байх тул байр ашигласны төлбөр 31,494,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 150/ШШ2025/00018 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 35,270,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* бирж ХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 39,494,672 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжпэгч ******* ******* бирж ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 689,723.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 334,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* бирж ХК-нд олгосугай. гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 531,773 төгрөгөөс гомдол хангагдсан хэмжээгээр буюу 334,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН