Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 963

 

 

 

 

 

 

 

 

 

   2019        06          14                                     2019/ШЦТ/963

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Улсын яллагч П.Болормаа,

Иргэдийн төлөөлөгч Ж.Батнасан,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ц.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 09959 0722 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэрэгжилгүй, ам бүл 3 хойд эцэг, эхийн хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 42-3 тоотод оршин суух, урьд нь 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 68 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ЛЮ84032376 регистрийн дугаартай, Зотол овогт  ын  Б,

 

Үйлдсэн хэргийн талаар:                                 /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

Шүүгдэгч Ц.Б согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 42-03 тоотод өөрийн хойд эцэг С.Эрдэнэбилэгтэй маргалдан түүнийг хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ хохирогч С.Эрдэнэбилэгийн хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч С.Эрдэнэбилгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би хавийн хүмүүстэй жаахан архи уучихсан. Гэртээ харьсан миний дагавар хүүхэд  Б найзынхаа хамт согтуу байсан юм шиг байна лээ. Би сайн санахгүй байна. Манайх байшин гэр хоёртой. Би гэртэй ороод байж байсан. Нэг мэдэхэд Цэргийн эмнэлэгт ухаан орсон. Миний хэвлий хэсэгт хутганы шарх үүссэн байсан. Би цэргийн эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

Гэрч Ч. ын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 12 сарын 14-ний өдрийн 21 цагийн үед гаднаас согтуу ирээд гэрт орж хононо гээд түлхүүр аваад байшингаас гарсан.  Б согтуу байшинд орж ирсэн. Хэсэг байж байгаад Эрдэнэбилэг гэрт гал түлчихлээ гээд  Бг хайж орж ирээд хамт хононо гээд аваад гэр рүү орсон. Яагаад ингэв гэж бодоод араас нь ороход 1 залуугийн хамт сууцгааж байсан. ... шөнийн 01 цагийн үед манай байшингийн цонхыг тогшоод байхаар нь хартал Мөнхбаяр  Бгийн хамт зогсож байхаар нь хаалгаа тайлж өгсөн. Мөнхбаяр  Б 2 гэрт орж ирээд Эрдэнэбилэг гуйгаас цус гараад байна гэхээр нь түргэн дуудаач гэж хэлээд гаргасан. Би монгол гэрийн хаалгаар шагайхад гэрийн шал тогооны хэсэгт Эрдэнэбилэг ганцаараа хэвтэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

 

Гэрч Х.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 12 сарын 14-ний 21 цагийн үед автобус хүлээгээд зогсож байгаад  Б хойд эцэг Эрдэнэбилэгийн хамтаар явж байхад нь таарсан. Удаан уулзаагүй гээд 1 шил 0.75 литрийн архи аваад тэднийд очсон. ... бид 3 архиа уугаад байж байхад Эрдэнэбилэг гуай  Бг шээс гэх мэтээр харааж зүхээд цохиод байсан. Эрдэнэбилэг гуайд хандаж би та одоо боль настай хүн байж гэхэд тоохгүй байсан.  Б ч бас ааваа та болилдоо гэж гуйж байсан. Бид 3 махаа гаргаад гэрийн зүүн талын орон дээр зэрэгцэж суугаад идэж байсан. ... Би гарч хөнгөнөөр бие засаад эргээд гэрт ороод ирэхэд Эрдэнэбилэг гуай орон дээр сууж байсан байрандаа гэдсээ дараад суусан. Харин  Б хутгаа бариад зогсож байсан. Эрдэнэбилэг гуайг хархад гэдсээ дарсан хурууны завсраар цус гарч байсан.  Бгийн гараас хутгийг нь булааж аваад гал тогооны шургуулага руу шидээд гэрээс гарч байшингийн цонхийг тогшоод ээж нь хаалга тайлж өгсөн.  Бгийн ээж гэх эмэгтэйд яанаа эгчээ  Б аавыгаа хутгалчихлаа гэхэд  Б ээжээ би ийм хэрэг хиичихлээ. Одоо яанаа хүү нь шоронд орох нь дээ гэж байсан.   Б надад та одоо яв зайл юу ч хараагүй шүү би өөрийн хийсэн хэргээ өөрөө үүрнэ гээд хөөгөөд байсан гэх мэдүүлэг / хх-ийн 44-45/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 3692 дугаартай:

С.Эрдэнэбилгийн биед хэвлийн хөндийрүү нэвтэрч ходоодны их махиа хэсгийг гэмтээсэн шарх, хэвлийн шулуун булчингийн зүсэгдсэн шарх, хурц цус алдалт /2200 мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-18-20 ху/

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 05 сарын 06-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 691 дугаартай:

Ц.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Ц.Б нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Ц.Б нь хэрэг үйлдэгдэх үед хэрэг хариуцах чадвартай байсан байна. Ц.Б нь одоо хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Б нь бие дааж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох чадвартай байна гэх дүгнэлт

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

-хэргийн газрын үзэлгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11/,

-эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/,

-Цэргийн төв эмнэлэгт С.Эрдэнэбилгийн эмчлүүлсэн 17047 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 23-36/

 

Шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би Эрдэнэбилэгийн биед шинжээчийн дүгнэлт дэх гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 сарын 14-нд архи уусан байсан. Харанхуй болсон байхад хойд эцэг Эрдэнэбилгийн хамт архи ууж байсан айлаас гараад харих гээд явж байгаад Мөнхбаяр ахтай тааралдсан. Хамт архи уухаар болж манайд очсон. Архи ууж байхад Эрдэнэбилэг гуай өлсөөд байна гэхээр нь мах чанасан. Махаа идэж байхад Эрдэнэбилэг надруу Санжаагийн шээс минь би чамайг бага байхад дарамталдаг байсан. Одооч дарамтлана, насан туршид чинь дарамтлана гэх мэтээр харааж, хэл амаар доромжлоод нүүрэнд цохиод байсан. Эрдэнэбилэг гуай миний нүүр хэвлий хэсэг рүү цохиод байхаар нь миний уур хүрч хутгатай гараараа хэвлий хэсэгт нь хатгаад гэр дотор шалан дээр хутгаа хаясан гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Ц.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 46-48/ шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Ц.Бгийн хохирогч С.Эрдэнэбилгийг хутгалаж биед хэвлийн хөндийрүү нэвтэрч ходоодны их махиа хэсгийг гэмтээсэн шарх, хэвлийн шулуун булчингийн зүсэгдсэн шарх үүсгэж улмаар хохирогч 2200 мл буюу хурц цус алдалт болж хүнд хохиролыг санаатайгаар учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газрын газраас шүүгдэгч Ц.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Бг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч С.Эрдэнэбилэг нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэл эдгэрсэн, энэ гэмт хэргийн улмаас Ц.Бгоос нэхэмжилэх зүйл байхгүй болохоо мэдүүлэг болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Бг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Ц.Бгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон бусдад төлөх төлбөргүй байдал, хохирогчид учирсан гэмтэл, хор уршиг арилсан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирол, хор уршиг арилсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зотол овогт  ын  Бг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  дэх 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бг гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ажлын хэсгийн урт 14.5 см, бариулын урт 12.5 см, нийт 27 см урттай, бор өнгийн бариултай хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ

 

                                     ШҮҮГЧИД                                Т.ШИНЭБАЯР

 

                                                                                       Д.МӨНХТУЯА