Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2025/00022

 

Ц.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 316/ШШ2025/00131 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.*******,

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум **** баг, **** хэсгийн *** байрны **** тоот 2 өрөө 47 м.кв байшин болон түүний доорх 127 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нарангэрэл /цахим/-г оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. 2011 оноос хойш Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, *** баг, **** хэсгийн *** байрны **** тоот байрыг 13 жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан байдлыг үндэслэн тус 47м.кв байшин болон 127 м.кв газрын өмчлөгчөөр тус тус тогтоолгох

2.Ц.******* миний бие өөрийн амьдарч буй Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, **** баг, **** хэсгийн *** байрны **** тоот 2 өрөө байрыг *******ийн ******* гэж хүнээс 2011 онд 2,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Байрны ордерыг надад өгнө гэж хэлээд өгөөгүй, надтай тааралдах болгондоо Д.******* таны байрны ордерыг шилжүүлж өгнө гэж хэлдэг байсан. Сүүлдээ таарахаа ч больсон, одоо хаана байгааг нь мэдэхгүй, алга болсон юм. Харагдахаа больчихоор нь байрныхаа бичиг баримтыг асууж сураглатал миний худалдаж авсан манай байр огтоос бичиг баримтгүй болохыг мэдсэн. Ямар ч хувьчлалын баримтгүй өмчлөгч байхгүй байрыг надад зарсан байсан. Би уг байрыг 2011 онд худалдаж аваад одоог хүртэл амьдарч байгаа гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 316/ШШ2025/00131 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан *******ийн ******* регистрийн дугаартай *******гийн *******ыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум **** баг, **** хэсгийн *** байрны **** тоот 2 өрөө 47 м.кв байшингийн өмчлөгчөөр тогтоож, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1- д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум **** баг, **** хэсгийн *** байрны **** тоот 2 өрөө 47 м.кв байшингийн доорх 127 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох" шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум **** баг, **** хэсгийн *** байрны **** тоот 2 өрөө 47 м.кв байшингийн доорх газрын эзэмшигч, өмчлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд ******* регистрийн дугаартай *******гийн *******ыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум **** баг, **** хэсгийн *** байрны **** тоот 2 өрөө 47 м.кв байшингийн өмчлөгчөөр бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нарангэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.******* миний бие Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 19-ний өдрийн 316/шш2025/00131 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Тодруулбал: Дээрх шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн: 1 дэх заалтаар Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан ******* регистрийн дугаартай *******гийн *******ыг Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум **** баг, **** хэсгийн *** байрны **** тоот 2 өрөө 47 м.кв байшингийн өмчлөгчөөр тогтоож, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн үлдэх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын **** баг, **** хэсгийн *** байрны **** тоот 2 өрөө 47 м.кв байшингийн доорх 127 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн. Газар дээрх байшин нь газрын салгаж үл болох бүрдэл хэсэг бөгөөд хэрэв газрын өмчлөгчөөр тогтоогоогүй нөхцөлд, байшинг өмчлөх эрх нь хууль зүйн хувьд бие даан хэрэгжих боломжгүй.

Ц.******* нь захиргааны журмаар хашаа байшин, газрын өмчлөгчөөр тогтоолгох талаар хөөцөлдсөн боловч төрийн байгууллагуудаас боломжгүй гэх хариу авсан учир шүүхийн байгууллагад хандаж, хуулиар өөрт олгосон эрхийг эдлэх буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан эрхийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн хамгаалалтын аргыг хэрэглэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилготой байсан.

Нэхэмжлэгч хашаа байшинг 13 жилийн турш эзэмшиж, ашиглаж байгаа нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гэтэл шүүх энэ асуудлаар захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүл гэж байгаа нь угаас захиргааны байгууллагад хандаад, боломжгүй гэх хариу аваад шүүхэд хандсан, хашаа байшинг худалдаж аваад, бичиг баримтаа шилжүүлж авч чадаагүй 13 жилийн турш хохирч байгаа иргэнийг нэмж хохироосон, биелэгдэх боломжгүй шүүхийн шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн хохироход хүргэж байна.

Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт /4-р тал/ Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан хуулийн зохицуулалтыг Иргэний хуулийн 270-273 дугаар зүйлд зааснаар тухайн хөрөнгийн худалдаж авах давуу эрхтэй болохыг тогтоосон зохицуулалт гэж тайлбарлаж хэрэглэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн хэдийгээр нэхэмжлэгчийг 47 м.кв байшингийн өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэдий ч уг шийдвэрийн үндэслэл болгосон Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 гэх заалт нь хууль хэрэглээний хувьд алдаатай гэж үзэж байна.

Учир нь: Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн шууд утгаас буюу үгчлэн авч үзвэл энд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авах тухай асуудал хамаарах эсэх, эсвэл энэ нь зөвхөн хөдлөх эд хөрөнгөд хамааралтай эсэх нь тодорхойгүй, нээлттэй байна. Гэхдээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн тусгайлсан зохицуулалт байгаатай нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйл нь зөвхөн хөдлөх эд хөрөнгөд хамааралтай гэсэн дүгнэлт хийж болохоор юм. Энэ үүднээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээг зөвтгүүлэх, давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээг засварлан өөрчлөх нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн удирдлага болгосон хуулийн заалт нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх утга бүхий /ИХШХШТХ-н 115.2.1-д заасан/ хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн атлаа, тогтоох хэсгийн 1-р заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай.

Дээрх байдлаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 19-ний өдрийн 316/шш2025/00131 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Ц.*******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Нэхэмжлэгч Ц.******* нь үл хөдлөх хөрөнгийг шударгаар эзэмшиж олон жил болж байгаа гэсэн үндэслэлээр орон сууцыг газрын хамт өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байх ба анхан шатны шүүх түүний хүсэлтийн заримыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж тайлбарлажээ.

3.Хэргийн үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч Ц.******* нь 2011 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум **** баг, **** хэсгийн *** байрны **** тоот 2 өрөө 47 м.кв сууцыг иргэн Д.*******аас 2,500,000 төгрөгөөр худалдаж авч өнөөдрийг хүртэл тухайн сууцыг эзэмшиж байгаа болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тухайн орон сууцны хэрэглээний зардлыг төлсөн баримтууд, Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-тай байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-тай байгуулсан дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 575 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр ирүүлсэн Сэлэнгэ аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай Сууц хувьчлах тухай тогтоолын хавсралтад тухайн орон сууцыг *******ын ******* /РД:*******/-д хувьчилсан тухай баримт хэрэгт байдаг боловч тухайн этгээд нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө бүртгэл орон сууцыг өмчилсөн талаар бүртгэл хийгдээгүй мөн орон сууцыг иргэн Ц.*******д худалдсан гэх Д.*******ын нэр тус тус өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.

Дээрхи үйл баримтуудаар иргэн Ц.*******ын эзэмшилд буй орон сууц нь урьд төрийн өмч байсан бөгөөд 1998 онд хувьчлагдсанаас хойш үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигчээс улсын бүртгэлд бүртгүүлэлгүй иргэд дамжуулж худалдсанаар 2011 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд Ц.*******ын эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.*******ыг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум **** баг, **** хэсгийн *** байрны **** тоот 2 өрөө 47 м.кв байшингийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.

4.Харин нэхэмжлэгч Ц.*******ын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум **** баг, **** хэсгийн *** байрны **** тоот 2 өрөө 47 м.кв байшин болон тухайн байшингийн доорх 127 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн, 5.3-т Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна гэж тус тус заасан байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл иргэнд газар өмчлүүлэх асуудал нь тухайлсан хууль буюу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэгдэхээр байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 8-р баг, 3-р хэсгийн 12 байрны 16 тоот 2 өрөө 47 м.кв байшингийн өмчлөгч боловч Газрын тухай хуульд зааснаар газар өмчлөх, эзэмшүүлэх тухай шийдвэрийг сум, дүүргийн Засаг даргад гаргах эрхтэй бөгөөд тухайн орон сууцны газар эзэмших, өмчлөх талаар эрх бүхий этгээдийн тушаал шийдвэр гарч байгаагүй тул шүүхээс иргэнийг газрын өмчлөгчөөр шууд тогтоох хуулийн зохицуулалтгүй анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч Ц.*******ыг нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 8-р баг, 3-р хэсгийн 12 байрны 16 тоот 2 өрөө 47 м.кв байшингийн өмчлөгчөөр тогтоосон тул дээрхи шийдвэрийг үндэслэн тухайн орон сууцны доорх газрыг эзэмших, өмчлөн авах хүсэлтээ сумын Засаг даргад гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

6.Иймд нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 19-ний өдрийн 316/ШШ2025/00131 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН