Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 964

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

   2019        06         14                                  2019/ШЦТ/964

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ч.Батбаяр,   

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Хохирогч Н.Мөнхзул,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бөд холбогдох эрүүгийн 1906 01777 1001 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 69 дүгээр байрны 5-47 тоотод оршин суудаг, урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн  хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийж, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2530 дугаартай шүүгчийн захирамжаар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж биечлэн эдүүлж 2018 оны 11 сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, АС76020516 регистрийн дугаартай, Боржигон овогт Эрдэнэ-Очирын Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр хохирогч Н.Мөнхзултай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирласан буюу 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 69 дүгээр байрны 5 дугаар орцны 47 тоотод байрлах гэртээ эхнэр Н.Мөнхзулд агсам тавьж, хэл амаар доромжилж, зодсоны улмаас 7 хоног баривчлагдсан,

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 69 дүгээр байрны 5 дугаар орцны 47 тоотод байрлах гэртээ эхнэр Н.Мөнхзулд агсам тавьж, хэл амаар доромжилж, зодсоны улмаас 30 хоног баривчлагдсан,

2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 69 дүгээр байрны 5 дугаар орцны 47 тоотод байрлах гэртээ эхнэртэй харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн эхнэр Н.Мөнхзултай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.                                                          /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 01777 1001 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Э.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Мөнхзултай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Н.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр намайг гэртээ байж байхад манай нөхөр Э.Б 11 цагийн орчим согтуу орж ирсэн. Б согтуу орж ирээд байж байхад манай дээд айл юм түжигнүүлээд дуугаргаад байсан. Тэгсэн манай нөхөр дээд айлыг юм түжигнүүлээд дуу гаргалаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би Бийн архийг гаргах гээд эрүүлжүүлэхээр цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд Бийг аваад явсан. Б 10-д жилийн өмнөөс архи бага, багаар ууж эхэлсэн. Сүүлийн 3 жилд ихээр уудаг болсон. Архи уусан үедээ надаас нэмж архи уух гэж мөнгө нэхээд байдаг. Тэгээд архины мөнгө өгөхгүй гэхээр хэл амаар доромжлоод, агсам согтуу тавиад байдаг. Б 2018 онд архи ууж 1 удаа агсам тавьж, 1 удаа нь цохиж зодоод 2 удаа баривчилгаанд явж байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Гэрч Ө.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны хэсгийн байцаагчаар 2015 оноос хойш ажиллаж байна. Э.Б нь 12 дугаар хороо 69-5-47 тоотод эхнэр 1 хүүхдийн хамтаар амьдардаг. Э.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, байнга архи уудаг бөгөөд 7 хоногийн 4-5 өдөр согтуу архи уучихсан байдаг. Архи уусан үедээ цонхоороо орилж хашиграад байдаг. Мөн эхнэр Мөнхзулд агсам согтуу тавьж, заримдаа цохьж зоддог. Гэрээсээ хөөж туудаг. Эхнэр Мөнхзул нь хэсэг 2018 онд ээжийндээ очиж амьдарч байсан. Э.Бийг эхнэртээ агсам согтуу тавьсан гэж 2018 онд 2 удаа баривчилгаанд явуулж арга хэмжээ авч байсан. Э.Б нь манай хорооны архаг архичин, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаанд авагдсан байдаг. Э.Б нь архи уусан үедээ маш харгис хэрцгий, догшин ширүүн зантай, элдэв авир гаргадаг хүн байгаа юм. Харин эрүүл үедээ ямар нэгэн элдэв янзын аашгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Шүүгдэгч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Яллагдагчаар татсан тогтоолыг би хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 03 сарын 08-ны өдөр гарч архи уучихаад 10 цагийн үед гэртээ орж ирэхэд эхнэр Мөнхзул байсан. Охин тоглолт үзэхээр явсан байхгүй байсан. Гэрт ороод би эхнэрээс архины мөнгө нэхсэн. Эхнэр архины мөнгө өгөхгүй байхаар нь хэл амаар доромжилсон.Согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Тэгсэн манай эхнэр цагдаа дуудчихсан. Тэр үед зодож цохьсон зүйлгүй. Архины мөнгө нэхэж хэл амаар л доромжилсон гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

 

-зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

-аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 9/,

-гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 27-31/,

-цагдаагийн газрын бүртгэлийн сангийн мэдээлэл /хх-ийн 32-35/,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 897, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 573 дугаартай шийтгэвэрүүд /хх-ийн 36-38/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Э.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-42/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-48/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2530 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 53-55/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Б нь эхнэр Н.Мөнхзултай байнга хэрцгий харьцаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүхийн шийтгэвэрүүд, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан.

 “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хэргийн тохиолдолд шүүгдэгч Э.Б  нь өөрийн эхнэрийн сэтгэл санаанд дарамт учруулан агсам тавьж хэл амаар доромжлох, бие махбодод халдсан буюу цохиж зодсон, агсам тавьсан, сэтгэд санааны зовиур, шаналал байнга бий болгож, айдас түгшүүртэй байлгасан үйлдэл, эс үйлдэхүйг олгоно.

 

Иймд шүүгдэгч Э.Бийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга хэрцгий харьцаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Уг хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан эд материалын хохиролгүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх тул Э.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Бийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэ-Очирын Бийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Э.Бийг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж түүний эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ