Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 208/ма2025/00023

 

З.Цэцэгхандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148/ШШ2024/00642 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч З.*******,

Хариуцагч Н.*******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 5,100,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг Улсын дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг үндэслэн, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Н.*******ыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

... Миний бие нь Н.*******тай өмнө нь танилын харьцаатай байж байгаад 2019 онд БНСУ-аас ирээд хамтран амьдрах болсон. Гэтэл амьдрах хугацаанд Н.*******ын өмнөх эхнэр ******* нь намайг байнгын дарамталдаг байдлаас болж 2021 оноос тусдаа амьдрах болсон. Тухайн үед надад 10 гаруй сая төгрөгөөр худалдаж авч байсан КИА маркийн 3087 улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан ба Н.******* нь өөрийн дүүд зарж өгнө гэж хэлээд авсан боловч мөнгийг надад шилжүүлээгүй. Тухайн үед Н.*******тай холбогдоход зараагүй гэж хэлсэн учраас итгээд хүлээж байсан. Гэтэл 2024 онд 6 сард миний машин нь Өмнөговь аймагт байгаа болох нь надад ирсэн торгуулийн хуудас ирснээр мэдсэн. Энэ талаар лавлахад Н.******* нь өөрийн дүү Мийгаадаа энэ машиныг зарсан байсан. Миний зүгээс тухайн машиныг зарах болохоороо нэр нь шилжих ёстой учраас над руу ярих байх гэж бодсон боловч шилжээгүйгээр бусдад худалдсан байна.

Миний зүгээс Ашид билгүүн ХХК-иар өөрийн машинд үнэлгээ хийлгэхэд 2024.07 дугаар сарын байдлаар 5,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Өмнө нь энэ машиныг БНСУ-аас оруулж ирж байсан ба тухайн үеийн 10,000,000 төгрөг бол их хэмжээний мөнгө байсан. Одоо үнэлгээний байгууллага 5,000,000 төгрөгөөр үнэлсэн. Миний машиныг Н.******* 2021 онд зарна гэж авч үлдэхэд арай илүү үнэлгээтэй байх байсан. Гэтэл одоо харин миний итгэлийг алдаж машиныг зарж борлуулчхаад мөнгө шилжүүлэхгүй байгаад гомдолтой байна.Иймд машины үнэ болох 5,000,000 төгрөг, ашид билгүүний үнэлгээ хийлгэсэн 100,000 нийт 5,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

... Миний бие нэхэмжлэлийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд: 2019 оноос 2021 оны хооронд хамтран амьдрах хугацаанд КIA Carens маркийн 3087 УНЭ машиныг зармаар байна гэхлээр нь өөрийн дүү болох Н.*******д зарж өгсөн. Мөнгө төгрөгөө өгч авалцахад нь би өөрийн биеэр хажууд нь байсан. Манай дүү Н.******* нь тухайн машиныг унаж байх хугацаанд тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгоё гэж олон удаа хэлсэн боловч З.******* нь гэрчилгээг солиулаагүй дараа болъё гэж байсаар дараагийн хүн рүү зарагдсан.

Авсан хүн нь мөн өөрийн машинаа өөрийн нэр дээр болгомоор байна гээд надад хэлэхээр нь З.*******тай утсаар холбож өгсөн. Хэрвээ мөнгийг нь өгөөгүй байсан бол тухайн үед нь асуудлаа шийдэх байсан. Манай дүү, дүүгийн эхнэр, З.******* бид 4 хамт сууж байгаад манай дүү З.*******ад бэлэн өгсөн. Би дундаас нь 1000 төгрөг ч аваагүй. Одоо 4,5 жилийн дараа гэнэт ийм асуудал гаргах болсон нь надаас мөнгө салгах санаатай гэж бодож байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148/ШШ2024/00642 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан З.*******ын нэхэмжлэлтэй, Н.*******т холбогдох 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тус тус дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

1.Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эзэмшлийн Киа маркийн 30-87 улсын дугаартай автомашиныг /одоо ч эзэмшилд нь байгаа/ хариуцагч Э.*******т үлдээсэн ба хариуцагч нь өөрийн дүү Н.*******д худалдсан байна. Өөрөөр хэлбэл Н.******* нь шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгээр уг машиныг худалдаж авсан дээр маргаан байхгүй юм. Харин Н.******* нь уг машиныг Ш.*******т худалдсан мөн энэ талаар өгсөн гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд маргаан гараагүй байна.

Гагцхүү хариуцагч Н.******* нь өөрийн төрсөн дүүд машиныг худалдчихаад мөнгийг нь нэхэмжлэгчид шилжүүлээгүй асуудалд маргаан үүссэн байна. Гэтэл анхан шатны шүүх дээрхи үйл баримтанд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч З.******* болон Ш.******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж шууд утгаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Ш.*******ийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгээс үзэхэд машиныг нэхэмжлэгчийн дүү Н.*******гээс 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан ба гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр байсан учраас нотариатаар орж гэрээ хийсэн гэсэн байна. Тухайн худалдах, худалдан авах гэрээг 2.000.000 төгрөгөөр хийсэн ба уг мөнгийг Ш.******* нь нэхэмжлэгчид өгөөгүй ба Н.*******д 3.500.000 төгрөг өгсөн байна. Энэ асуудалд анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй байна. Хэрвээ Ш.******* болон З.******* нарын хооронд хийгдсэн гэрээ үндэслэлтэй гэж үзвэл тухайн мөнгийг Ш.******* нь нэхэмжлэгчид өгөөгүй эсэх дээр дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч нь тухайн машиныг Ш.*******т зарсан гэх Н.*******тэй ямар нэгэн холбоо байхгүй ба гагцхүү тухайн үед хамт амьдарч байсан Н.*******т машинаа үлдээсэн юм. Н.******* нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ... уг машиныг өөрийн ах ******* болон З.******* нараас 4.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэж байгаа боловч үүнийгээ нотолсон баримтыг өөрийн ахдаа болон шүүхэд өгөөгүй байна. Мөн нэхэмжлэгч нь тухайн машиныг хариуцагчид итгэмжлэн хариуцуулсан ба Н.*******тэй ямар нэгэн байдлаар тохирсон, худалдсан, эсхүл бусдад худалдах эрхийг олгоогүй байхад шүүх энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийгээгүй тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. нэхэмжлэгч З.******* нь машинаа өөрөө надтай хамт явж манай дүүд худалдаж машины мөнгөө бэлнээр авсан атлаа өнөөдөр мөнгийг нь аваагүй гэж надаас гаргуулахаар нэхэмжлээд байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Монгол Улсын Их Хурлаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэг Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа-г шинээр нэмж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан бага үнийн дүнтэй нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхээр заасан.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1-д нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах тухай хуульд тухайлан заасан нэхэмжлэлд нэхэмжлэгч З.*******ын нэхэмжлэл хамаарч байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр иргэний хэрэг үүсгэх атал, ердийн журмаар иргэний хэрэг үүсгэн улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргахдаа тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх заалтыг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хоёр өөр журмыг хольж шийдвэрлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа гаргасан байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн зохигчдод тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тайлбарлаагүй байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэл болох бөгөөд тусгайлсан журмаар явуулах хэргийн ажиллагааг ердийн журмаар явуулсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Цаашид анхан шатны шүүх нь иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тусгайлсан болон ердийн журмаар шийдвэрлэх эсэх талаар зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэх шаардлагатай байгааг анхааруулж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148/ШШ2024/00642 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Г.ДАВААРЕНЧИН