Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 01194

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00013/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Cэлэнгэ аймгийн Сүхбаатар сум ******-р баг ******-р байр ****** тоотод оршин суух, регистрийн дугаар , Минжийн Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум ******-р баг Алтангадас ****** гудамжны ****** тоотод оршин суух, регистрийн дугаар ТВ77061809, Боржигон овогт Цэнд-Аюушийн Ариунтуяад холбогдох

 

16 900 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Соёл-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагч Ц.Ариунтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Булган, нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Соёл-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие М.Соёл-Эрдэнэ нь 2015 оны 5 сард Ц.Ариунтуяад Киа-5 маркийн суудлын автомашиныг 22 сая төгрөгөөр зээлээр худалдсан юм. Ц.Ариунтуяа нь тус машиныг авахдаа 2015 оны 6 сард багтааж, 10 сая төгрөгөнд нь түлш солярк өгье, үлдэх 12 сая төгрөгийг нь 2015 оны 10 сард өгье гэж хэлээд машиныг авсан билээ. Ц.Ариунтуяа нь 5 100 000 төгрөгийн түлш машины үнэнд өгсөн бөгөөд үлдэх 16 900 000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна. М.Соёл-Эрдэнэ би найз Чинбатынхаа худалдах гэж байсан машиныг Ц.Ариунтуяад итгээд ярилцан тохиролцоод өгсөн юм. Ц.Ариунтуяа нь тус машиныг бусдад худалдсан гэдэг юм. Би машины мөнгөө авах гэж олон удаа хэлж байсан, би одоо утсаар ярих гэхээр тэр утсаа авахгүй байгаа болно. Иймд Ц.Ариунтуяагаас машины үлдэгдэл мөнгө 16 900 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Ц.Ариунтуяа, түүний өмгөөлөгч Ч.Булган нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд нэхэмжлэлд дурьдагдсан КИА-5 маркын машиныг М.Соёл-Эрдэнэтэй ямар нэгэн тохиролцоо хийж худалдан авсан зүйл огт байхгүй. Харин М.Соёл-Эрдэнэ тус машинаа Баасанжав овогтой Болдсайханд зарсан машиныхаа үнийг надаас нэхэмжлээд байгааг огт ойлгохгүй байна. мөн би машины үнэ гэж М.Соёл-Эрдэнэд 5 100 000 төгрөгийн түлш өгсөн зүйл огт байхгүй. Харин М.Соёл-Эрдэнэ бид хоёрын дунд 5 100 000 төгрөгийн өмнөх өр авлагын асуудал байдаг. Энэ нь КИА-5 маркын машины үнэтэй ямар ч холбоогүй юм. Гэрч Б.Болдсайхан машиныг авснаа мэдүүлсэн байдаг. Ц.Ариунтуяа миний бие М.Соёл-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлд огт хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М.Соёл-Эрдэнэ нь тухайн машиныхаа үнийг Б.Болдсайханаас нэхэмжлэх нь зүйтэй байх гэж үзэж байна.

            Ц.Ариунтуяа, М.Соёл-Эрдэнэ нар машин худалдсан гэрээ байхгүй. Киа-5 маркийн машиныг Сэлэнгээс Б.Болдсайхан өөрийн дүү Мөнх-Эрдэнээр авчруулсан. Гэрээ, хэлцэл хийгээгүй. Болдсайхан би авсан, би төлнө гэдэг тул Ц.Ариунтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч М.Соёл-Эрдэнэ нь хариуцагч Ц.Ариунтуяад холбогдуулан машины үнэ 16 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.Ариунтуяа би машин худалдаж аваагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох Киа Ортима к5 маркийн, KNAGN415ABA099961 арлын дугаартай, цагаан өнгийн, 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2014.01.17-нд Монгол Улсын хилээр орж ирсэн суудлын автомашины зах зээлийн үнийг 22 сая төгрөгөөр тогтоосон Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт ирүүлжээ. / хх-ийн55-57/

 

Нэхэмжлэгч М.Соёл-Эрдэнэ нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.. би Киа-5 маркийн суудлын автомашиныг зарж борлуулж өгөхөөр өөрийн найз Чинбатаас авсан, тэр машиныг авах үед Чинбат, машины эзэн Д.Оюунсүрэн хамт байсан гэж мэдүүлж байгаа бөгөөд хэрэгт авагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар маргааны зүйл болсон автомашиныг Д.Оюунсүрэн гаалийн хилээр оруулж ирсэн болох нь тогтоогдож байх бөгөөд Д.Оюунсүрэнгийн өмнөөс автомашины үнийг шаардах итгэмжлэлийг нэхэмжлэгч М.Соёл-Эрдэнэ авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М.Соёл-Эрдэнэ нь би Ц.Ариунтуяад 2015 оны 5 сард автомашиныг 22 сая төгрөгөөр худалдсан. Хариуцагч Ц.Ариунтуяа нь машины үнээс 5 100 000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байх боловч үүнийгээ нотолж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Харин хариуцагч Ц.Ариунтуяа нь би машиныг аваагүй, машины үнэ шилжүүлж байгаагүй гэж нотлох баримтаар өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн байх бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Соёлоо гэсэн нэрээр 3 065 000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэгчийн 5 сард Ц.Ариунтуяад машинаа зарсан гэсэн хугацаанаас өмнө шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Мөн талуудын хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Болдсайханы ...Киа 5 маркийн машиныг анх би М.Соёл-Эрдэнээс худалдаж авахаар тохиролцож авсан, ...тухайн үед би дүү болох Мөнх-Эрдэнийг М.Соёл-Эрдэнээс машин аваад ир гэж явуулсан гэсэн мэдүүлэг, гэрч Л.Мөнх-Эрдэнийн ...Би Сэлэнгэ аймагт очиж Киа-5 машиныг М.Соёл-Эрдэнээс авчирч Болдсайхан ахад хүлээлгэн өгсөн гэсэн мэдүүлэг, 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр Д.Оюунсүрэн нь Г.Сүх-Очирт маргаан бүхий автомашиныг 9 000 000 төгрөгөөр худалдсан гэрээ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч Ц.Ариунтуяа уг машиныг худалдан авсан болох нь тогтоогдохгүй байна.

Дээрхи автомашин худалдах, худалдан авах гэрээг хуурамч, хууль бус болохыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

 

Нэхэмжлэгч М.Соёл-Эрдэнэ нь нотлох баримтаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1113 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, Мөрдөн байцаагчийн тэмдэглэл ирүүлсэн боловч энэ нь Л.Чинбатын гомдлоор М.Соёл-Эрдэнийг автомашины үнэ 17 сая төгрөгийг залилсан гэх үндэслэлээр шалгаж хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд Ц.Ариунтуяа нь маргаан бүхий машиныг авсан гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд М.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй Ц.Ариунтуяад холбогдох 16 900 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар М.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй Ц.Ариунтуяад холбогдох 16 900 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 242950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.АЛТАНТУЯА