Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00790

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/01513 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, *******, ********, *******д тус тус холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 633,603,985.34 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 57.4 хувийг ******* төлөх нөхөх хариуцлага хүлээхийг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр *******, ******* нь хэвлэлийн тоног төхөөрөмжийн төсөлд зориулж 480,000,000 төгрөгийг сарын 0.66 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн.

Зээлийн барьцаанд 168.61 м.кв үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 70 м.кв талбайтай хувийн сууц, 421 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин зэргийг барьцаалсан. ******* нь дээрх 480,000,000 төгрөгийн зээлийн 57.4 хувьд батлан даалтыг гаргасан.

Зээлдэгч нар нь зээл авснаас хойш үндсэн зээлд 1,500,034.32 төгрөг, хүү 51,457,243.65 төгрөг, нийт 52,957,277.97 төгрөг төлсөн.

Иймд хариуцагч *******, хамтран зээлдэгч ******* нараас зээлийн үлдэгдэл 478,499,965.68 төгрөг, хүү 153,661,204.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,442,815.16 төгрөг, нийт 633,603,985.34 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 57.4 хувийг ******* төлөх нөхөх хариуцлага хүлээхийг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

 

2. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь хугацаанаасаа өмнө гэрээг цуцалж нэхэмжлэл гаргасан тул гэрээг цуцалснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг авна гэж байгаа нь үндэслэлгүй. ******* нь хэвлэлийн тоног төхөөрөмж зээлээр аваад үйл ажиллагаа явуулах гэж байсан боловч ковид-19 цар тахал таараад үйл ажиллагаа зогссон.

Манай зүгээс энэ мөнгөн дүнг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулаагүй тул нэмэгдүүлсэн шаардлагыг хасаж шийдвэрлэж өгнө үү.

 

3. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

Зээлийн гэрээ байгуулахад хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч тухайн үед гэрээний хууль зүйн үр дагаврыг бүрэн ухамсарлаагүйн улмаас ийм асуудал үүссэн. Зээлийн хувийн хэрэг нь бүрдүүлбэр хангаагүй, шаардлага хангаагүй хүнийг судалгаагүйгээр хамтран зээлдэгчээр оруулсан тул хариуцах боломжгүй.

2019-2020 онд *******-ийн захиралд 22 удаа гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн, *******д мэдэгдэл ирээгүй. Гэрээг цуцалж байгаа бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан зохицуулалт хэрэгжих ёстой.

******* гэрээний дагуу үүрэг хүлээх ёстой. *******ны нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч байгаа, гэрээг цуцлаж байгаа учраас дуусгавар болсноос хойших үүрэг дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Хариуцагч *******, ******** нар нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар өгсөн.

 

5. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

Батлан даалтын гэрээнд заасан нөхцөл биелээгүй тохиолдолд ******* үүргээ гүйцэтгэх боломжгүй, мөн үндсэн зээлийн төлөгдөөгүй дүнгээс хувь төлөх ёстой.

Иймд *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 552,079,521.63 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 81,524,463.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч *******, ******* нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа эд хөрөнгө болох ********ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *******, * /13374/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 69 дүгээр байрны зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, 168.61 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *******, Овоотын 2 дугаар гудамжны 6 тоотод байрлах, нэгж талбарын ********дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 421 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус хаягт байрлах, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн 70 м.кв талбай бүхий хувийн сууц, хөдлөх эд хөрөнгө болох хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин /UV printer/, * /DY04-8030BL/3020HBL/-ыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар хариуцагч ******* нь барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцээгүй тохиолдолд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн 57,4 хувийн хэмжээнд нөхөх хариуцлага хүлээж, зохих төлбөрийг нэхэмжлэгч *******инд төлөхийг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 3,866,839.64 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, *******, ******** нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 2,988,547.60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүхээс уг заалтыг баримтлан гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах эрх зүйн зохицуулалтыг хольж хутган дүгнэлт хийсэн байгаа нь ойлгомжгүй.

Банкнаас 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилж, зарим хэсгээс татгалзах тухай хүсэлтэд "Зээлийн гэрээний хугацаа цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна" гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2.4-т "гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэлх хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй, зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй" гэж заасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл банкны зээлийн гэрээний хугацаа үргэлжилж байгаа.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" байхаар заасан

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, 81,524,463.71 төгрөгийн хүүг *******" ХК-д олгож шийдвэрлэж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нар оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******, ********, *******д холбогдуулан үндсэн зээл 478,499,965.68 төгрөг, хүү 153,661,204.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,442,815.16 төгрөг, нийт 633,603,985.34 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 57.4 хувийг ******* төлөх нөхөх хариуцлага хүлээхийг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч *******, ******* нь гэрээг цуцалснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан байна.

 

3. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр *******, ******* нь *******-иас 480,000,000 төгрөгийн зээлийг төслийн хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай хүлээн авчээ.

3.1. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ********ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *******, * /13374/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 69 дүгээр байрны зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн ******** дугаартай, 168.61 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *******, Овоотын 2 дугаар гудамжны 6 тоотод байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 421 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус хаягт байрлах, улсын бүртгэлийн ******** дугаартай 70 м.кв талбай бүхий хувийн сууц, *******-ийн өмчлөлийн хэвлэх машин /UV printer/, * /DY04-8030BL/3020HBL/ зэргийг барьцаалсан байна.

3.2. Мөн дээрх зээлийн 57.4 хувьд ******* батлан даалт гаргаж 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр *******-тай гэрээ байгуулсан.

3.3. Гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нар нь үндсэн зээлд 1,500,034.32 төгрөг, хүү 51,457,243.65 төгрөг, нийт 52,957,277.97 төгрөгийг төлсөн байх ба 2020 оны 10 сарын 29-ний өдрөөс төлөлт хийгээгүй.

3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөн байна.

4.1. ******* болон *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, ******* болон *******гийн хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа тус тус үүссэн, эдгээр гэрээ хүчин төгөлдөр.

Зээлийн гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн.

4.2. ******* нь хамтран зээлдэгч биш гэж маргасан байх боловч зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний хэрэгжилтийн явцад энэ талаар маргаж байгаагүй тул тэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг хүлээнэ.

Зээлдэгч нар нь гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс зөрчсөн тул нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцалсан байна.

4.3. Нэхэмжлэлд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарилалт, төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд ******* болон *******ын зүгээс мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан тооцоололд үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

Гэхдээ анхан шатны шүүхээс хариуцагч нарын гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбарт болон гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх боломжтой байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болохыг заасан.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ хэдийгээр 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр цуцлагдсан боловч дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсан эсэхээс үл хамааран зээлийг төлөх хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Иймд энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, хариуцагч ******* болон *******аас үндсэн зээл 478,499,965.68 төгрөг, хүү 153,661,204.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,442,815.16 төгрөг, нийт 633,603,985 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ.

Үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт орно.

 

5. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй тул уг шийдлийг Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэнэ.

5.1. *******-тай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу ******* нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэж чадахгүй болох нь тогтоогдсон тохиолдолд үндсэн зээлийн 57.4 хувьд ногдох хэсэгт нөхөх хариуцлага хүлээхээр байна.

Дээрх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрх нээлттэй үлдэнэ.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн зээлийн гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн талаар анхан шатны шүүх алдаатай дүгнэлт өгснийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/01513 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* болон *******аас 633,603,985 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай гэж,

4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 3,866,839 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 3,396,170 төгрөг, хариуцагч *******, ******** нараас 140,400 төгрөг, улсын орлогоос 330,269 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565,572.32 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ