Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 966

 

 

 

 

 

 

 

 

    2019        06         14                                   2019/ШЦТ/966

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Ц.Гантулгабат,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Даваацэрэн, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан,

хохирогч, шүүгдэгч Д.Ц,

хохирогч, шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ц нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00623 1013 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Кристал Таун" хотхоны 804 дүгээр байранд иргэн Ц биед халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Кристал Таун" хотхоны 804 дүгээр байранд иргэн Б.Даваасүрэнгийн эзэмшлийн 00-70 УНЭ улсын дугаартай "Киа Спортэйж" загварын автомашины эд зүйлийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 1.820.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн иргэн М.Гын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.              

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч М.Г нь хохирогч Ц бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Ц нь хохирогч М.Гын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Даваасүрэнгийн эзэмшлийн 00-70 УНЭ улсын дугаартай "Киа Спортэйж" загварын автомашины эд ангийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Даваацэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

...гэртээ ороод байж байхад миний утас дугараад харуулаас "таны машиныг хүн эвдчихлээ" гэсэн. "Ямар хүн эвдчихсэн юм бэ?" гэхэд "согтуу хүн байна, бид нарыг бас зодсон" гэж хэлэхээр нь би гэрээсээ гараагүй. Маргааш өглөө нь 08-09 цагийн орчимд граж руу ороход миний машины 2 талын толь хугарсан, хаалганууд хэд хэд хонхойсон, урд талын куперны дээд талын нүүр хагарсан байсан. Хяналтын камер шүүж харуулуудтай уулзахад нэг оршин суугч залуу миний машиныг өшиглөж, цохиж толийг нь хугалж байгаа нь бичигдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

 

Хохирогч, шүүгдэгч М.Гын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 1 сарын 12-ны өдөр би кристал тауны 804 дүгээр байрны гаражид хамгаалагчаар ажиллаж байхад 00-70 УНЭ улсын дугаартай автомашинтай Даваацэрэн гэх хүн "Түр машинаа тавьчих зогсоол байна уу? өөрийнхөө гаражын машиныг солиод тавьчихая" гэсэн. Тэгэхээр нь би 804 дүгээр байрны 3 дугаар орцны шар зураас дээр машиныг нь түр тавиулсан. 00 цаг 30 минутын үед Ц гэх хүн эхнэртэйгээ согтуу орж ирсэн. Би тухайн үед байгаагүй, манай нөгөө харуул Эрдэнэмөнх байсан. Тэгээд Ц шар зураас дээр байсан 00-70 УНЭ улсын дугаартай автомашиныг урдаас, хажуу талаас нь өшиглөөд толийг нь хугалсан байсан.

Тэгээд Ц "Энэ машинаа ав" гээд 00-70 УНЭ улсын дугаартай автомашин руу өшиглөөд над руу дайраад намайг цээж рүү түлхэхээр нь би Цогт-Эрдэнийн зүүн шанаа орчим 1 удаа цохьсон. Тэгээд Ц надтай зууралдаад намайг мөргөж, толгой руу цохиж, газар унагаагаад нүүрэн тус газар цохиж, толгой руу өшиглөсөн. Тэгээд араас хөөгөөд байхаар нь би түлхэх үед газар унасан ба эхнэр нь аваад гэртээ орсон. Буцаж гарч ирээд тасарсан гинжээ аваад орсон. Би Ц биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 63/,

 

Хохирогч, шүүгдэгч Ц мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 01 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө гараж руу машинаа тавиад гэртээ орох гэсэн чинь манай орж гарах гарцыг 00-70 УНЭ улсын дугаартай машин хаагаад тавьсан байсан. Би харуулыг дуудаад "Наадах чинь нийтийн эзэмшлийн талбайд гарц хааж тавьсан байна. Энийгээ холдуул" гэж хэлсэн. Гэртээ орж хэсэг хугацааны дараа би куртикээ тайлаад фудволктойгоо гарч ирсэн. Гараад ирэхэд нөгөө машин байж байхаар нь "Яагаад энэ гарцыг чөлөөлөхгүй байгаа юм бэ?" гэж хэлсэн. Тэгээд утасдаад жолооч руу нь хэлээд холдуул, энүүгээр олон хүн орж гарч байгаа, утасны дугаар нь байна уу? гэхэд утасны дугаар нь байхгүй байсан.  Тэгэхээр нь би энэ та нарын машин байна холдуул гээд хамгаалагчийн цээж рүү нэг удаа түлхсэн. Тэгэхэд тэр Г гэх хамгаалагч миний зүүн шанаа руу нэг удаа гараараа цохьсон. Бид хоёр газарт унаад дээр доороо ороод зодолдоод байсан. ...Г миний нүүр толгой, бие рүү цохиод байсан. Миний толгой, шанаа, нүүр, дух, цээж, өвдөг зулгарсан. Би түүнд хандан шаардлага тавьсаны төлөө оршин суугчдаа зоддог юм уу. Зодуулсныхаа хариуг энэ машинаас чинь авна гээд тухайн тээврийн хэрэгслийн 2 толийг өшиглөж хугалсан. Зүүн талын хаалга руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд гэртээ орсон. Маргааш нь хамгаалагч Г гэх залуу гэрт орж ирээд миний гинжийг тасалсан, надтай зодолдсондоо уйчлал гуйсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 59-60/,

 

Гэрч Б.Оюунбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

..."Кристал Таун"-д нөхөр Цогт-Эрдэнийн хамт ирсэн. Тэгээд машинаа тавиад гэр рүүгээ орох гэтэл орцны хаалган дээр машин тавьсан байсан байсан. Ц машины голоор гарч байхдаа орцны үүдэнд тавьсан байсан машины толийг гараараа цохьсон. Тэгээд Ц хамгаалагчийг дуудаад "Энэ машинаа холдуул" гэж хэлсэн. Гэр рүүгээ орчихоод буцаж гарч ирээд "Машинаа холдуулсан уу?" гэхэд Г гэх хамгаалагч "Та хүний машиныг эвдчихлээ" гээд Цогт-Эрдэнийн зүүн талынх нь хүзүү шанаа орчим гараараа 1 удаа цохьсон. Тэгээд Ц, Г нар барьцалдаж зууралдаж аваад ноцолдоод байсан. Би салгаад Цогт-Эрдэнийг гар рүүгээ аваад орсон. Орохоосоо өмнө автомашины нөгөө талын цонхыг нь цохьчихсон. ...Ц Гыг толгойгоороо мөргөчих шиг болсон. Гын ам орчмоос бага зэрэг цус гарсан байсан. ...Г Цогт-Эрдэнийн зүүн шанаа, хүзүү орчим 1 удаа гараараа цохьсон. Цогт-Эрдэнийн цээж, суга, нуруу, гар орчим хөхөрч халцарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

Гэрч Б.Эрдэнэмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн:

...804 дүгээр байрны оршин суугч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, махлаг, 175 орчим см орчим өндөртэй залуу ирээд Г бид хоёрт хандан "Би гэр рүүгээ ормоор байна, энэ орцны хаалга таглаж тавьсан машинаа холдуул" гэж хэлсэн ба тухайн тээврийн хэрэгсэл дээр очиж 2 толь, урд талын хамарны салхивч, мөн жолооч талын хаалгыг өшиглөж хонхойлгосон гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

 

Гэрч Н.Батзолбоогийн мөрдөн байцаалтад өгсөн:

М.Г тухайн тээврийн хэрэгслийн эзнийг дуудах гээд байж байхад тухайн согтуу ах дахин ирээд "Та нар яагаад хориглосон газарт машин тавиулдаг юм" гэж уурлаад М.Гын цээж рүү түлхэх үед нэг удаа нүүр рүү нь цохьсон. Тэгэх үед нөгөө согтуу ах М.Гыг мөргөж, нүүрэн тус газар цохиж зууралдаад нэг нэгнийхээ дээр доор гараад унаж өнхрөөд байсан. Тэгээд босож ирээд М.Г зугтаах үед нөгөө согтуу ах араас нь хөөгөөд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1292 дугаартай:

М.Гын биед тархи доргилт, дээд урууланд язарсан шарх, цус хуралт, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь 2019.01.12-13-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1477 дугаартай:

 Ц биед цээж, баруун бугалга, бүсэлхий, зүүн чихний ард цус хуралт, зүүн тохой, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43/,

 

"Кости Эстимэйт" ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №12661138 дугаартай:

Киа спортэйж загварын автомашины баруун толь 380.000 төгрөг, зүүн толь 380.000 төгрөг, урд нүүр 350.000 төгрөгөөр захиалгаар нийлүүлж солих, баруун урд крыло 30.000 төгрөг, зүүн урд хаалга 90.000 төгрөг, зүүн урд багана 20.000 төгрөг, баруун урд багана 10.000 төгрөг, зүүн хойд хаалга 10.000 төгрөг, багаажны хаалга 50.000 төгрөгөөр тус тус засварлах шууд зардалтай. 2 хаалга, крыло, 2 багана, багаажны хаалга будах зардал 400.000 төгрөг, 500 гр будаг, туслах материал, лак худалдаж авахад 100.000 төгрөгний шууд бус зардал гарна. Үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн 1.820.000 төгрөг гэх автомашины эвдэрсэн эд ангийн үнэлгээний тайлан /хх-ийн 47/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн БЗ1-19-139 дугаартай:

12.2 граммын алтан гинж 1.570.006 төгрөгийн үнэ ханштай гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 49-50/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн:

 “...байрны гараж автомашины зогсоол харагдаж цагаан өнгийн автомашин гараж руу орж зогсож байв. Улаан өнгийн куртиктэй эрэгтэй хүн гуйван алхах бөгөөд урт хар өнгийн куртиктэй эмэгтэй хүн түшиж алхаж байв. Улаан өнгийн куртиктэй эрэгтэй хүн гаражийн баганы наад хэсэг рүү өшиглөх үйлдэл хийж саарал өнгийн автомашиыг цохих, өшиглөх үйлдэл хийх бөгөөд урт хар куртиктэй эмэгтэй хүн хориж болиулж байв.

... эрээн хувцастай 3 эрэгтэй хүн, цагаан өнгийн цамцтэй эрэгтэй хүн, ногоон өнгийн хантаазтай эмэгтэй хүн нар харагдаж байв. Эрээн хувцастай эрэгтэй хүнийг цагаан өнгийн цамцтай эрэгтэй заамдаж байв. Цагаан өнгийн цамцтай эрэгтэй эрээн хувцастай эрэгтэй хүнийг 1 удаа нүүр, толгой орчим нь цохих бөгөөд зөрүүлээд эрээн хувцастай эрэгтэй хүн нь цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүний нүүрэн тус газар 1 удаа цохиж байв. ...цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн нь эрээн хувцастай эрэгтэй хүнийг заамдаж нүүрэн тус газар нь мөргөж унагааж дээрээс нь дарж байв. Голоор нь хар куртиктэй эрэгтэй хүн орж салгаж байв. Цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн нь эрээн хувцастай эрэгтэй хүнийг нүүрэн тус газар нь 1 удаа цохиж хоорондоо заамдалцаж зууралдаж байв. ... бие, биенээсээ салах бөгөөд хана, баганы цаад хэсэгт орж байв.

... цагаан өнгийн цамцтай эрэгтэй саарал өнгийн автомашины урд хэсэг рүү өшиглөх үйлдэл хийж байв. Эрээн хувцастай эрэгтэй хүн, цагаан өнгийн цамцтай эрэгтэй нар нь хоорондоо заамдалцах бөгөөд голоор нь хар куртиктэй эрэгтэй хүн, ногоон хантаазтай эмэгтэй хүн нар орж салгаж байв. Цагаан өнгийн цамцтай эрэгтэй нь эрээн хувцастай эрэгтэй хүн рүү дайрах бөгөөд ногоон хантаазтай эмэгтэй салгаж байв.

... цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн цамцаа тайлж эрээн хувцастай эрэгтэй хүн рүү дайрч хоорондоо зууралдан унаж босож байв. Цагаан өнгийн цамцтай эрэгтэй цээж нүцгэн эрээн хувцастай эрэгтэй хүний хувцасыг татаж тайлан дайрах бөгөөд эрээн хувцастай эрэгтэй хүн хойшоо ухарч явж байв. ... ногоон өнгийн хантаазтай эмэгтэй хүн юм хайх үйлдэл хийж байв” гэх тэмдэглэл /хх-ийн 15-17/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5-9/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 14/,

-Б.Даваацэрэнгийн автомашинд үүссэн эвдрэлийг үнэлсэн Кости эстимэйт ХХК-ийн үнэлгээний төлбөр хураасан баримт, автомашинд үүссэн гэмтлийн гэрэл зургууд /хх-ийн 87-88/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ц эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт, бусад хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 65-77/, шүүгдэгч М.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, бусад хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 79-83/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нар хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрсдийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Г, Д.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Д.Цогт-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ц, М.Г нар нь харилцан зодолдож хэн хэнийхээ биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Ц нь хохирогч Б.Даваацэрэнгийн эзэмшлийн автомашины эд ангийг санаатайгаар эвдэж гэмтээн бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон.

 

Иймд шүүгдэгч Ц хохирогч М.Гын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, шүүгдэгч М.Гын хохирогч Ц эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус,

Шүүгдэгч Ц хохирогч Б.Даваацэрэнгийн эзэмшлийн автомашины эд ангийг санаатайгаар эвдэж 1.905.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Цд оногдуулсан ялуудын хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт ялыг тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нотлох баримтаар хохирогч Б.Даваацэрэн нь 1.905.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Д.Цэс нэхэмжилсэн байна. Энэ хохирол нь гэмт хэргийн улмаас хохирогчид шууд учирсан хохирол байх тул шүүгдэгч Д.Цэс гаргуулж шийдвэрлэв.

Хохирогч Б.Даваацэрэн, М.Г, Д.Ц нар нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх бусад нотлох баримт /хэрэгт хавсаргаагүй/-ыг бүрдүүлэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар нэхэмжлэл гаргаж хохиролыг шийдвэрлүүлэх эрхтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гражны камерийн бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нар гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч Д.Ц, М.Г нар нь харилцан хэн хэндээ хохирогч болох бөгөөд бусдад төлөх төлбөргүй, хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цалинт овогт Дугаржавын Цогт-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Өөлд овогт Мандахын Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Д.Цогт-Эрдэнийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч М.Гыг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох хөнгөн ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, Д.Ц нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэргийн учир шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г нь хохирогч Д.Цд, шүүгдэгч Д.Ц нь хохирогч М.Гад төлөх төлбөргүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэс 1.905.000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Даваацэрэнд олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г, Д.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, шүүхэд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БААСАНБАТ