| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2024/08473/И |
| Дугаар | 210/МА2025/00791 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2025/00791
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/02148 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *********т холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 65,591,027 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******нэ, ********, хариуцагч *********, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*********ийн ********8 аппликейшнээр дамжуулан гаргасан хүсэлтийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 50,000,000 төгрөгийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр зээлсэн ба 190 сарын хугацаанд сар бүрийн 05-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийхээр тохиролцож, зээлийн графикийг байгуулсан.
Уг зээлийг зээлдэгчийн *******ны ******** тоот данс руу шилжүүлсэн. Харилцагч ********* үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа нь зээлийн гэрээний 7.2.1-т заасныг болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчсөн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 15,591,027 төгрөг, нийт 65,591,027 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан "FLEXI зээлийн шугам нээх гэрээний дагуу 3 удаагийн гүйлгээгээр 17,140,000 төгрөгийн зээл, дараа нь нэмж хэд хэдэн удаагийн гүйлгээгээр зээл авсан болно.
Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 22,980,000 төгрөг төлсөн.
Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ эргэн төлөлт хийгээгүй мэтээр дээр дурдсан нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй.
Иймээс авсан зээлийг төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******** ХХК-ийн хариуцагч *********т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 65,951,027 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн цахим зээлийн хүсэлтийг нь тухай бүр үндэслэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн ********8 аппликейшид баталгаажуулсан *******ны ******** тоот дансанд олгосон бөгөөд энэ нь хэргийн материалд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн "Зээлийн дэлгэрэнгүй тооцоолол"-оос харагдаж байгаа.
Тус тооцооллоос харвал хариуцагч нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн шугамын дээд хэмжээ буюу 50,000,000 төгрөгтөө багтаан олон удаагийн гүйлгээгээр зээл авсан бөгөөд энэ нь хариуцагчийн тайлбараас харагдаж байна.
*********ийн *******ны ******** тоот дансны дансны хуулга нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сазын 01-ний өдрийг хүртэлх нийт 6 сарын хугацааг бүрэн хамарсан 94 хуудас бүхий хуулга байх ёстой болох нь хариуцагчийн гаргаж өгсөн дансны хуулгаас харагдаж байх боловч хэрэгт зөвхөн 3 хуудас л авагдсан байна. Шүүх хариуцагчаас тус *******ны дансны хуулгыг бүрэн авсны үндсэн дээр хэргийг дүгнэн шийдвэрлэсэн бол хариуцагчийн авсан зээлийн дүнг бүрэн тогтоох боломжтой байсан.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч нь "зээлийн гэрээнд хүү заагаагүй, тиймээс хүү төлөх үндэслэлгүй" гэх тайлбарыг өгсөн нь үндэслэлгүй бөгөөд анхнаасаа олон нийтэд нээлттэй байршуулсан зээлийн бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцаж, тус нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр ********8 аппликейшнд хэрэглэгчээр бүртгүүлж, цахим зээлийн хүсэлт илгээн тухай бүр хүүтэй зээл авч байсан нь олон удаагийн давтамжтай зээл авч байснаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа зээлдэгч буюу хариуцагчийн энэхүү цахимаар авсан зээлийн түүх болох "Ашиглаж буй зээлийн нөхцөл" бүрийг шүүхэд гаргаж өгөөгүйгээ анхан шатны шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн ч шүүхэд гаргаж өгсөн "Зээлийн дэлгэрэнгүй тооцоолол", хариуцагчийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогддог.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй. Шүүхийн санаачилгаар шүүх хуралдааныг хойшлуулж, баримт гаргаж нэхэмжлэлээ нотлох боломжийг олгож байсан. Хариуцагч нь авсан зээлээ төлж барагдуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогддог. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 65,951,027 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч төлж барагдуулсан үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.
3. 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ********* нь *******-тай 50,000,000 төгрөгийн эрх бүхий зээлийн шугам нээх гэрээ байгуулсан байна.
4. Анхан шатны шүүх нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх үндэслэлд хамаарч байна.
4.1. Тодруулбал, шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШЗ2025/03123 дугаар захирамжаар нэхэмжлэгч ********8 * ХХК-иас *********т холбогдох зээлийн тооцоолол, зээлийн дансны хуулгыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хэрэгт зөвхөн зээлийн тооцоолол авагдаж, дансны хуулга ирээгүй.
Үүний улмаас зээлийн гэрээний хүрээнд олгосон нийт зээлийн болон төлөгдсөн төлөлтийн хэмжээ тодорхойгүй болсон тул энэ талаарх зохигчийн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иймд захирамжийн биелэлтийг хангаж, *********т холбогдох зээлийн дансны хуулгыг хэрэгт баримтаар авсаны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцн*
4.2. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/02148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 485,910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Т.БАДРАХ