Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 967

 

 

 

 

 

 

 

 

  2019         06         14                                  2019/ШЦТ/967                                        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Шүүгдэгч П.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Хг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1903 00000 0236 дугаар хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Х нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Хөдөө Аж Ахуйн яамны урд замд “Каролла Аксио” маркийн 71-87 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөний дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Акселеуг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг гэмт хэрэгт холбогджээ.

                                                                     /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч П.Х нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөний дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Акселеуг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Т.Акселеугийг мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд Хөдөө аж ахуй яамны зүүн талд байрлах “Шөлөндөө” нэртэй хоолны газар ороод савтай хоол аваад явган хүний зохицуулагдаггүй гарцаар хойноос урагшаа чигтээ зам хөндлөн ганцаараа гарч явтал зүүн талаас “Corolla Axio” маркийн 71-87 УБЛ улсын дугаартай автомашин ирээд миний зүүн хөл рүү мөргөхөд би зүүн талаараа газар унасан. Жолооч автомашиныхаа баруун урд их гэрлээр намайг мөргөсөн. Тэгээд жолооч нь бууж ирээд намайг зүгээр үү эмнэлэг рүү явах уу гэхлээр нь би тэгье гэсэн. Тэгтэл жолооч өөрийнхөө гар утсаар 103 дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Гэрч Р.Жамсрангийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2019 оны 05 дугаар сарын 18-ны 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 хороо Хөдөө ах ахуй яамны зүүн талд байрлах ТҮЦ хаалгаад явж байтал нэг хүн ирээд Хөдөө аж ахуйн яамны гарцан дээр хүн мөргүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө гар утсаар 102-т дуудлага өгсөн. Зам тээврийн ослын газар очиход мөргүүлсэн хүн нь мөргөсөн автомашин дотроо сууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

Иргэний хариуцагч П.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Королла Аксио маркийн 71-87 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй машин байгаа юм. Ослын талаар эхнэр над руу холбоо барьж хэлсэн. Учирсан хохирлыг төлж барагдуулсан /ХХ-ийн 14 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6140 дугаартай:

Т.Акселеугийн биед дотор менискний сэмэрсэн урагдал, урд болон арын чагтан холбоосны суналт, зүүн хөлний эрхий хурууны хус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 тал/,

 

Шүүгдэгч П.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Манай дүү цэргийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орсон юм. Тэгээд нойл шөл хүргэж өгчихөөд буцаад 01 цагийн орчимд гэр рүүгээ чигтээ Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Хөдөө аж ахуйн яамны урд замаар зүүн талаас баруун тийш чигтээ “Toyota corolla” маркийн 71-87 УБЛ улсын дугаартай автомашинаа жолоодон явж байтал явган хүний зохицуулагддагүй гарц дөхөж ирсэн. Тэгээд хурдаа хастал хоёрдугаар эгнээгээр явж байсан автомашин хөдөлгөөнөө үргэлжүүлэхээр нь дагаад хөдлөх гэтэл хойд талаас явган хүний гарцаар гэнэт нэг залуу гүйгээд гараад ирэхээр нь хүүе хүн гээд тормозоо гишгэхэд нөгөө залуу миний автомашины урд хэсгээр мөргүүлээд толинд цохигдоод газар унасан. Би автомашинаасаа буугаад юу болов эмнэлэг рүү явах уу гээд тэр залууг өөрийнхөө машинд суулгаад хөдлөх гэтэл цагдаа ирээд түр хүлээж бай гэж хэлсэн. Удалгүй бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийсэн. Дараа нь би гэмтсэн хүнээ аваад гэмтлийн эмнэлэг дээр очиход эмч үзээд зөөлөн эд гэмтсэн байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

-зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-8, 13-15/

-жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-12 тал/

-баримт бичиг түр хураан авсан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 16 тал/

-Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 5 дугаар сраны 28-ны өдрийн 30974 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-42 тал/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

-шүүгдэгч П.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 тал/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 тал/, цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 51-52/,

-хохиролд 160.000 төгрөг, 250.000 төгрөг тус тус хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 64-65 тал/,

-хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч Т.Акселеу, шүүгдэгч П.Х нарын хүсэлт /хх-ийн 65-66 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч П.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч П.Х нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч П.Хд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.  

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг арилсан, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдааны оролцогчидийн дүгнэлт, шүүгдэгчийн гэмт хэргийн талаарх дүгнэлт, гэм буруугаа ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас хураагдаж ирсэн бичиг баримтгүй болно.

 

Шүүгдэгч П.Х нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохиролд нийт 410.000 төгрөг төлж хохиролыг барагдуулсан байх тул шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Сартуул овогт Пүрэвжавын Хг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Х нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ