Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00792

 

 

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/01286 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг зээлсэн. Ингэхдээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд тус мөнгийг дансаар шилжүүлсэн ч буцаан төлөөгүй.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан тул хариуцагчаас 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2021 оны 07 дугаар сард би махны цех ажиллуулж байсан ба 09 дүгээр сард том хэрчигч машин 20,000,000 төгрөгөөр авах шаардлагатай болсон. Тэгээд уг махны машиныг авахын тулд *******д компаниас ашиг өгөхөөр тохирч 20,000,000 төгрөг авсан ба үүнийг хөрөнгө оруулалт гэж ойлгосон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Батцэцэгээс 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Батцэцэгээс 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар өгөхдөө нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд тайлбарлан оролцоно гэж өгсөн. Мөн нэхэмжлэгч бид нар хоорондоо дотно харилцаатай ба би ямар нэг байдлаар зээл гэж аваагүй, надад хөрөнгө оруулалт хийж байснаа одоо шүүхийн журмаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Түүнчлэн манай компанийн үйл ажиллагаа ашигтай ажиллаад эхэлмэгц тус ашгаас хувь хүртээд явж байхаар тохирсон. Тэр үед ковид цар тахал улс даяар гарч компанийн үйл ажиллагаа доголдож зогссон.

Анхан шатны шүүх өөрийгөө өмгөөлөх, баримт цуглуулан өгөх, өмгөөлөгч авч харилцан мэтгэлцэх бололцоог олгоогүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Миний бие анхан шатны шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд хөрөнгө оруулалт хийгдсэн бол энэ тухай баримт байгаа эсэхийг мөн хөрөнгө оруулалт нь үйл ажиллагаа явуулж буй компанийн дансанд шилжсэн эсэхийг тодруулж асуусан. Хариуцагчаас энэ талаарх баримт байхгүй гэдгийг мэдэгдэж байсан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан.

Тус хэрэг 2023 оноос хойш шийдвэрлэгдэхгүй явсаар өдийг хүрсэн бөгөөд энэхүү хугацаанд хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах, хууль зүйн туслалцаа авах эрх нь нээлттэй байсан.

Хэргийн оролцогч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөх үүргийг өөрсдөө хүлээдэг. Хариуцагчаас энэ үүргээ хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй.

Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийн гэрээ байгуулагдаагүй, хөрөнгө оруулалт болгож өгсөн гэж эс зөвшөөрч маргасан.

 

3. ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг ******* дансаар шилжүүлж өгсөн, уг төлбөр төлөгдөөгүй үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэгт шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

3.1. Мөн анхан шатны шүүх, дээрх мөнгөн хөрөнгө өмчлөлд шилжүүлэн өгсөн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэл бүхий дүгнэжээ.

3.2. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, уг мөнгийг хөрөнгө оруулалт болгож өгсөн гэж тайлбар гаргасан боловч энэ байр сууриа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Үүнтэй холбогдуулж гаргасан баримт цуглуулан өгөх, өмгөөлөгч авч харилцан мэтгэлцэх бололцоог олгоогүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн нотлох баримт гаргаж өгөх, бусдаас хууль зүйн туслалцаа авах эрх нь нээлттэй байсан байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд аливаа хүсэлт гаргаагүй.

 

3.3. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/01286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ