Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 968

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2019        06         14                                  2019/ШЦТ/968  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,   

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уд холбогдох эрүүгийн 1906 02635 1359 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цагаан хуаран хотхоны 90а-107 тоотод С.Оюундэлгэрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 02635 1359 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Б.У нь иргэн С.Оюундэлгэрийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч С.Оюундэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би ажилдаа явах замаар Цагаан хуаранд байх байраараа ороод шалгатал гэрт байсан дүү болох У гэр орондоо эмх замбараагүй заваан байдалтай байсан. Би өмнө нь нилээн удаан хараад юм хэлдэггүй байсан. Би дүүдээ чанга хандвал гомдоод явчих болов уу? гэж бодсон. Тэгээд тэр өдөр би дүүдээ эмх цэгтцтэй байх хэрэгтэй байна гэж хэлтэл юу ярих гээд байгаа юм бэ, гол юм аа ярилдаа гэхээр нь би чи ингэж ярьж болохгүй. Ийм байвал хоёулаа тусдаа байя, миний дүү гэр рүүгээ яв, гэрийн түлхүүр өг гэтэл юу гэнээ сонсохгүй байна гэх мэтээр хэгжүүрхэж байснаа ирээд намайг цохиод авсан. Тэгээд гэрийн үүдэнд зодоод эхэлсэн. Тэгээд би нэг мэдэхэд орцонд гарсан байсан. Гэтэл араас орцонд гарч ирээд нилээн зодсон. Тэгээд гарч зугтаад цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5126 дугаартай:

С.Оюундэлгэрийн биед тархи доргилт, баруун хөмсгөнд шарх, дух, хацар, чих, хоолой, дагзны хуйх, эгэм, нуруу, гарын шуу сарвуу, шагайд цус хуралт, шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34 тал/,

 

Шүүгдэгч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хамаатны эгч С.Оюундэлгэрийн байр болох Цагаанхуарангийн байранд байх болсон. Тэгээд эгч маань хааяа хааяа ирдэг байсан. Өнөөдөр өдөр 13 цагийн үед эгч гэртээ ирсэн. Тэгээд гэр заваан байна нягт нямбай бай гэсэн. Тэгэхээр нь би за сонсож байна гэсэн чинь манай эгч намайг чи хэгжүүрхээд байна гэсэн. Тэгэхээр нь би эгч рүүгээ ойртоод за сонсож байна гээд чихээ өгсөн. Тэгсэн чинь манай эгч чи надруу хэгжүүрхлээ гээд гарруу нэг удаа толгойруу нэг удаа гараараа цохисон. Тэгээд орилоод байхаар нь би алгадаад, гараа атгаж байгаад толгойруу нь хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн чинь эгч хажууд айлын ашиглалтанд ороогүй байр руу орчихоор нь ардаас нь ороод эгчийгээ паар мөргүүлсэн. Тэгээд толгойноос нь барьж байгаад шал мөргүүлсэн. Тэгсэн эгч гарч гүйгээд өөр орц руу гүйгээд байсан. Би араас нь гүйсэн чинь нэг өвөөгийн араар ороод тэгж байгаад өөр орц руу орчихсон. Би тэр үед гадаа цагдаа ирэхийг хүлээгээд байж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 9 тал/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 11 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39 тал/, гэрлэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 40 тал/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.        

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Уын иргэн С.Оюундэлгэрийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.У нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч Б.Уд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ар тогоруутан овогт Баасанбилэгийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Уд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ