Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 973

 

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2019        06         17                                   2019/ШЦТ/973  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,   

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бт холбогдох эрүүгийн 1906 00228 1319 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүү Б.Цасансувдыг хэл амаар доромжилоо гэх шалтгаанаар иргэн И.Болоршагайгийн нүүрэн тус газар нь 4-5 удаа гараараа цохиж улмаар барицалдаж хураалгаастай төмөр дээр хамт унаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                               /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 00228 1319 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Б нь иргэн И.Болоршагайгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч И.Болоршагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тэр үед Төрбат, Цасансувд нар хоорондоо юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Цасансувд л Төрбатыг чи намайг доромжилсон гээд уйлаад л гар утсаа гаргаж ирээд ахаа намайг хүн доромжлоод байна гээд яриад байсан. Тухайн үед би ч тоогоогүй хашаанд юм хийж байтал Оюунбатын байшингаас Цасансувд уйлаад гараад ирэхээр нь би арагдах санаатай юм ярьж байтал гэнэт Цасансувдын ах гэх одоо Б гаднаас орж ирээд үгийн зөрөөгүй шууд миний нүүр рүү гараараа цохисон. Тэр үед би газар унасан байхад намайг цохих гэхэд би Бтай барицалдаж аваад бид хоёр газар унаад дээр доороо ороод л ноцолдоод байсан. Тэр үед хашаанд байсан хураасан төмөрийн хогонд зүүн талын чихийг урсан. Тэгэхээр нь би Бийг түлхчихээд шууд хашаанаас гарч зугтаад урд талын гудамжинд очоод хашаан завсраар харахад Оюунбатын хашааны гадаа цагдаагийн машин ирээд Төрбатыг авч явсан. Тэгэхээр нь би шууд гэр рүүгээ харьж орой нь гэмтлийн эмнэлэг орож зүүн талын чихэнд 2 оёдол, толгойны зүүн талд 4 оёдол тавьсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 781 дугаартай:

И.Болоршагайн биед толгойн хуйх болон зүүн чихний дэлбэнд оёдол тавигдсан шарх, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 тал/,

 

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би хохирогч И.Болоршагайгийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн төрсөн дүү болох Цасансувдыг өмөөрч хохирогч И.Болоршагайтай маргалдаад улмаар би хохирогчийн зүүн хацар хэсэгт баруун гараараа нэг цохьсон. Хохирогч И.Болоршагай нь босч ирээд над руу дайрхад би өргөж аваад төмөр рүү хамт унасан гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26 тал/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтүүд /хх-ийн 40, 42 тал/, шүүгдэгчээс эмчилгээний төлбөрт 1.000.000 төгрөг хохирогчид хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 25 тал/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.        

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Бийн иргэн И.Болоршагайгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч Б.Бт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Болорын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ