| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 201511000371 |
| Дугаар | 60 |
| Огноо | 2016-03-11 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 60
Ц.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор А.Оюунгэрэл,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоол,
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар магадлалтай, 201511000371 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяагийн гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, 2002 онд Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2, 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ц.Ц нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Цг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 230 дугаар зүйлийн 230.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Цгөөс хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд 3,844,588 төгрөг гаргуулж, Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардалтай холбогдсон 2,510,122 төгрөг, тэжээгчээ алдсаны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүү 7,212,000 төгрөг, нийт 9,722,122 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин нэхэмжлэлээ иргэний журмаар гаргахыг хохирогчийн төлөөлөгчид мэдэгдэж, сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөг, хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг, нотлох баримтгүй нэхэмжилсэн 320,873 төгрөг, нийт 31,120,873 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 230 дугаар зүйлийн 230.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Цгөөс хохирогчийг оршуулахтай холбогдсон зардал, өмгөөлөгчийн хөлс нийт 6,403,988 төгрөгийг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардалтай холбогдсон 750,722 төгрөг, тэжээгчээ алдсаны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүү 7,212,000 төгрөг, нийт 7,962,722 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин нэхэмжлэлээ иргэний журмаар гаргахыг хохирогчийн төлөөлөгчид мэдэгдэж, сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөг, нотлох баримтгүй нэхэмжилсэн 320,873 төгрөг, нийт 30,320,873 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсэн байна.
Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Цгийн өмгөөлөгч М.Энхтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Ц.Ц нь хохирогчийн хууль бус үйл ажиллагаанаас болж сэтгэл санаа гэнэт хүчтэй цочрон давчидсаны улмаас хохирогчийн эсрэг хариу үйлдэл хийсэн гэж мэтгэлцдэг. Ц.Цгийн хувьд талийгаачтай муудалцаагүй. Харин хохирогч нь гэрч Э.Амартайвантай ялимгүй зүйлд ам зөрж согтуурхан архины шил авч цохиход Ц.Ц дунд нь өртөж цохиулсан ба боль гэхийн хооронд хоёр ч удаа цохьсон учир толгойноос нь цус урсаад ирэхийг хармагц л гэнэт хачин болоод шилийг нь булааж аваад цохьсон байдаг. Яг үнэндээ Ц.Ц хаана нь яаж цохьсноо мэдэхгүй, хохирогчийг унасны дараа л бүгдээрээ яачихав, ийчихэв гэх үед хаана нь цохьсноо мэдэхгүй асуухад Э.Амартайван миний гаранд цохьсон гайгүй байх гэдэг. Тэнд байсан хүмүүс согтуу байсан тул янз бүрээр мэдүүлсэн. Түүнийг нь мөрдөн байцаагч нар сайн ялгааг нь гаргаагүй учир шүүх хуралдаан дээр тодруулсан. Тухайлбал, гэрч Э.Амартайван, Б.Насанхүү нарын мэдүүлэг Ц.Ц нь талийгаачийн толгой руу нь архины шилээр хоёр удаа цохьсон мэт ярьдаг. Үүнийг Э.Амартайван шүүх хуралдааны үед үгүйсгэж талийгаач нь Ц.Цг хоёр удаа цохьсныг мөрдөн байцаагч давтан давтан асууж байгаад буруу тэмдэглэсэн байна гэдэг. Ц.Ц нь нэг удаа цохьсон болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Хуйхыг нээхэд хоёр удаа архины шилээр цохьсон гэх ул мөр илрээгүй. Тэгэхээр цочирдсондоо нэг л удаа цохьсон байдаг. Тухайн үед талийгаачийг харахад ямар ч цус нөж гараагүй, хавдсан зүйл байхгүй байсан болохоор бие муутай тул унаад харвачихав уу гэцгээгээд л эмнэлгийн тусламж дуудсан байдаг. Энэ бүх байдал бол цочирдсон шинж байдлыг харуулж байна гэж үзэж байна. Хүн амины хэрэг бүрт хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоох зорилгоор сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулдаг. Гэтэл энэхүү дүгнэлтийг сэтгэл санаа цочрон давчидсан үеийн сэтгэцийн түр зуурын өөрчлөлт болон физиологийн аффект хоёрын ялгааг гаргах ёстой гэдэг. Ийм иж бүрэн шинжилгээ хийгээгүй байж сэтгэл санаа цочрон давчидсан гэж үзэх үндэслэлгүй гээд Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд заасан гэмт хэрэг биш гэж шүүх үнэлж дүгнээд байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ асуудлыг онцгой анхаарч сэтгэцийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай байна. Мөн давж заалдах шатны шүүх хавтаст хэргийн 206 дугаар хуудсанд байгаа засвартай падаан, 208 дугаар хуудсанд байгаа сар, өдөр нь засвартай буюу байхгүй, 211 дүгээр хуудсанд байгаа падааны өнгөн хувь, падаан бичсэн үзгэн бал болон худалдан авагчийн нэрийг өөр өөр балаар бичсэн, 214 дүгээр хуудсанд байгаа падааны үнийн дүн дээр 70360 төгрөгийг өөр хүн нэмж бичсэн, 219 дүгээр хуудсанд зарлагын тамгатай падаан ашиглаж бичсэн, түгээгчийн гарын үсэггүй, хэн авсан нь тодорхойгүй, падааныг компанийн төлөөлөгч бичсэн гэх үндэслэлгүй байхад уг нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангасан гэж үзэж төлүүлэхээр шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хавтаст хэргийн 220 дугаар хуудсанд ч гэсэн нэр хаяггүй, ШТС-ын тасалбар хавсаргагдсан байх бөгөөд тухайн оршуулгын ажилд явсан машинд хийсэн бензин гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй, үүнийгээ нотолж чадаагүй байдаг. Мөн оршуулгын ажлын үед бусдаас хандив, тусламж болгон өгсөн мөнгийг оршуулгын зардлаас хасаж тооцдоггүй, мөрдөн байцаагч түүнийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргадаггүй, зан үйлийн шинжтэй бусдын гар цайлгаж өгсөн зүйл, буяны ажилд ном уншуулсан гэх зардлын дүнг оршуулгын ажлын зардалд оруулан тооцоод байгаа нь Улсын дээд шүүхийн тайлбартай нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн мөнгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар төлүүлэх үндэстэй гэж шийдвэрлэсэн. Шүүх өмгөөлөгчийн хөлсөнд өгсөн мөнгийг төлүүлэхгүй гэж шийдвэрлэдэг атал уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой бөгөөд үүнийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ бүх асуудлыг хянаж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Миний бие өвдөөд эмнэлэгт хэвтэж байсан учраас гомдол гаргаж чадаагүй. Ц.Цгийн гэр бүлийнхэн нь огтхон ч гэмшсэн шинжгүй, харин ч биднийг янз бүрээр хэлж, дээрэлхэж, доромжлоод байна. Талийгаачийн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нэхэмжилсэн боловч шүүх гаргуулж шийдвэрлээгүй. Сүүлд амьдарч байсан эхнэр нь тахир дутуу хүн байдаг. Тахир дутуу эхнэр болон бүтэн өнчин хүүхдийг нь яах вэ гэдэг асуудал байна. Шүүгдэгчийн ар гэрийнхний дарамт, доромжлолыг яавал зүйтэй вэ. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Ц.Цгийн амь хохирогчийн толгой тус газар нь архитай шилээр цохьсон үйлдэл нь талийгаачийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон. Хуульд заасны дагуу шүүхээс хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг гаргуулаагүй гэсэн тайлбар хэллээ. Хэргийг шийдвэрлэх үед шаардлагатай нотлох баримтыг хангалттай гаргаж өгч чадаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх баримтаа бүрдүүлэн хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон байгаа тул нотлох баримтаа хангалттай цуглуулсны дараа шүүхэд хандах боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Ц нь согтуугаар 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах модон гүүрний баруун урд Хэрлэн голын эрэг дээр Б.Бгийн толгойн тус газар архины шилээр цохиж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг шинжлэн судалбал, Ц.Ц нь архи уух үедээ амь хохирогч Б.Бгийн хувийн нууцад халдаж “...чи салсан авгайтайгаа хоночихоод унтаагүй юм уу” гээд өмднийх нь татуурганаас нь барьж татаж тавиад байж байсан ба шүүхээс амь хохирогчийн зүгээс Ц.Цг тохуурхан доромжилсон, мөн Ц.Цгийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх нөхцөл байдал нотлогдож тогтоогдоогүй гэж дүгнэн Ц.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгээр зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан оршуулгын зардалтай холбоотой баримт материалыг судалж, оршуулгын зардлыг нэмж тогтоосныг үндэслэлтэй гэж үзнэ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх заалтад өмгөөлөгчид төлсөн зардлыг байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.1, 100.1.2 дахь заалтад уг зардлын хэмжээг тусгайлан зохицуулаагүй байна. Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөллийн үйлчилгээний хөлсний талаар заасан байхад давж заалдах шатны шүүх Ц.Цгөөс хохирогчийн өмгөөлөгчийн хөлсөнд 800,000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд олгуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоос “...Өмгөөлөгчийн хөлсөнд 800,000 төгрөг үндэслэлгүйгээр гаргуулахаар шийдвэрлэсэн” гэсэн хэсгийг хүлээн авч, энэ талаар магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоол, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 230 дугаар зүйлийн 230.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Цгөөс хохирогчийг оршуулахтай холбогдсон зардал 5,603,988 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардалтай холбогдсон 750,722 төгрөг, тэжээгчээ алдсаны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүү 7,212,000 төгрөг, нийт 7,962,722 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлээ иргэний журмаар гаргахыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мэдэгдэж, сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөг, нотлох баримтгүй нэхэмжилсэн 320,873 төгрөг, нийт 30,320,873 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяагийн гомдлоос “...Өмгөөлөгчийн хөлсөнд 800,000 төгрөг үндэслэлгүйгээр гаргуулахаар шийдвэрлэсэн” гэснийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.БАТ-ЭРДЭНЭ