Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 045

 

Х.Матений нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 437 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 1 дүгээр багт оршин суух Жантекей сарик овогт Хавдхалын Матений нэхэмжлэлтэй, Дэлүүн сумын 1 дүгээр багт оршин суух Жантекей сарик овогт Асхарын Аманболд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Айбек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мадетхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагч А.Аманбол, орчуулагч Т.Маншүк нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийтийн эдэлбэр буюу бэлчээрийн газарт А.Аманболын барьсан өвөлжөөг албадан нүүлгэх тухай.

Нэхэмжлэлд: Иргэн Х.Матен би тус Дэлүүн сумын 1 дүгээр багийн Хужирлагийн хар гэдэг газрын Нарлаг уул-ын энгэрт 1996 оны 8 дугаар сард малын өвөлжөөний саравч хашаа болон гэр бүлийн хэрэгцээнд зориулагдсан өвөлжөөг барьж, эхнэр 4 хүүхдүүдийн хамт мал маллаж, үл хөдлөх хөрөнгө эзэмшин амьдарч байна. Анх 1999 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар захирамжаар тус сумын Засаг дарга У.Бекет нь энэ газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх эрхийн акт гаргасан бөгөөд, 2008 оны 02 дугаар сарын 26-нд сумын Засаг дарга М.Силамбек нь №21 тоот захирамжаар мөн энэ газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшихийг баталгаажуулж, газар эзэмших 000569355 дугаарын (030700397) гэрчилгээ олгосон. Гэтэл аймгийн Засаг дарга Х.Дамрен нь уг 21 дугаарын захирамжийн 2 дахь заалтад Бэлчээрийн зааг нь М.Тилекбергений улаан давааны доод талын чулуу буулгасан, Хусман талыг, Цагаан давааны доод талын машин замын дээд тал Тилекбергений доод зааг нь Саясийн хар үзүүр хүртэл гэж тогтоосугай, гэж бичсэнийг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасныг зөрчсөн байна гэж 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/68 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Энэхүү зөрчлийг зөв залруулан засаж, тус сумын Засаг дарга А.Ахылбек нь 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр А/22 дугаарын захирамж гаргаж, уг захирамжийг баримтлан миний одоо амьдарч, эзэмшиж буй хужирлагийн хар нарлаг уулан дахь өвөлжөөг сумын газрын даамал 030700397 дугаартай 0,7 га газрыг 15 жил эзэмших эрхийн №000633292 бүртгэлтэй газрын гэрчилгээ олгосон. Үүний дагуу 0,7 га газар эзэмшиж тус өвөлжөөнд амьдрах бүрэн эрхтэй болсон бөгөөд энэ газарт 20 жил мал маллан оршин сууж байна. Тус хужирлант гэх газарт бидний гэрээс 400-500 метрийн зайтай газарт Асхарын Аманбол нь өвөлжөөний хашаа байшин барьж, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2-т заасан болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна. Би сумын Засаг дарга болон Газрын даамал зэрэг холбогдох хүмүүст хандаж гомдол гаргасан. Газрын хэмжилт хийж, Асхарын болон түүний хүү Аманбол нарын үйлдлийг хууль зөрчсөн байна гэж үзэж, өвөлжөөг бэлчээрээс нүүлгэх тухай шаардсан хэдий ч тэд хүлээж аваагүй учир Засаг дарга А.Ахылбек нь бидэнд шүүхэд нэхэмжлэл гаргах талаар зөвлөснөөр шүүхэд хандаж байна. Малчид бид хэдэн малынхаа буянаар бэлчээр газрыг бараадаж малаа хариулж ашиг, шимийг нь хүртэж амьдардаг бөгөөд зарим иргэд бусдын амьдрах эх сурвалж болсон бэлчээрийг зүй зохисгүй ашиглан, улмаар А.Аманбол нь бэлчээр, нийтийн эзэмшил газарт дур мэдэн өвөлжөө барьж малчид бидний эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд холбогдох хууль тогтоомжийг үндэслэн нийтийн эдэлбэр эзэмшил газар болох бэлчээрт өвөлжөөгөө барьсан А.Аманболын өвөлжөөг албадан нүүлгэж өгөхийг хүсье. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Миний бие А.Аманбол уг газарт дураараа очиж хашаа байшин бариагүй, 030700414 нэгж талбарт бүртгэгдсэн 000534556 дугаартай газар эзэмших эрхийн хууль ёсны гэрчилгээтэй тул өөрийн эзэмшлийн газартаа хашаа татсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Монгол улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 52 дугаар зүйлийн 52.7-д өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заасны дагуу би хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй уг газрыг эзэмшиж байгаа. Иргэн Х.Матенд газар эзэмшүүлсэн Дэлүүн сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 дүгээр захирамжаар бэлчээрийн хил заагийг тогтоосон нь Монгол улсын Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52.2 дахь заалтуудыг зөрчсөн байх тул уг захирамжийг аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/68 дугаар захирамжаар хүчингүй болгосноор иргэн Х.Матений газар эзэмших эрх нь хүчингүй болсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 437 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Матений нийтийн эдэлбэр буюу бэлчээрийн газарт А.Аманболын барьсан өвөлжөөг албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх хуралд хариуцагч А.Аманбол нь миний газар эзэмших 000534556 дугаартай газрын гэрчилгээг Дэлүүн сумын Засаг дарга, цагдаагийн хэсгийн төлөөлөгч, газрын даамал нар зөрчилтэй буюу хууль бус гэж хурааж аваад биднийг өвөлжөөнөөс нүүхийг шаардсан гэж мэдүүлсэн тул миний бие уг гэрчилгээг хууль бусаар авсныг мэдэж, нэхэмжлэлийг шаардлагыг өсгөж, уг 000534556 дугаартай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүх хурлын дундуур хүсэлт гаргахад шүүх хүлээж аваагүй. Хариуцагч А.Аманбол , түүний эцэг Асхар нар гэр бүлээрээ Казакстан улсруу нүүж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №164 дүгээр зарлигаар иргэншлээс гарч, буцаад 2013 онд Монгол Улсад нүүж ирээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 89 дүгээр зарлигаар Монгол Улсын иргэн болсон байна. Өөрөөр хэлбэл Асхар, А.Аманбол нар нь 2004 онд Монгол улсад байгаагүй нь нотлогдож байна. Маргаан гарах гол үндэс газар эзэмших 000534556 тоот гэрчилгээг хуурамч байдлаар авсан нь тодорхой байхад анхан шатны шүүх А.Аманбол нь энэ гэрчилгээг албан ёсоор авсан байна гэж нотлох баримт болгон үнэлж хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Засаг дарга нар нийтийн эдэлбэр газар мөн гэж Хужирлаг гэх газрыг нэр зааж эрхийн акт гаргаагүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал нотолж чадаагүй байна гэж шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурджээ. Онцын ноцтой маргаан гараагүй малын бэлчээр зэрэгт ямар ч сумын Засаг дарга нар энэ малын бэлчээр, энэ эдэлбэр газар гэж захирамж гаргадаггүй бөгөөд Монгол Улсын аль ч нутгийн малчид иргэд харилцан тохирч, бэлчээрийг зүй зохистой ашиглаж, малаа бэлчээн амьдарч ирсэн уламжлал заншилтай. Гэтэл зан заншлыг эвдэж, уламжлалыг зөрчиж, хуурамчаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, малын бэлчээр газарт хууль зөрчиж өвөлжөө барьсан А.Аманболын үйлдлийг шүүгч зөвтгөж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдолтой байна. Иймд хууль бус баримтыг үндэслэж, хуурамчаар газар эзэмших 000534556 тоот гэрчилгээ авсан гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа тул дээрх газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

 

1. Нэхэмжлэгч Х.Матений хариуцагч А.Аманболд холбогдуулан гаргасан Нийтийн эдэлбэрийн буюу бэлчээрийн газарт А.Аманболын барьсан өвөлжөөг албадан нүүлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл хуваарийн дагуу хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 285 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч А.Жархынгүлийг томилсон шийдвэрийг албажуулжээ. 

 

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгч тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадахгүй тохиолдолд шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөс өөрчлөн томилоогүй байхад хэргийн оролцогчийн хүсэлтээр 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.-д заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан маргаж байгаа нийтийн эдэлбэр болох бэлчээрийн газарт өвөлжөө барьсан А.Аманболын хашаа, хороонд үзлэг, зураг авалт хийх тухай хүсэлтийг анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1360 дугаар шүүгчийн захирамжаар ханган шийдвэрлэж, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус газарт үзлэг хийгджээ.

Үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд, хариуцагч А.Аманболын өвөлжөөний зориулалттай байшин барьсан гэх маргаж буй газар нь нийтийн эдэлбэрийн, бэлчээрийн газар мөн эсэх нь тодорхойгүй ба үзлэгээр маргааны бодит байдал тогтоогдоогүй, бүрэн бус хийгджээ. Үзлэгээр нэхэмжлэгч Х.Матен болон А.Аманболын малын хашаа, хорооны хоорондох зай, хуучин хашаа, хорооны хоорондох зай зэргийг тэмдэглэсэн бөгөөд Х.Матен нь өөрийн эзэмшил газраас А.Аманболын барьсан гэх байшин, хашаа хороог албадан нүүлгэхийг шаардаагүй тул дээрх үзлэгийн тэмдэглэл дэх хэмжээсүүд маргааны үйл баримтад хамааралгүй, ач холбогдолгүй болжээ.

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь А.Аманболын барьсан өвөлжөө нийтийн эдэлбэрийн, бэлчээрийн талбайд байрласан учраас албадан нүүлгэхийг хүссэн бөгөөд шүүх үзлэгийн үеэр 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд дурдагдсан эрх бүхий этгээд, эсхүл мэргэжилтэнг байлцуулах боломжтой байжээ.

Нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу хийгдсэн үзлэг нь нэхэмжлэлийн шаардлага, хүсэлтийн хүрээнд явагдаагүй учраас нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-т заасан өмчлөгчийн шаардах эрхийг, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4.-т заасан бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мадетханд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД Н. ТУЯА

С.ӨМИРБЕК