Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/00014

 

Д.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 143/ШШ2017/00231 дүгээр шийдвэр,

      Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Д.Д

           Хариуцагч: Ө/БОЭТ/-д холбогдох

     2017 оны б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү, өмгөөлөгчийн хөлс, замын зардал нийт 1.325.268 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймгийн БОЭТ-д 2005 оноос  ажиллах  хугацаандаа ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй.Гэтэл БОЭТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2017-02-01-ний өдөр б/22-р тушаалаар Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн зөвлөх эмч, тасгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж мэдээгүйжүүлгийн эмчээр томилж, урьд авч байсан цалинг бууруулах  шийдвэр гаргалаа. Уг тушаалыг гаргахдаа надад огт мэдэгдээгүй. Удирдлагын багийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэлээ болгосон нь албан тушаал бууруулах хууль зүйн үндэслэл болохгүй. 2017-01- 27-ны өдрийн хуралдааны зорилго нь Чанарын албаны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж эмчээр ажиллуулах  хүсэлт, өргөдлийг хэлэлцэх байсан атал, хуралдааны явцад дэгээ зөрчин миний тухай хэлэлцэн улмаар буруу ташаа мэдээлэл хийж 2016 онд миний хийсэн ажлыг үгүйсгэсэн байсан. Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нар томилогдоод нэг сар ч болоогүй, надтай хамт ажиллаж байгаагүй. Намайг албан тушаал бууруулахдаа намайг ажил, мэргэжлийн алдаа дутагдал гаргасан эсвэл тасгийн ажилтнуудаа зохион байгуулж чадаагүй гэсэн ямар нэгэн шалтгаан ярьж хэлэхгүйгээр хоёр гуравхан хүний хоорондын саналаар чөлөөлсөн байна. Эхийн эндэгдлийн тухайд ямарваа нэгэн хүндрэл бол тухайн сэхээний эмчтэй холбогдож гардаггүй, ялангуяа эхийн эндэгдэл нь тухайн мэргэжлийн эмч нартай холбогдож хүндрэл гардаг. Хүндрэл гарсны дараа манай сэхээний эмч нар очиж тусламж үйлчилгээ үзүүлдэг онцлогтой алба. 3 эхийн эндэгдлийн шалтгааныг Эрүүл мэндийн яам, манай мэргэжлийн зөвлөл хуралдаад эмч Д.Дтай холбоотой алдаа байхгүй гэж  дүгнэлт гарсан байгаа. Энэ эхийн эндэгдлийн шалтгаан нь хэнээс болсныг шалгаж тогтоох асуудал нь өөр асуудал гэж бодож байна. Миний хувьд хүндрэл гарсны дараа нь эмнэлгийн тусламж үзүүлж байсан нь үнэн ч шалтгааныг тогтоох хурал дээр буруу гэж дүгнэлт гараагүй. Би хүнд хортой нөхцөлд 30 жил ажиллаж байгаад 2015 онд тэтгэвэртээ гараад эргээд хүнд хортой нөхцөлд хэвээр ажиллаж байгаа. Манай эмнэлгийн мэргэжлийн хувьд ажлын чадвартай байгаа бол тухайн хүнийг үргэлжлүүлэн зөвлөх эмч болон залуу боловсон хүчнийг дадлагажуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, чадавхижуулах зорилгоор ажиллуулдаг. Энэ уламжлалаараа би ажиллаад явж байгаа. Намайг тушаалаа тэр өдрөө гардаж авсан гэж ярьж байна. Энэ тушаал гарсныг би огт мэдээгүй байсан ба 02 дугаар сарын 01-ний өдөр намайг дуудаад очиход тэнд дарга болон Л.Баярмагнай хоёрхон хүн байсан. Надад тушаал танилцуулсан. “Энэ тушаалыг чинь мэдэхгүй юм байна, сонслоо харин би хүлээж авах боломжгүй” гэж хэлээд гарсан. Ингээд удирдах дээд байгууллагад нь мэдэгдэх нь зүйтэй гэдэг үүднээс Эрүүл мэндийн яаманд өргөдөл бичсэн. Л.Баярмагнай худал мэдүүлэг өгсөн байна. Би өөрөө Л.Баярмагнай, Т.Цэвэлмаа хоёр дээр очиж гуйж байгаад 3 сард тушаалаа авч өргөдөл гаргасан юм. Уг тушаалд баримталсан үндэслэлүүд нь намайг ажил албан үүргээс чөлөөлж өөрчлөх үндэслэл болохгүй ба хууль болон бусад дүрэм журмын заалт нь хууль зөрчиж гаргасан болно. БОЭТ-д 2003 онд батлагдсан Байгууллагын дотоод журмыг мөрдөж байгаа гэтэл уг журмын  5.1.5.2.1-5.1.5.2.3 дэх заалтуудыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн  надад хамааралгүй заалтыг тушаалдаа заасан. Намайг эмнэлгийн байгууллагаас бүр мөсөн халаагүй ба миний байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй хүчинтэй хэвээр байгаа  гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Д зөвлөх эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа бусад эмч нартайгаа зөвлөлдөх, багаар ажиллах чадвар муутай мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байсан. 2016 онд тус эмнэлэг 3 эхийн эндэгдэл гарсан бөгөөд эмч Д.Д нь эхчүүдийг эмчлэх багт орж ажилласан байдаг. Эдгээр эхчүүд ямар шалтгаанаар нас барсан нь  удирдлагын зөвлөлийн 2017-01-27-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсанаас гадна эмчилгээ эрхэлсэн орлогч даргын тайлбарт тодорхой тусгагдсан. Эх эндсэнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эхийн нас баралтын шалтгаан, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийг тогтоохоор хяналт шалгалтыг хийсэн бөгөөд эмчилгээний багт орж ажилласан эмч нарын буруугаас өөрөөр хэлбэл, эмнэлгийн буруутай үйлдлээс болж эх эндсэн болохыг тогтоосон. Ингэхдээ мэдээгүйжүүлэх эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын багаар ажиллах чадвар муу, эхэд хийгдсэн эрчимт эмчилгээ болон кесарево хагалгааны мэдээгүйжүүлэлт төрөлтийн мэдээгүйжүүлэлтийн удирдамж, стандартыг зөрчсөн тул сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний эмчид байгууллагын зүгээс холбогдох хууль тогтоомжид зааснаар арга хэмжээ тооцохыг шаардсан байдаг. Иймд 2017-02-01-ний өдрийн б/22 тоот тушаалаар  ажлаас нь чөлөөлж, мэдээгүйжүүлгийн эмчээр томилсон. Нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй гэжээ.

         Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 143/ШШ2017/00231 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн б/22 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.Дг урьд ажиллаж байсан Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн мэдээгүйжүүлгийн зөвлөх эмч, тасгийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 02, 03 дугаар саруудын цалингийн зөрүү 825.268 төгрөгийг хариуцагч Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлээс 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Д.Дг улсын тэмдэгтийн хураамжид 36.154 төгрөг төлөхөөс чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.355 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас 24.356 төгрөгийг гаргуулан  төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

        Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 143/ШШ2017/00231 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч хяналтын гомдолдоо: тушаалыг 2017-02-01-ний өдөр гаргаж, тухайн өдөртөө гардуулсан. Энэ нь гэрч Л.Баярмагнайгийн мэдүүлэг, эрүүл мэндийн сайдад гаргасан нэхэмжлэгчийн өргөдөл зэргээр тогтоогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн. Д.Д ажил олгогчийн шийдвэрийг гардаж аваад  Эрүүл мэндийн сайдад хувийн өргөдөл гаргасан байдаг.Үүнээс үзвэл  нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлэн 2 сар 3 хоногийн дараа шүүхэд хандсан. Шүүх гол үндэслэлээ Үндсэн хуулийн 16.14, Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэснийг үндэслэн хөөн хэлэлцэх эрхийг сэргээсэн нь үндэслэлгүй. Үндсэн хуулиас салбарлан гарсан Хөдөлмөрийн тухай хуульд ямар хугацаанд энэ эрхээ эдлэх талаар нарийвчлан зохицуулсан байдаг. Би байгууллагын даргатай 2-3 уулзаж та тушаалаа буруу гаргачихлаа гэж хэлж байсан боловч надтай тохирохгүй гэсэн” тайлбарыг үндэслэдэг боловч нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Иймд хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс замын зардал 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “... нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.” гэж дүгнэсэн нь шийдвэрээс зөрүүтэй дүгнэлт болсон гэжээ.

ХЯНАВАЛ:

        Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирал 2017 оны 02 дугаар 01-ны өдөр Б/22 дугаар тушаал /хх 87/ гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 38.1.2., удирдлагын багийн 2017-01-27-ны өдрийн хурлын тэмдэглэл, хамтын гэрээний 2.9.4, Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолыг баримтлан, Д.Дг эрчимт эмчилгээ яаралтай тусламжийг тасгийн мэдээгүйжүүлэгийн зөвлөх эмч, тасгийн  эрхлэгчийн ажлаас чөлөөлж, мэдээгүйжүүлэгийн эмчээр томилсныг зөвшөөрөхгүй 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүг  өмгөөллийн хөлс болон замын зардлын хамт гаргуулахыг /хх 1/ шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй. /хх 59/

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Хариуцагч хяналтын гомдолдоо” ... гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хангасан нь буруу...” гэжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг дараах үндэслэлээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

      1. Хариуцагч 2017 оны 02 дугаар 01-ний өдөр Б/22 дугаар тушаал гаргаж, ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа   ажилтныг ямар шалтгаанаар халсан нь тодорхойгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн  38, 40 дүгээр зүйлийг зөрчсөн байна. 

       Ажил олгогч Д.Дг ажлаас нь халахдаа үндэслэлээ тушаалдаа тодорхой заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах баримт хэрэгт байхгүй тул Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирлын 2017 оны 02 дугаар 01-ний өдрийн Б/22 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй нь тогтоогдсон гэж үзлээ. 

        2. Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. Иймд ажил олгогчийн тушаал хууль зөрчсөн нь тогтоогдсон хэдий ч маргааны талаар гомдол гаргах хугацааг ажилтан хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хангах боломжгүй.

        Харин хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсгийн зохицуулалтыг хэрэглэхэд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх, хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх хоёр урьдчилсан нөхцөл хамтдаа байхыг шаардана.

       а/. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн байна. 

       Тодруулбал, нэхэмжлэлийн үндэслэл болсон тушаалын хувийг Д.Д 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

        Д.Д 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б/22 дугаар тушаалын хувийг хүлээн авч, мөн өдөр ажлаа хүлээлгэн /хх 54, 55/ өгсөн нь гэрч Б.Баярмаагийн  “...нэхэмжлэгч ажлаа 2017-02-01-ний өдөр хүлээлгэн өгсөн...”., гэрч Л.Баярмагнайгийн “...тушаалыг ажлаас халагдсан өдөр нь гардуулан өгсөн...харин дараа нь 3 сард  дахин хуулбарлан авсан...”/хх 68-70/  гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

      Түүнчлэн, ажлаас чөлөөлсөн тухай гомдлыг нэхэмжлэгч /хх 115-119,131-135/ салбарын сайддаа 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргаж байсан нь Монгол улсын Эрүүл мэндийн яамны “...өргөдлийн хариу хүргүүлэх тухай...” 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1а/107-Ө албан бичгээр /хх 114, 136/ нотлогджээ.  

        Гэрч Т.Цэвэлмааг нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх асуусан боловч тэрээр “...би “б”  төрлийн дугаартай тушаалыг хариуцаж ажилдаггүй...” гэж мэдүүлсэн буюу гэрч Б.Баярмаа, Л.Баярмагнай нарын мэдүүлгийг үгүйсгээгүй байна.  /хх 82/

        Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргаагүй, хугацаа хэтрүүлсэн тухай хариуцагчийн тайлбар болон баримтыг үгүйсгэж чадаагүй тул Д.Д Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

        Энэ талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ хэрэгт байгаа баримтыг үндэслэл болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

        б/. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хэдий ч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсгийн “... хүндэтгэн үзэх шалтгаан...” гэдэгт уг хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

         Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааныг нэхэмжлэгч шүүхэд тайлбарлаагүй, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсныг  нотлох баримтыг ирүүлээгүй байхад шүүх гомдол гаргах хугацааг сэргээн нь буруу байна. 

          Ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй, нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан баримт хэрэгт байхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа талууд эвлэрэн хэлэлцэх боломжтой тул “... маргааныг нэхэмжлэгч зөвшилцөх замаар зохицуулахаар ажил олгогч болон дээд шатны албан тушаалтанд хандаж байсан...” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дах хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.

         Нэхэмжлэгч нь ажил олгогч болон дээд шатны албан тушаалтанд хандах нь хууль зөрчихгүй хэдий ч шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

         Д.Д шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацааг хэтрүүлсэн бөгөөд мөн зүйлийн 129.3-т зааснаар хугацааг сэргээн тогтоох үндэслэл тогтоогдоогүй байна.

        Шүүх ажлаас үндэслэлгүй халагдсан тухай Д.Дгийн нэхэмжлэлийг хүлээн авснаар “...хуульд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах...” эрхээ нэхэмжлэгч эдэлсэн гэж үзнэ.

          Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож,       Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд холбогдох “... ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүг өмгөөллийн хөлс болон замын зардлын хамт гаргуулах...” тухай  Д.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 143/ШШ2017/00231 дүгээр шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан үндэслэлгүй тул Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд холбогдох “...эрчимт эмчилгээ яаралтай тусламжийг тасгийн мэдээгүйжүүлэгийн зөвлөх эмч, тасгийн  эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүг өмгөөллийн хөлс болон замын зардлын хамт гаргуулах...” тухай  Д.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 94.560 төгрөгийг Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ