| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 102/2024/06255/И |
| Дугаар | 210/МА2025/00804 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2025/00804
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/01666 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1002 дугаартай шийдвэрээр *******гаас 36,947,044 төгрөг гаргуулж ********-д олгохоор шийдвэрлэсний дагуу уг зээлийн барьцаанд тавьсан улсын бүртгэлийн ******** дугаартай, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* дүгээр байрны 144 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагаа явуулсан.
Миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээг 152,000,000 төгрөг гэж хэт доогуур үнэлсэн. Учир нь тухайн байр хотын төвийн А бүсэд хамаарах, орчны тохижилт сайн, тав тухтай, төв зам дагуу, өргөтгөл хийх, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах бүрэн боломжтой, автомашины зогсоол сайтай, ашигтай байрлалтай бөгөөд тухайн байранд ижил талбайтай орон сууцууд 180-220 сая төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй худалдах зарууд үнэгүй.мн сайт дээр мэдээлэл тавигдсан байгаа.
Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******т холбогдох, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, ********, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* дүгээр байр 144 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 152,000,000 төгрөгөөр үнэлсэн *******-ийн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
********, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* дүгээр байр 144 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь байрлал сайтай, зогсоол сайтай, хотын төвд, төв зам дагуу, өргөтгөл хийх, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах бүрэн боломжтой, зах зээлийн үнэлгээ нь бодит байдал дээр 220,000,000 төгрөгөөр үнэлэгдэхүйц үнэ цэнтэй эд хөрөнгө юм.
Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ********, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* дүгээр байр 144 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн *******-ийн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гарсан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/01002 дугаар шийдвэрээр *******гаас 36,947,044 төгрөг гаргуулан ********-д олгож, барьцаа хөрөнгө болох эрхийн улсын ******** дугаартай, ********, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* дүгээр байр, 144 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
3.1. Дээрх шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ********, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* дүгээр байр 144 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр битүүмжилж, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хураан авчээ.
3.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хураасан хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр *******-ийг шинжээчээр томилжээ.
Шинжээч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ********, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* дүгээр байр 144 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 152,000,000 төгрөгөөр үнэлсэн.
3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байна.
4.1. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7-8 дугаар зүйлд үнэлгээ хийх журам аргачлалын дагуу ********, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* дүгээр байр, 144 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг зах зээлийн хандлагын аргаар 152,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Энэхүү үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байна.
5. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нотолгооны хуваарилалтын талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгсөн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/01666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.БАДРАХ