| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 182/2024/06404/И |
| Дугаар | 210/МА2025/00839 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00839
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/02263 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******** (-д холбогдох,
зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 451,749,101.41 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******** ( нь ******** сангаас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийг малын уурагт тэжээлийн үйлдвэр төслийн зориулалтаар 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Завхан аймаг, Тэс сумын 4 дүгээр баг, Зүр омбил 5 гудамж, ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******** дугаар бүхий үйлдвэрлэл, агуулахын зориулалттай 3,045 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
Хариуцагч үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт огт хийгээгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 300,000,000 төгрөг, хүү 15,022,954.86 төгрөг, алданги 136,696,146.55 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг, нийт 451,749,101.41 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2020 онд ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор тариалалтын үйл ажиллагаа, тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж импортлох үйл ажиллагаатай холбоотой хугацаа алдсан.
2022 оноос бид бүхэн тэжээлийн үйлдвэрийг ажиллуулж эхэлсэн боловч 2022-2024 оны хооронд 3 жил дараалсан ганд өртөж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ургац алдсан. Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар дээрх жил дараалсан гангийн нөхцөл байдлын хор уршгийг багасгах зорилгоор Монгол улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/658 дугаар зээлийн хугацааг сунгах, зээлийн хүүгийн зөрүү төлөх тухай тушаал гарсан.
2024 онд дахин тариалалт хийсэн боловч дахин ган болж ургацаа 3 жил дараалан алдсан. Зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Жил дараалан хөрөнгө оруулалт хийж үр худалдан авч, техник хэрэгслээр маш олон ажиллах хүчний зардал гаргаж тариалалт хийсэн боловч байгалиас 100 хувь хараат тариалангийн салбарт бүс нутгаараа алдагдалд орж, санхүүгийн хүнд байдалд байна.
Иймд алдангиас чөлөөлөх, эсхүл алдангийг бууруулж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ******** (-иас зээлийн гэрээний үүрэгт 451,749,101.41 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********т олгож,
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн ********, үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаар гэрчилгээтэй ******** (-ийн өмчлөлийн Завхан аймаг, Тэс сумын 4 дүгээр баг, Зүр омбил 5 гудамж ******* тоот хаягт байрлах, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай 3,045 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******** (-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,416,695 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
2022-2024 онуудад дараалсан ган болсны улмаас манай компани ургац алдаж, алдагдалд орсон. Иймд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасныг үндэслэн алданги 136,696,146.55 төгрөгийн төлбөрөөс чөлөөлөх, эсхүл бууруулж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй, шүүхэд тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******** -д холбогдуулан зээлийн гэрээ цуцлагдсан үндэслэлээр үндсэн зээл 300,000,000 төгрөг, хүү 15,022,954.86 төгрөг, алданги 136,696,146.55 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг, нийт 451,749,101.41 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч зөвхөн алданги шаардсан нэхэмжлэлийг бууруулах, чөлөөлүүлэх тухай тайлбар гаргаж, нэхэмжлэлийн бусад хэсгийг зөвшөөрсөн.
3. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан гэрээгээр ******** сан нь 300,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутам 0.1 хувийн алданги тооцох нөхцөлтэй ******** -д олгожээ. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээний хугацааг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан.
Уг гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар ******** -ийн өмчлөлийн Завхан аймаг, Тэс сумын 4 дүгээр баг, Зүр омбил 5 гудамж, ******* тоот хаягт байрлах, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай 3,045 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Энэ үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Мөн гэрээгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлбэрээр хүү тооцохоор тохиролцжээ.
4.1. Хариуцагч нь гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, нэхэмжлэгч нь зээл төлөх нэмэлт хугацааг олгосон боловч үр дүнд хүрээгүй учир 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар цуцалсан байна.
4.2. Нэхэмжлэгчийн гаргасан зээлийн тооцоололд хариуцагч мэтгэлцээний тодорхой байр суурь илэрхийлээгүй байх ба анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээлд 300,000,000 төгрөг, хүүд 15,022,954.86 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцжээ.
4.3. Гэрээнд заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 3.3-т зааснаар нэхэмжлэл гарах хүртэл хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцоход алданги 136,696,146.55 төгрөг болжээ.
Хариуцагчийн зүгээс байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж ургац алдсаны улмаас зээлийг эргэн төлөх боломжгүй болж алдагдалд орсон гэж тайлбар гаргасан боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь 300,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутам 0.1 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийг хариуцагчид олгосон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээг илт их гэж багасгах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх алданги шаардсан нэхэмжлэлд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгч хангасан байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
4.4. Мөн үүргийн зөрчилтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал 30,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцэж байгааг дурдав.
5. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******** (-ийн өмчлөлийн Завхан аймаг, Тэс сумын 4 дүгээр баг, Зүр омбил 5 гудамж, ******* тоот хаягт байрлах, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай 3,045 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангажээ.
Иймээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, холбогдох хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/02263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 841,431 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.БАДРАХ