| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0717/Э |
| Дугаар | 979 |
| Огноо | 2019-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 979
2019 06 18 2019/ШЦТ/979
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Шүүгдэгч Ж.Ш, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Шийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02014 0762 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж. Ш,
Холбогдсон хэргийн талаар:
Ж.Ш нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Сансар захын 1 давхарт иргэн С.Амарсанааг өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 02014 0762 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Ж.Ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.Амарсанаагийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сансар захын 1 давхарт байх Архи пивоны ундааны бөөний худалдааны төвийг ажиллуулдаг юм. Ажил дээрээ байж байтал эмэгтэй эрэгтэй 2 халамцуу хүн орж ирээд дээрэнгүй хандаад байсан. Тэгэхээр нь эхнэр бид 2 ямар нэгэн асуудал гаргалгүй үйлчлээд гаргасан. Манай төвийн гялгар тор дууссан учраас би уут авахаар гарч яваад эргээд уутаа аваад ороод иртэл манай эхнэрийг нөгөө 2 халамцуу хүний нэг нь болох эрэгтэй нь гараараа чичээд "чиний гэдсэнд 40кг баас байгаа" гэж харааж байсан. Тэгэхээр нь би тухайн хүний гарнаас нь бариад эхнэрээсээ татаад холдуулсан. Тэгтэл тухайн эрэгтэйтэй хамт явсан халамцуу эмэгтэй нь миний салтаа тус газарт өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3637 дугаартай:
С.Амарсанаагийн биед гэмтлийн гаралтай төмсөгний үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 8/
Гэрч Д.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:
...манай нөхөр тор аваад лангуун дээрээ хүрч ирээд эрэгтэйгийнх нь гарыг татаад надаас юу болоод байгаа юм гэж асуухад нь би наад хүмүүс чинь намайг гэдсэндээ 40 литрийн лаг хийсэн гээд хэл амаар доромжлоод байна гэсэн. Нөхөр чи яахаараа жирэмсэн хүнийг тэгж хэлдэг юм гээд гараараа цааш нь түлхсэн. Тэгтэл эмэгтэй нь манай нөхрийн салтаа тус газар руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
Камерийн бичлгийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогчид бүгд үзэхэд “улбар шар өнгийн гадуур хувцастай саравчтай хар малгайтай эрэгтэй, хар малгай, хар нүдний шилтэй, урт бараан өнгийн хувцастай эмэгтэй хүмүүс лангууны урд байх ба лангууны ар талд байгаа хүн рүү эрэгтэй нь гараараа чичлэн юм хэлж ухас хийх хөдөлгөөн хийх ба түүний зүүн талаас бараан өнгийн дээгүүрээ пудболктой нүдний шилтэй эрэгтэй хүн ирж улбар хувцастай эрэгтэйн зүүн гарнаас барьж хөдөлгөөнийг хориглоход уг хүн рүү дайрав. Энэ үед эрэгтэйгээ эмэгтэй хүн нь нүдний шилтэй эрэгтэйгээс салгаж татаж холдуулах ба эмэгтэй нь нүдний шилтэй эрэгтэй хүний зүүн хөлийн дотор тал, салтаанд нь өшиглөх үйлдэл хийв”
Шүүгдэгч Ж.Шийн шүүх хуралдаанд өгсөн:
Би үнэхээр өшиглөөгүй. Зүгээр хий өшиглөсөн. Төмсөг рүү нь байтугай хөл рүү нь ч өшиглөөгүй. Амарсанаагийн эхнэр, манай нөхөр 2 маргалдсан. Манай нөхөрийг түлхээд авахаар нь би хойшоо бол гээд зүгээр зүүн хөлөөрөө хий өшиглөсөн. Бид 2 лангууны урд зэрэгцээд зогсож байсан. Би Амарсанаагийн биед нь хүрээгүй. Хөлөнд нь ч хүрээгүй. Өдөр нь хоол идээд 2 пиво уусан байсан. Тэрнээс хойш удсан учир эрүүл байсан. Болсон явдлыг би маш сайн санаж байгаа. Анх удаа тэднийхээр үйлчлүүлэх гэж ороод ийм зүйл болсон гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
-Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3/,
-Хохиролын талаарх баримт /хх-ийн 22/,
-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 60/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Ж.Шийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20-21/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Ш нь хохирогч С.Амарсанаагийн салтаа тус газарт нь зүүн хөлөөрөө өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хуруугдсан сиди дэх камерийн бичлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Ж.Шийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршидог болно.
Хохирогч С.Амарсанаа нь нийт 91.100 төгрөг нэхэмжилсэн байна. Уг нэхэмжлэлээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үзлэгийн төлбөрт 8.000 төгрөг, Бум-Энэрэл эмнэлэгийн үзлэгийн төлбөрт 20.000 төгрөг, Монохаус ХХК-ийн эмийн сангаас бараа авхад 43.100 төгрөг төлж нотлох баримтаар 71.100 төгрөгийн хохирол нотлогдож байна.
Уг хохиролыг шүүгдэгч Ж.Шээс гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас унааны зардалд нэхэмжилсэн 20.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээж, хохирогчийн уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэв.
Тухайн хэрэгт дүгнэлт гаргасан шинжээчид хууль сануулсан, шинжээч нь өөрийн гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай болно. Шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт мөрдөгч танилцуулсан байх ба дүгнэлттэй холбогдуулан хэн нь ч санал хүсэлт гаргаагүй байна.
Шинжээч нь дүгнэлт гаргахдаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн тэмдэглэлийг ашигласан болох нь 3637 дугаартай дүгнэлтэд тусгагдсан байх тул уг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн тэмдэглэлийг заавал хэрэгт хавсаргах шаардлагагүй юм.
Шүүгдэгч Ж.Ш нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байдалыг харуулсан камерийн бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн талаарх шүүгдэгчийн дүгнэлт, хохирогчид учруулсан хохиролыг төлж барагдуулаагүй байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж. Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шийг нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая гурван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Ж.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч Ж.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шээс 71.100 төгрөг гаргуулж хохирогч С.Амарсанаа /ШД87032077/-д олгож, хохиролын нэхэмжлэлээс унааны зардал 20.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхисугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эртэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ