Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 984

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

  2019         06         18                                   2019/ШЦТ/984

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч П.Болормаа,   

Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Хохирогч Э.Сарантуяа,

Шүүгдэгч Н.А оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадрал овогт Насанжаргалын Ад холбогдох эрүүгийн 1906 02951 1307 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 75 дугаар байрны 26 тоотод таван сартай жирэмсэн иргэн Э.Сарантуяатай автомашины түлхүүр булаацалдан маргалдаж улмаар гар руу нь цохих, цүнхнээс нь зулгааж оосроор хүзүүг нь зулгалах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

             /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 02951 1307 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Н.А нь хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Э.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Атай хамт амьдраад 1 жил болж байна. Би одоо 5 сартай жирэмсэн. Хамт амьдарч байх хугацаандаа миний биед удаа гар хүрч намайг хэл амаар доромжилж байсан. 2019 оны 05 дугаар сарын 11-ний шөнө эгч болох Дуламсүрэн нь манай гэрт ирж хэрүүл маргаан хийсэн ба Ад ямар нэгэн юм болсон бол би чамтай хариуцлага тооцно гэж хэлсэн. А тухайн үед мөн надруу дайрч намайг түлхэж надтай маргалдсан. 7 хоногт 1 удаа заавал гадуур архи ууж хонодог. Хааччихаад ирж байгаа талаар нь асуухаар намайг чи хардлаа гэж хэрүүл маргаан үүсдэг. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр намайг мөн зодож миний биед гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5849 дугаартай:

Э.Сарантуяагийн биед хүзүү, бугалга, шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд болон 7-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19 тал/,

 

Шүүгдэгч Н.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн өдрийн шөнө 00 цагийн орчим унтах гээд байж байтал миний утас дугараад манай том эгч залгасан. Эхнэр надаас хэн залгаад байгаа юм гэж хэлээд хэрүүл хийсэн. Тэгэхээр нь би эгч гэж хэлэхгүй хүн пивоны мөнгө асууж байна гээд хэлсэн. Хардаад байхаар нь би хэнч залгасан яадаг юм гээд уурлаад эгчийг гэж хэлээгүй тэгтэл хажуу талаас хөнжил татаад чимхэх цохих мэтээр хүн унтуулахгүй 2 цаг орчим болсон. Тэр үед манай эгч хөдөөнөөс гэр бүлийнхээ хүний хамт ирээд унтаж байсан тэгтэл эгч сонсоод уурлаад намайг газар буугаад дүүгийнхээ хажуугаар орж унт гэхээр нь би дүүгийн хажуугаар ороод хэвттэл эхнэр явлаа гэж хэлээд хувцасаа өмсөөд үүдрүү гараад эргэж орж ирээд таксины мөнгө гэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. Машины түлхүүр болон миний гар утсыг зурагтны тавиур дээрээс шүүр аваад гарна гэхээр нь би явуулахгүй гэхэд чамаас сална харина гээд байсан. Машины түлхүүр өг гээд булаацалдсан. Тэгж байх явцдаа эхнэрийн цүнхний оосорноос таттал хүзүүг нь зулгалчихсан. Тэгтэл эхнэр гараад гүйсэн.Цонхоор хартал орцоор гараагүй учир би араас нь гарахад орцонд сууж байсан. Эгч тэр үед эхнэрийн аавыг эгч дуудсан.Аав нь бид хоёрыг орцонд байхад ирээд хамт гэр рүү ороод эгчтэй уулзаад эхнэрийг аваад явсан. Эхнэр одоо 6 сартай жирэмсэн гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

-Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 4 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Н.Аы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24 тал/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.А нь хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Н.Аы хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Э.Сарантуяагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Э.Сарантуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Н.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аыг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.          

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ