Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/00841

 

 

 

 

 

********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/02413 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ********-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********-д холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг, алданги 18,750,000 төгрөг, нийт 56,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагчийн өмгөөлөгч *********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах ******** үйлчилгээний төвийн барилгын гадна дулаан хангамжийн болон цэвэр усны шугам угсралт, барилгын узель шинэчлэл засварын ажил, мөн ажлын дагуу үүсэх эвдрэл гэмтлийг засах зорилгоор ажил гүйцэтгэх гэрээг ********-тай байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 14 хоног, гэрээний нийт төлбөр 75,000,000 төгрөг байсан.

Гэрээний 7.2-д гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 хоногийн дотор урьдчилгаа төлбөр 37,500,000 төгрөг, 20******* оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл 37,500,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон. 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр урьдчилгаа төлбөрөө хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгэн, захиалагч талд хүлээлгэн өгч, акт үйлдсэн.

Ажил гүйцэтгэх гэрээний 7.2-т зааснаар төлбөрийн үлдэгдлийг 20******* оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх ёстой байсан бөгөөд 734 хоног хугацаа хэтэрсэн. Гэрээний 8.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.2 хувийн алданги тооцоход нийт 55,000,050 төгрөг болсон. Иймд гэрээний төлөгдөөгүй төлбөр 37,500,000 төгрөг, алданги 18,750,000 төгрөг, нийт 56,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******** нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу ******* тоот хаягт байрлах ******** төвийг өмчилдөг. ******** нь хүсэлт, зөвшөөрлийг амаар өгсний дагуу түүнийг төлөөлж ******** нь ******** төвийн барилгын гадна дулаан хангамжийн болон цэвэр усны шугам угсралт, барилгын узель шинэчлэл засварын ажил болон ажлын дагуу үүсэх эвдрэл гэмтлийг засуулах зорилгоор ажил гүйцэтгэх гэрээг ********-тай байгуулсан. Гэрээ байгуулах үед барилгын өмчлөгч нь ******** гэдгийг ********-д мэдэгдсэн бөгөөд төлбөр нэхэмжлэх бүрд ********-иас шаардах хэрэгтэй гэдгийг зөвлөдөг байсан.

Урьдчилгаа төлбөр 37,500,000 төгрөгийг ********-аас 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төлсөн. Энэхүү төлбөрийг ********-иас нэхэмжлээд одоог хүртэл авч чадаагүй. Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг ********-д төлөхийг ********-иас шаардсан боловч шаардлагыг хүлээн аваагүй.

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт тус тус зааснаар жинхэнэ хариуцагч нь ******** болно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

******** нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу ******* тоот хаягт байрлах ******** төв барилгын өмчлөгч биш. Хариуцагч ******** нь нэхэмжлэгч ********-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нөхцөл болон төлбөртэй холбоотой асуудлаар ********-ийн удирдлагатай уулзаж, ямар нэгэн гэрээ хэлцэл хийх болон ажил гүйцэтгүүлэх тохиролцоог хийгээгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********-иас 56,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ********-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********-иас улсын тэмдэгтийн хураамж 439,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч нь "********" төвийн барилгын өмчлөгч нарын мэдээллийг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газраас гаргуулах, мөн гуравдагч этгээд ********-иас албан ёсны тайлбарыг гаргуулах хүсэлтийг гаргасан.

2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зарлагдсан хурал болох гэж байхад гуравдагч этгээд албан ёсны тайлбар, баримтыг гаргаж өгөөгүй байсан. Гуравдагч этгээдээс тайлбар, баримт өгөөгүй учир "********" төвийн барилгын өмчлөгч нарын талаарх мэдээллийг, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах хүсэлтийг гаргасан. Хэрэв гуравдагч этгээдийн зүгээс тайлбар, баримтыг хугацаандаа гаргаж өгсөн бол түүний хариу татгалзал бүхий баримт гаргуулах ажиллагааг даруй хийх байсан. Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх эрхийг хангаагүй.

Гуравдагч этгээд шүүх хуралдаан дээр баримт, тайлбар гаргаж байхад анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо баримтаар нотлоогүй гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхисон, мөн гуравдагчийн гарган өгсөн баримттай танилцуулж, хариу татгалзал, тайлбар гаргах боломжоор хангаагүй.

5.2. ******** нь ********-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч гарын үсэг зураагүй, тамга тэмдэг ч байхгүй. ******** ч хүлээн аваагүй байдаг. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын үр дүнг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөөгүй учир *******-иас хөлс нэхэмжлэх эрхгүй.

5.3. ********-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ********гийн хүсэлтийн дагуу түүнийг төлөөлж, ажил гүйцэтгэх гэрээг ********-тай байгуулсан. Гэрээ байгуулах үед барилгын өмчлөгч нь ******** гэдгийг ********-д мэдэгдсэн бөгөөд төлбөр нэхэмжлэх бүрд ********-аас шаардах хэрэгтэй гэдгийг зөвлөдөг байсан. Гэтэл төлөөлөгч *******-ийг төлбөрийн хариуцлагад унагаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хэргийн жинхэнэ хариуцагч биш болно. Өмчлөгчийн талаарх мэдээлэл нь үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаагаар харагдана.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Ажил гүйцэтгэх гэрээг ******** нь ********-тай байгуулсан, гэрээний ажлыг хүлээлгэж өгсөн акт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

*******-ийн удирдлагын зүгээс хариуцагчтай уулзаж тус асуудлаар үүрэг даалгавар өгч, хүсэлт гаргаж байгаагүй. Гэрээнд заасан ажлыг хариуцагч өөрөө хүлээж авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ******* сар явагдсан тул нотлох баримт гаргуулах хүсэлт нь үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг, алданги 18,750,000 төгрөг, нийт 56,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ********-иас амаар өгсөн итгэмжлэлийн дагуу гэрээ байгуулсан үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг дэмжиж оролцсон.

 

3. 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах ******** үйлчилгээний төвийн барилгын гадна дулаан хангамжийн шугам угсралт, цэвэр усны шугам угсралт, барилгын узель шинэчлэл засварын ажил, эвдрэл гэмтлийг засах ажлыг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр,

хариуцагч нь гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 хоногийн дотор урьдчилгаа төлбөр 37,500,000 төгрөг, 20******* оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл 37,500,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

3.1. ******** нь гэрээний 7.2-д зааснаар урьдчилгаа төлбөр 37,500,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ********-д шилжүүлж өгсөн.

 

3.2. 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хариуцагчид гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, мөн дулааны зангилгаа, ус халаагчийг угсарсан акт тус тус үйлдэж хүлээлгэн өгсөн байна.

 

3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Мөн гэрээний 8.3-т захиалагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан.

 

4.1. Хариуцагч ******** нь ********-иас амаар өгсөн итгэмжлэлийн дагуу түүний өмнөөс ********-тай гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлан авч үзэхэд энэ утга санаа тусгагдаагүй.

Харин Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан болох нь бичгээр байгуулагдсан гэрээ, ********-иас нэхэмжлэгчид гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 37,500,000 төгрөг шилжүүлсэн, мөн ажлын үр дүнг хүлээн авсан үйл баримтаар тогтоогдсон.

 

4.2. ******** нь ажлын үр дүнг хүлээж аваагүй гэж маргасан боловч тус компанийг төлөөж гэрээ байгуулсан хяналтын инженер Б.Уугандалай 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажлыг хүлээн авсан актуудад гарын үсэг зурж баталгаажуулсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад актад зурагдсан гарын үсгийн үнэн зөв эсэхэд хариуцагч маргаж хүсэлт гаргаагүй.

 

4.3. Иймд гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж үр дүнг хүлээлгэн өгсөн, захиалагч нь гэрээнд заасан хугацаанд хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүх ажлын хөлс 37,500,000 төгрөг, алданги 18,750,000 төгрөг, нийт 56,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

Шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарахгүй заалт баримталсан, мөн алдангид холбогдох шаардлагыг шийдвэрлэхэд холбогдох зохицуулалт баримтлаагүй байгааг залруулж өөрчлөлт оруулна.

 

5. Гуравдагч этгээдийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримт, тайлбарт хариу тайлбар гаргах боломж олгоогүй, ******** төвийн барилгын өмчлөгчийн мэдээллийг гаргуулах хүсэлтийг хангаагүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.1. Ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд захиалагч нь ажлыг өөртөө болон гуравдагч этгээдэд зориулан гүйцэтгүүлэх боломжтой бөгөөд өөр гэрээний дагуу хийгдэх ажлыг хэрэгжүүлэхдээ туслан гүйцэтгэгчийг оролцуулах тохиолдол ч мөн байдаг.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүссэн тул ******** төвийн барилгын өмчлөгч хэн байх нь энэ маргаанд хамааралгүй.

Иймээс анхан шатны шүүх 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/13191 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан ******** төвийн барилгын өмчлөгчийн мэдээллийг гаргуулах хүсэлтийг хангаагүй орхисныг буруутгахгүй.

 

5.2. Гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, баримттай хариуцагчийн өмгөөлөгч танилцсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан. Ийнхүү танилцаад ******** төвийн барилгын өмчлөгчийн мэдээллийг гаргуулах хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч гаргасан тул түүний гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, баримттай танилцах, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан гэж дүгнэхгүй.

 

5.3 Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс ********-иас итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаж тайлбар гаргаж байх боловч энэ талаар маргах эрх зөвхөн төлөөлүүлэгчид хадгалагдана.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, маргааны зүйлд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгсөн тул шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/02413 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 346 дугаар зүйлийн 346.1 гэснийг хасч, 232.5 гэснийг 232.6 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ