Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 997

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

    2019         6           20                                  2019/ШТ/997  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч М.Очбадрах,   

Нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Шүүгдэгч К.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төлек овогт Көкебайгийн Мт холбогдох эрүүгийн 1906 03403 1418 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч К.М нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны орцонд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогч А.Батырбекийн нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                        

  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                   

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч К.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 03403 1418 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч А.Батырбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэртээ амарч байтал зүс таних Нархулан гэх залуу ирээд “хөөе нааш ир" гараад ир гээд дуудсан. Тэгэхээр нь би дүү болох Бауыржаны хамт байрныхаа орцонд гараад уулзах гэж байтал Нархулан, М, Отанбекийн дүү болон Отанбек гарч ирсэн. Тэгээд бид байрнаас болоод хэсэг хэрүүл маргаан болоод зогсож байтал М гэх эрэгтэй ирээд хажуунаас намайг цохиод авсан гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

 

Гэрч Р.Отанбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би тухайн Баянзүрх дүрргийн 14 дүгээр хороо 64-19 тоот байрны нэг өрөөг түрээслэдэг. Тэгээд түрээслэгч болох Батырбек, Бауыржан нарыг нэг сарын төлбөрөө төлөөгүй учир байраа суллаж авмаар байна, 6 дугаар сарын 01-ний өдөр гараарай гэж хэлсэн. Гэтэл тэр хүмүүс гарахгүй гээд 06 дугаар сарын 20-ны өдөр гарна гэж хэлсэн. Тэгээд би 6 дугаар сарын 02-ны өдөр утсаар залгаад гарахыг шаардахад 6 дугаар сарын 03-ны өдөр гарна гэж тохирсон. Гэвч хугацаандаа гараагүй. Тэгээд орой гэртээ байж байтал Батырбекийн найз нь гэх эмэгтэй манай эхнэрийг дуудахаар нь бид гараад уулзсан. Гэтэл Бауыржан манай эхнэрийг хэл амаар доромжлоод “чаддаг юм бол гаргаарай чадахгүй бол 6 дугаар сарын 20-ны өдөр гарна” гэж хэрүүл өдөөд байсан. Тэгээд өрөөндөө орцгоосон. Тухайн үед Нархулан, М хоёр миний машиныг авчирч өгөх гээд гэрт ирэхэд нь би Нархуланд “найзууд чинь гарахгүй байна” чи хэлээд өгөөч гэж хэлтэл Нархулан тухайн хүмүүсийг дуудаад орцонд гарсан. Тэгээд орцонд Нархулан, М: Батырбек, Бауыржан бид 5 гараад ярилцсан. Гэтэл Батырбек хэл амаар доромжлоод Мийг нэг удаа цээжрүү нь цохиход нь М Батырбекийг нэг удаа нүдрүү нь цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

 

Гэрч А.Бауыржаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би гэртээ амарч байтал Нархулан гэх залуу ирээд хаалга нүдээд гараад ир гэсэн. Тэгээд би орцондоо гараад очтол М, Отанбек нар намайг цохиод байсан. Тэгээд удалгүй араас ах гараад ирсэн. Тэгээд байж байтал М гэх эрэгтэй ирээд Батырбек ахын нүдрүү цохьсон гэх мэлүүлэг /хх-ийн 16 тал/,

 

Гэрч Н.Хуралайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тэгээд бүх залуучууд орцонд гарсан. Удалгүй шуугиан гараад явчихаар нь гэрт байсан эмэгтэйчүүд гараад очтол Батырбекийн нүд хавдчихсан байсан. Бауыржаныг манай нөхөр салгаад барьчихсан зогсож байсан. Харин Нархулан М, Батырбек хоёрыг салгаад зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад эхлээд Батырбек Мийн цээжрүү түлхсэн гэсэн. Бауыржан би найз нарыгаа дуудчихлаа одоо та нарт зодоон ямар байдгийг үзүүлнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймар юм болохнээ гэж бодоод цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

 

Гэрч Н.Нархуланы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн өдөр би Отанбек ахын машиныг авсан байсныгаа буцаж аваачиж өгөх гээд Мийн хамт Отанбек ахад машины түлхүүрийг нь өгчихөөд байж байтал Отанбек ах “энэ хүмүүс чиний найз, чиний үе учир чи эвтэйхэн яриад үзээч байрнаас гарах хугацаа нь өнгөрчихсөн" гэж хэлсэн. Тэгээд би Батырбекийн өрөөний хаалгыг тогшоод Батырбекийг дуудсан. Тэгээд орцонд М, Отанбек бид 3 гараад зогсож байтал Батырбек, дүү Бауыржаны хамт гарч ирээд М уруу “чи намайг яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд Батырбекийн цээж рүү гараараа чичээд байсан. Тэгээд маргаан хүндрээд эхэлтэл Бауыржан дайрах гээд байхаар нь Отанбек ах Бауыржаныг салгаад тэврээд холдуулсан. Тэр үед М, Батырбек нар гараа сунгаад зодолдох гээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6817 дугаартай:

А.Батырбекийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27 тал/,

 

Шүүгдэгч К.Мийн мөрдөн байцаалтад өгсөн:

Тухайн өдөр би найз Нархуланы хамт ах Отанбекийн машины түлхүүрийг гэрт нь авчирч өгөхөд Отанбек хажуугийн өрөөний хүмүүс байрны түрээс өгөхгүй байж байр суллахгүй байна гэж хэлсэн. Тэгээд учрыг нь олоод ярилцаад өг гэж хэлсэн. Тэгээд хажуугийн өрөөний Бауыржан болон Батырбек нар гарч ирээд бид орцонд ярилцахаар гарсан. Гэтэл тэр хоёр учиргүй хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд Бауыржан “та нар намайг мэдэхгүй байна, барахгүй шүү” гэх мэтээр доромжилсон. Тэгээд зогсож байтал Батырбек миний цээжин тус газарт нэг удаа гараараа цохьсон. Тэгээд тэр хоёр над уруу гараа сарвайлгаад дайрахаар нь би тонгойж байгаад гараараа нэг удаа Батырбекийн нүд рүү цохьчихсон гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

-холбооны хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 3 тал/,

-шүүгдэгч К.Мийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/,

-цагдаагийн байгууллагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 36 тал/

-хохирогч А.Батырбекийн 300.000 төгрөг хүлээн авсан, гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 51 тал/,

-К.Мийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 52 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас К.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч К.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч К.Мийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь хохирол төлбөрт 300.000 төгрөг хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй гэх хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч К.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж, хохирогчтой эвлэрсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Мийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.          

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч К.М нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ