Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 998

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

    2019         06          21                                2019/ШЦТ/998  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Алтанцэцэг,   

Нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Лхагвадоржийн Төд холбогдох эрүүгийн 1906 02570 1112 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                                     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Санхүүгийн менежер мэргэжилтэй, Голомт банкны бизнес хөгжлийн газарт бүтээгдэхүүн хөгжлийн менежер ажилтай, ам бүл 2, эгч Л.Энхжаргалын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Нарлаг 9 дүгээр байрны 32 тоотод оршин суух иргэний үнэмлэхний хаягтай, одоо Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны 45б байрны 102 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Харчин овогт Лхагвадоржийн Т, Регистрийн дугаар: /ЗЮ95082616/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны гадна өөрийн 08-77 УНЯ улсын дугаартай Приус-20 маркийн машин дотор иргэн Ш.Маргад-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгой болон нүүр, гар хэсэгт цохих, далны орчим хазах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

         /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 02570 1112 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Л.Т нь иргэн Ш.Маргад-Эрдэнийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ш.Маргад-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Лхагвадорж овогтой Т гэх залуутай 2018 оны 02 дугаар сараас хойш танилцаад 2018 оны 3 дугаар сарын 10-наас үерхэж эхэлсэн. 2019 оны 3 дугаар сарын сүүлээр салсан. Тэгээд бид хоёр байнга холбоотой байсан. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний орой найзуудтайгаа хоолонд орж байхад Л.Т нь согтуу уулзая гэж хэлсэн. Бид хоёр Мандала хотхоны гадна Л.Тийн 08-77 УНЯ улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн машины хойд суудал дээр юм ярьж сууж байгаад миний гар утсыг булааж аваад, машиныхаа хаалгыг цоожлоод намайг хардаад миний толгойн ар тал руу тохойлдож, гарын сарвуу баруун, зүүн хацар, нүүр рүү цохиж, хоолой боож, далыг хазсан. Би машинаас бууж чадахгүй болиоч гэж орилж, хашгирсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

 

Гэрч Н.Батнарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тус хэлтсийн машинт эргүүлийн үүргийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Н.Энхболдын хамт үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 22 цаг 34 минутанд Баянзүрх дүүргийн 26-р хороо Мандала хотхонд 08-77 УНЯ приус маркийн тээврийн хэрэгсэл дотор эмэгтэй хүн туслаарай гээд орилоод байна гэх дуудлага өгсөн ба тухайн дуудлаган дээр 10 минутын дотор очиход Мандала хотхоны машины зогсоол дээр 08-77 УНЯ приус маркийн тээврийн хэрэгсэл байсан ба тухайн тээврийн хэрэгслийг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хэрүүл хийж байсан тул цагдаагийн машиндаа суулгаж юу болсон талаар тодруулахад хоорондоо англиар хэрэлдээд байсан ба тухайн эмэгтэйгийн биед баруун шуу, баруун гарын сарвуу, зүүн чихний ар талд бага зэрэг шалбарсан ба цус гараагүй эрэгтэйгийн баруун гарын хуруунаас нь цус гарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

Гэрч Б.Өүлэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2019 оны 4 дүгээр сарын 19-нд Их монгол рестораны орчимд байхад шөнө 00 цагийн орчимд найз Маргад-Эрдэнэ над руу залгаж утасны цаанаас уйлаад цагдаа нар ирсэн байна, намайг авч явах гээд байна, чи хүрээд ирэх үү гэхэд би тухайн газраасаа Мандала хотхон руу такси бариад очиход Ш.Маргад-Эрдэнээс архи үнэртэж байсан ба эргүүлийн 2 цагдаа ирсэн байсан. Тэгээд юу болсон талаар Ш.Маргад-Эрдэнээс асуухад Л.Ттэй маргалдаад намайг нүүр рүү цохиж, боож, нуруу руу цохьсон гэж хэлсэн. Ш.Маргад-Эрдэнийн биед тухайн үед зүүн дээд уруул нь хавдаж хөхөрсөн, цус гарсан, зүүн талын хацар нь хавдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

 

Гэрч Н.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тус хэлтсийн машинт эргүүлийн үүргийн эргүүлийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Н.Батнарангийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 22 цаг 34 минутанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Мандала хотхонд 08-77 УНЯ приус маркийн тээврийн хэрэгсэл дотор эмэгтэй хүн туслаарай гээд орилоод байна гэх дуудлага өгсөн ба тухайн дуудлаган дээр 10 минутын дотор очиход Мандала хотхоны машины зогсоол дээр 08-77 УНЯ приус маркийн тээврийн хэрэгсэл байсан ба тухайн тээврийн хэрэгслийг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн англиар хэрүүл хийж байсан тул тухайн 2 хүнийг цагдаагийн машиндаа суулгаж юу болсон талаар тодруулахад хоорондоо англиар хэрэлдээд байсан ба тухайн согтуу эмэгтэй согтуу эрэгтэйдээ хандан чи манай гэрт дахин ирэхгүй гэх юм бол би гомдолгүй гэж хэллээ гэхэд тухайн согтуу эрэгтэй би дахин танай гэрт ирэхгүй гэж хэлсэн. Эмэгтэйгийн биед дээд уруул нь хавдсан дотор талдаа хөхөрсөн, хоёр гар нь хөхөрсөн байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4924 дугаартай:

Ш.Маргад-Эрдэнийн биед дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү, зүүн чихний дэлбэн, хүзүү, цээж, баруун шуу, баруун гарын сарвуу, зүүн гарын сарвуу, зүүн даланд цус хуралт, дээд уруулд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17 тал/,

 

Шүүгдэгч Л.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр би ажлын газрын хүмүүстэй Энхтайвны гүүрний орчим нэг пабд суусан. Тэгээд найз охин Ш.Маргад-Эрдэнэтэй уулзая гэхэд зөвшөөрч намайг тухайн газраас ирж авч, би архи уусан байсан тул бид хоёр миний машинаар дуудлагын жолооч дуудаж Мандала хотхонд ирсэн. Тэгээд дуудлагын жолооч оо явуулсан. Найз охин Ш.Маргад-Эрдэнэ бид хоёр машины хойд талын суудал дээр сууж ярилцаж байгаад өмнөх асуудлуудаа сөхөж маргалдсан ба чат унших гэж гар утсыг нь булааж авсан. Энэ үед Ш.Маргад-Эрдэнэ машинаас буух гээд байхаар нь би тайвшруулах гэхэд миний баруун гарын хуруунуудыг хазсан ба цус гарсан. Ш.Маргад-Эрдэнэ уурлаж намайг баруун тохойгоороо миний толгой руу 3 удаа цохиж, гараараа самардаад байсан. Би Ш.Маргад-Эрдэнийг тайвшруулах гэж гарнаас нь атгаж барьсан. Тухайн үед намайг Ш.Маргад-Эрдэнэ цохих гээд дайраад байхад нь өөрийгөө хамгаалах үед үүссэн гэмтэл гэж үзэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 4 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-35 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Л.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 тал/, хохирогчийн гомдол, саналгүй гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 37 тал/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.        

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Л.Тийн иргэн Ш.Маргад-Эрдэнийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Т нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч Л.Төд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Төд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

  

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Төд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

  

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ