Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 01127

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01112/И

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сум ****** дугаар баг ****** -р хороолол ******* ******* ******-р байр ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ын *******д холбогдох

 

зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 4623 728,21 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч салбарын захирал М.Энхтайван, хариуцагч, Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарын захирал М.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарын харъяа хээтэй хороололын тооцооны төв нь иргэн Б.*******тай 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 138 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай, сарын 1,4 хувийн хүүтэй, 5 500 000 төгрөгийн зээл олгосон. Гэтэл зээлдэгч Б.******* нь дикритээ авч зээл, хүүгээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, банкны ажилтны удаа дараагийн албан ёсны шаардлагыг үл биелүүлж, графикт төлөлтөө төлөхгүй, банкыг хохироож байна. Б.*******тай байгуулсан цалингийн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 4 412 606,82 төгрөг, хүү 194 842,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 779, 05 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг нийт 4 623 728,21 төгрөг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

        Хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр цалингийн зээл 5 500 000 төгрөг авсан нь үнэн. Хүүхэд төрүүлээд өрхийн орлогогүй болсон. Хугацаа хэтэрсэн зээлийг төлөөд графиктаа орох хүсэлтэй байна. Банкны гаргаж өгсөн тооцоолол эргэлзээтэй, банкыг хохироосон үндэслэл тогтоогдохгүй байгаа  тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

           Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч Б.*******д холбогдуулан  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 138 тоот зээлийн гэрээний төлвөл зохих зээлийн төлбөр нь үндсэн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 4 412 606,82 төгрөг, хүү 194 842,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 779, 05 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг нийт 4 623 728,21 төгрөгийг хариуцагчаар төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч Б.*******тай 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 138 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 5.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,4 хувийн хүүтэй зээлдүүлж, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 5-8/

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж  маргажээ.

 

Хариуцагч Б.******* нь графикийн дагуу үндсэн зээл 1 142 393,58 төгрөг, хүүд 1 001 793,46 төгрөг, торгуулийн хүүд 16 997 төгрөг нийт 2 152 247,33 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч Б.*******д 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлийн төлбөрөө хийхийг мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан зээлийн хүү төлөх мэдэгдэл, зээлдэгч Б.*******гийн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж зааснаар 2016 оны 2 дугаар сарын 24-нд төлбөрөө төлөхийг сануулсан боловч өнөөдрийн байдлаар эргэн төлөлт хийгээгүй байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Б.*******гаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4 623 728,21 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбар, хариуцагч Б.******* нарын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Цалингийн барьцаат зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.*******гаас 4 623 728,21 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88930 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 88930  төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.   

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.АЛТАНТУЯА