| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 192/2025/00990/И |
| Дугаар | 210/МА2025/00843 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00843
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/02104 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******** холбогдох,
өмчлөгчөөр тогтоолгож, эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******т *******0 улсын дугаартай ******* маркийн хагас чиргүүлийг толгойн хамтаар 2022 оны 07 дугаар сард 45,000,000 төгрөгөөр худалдахдаа 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ******* улсын дугаартай, ******* авто машиныг 20,000,000 төгрөгт тооцож, автомашины толгойн төлбөрт хүлээн авсан. Үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөгийг шилжүүлснээр ******* улсын дугаартай, ******* маркийн хагас чиргүүлийн нэрийг *******д шилжүүлэхээр тохиролцсон боловч өнөөг хүртэл сураггүй байгаа.
******* маркийн хагас чиргүүлийг ******** байгаа сураг сонсон очиж уулзаж чиргүүлийг буцаан шилжүүлэхийг шаардахад үндэслэлгүйгээр татгалзсан.
Иймд ******* улсын дугаартай, ******* маркийн хагас чиргүүлийг бусдын хууль бус эзэмшлээс буцаан гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь 2022 оны 07 сард ирж уулзаад ********оос ******* маркийн ******* улсын дугаартай чиргүүлийг толгойн хамт 45,000,000 төгрөгөөр худалдаж авсан ч эвдрэл гараад ажил үүрэг гүйцэтгэж чадахгүй байна. Таньд чиргүүл байвал энэ чиргүүлийг өгөөд танаас өөр чиргүүл авъя гэсэн тул эвдэрсэн чиргүүлийг нь 5,000,000 төгрөгт бодож өгөөд надаас 30,000,000 төгрөгийн үнэ бүхий хөргүүртэй чиргүүл аваад яв гэсэн.
******** иргэний үүргээ биелүүлээгүй эрхийн доголтой машин худалдсанаас болж ******* төлбөрөө хийх гэж бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто осол гаргасан. Миний бие ******* зарсан чиргүүлээ хүнээр дамжуулан Баян-Өлгий аймгаас чирүүлж буцаан авч худалдах-худалдан авах гэрээг цуцалсан. ******** бид 2-ын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Би нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******** холбогдох, ******* улсын дугаартай, ******* маркийн хагас чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр худалдан авагч тал тээврийн хэрэгслийн төлбөрийг бүрэн төлснөөр өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон нь уг ******* маркийн хагас ачааны эзэмшлийн гэрчилгээ ******* нэр дээр байгаагаар шууд нотлогдож байна.
******* улсын дугаартай, ******* маркийн хагас ачаа нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар ******* эзэмшилд байгааг харгалзаж үзээгүй. Мөн нотлох баримтгүйгээр хариуцагчийг эзэмшигч мөн буюу арилжааны гэрээний үндсэн дээр авсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй. ******* бид хоёрын төлбөр тооцоо дуусаагүй тул энэ хагас чиргүүл нь миний эзэмшилд байгаа нь үндэслэлтэй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******** нь холбогдуулан *******0 улсын дугаартай, ******* маркийн чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгох, уг чиргүүлийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь бусдаас чиргүүлийг арилжааны гэрээний үндсэн дээр авсан гэж эс зөвшөөрч маргасан.
3. ******** нь *******д ******* улсын дугаартай, ******* маркийн чиргүүлийг толгойн хамт худалдахаар харилцан тохиролцож шилжүүлж өгсөн, харин үүний дараа ******* нь ******* улсын дугаартай, ******* маркийн чиргүүлийг ******** мөн шилжүүлж өгсөн.
3.1. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын тээврийн хэрэгслийн мэдээллийн санд ******* улсын дугаартай, ******* маркийн чиргүүлийн эзэмшигчээр ******** бүртгэгдсэн ч чиргүүл бодитоор ********ы эзэмшилд байна.
3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон байна.
4. Анхан шатны шүүх маргааны хүрээг зөв тодорхойлж, хариуцагчийн эзэмшил хууль бус эсэх талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлтийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцүүлэн өгчээ.
4.1. Нэхэмжлэгч нь *******тай байгуулсан гэрээний хэрэгжилтэд үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэгт уг гэрээний хэрэгжилт, талууд гэрээнээс татгалзсан эсэхтэй холбоотой баримт авагдаагүй.
Энэ талаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоос гадуур өмчлөлийн зүйлээ алдсан болохоо баримтаар нотлоогүй гэж зөв дүгнэсэн.
4.2. *******аас *******0 улсын дугаартай, ******* маркийн чиргүүлийг ******** нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсгэсэн тул мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч юм.
Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасан тул хариуцагч нь ********, ******* нарын хооронд үүссэн төлбөр тооцооны үлдэгдлийн талаарх маргааныг мэдэх боломжгүй байжээ.
Мөн Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол эд хөрөнгө эзэмшигч нь гуравдагч этгээдийн хувьд тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр тооцогдохгүй гэж заасан нь энэ маргаанд хамаарахгүй.
Учир нь анхан шатны шүүх Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэл нь эд хөрөнгийн эрхийг үүсгэж, дуусгавар болгох зорилго бүхий бүртгэл биш, харин Монгол улсад эзэмшиж ашиглаж байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлтэй байлгах, хаана хэрэглэгдэж байгаа болохыг тогтоох, энэ талаарх мэдээллийн сан үүсгэж, хяналттай байлгах зорилготой бүртгэл гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм.
4.3. Иймд *******тай байгуулсан гэрээний үр дагаврыг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй, хариуцагч нь шударга эзэмшигч болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцжээ.
5. ********-*******, *******-******** нарын хооронд үүссэн үүргийн эрх зүйн харилцаатай холбоотой асуудлаар гэрээний талуудын маргах эрх нээлттэй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/02104 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Т.БАДРАХ