| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2024/07873/И |
| Дугаар | 210/МА2025/00883 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00883
******** нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/02568 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******** нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******** холбогдох,
газар өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Охин ******** нь нөхөр ******* хамт *******-аас авсан зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсэж, уг зээлийг хаахад бусдаас мөнгө зээлэх шаардлагатай болсон тул ******* гэх хүнээс 10,000,000 төгрөг зээлэх тохиролцоонд хүрсэн.
******* нь 10,000,000 төгрөг зээлэхдээ миний өмчлөлийн 456 м.кв талбайтай газрыг худалдах, худалдан авах гэрээ хийгээд барьцаалчих, харин гэрээг ********тэй байгуулаарай гэсний дагуу ********тэй 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр "Газар худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан.
******* нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр *******-ийн зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөгийг зээлийн данс руу шилжүүлэн төлж, зээлийг хаагаад, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа ********ын нөхөр ******* руу шилжүүлсэн.
Ингээд тохиролцсон ёсоор зээлсэн 10,000,000 төгрөг дээр 6,000,000 төгрөг нэмж, нийт 16,000,000 төгрөгийг *******д өгч газраа буцаан шилжүүлж авах гэхэд зугтаад олдохгүй нөхцөл байдал үүссэн.
Маргаан бүхий газар дахин төлөвлөлтөд орж, гэрээ байгуулагдахад газрыг 130,000,000 гаруй төгрөгөөр үнэлж, 70 гаруй метр квадраттай орон сууцаар солихоор тохиролцсон байдаг. Энэ гэрээ ********тэй гэрээ байгуулахаас өмнөх асуудал юм.
Иймд ******** болон ******** нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, ******** нь маргаан бүхий 456 м.кв талбайтай газрыг өөрийн нэр дээр шилжүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул газрыг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******** нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ********тай газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Газраа барьцаалж зээл өгөөгүй, нэхэмжлэгч талыг мөнгөө өгсний дараа газрыг буцааж өгнө гэх Иргэний хуульд заасан болзол тавьж гэрээ, хэлцэл хийгээгүй.
******* гэх хүнийг хариуцагчаар татаж хэргийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байдаг. Иргэний хуульд бүртгэл үнэн зөв байх зарчим байгаа. Энэ зарчмын дагуу бүртгэл үнэн зөв байх тул гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******** хариуцагч ******** холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Чулуут амины орон сууц 1 дүгээр гудамж, ******** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй газрын өмчлөгчөөр ********г бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ********гээс 247,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Худалдагч газраа худалдана гэсэн гэрээний саналаа гаргасан бөгөөд ********ын нөхөр ******* энэ талаар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн нь шүүхийн шийдвэрт тусгагдсан байдаг, уг гэрээний саналын дагуу газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, ямар нэгэн болзол тавьсан агуулга бүхий хэлцэл хийгдээгүй, 10,000,000 төгрөг зээлдүүлэх талаар ямар нэгэн амлалт өгсөн зүйлгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Нэхэмжлэгчийн төрсөн аав ******** гэх хүн өөрийн охин ********г газраа ******** худалдаж, мөнгөөр нь банк бус санхүүгийн байгууллагад төлөх өр төлбөрөө төлсний дараа ******** гомдолтой гэж Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байдаг бөгөөд уг гомдлын дагуу ******* гэрчийн мэдүүлэг өгөхөөр очиход ******** гэх хүн газраа буцааж өг, өгөхгүй бол гомдолтой гэх зэргээр ятгаж байсан.
Дээрх нөхцөл байдал болсны дараагаар ********, ******** нар ******** холбогдуулан гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэгч нарын энэхүү маргааны үндэслэл болгоод буй "худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч болон ******** нарын хооронд байгуулагдаагүй гэж үзэх үйл баримт тогтоогдож байна" гэж дүгнээд ******** холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ********г гуравдагч этгээдээр оролцуулж нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд аль ч нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлээгүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй" гэж үзэх нь үндэслэл муутай, учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ нь бусад гэрээний адилаар үүргийн эрх зүйн хэлцэл, гэрээ байгуулснаар эд зүйлийн харьяалал хараахан өөрчлөгдөхгүй, зөвхөн холбогдох үүрэг үүсч байдаг. Харин худалдан авсан эд зүйлийн өмчлөл нь үүргийн хэлцэлд суурилсан өмчийн хэлцлийн үндсэн дээр Иргэний хуулийн 109, 111-дэх хэсэгт заасны дагуу шилжинэ гэж үзэж байна. Тийм учраас шүүхээс дан ганц үүрэг үүсээгүй гэх үндэслэлээр өмчлөгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу гагцхүү улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээдийг өмчлөгч гэж үздэг.
Шүүхээс гэрээнд оролцогчдын хүсэл зориг, түүний агуулгыг бүрэн хянаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан аливаа гэрээг талууд байгуулсан тохиолдолд шүүхээс Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдал, тохиролцсон эд хөрөнгө шилжсэн байдалд дүн шинжилгээ хийх замаар хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийх ёстой байхад энэ талаар шийдвэрт огт дурдаагүй. Шүүхээс гэрээний бус үүргийн харилцаатай холбогдох нэхэмжлэлийг гэрээний үндсэн дээр үүссэн өмчийн харилцааны маргаан болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Зохигчийн хооронд үүргийн харилцаа үүсээгүй талаар шүүх зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээ байгуулаагүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******** холбогдуулан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут амины орон сууц 1 гудамж, ******** хаягт байршилтай, 456 м.кв талбайтай газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй үндэслэлээр уг
газрыг буцаан гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь гэрээний үндсэн дээр улсын бүртгэл хийгдэж өмчлөл үүссэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр ******** нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут амины орон сууц нэгдүгээр гудамж, ******** тоот хаягт байршилтай, 456 м.кв талбайтай газрыг ********гийн өмчлөлд шилжүүлэх, ******** нь 10,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээжээ.
Уг газрын өмчлөгчөөр ******** нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн.
3.1. Дээрх гэрээний дагуу ********гийн төлөх ёстой төлбөр 10,000,000 төгрөгийг ******* нь ******** хамаарал бүхий этгээд болох ********, ******* нарт 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулсан.
3.2. Тухайн газрыг ******** нь гэр хороолол дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээгээр Жигүүр гранд групп ХХК-д 136,766,620 төгрөгийн үнэ бүхий байраар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр арилжаалсан.
3.3. ******** газар өмчлөх эрхтэй холбоотой гаргасан дараах нэхэмжлэлүүдийг шүүх урьд шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ********, ******** нар нь хариуцагч ******** холбогдуулан дээрх газар худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, газрыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/04069 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Мөн ******** нь ******** холбогдуулан дээрх газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/02295 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/001452 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгосон.
3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн эсэх, хариуцагчийн өмчлөл хуульд зааснаар үүссэн эсэх талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлтийг өгсөн байна.
4.1. Зохигч нь газар худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан.
Харин үүнтэй холбоотой маргааныг өмнө дурдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/04069 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ газар худалдах, худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй гэж маргааны үйл баримтыг тогтоосон дүгнэлт өгсөн байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.
Энэ шийдвэрт үндэслэж анхан шатны шүүх зохигчийн хооронд газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, хүсэл зоригийн илэрхийлэл нэгдээгүй, гэрээ байгуулагдаагүй тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үндэслэл бүхий дүгнэжээ.
Ийнхүү үүргийн харилцаа үүсээгүй болохыг шүүх тогтоосон байгаа учир газар худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгөх шаардлагагүй.
4.2. ******** ******** холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/02295 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/001452 дугаар магадлал гарсан байгаа боловч үүгээр ******** болон ******** нарын хооронд байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд эрх зүйн дүгнэлт өгөөгүй, зөвхөн өмчийн эрх зүйн хүрээнд дүгнэлт өгсөн.
Уг шийдвэр, магадлал нь энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотолгооны хуваарилалтын үр дагавар үүсгээгүй.
4.3. Хариуцагч нь маргааны зүйл болж буй гэрээнээс өөр үндэслэлээр газрыг хууль болон гэрээнд зааснаар өмчилсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Нэгэнт хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн үйл баримт тогтоогдсон тул энэ талаар шаардах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлэхэд улсын бүртгэл саад болохгүй.
Үүнтэй холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2023/5730 дугаар захирамжаар ******** нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох дээрх газрын өмчлөгчөөр ********г бүртгэсэн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай захиргааны хэргийг газрын өмчлөх эрхийг шилжүүлсэнтэй холбоотой маргааныг иргэний шүүхээр шийдвэрлүүлснээр захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал бүрэн шийдвэрлэгдэнэ гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болохыг дурдвал зохино.
4.4. Иймд зохигчийн хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагч нь маргааны зүйл болж буй газрыг үндэслэлгүйгээр өмчилж хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцжээ.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан учир хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/02568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Т.БАДРАХ