Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1009

 

 

 

 

 

 

 

 

  2019         06          24                                     2019/ШЦТ/1009

                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Х.Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00288 0206 дугаар хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Н нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний 00 цаг 56 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Их засаг их сургуулийн зүүн талын замд Тоёота Приус маркийн 22-35 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Пүрэвсүрэнг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                            /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/          

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Х.Н нь Тоёота Приус маркийн 22-35 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчин Ц.Пүрэвсүрэнг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 18-ны орой найз Арвинбуянгийн гэрт Мөнх-Эрдэнэ, Оюунтүлхүүр бид 3 очсон юм. Тэгээд тэндээ хоол унд хийж идчихээд 2 литрийн пиво 2-ийг уусан тэгээд оройтсон байсан учир буудалд хонохоор болоод Арвинбуянгийн гэрээс гараад буудал хайж явж байгаад Намар гээд буудлын урд талд зогсоод Доржсэмбэ бид 2 өрөө асуух гээд урдаасаа хойшоо зүгт явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байтал баруун гар талаас нилээн зайтай машин ирж яваа харагдсан. Тэгээд л мөргүүлчихсэн. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,

 

Гэрч Э.Нямжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00:00 цаг өнгөрч байхад манай найз залуу Н өөрийнхөө Т.Приус-20 маркийн автомашинтай манай ажил дээр ирсэн юм. Тэгээд манай нэг найзыг Цайзад буулгачихаад буцаад 100 айл талруугаа буюу зүүнээсээ баруун зүгт Их засаг их сургууль тал руу явах замд гэнэт замын голд 2 хүн гараад ирсэн. Тэгээд л мэдэхгүй тас түс гээд л явчихсан. Тоормосоо гишгээд зогсоод бүгдээрээ машинаасаа буугаад нөгөө хүн дээрээ очсон. Миний утаснаас түргэн цагдаа дуудсан. Тэгээд түргэн эхэлж ирээд нөгөө мөргүүлсэн хүнийг аваад би найз Отгнонзулын хамт түргэний машинтай мөргүүлсэн хүний ах, найз охин нь гээд 5-лаа явсан гэх мэдүүлэг /хх-ийн 66/,

 

Гэрч Ж.Доржсэмбийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 18-ны орой Пүрэвсүрэн ах 2 найзтайгаа ирж хоол унд идсэн. 2 литрийн пиво 2 ширхэгийг уусан. Пүрэвсүрэнгийн найз гэх Мөнх-Эрдэнэ гэдэг ах гэртээ харих боломжгүй гараад зочид буудалд хоночихъё гээд гарцгаасан. Тэгээд Сансараар буудал хайгаад буудал олдоогүй тэгээд сансарын тойргоор цайз талруугаа эргээд явж байтал замын хойд талд Намар гэдэг нэртэй зочид буудал харагдахаар нь замынхаа урд зогсоод Пүрэвсүрэн ах бид 2 өрөө асуухаар замынхаа урд талаас хойд талруугаа явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байтал тухайн үед 3 дугаар эгнээнээс 2 дугаар эгнээ рүүгээ орж явтал баруун гар талаас ирж байгаа машин зайтай харагдсан. Удалгүй маш хурдан тулаад ороод ирсэн. Тэр үед нь би сандараад урагшаа 2 алхсан. Пүрэвсүрэн ах тухайн машинд мөргүүлээд л явчихсан. Араас нь харахад Пүрэвсүрэн ах урд салхины шилэн дээр ойгоод шидэгдээд зам дээр унаж байсан. Тэгээд би Пүрэвсүрэн ах дээр очиход Пүрэвсүрэн ах ухаангүй аймар их цус гойжсон байдалтай байсан. Манай хэд ч буугаад ирсэн. Нөгөө мөргөсөн машины хүмүүс ч буугаад ирсэн. Тэгээд түргэн цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 73/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3882 дугаартай:

Ц.Пүрэвсүрэнгийн биед дух яс хоёрлосон баруун үзүүр доош
гайморын хөндийн урд, хажуу хана, нүдний ухархайн дээд, доод хана, хоншоор
яс руу үргэлжилсэн зүүн талын үзүүр зүүн нүдний ухархайн дээд хана, этмойд
хөндийгөөр дамжин суурь луу үргэлжилсэн нийлмэл хугарлууд, баруун талын
духны дэлбэн, зүүн талын духны дэлбэнд цус хуралт, тархины эдийн няцрал, 2
нүдний дээд, доод зовхи, хацар шанаа, хамрын нуруунд цус хуралт, духанд
зулгаралт, 2 гарын сарвуу, 2 хөлийн гуя, зүүн өвдөг, зүүн ташаанд цус хуралт,
зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид    энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85/,

 

Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дугаартай:

... осол хэрэгт нөлөөлсөн гэх эвдрэл, гэмтэл байхгүй байна. Нөлөөлсөн гэх эвдрэл, гэмтэл байхгүй байна. Баруун гар талын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байгаа нь зам тээврийн ослын үед гэрлийн бүрхүүл шил, цайр хагарсанаас болж тусгалын чадал муудаж тохиргоо алдагдсан байна гэх дүгнэлт /хх-ийн 90-96/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн:

T.Prius маркийн 22-35 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Х.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Ц.Пүрэвсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарах байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 97-98/,

 

Шүүгдэгч Х.Нийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг Их засаг их сургуулийн зүүн урд замд буюу Намар нэртэй зочид буудлын урд замд цайзаас сансар чиглэлтэй зүүнээсээ баруун зүгт итгэмжлэлээр худалдаж аваад нэр дээрээ шижлүүлж авч амжаагүй байсан өөрийн эзэмшлийн Т.Приус-20 маркийн 22-35 УНЦ дугаартай автомашинтай, автомашинаа өөрөө жолоодоод ойролцоогоор 45-50 орчим км/цагийн хурдтай кабиндаа найз охин Нямжаргал түүний найзууд болох Отгонзул, Даваасүрэн нарын хамт явж байтал гэнэт урдаасаа хойшоо чиглэлтэй хүн гарч ирсэн. Тэгээд шууд тоормос гишгэхэд тэр хүн урдуур хариагаад гарсан. Цаана нь нэг хүн цуг явж байсан. Би рулээ зүүн гар талруугаа дараад л тэгээд тэр хүнийг мөргөчихсөн. Тэгээд зогсоод мөргөсөн хүн дээрээ оччихоод буцаж машин дээрээ ирээд найз охин Нямжаргалын 89960346 дугаартай утаснаас түргэн болон цагдаад дуудлага өгсөн. Хохирогчийг бол анх хараагүй нэг хүн урдаасаа хойшоо зүгт гэнэт гараад ирсэн. Тэгээд урдуур хариахад нь цаад талд цуг явж байсан хүн байсан. Их л ойрхон харсан. Хэдэн метрийн зайд харснаа хэлж мэдэхгүй байна. Би зогсоох арга хэмжээ авсан. гэнэт урдуур хүн гарч ирэхийг нь хараад шууд тоормос гишгэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 104-108/,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-15/,

-Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийнэ 24/,

-хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн ажил байдлын болон хохиролын талаарх баримтууд /хх-ийн 28-49/,

-ГССҮТ-ийн 03372 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 51-59/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч Х.Нийн иргэний үнэмлэхний лавлагаа, ЦЕГ-ын жолоочийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, НДШ төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 112-120/, Энержи ресурс ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 1124/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128/,

Хохирогчийн дүү Ц.Пүрэвсүхийн дансанд хохирлын 2.000.0000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 127/,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн “шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй. Хохирол барагдуулсан тул надгүйгээр шүүх хурал явуулахад татгалзах зүйлгүй” гэх хүсэлт болон “Ц.Пүрэвсүрэн миний бие 2019 оны 03 сарын 19-ний өдөр зам тээврийн осолд орсон. Х.Н өмнөх эмчилгээнд 4.4 сая төгрөг өгсөн. Цаашдын эмчилгээний зардалд 4 сая төгрөг болон 5.6 сая төгрөгт автомашиныг бодож өгсөн. Нийт 14 сая төгрөг өгсөн тул гомдол санал үгүй болно” гэсэн бичгийн тайлбар, автомашин худалдах, худалдан авах гэрээний хувь зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Нид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Х.Нийн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ц.Пүрэвсүрэнгийн  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Х.Нид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Х.Нийг замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ц.Пүрэвсүрэнд учирсан хохирол болон цаашид гарах зардалд тооцон нийт 14.000.000 төгрөг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохиоргч Ц.Пүрэвсүрэнгийн хүсэлт, гэрээ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна. Хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч хохирогч нар нь сайн дураар эвлэрсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Х.Нийг гэм буруутайд тооцох болон түүнд эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалыг харгалзан үзлээ.

 

Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчийн гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Х.Нид хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна.

Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон дариу биелүүлж, хугацааг тооцохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Нийг нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Х.Нийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Нид хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, 182 дүгээр зүйлийн 182.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэргийн учир шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий сидиг хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт,

шүүгдэгч Х.Нийн 1125604 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ