Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00884

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01924 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********, ******* нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 415,533,300 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ********ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагч ********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ********д 200,000,000 төгрөгийг, нэг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж, гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгчийн Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Морин тойруулга, Наадамчдын талбай /********/ хотхон, Архивчдын гудамж ******** тоот хаягт байрлах 343.11 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ********д 80,000,000 төгрөгийг, нэг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлж, өмнөх барьцаанд байгаа эд хөрөнгийг нэмж барьцаалсан.

********ын барьцааны зүйлийг сольж өгөөч гэж хүсэлт тавьсны дагуу Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Морин тойруулга, наадамчдын талбай /********/ хотхон архивчдын гудамж ******** тоот хаягт байрлах, 343.11 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, улмаар 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг өмчлөгч *******тэй байгуулж, Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Морин тойруулга, наадамчдын талбай /********/ хотхон, Архивчдын гудамж ******** тоотод байршилтай 85 м.кв талбайтай амины орон сууц /*******/, ******* тоотод байршилтай 170 м.кв талбайтай амины орон сууц /********/, ******** тоотод байршилтай 85 м.кв талбайтай амины орон сууц /********/ зэргийг барьцаалсан.

Хариуцагч ********аас зээлийн гэрээний дагуу төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй.

Иймд ********аас 2 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 280,000,000 төгрөг, тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрийг хүртэлх хүү, алданги 42,133,300 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойших эхний зээлийн гэрээний алданги 87,000,000 төгрөг, дараагийн зээлийн гэрээний хүү 6,400,000 төгрөг, нийт 415,533,300 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

1.2. ******* нь барьцааны гэрээ байгуулагдахад нотариат дээр өөрөө гарын үсэг зурж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч ********ын татгалзал тайлбарын агуулга:

2.1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан. Үүнээс үзэхэд талуудын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүү төлөхөөр тохиролцож байгуулсан гэрээ хуульд заасан шаардлага хангаагүй, өмнөх зээлийн гэрээгээр хүү тогтоосон атлаа дараагийн удаа байгуулагдсан зээлийн гэрээнд давтан хүү тооцохоор байгуулсан нь ашиг олох зорилготой байна. Нэгэнт хуульд нийцэхгүй тул энэ гэрээгээр хүү, алданги төлөх үндэслэлгүй, зөвхөн 80,000,000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй.

2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний тухайд, талууд тооцоо нийлж, акт үйлдсэн байх боловч 42,133,300 төгрөгийн алданги нь 2 зээлийн гэрээний алинд нь тооцсон алданги гэдэг нь тодорхойгүй байх бөгөөд гэрээний дагуу хүүд 36,000,000 төгрөг төлөхөөс 20,000,000 төгрөг төлсөн тул 16,000,000 төгрөгийг төлнө. Энэхүү гэрээний хувьд тооцоо нийлсэн актын дагуу төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрнө.

2.2. *******, талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

 

3. Хариуцагч ******* татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

3.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан үндэслэл, шаардлага нь тодорхойгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын барьцаагаар хангуулах хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

3.2. ******* болон ********, ******** нар хамаарал бүхий хүмүүс биш. 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******** нь миний барьцаанд тавьсан байсан үл хөдлөх эд хөрөнгийг хүн худалдаж авахаар болсон чи түр хугацаанд хөрөнгөө барьцаалж байгаач би өөрийн хөрөнгөө зарж барьцаагаа чөлөөлчхөөд 7 хоногийн дотор чөлөөлөөд өгнө гэхэд нь би итгэсэн. Надад хэзээ авсан хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд тавих тухай энэ хоёр хүн огт яриагүй. Гэтэл одоог хүртэл миний барьж дуусаад захиалагч нарт хүлээлгэж өгөх ёстой байсан байрыг суллаж өгөхгүй байна.

Иймд дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-т заасныг зөрчсөн, зээлийн гэрээний үүрэгт 5 дахин өндөр үнэтэй эд хөрөнгө барьцаалсан нь Иргэний хуулийн ерөнхий зарчимд нийцэхгүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч ********аас 2022.09.21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 303,000,000 төгрөг, 2023.01.16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 100,400,000 төгрөг, нийт 403,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,133,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******** нь 2023.01.16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 100,400,000 төгрөг төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Морин тойруулга, Наадамчдын талбай, ******** тоот хаягт байршилтай, 85 м.кв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Морин тойруулга, Наадамчдын талбай, ******* тоот хаягт байршилтай, 85 м.кв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Морин тойруулга, Наадамчдын талбай, ******* тоот хаягт байршилтай, 170 м.кв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ********, хариуцагч ******** нарт холбогдох, талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Морин тойруулга, Наадамчдын талбай, ******** тоот хаягт байршилтай, 85 м.кв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Морин тойруулга, Наадамчдын талбай, ******* тоот хаягт байршилтай, 85 м.кв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Морин тойруулга, Наадамчдын талбай, ******* тоот хаягт байршилтай, 170 м.кв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай, хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ********аас улсын тэмдэгтийн хураамжид 2,174,950 төгрөг, хариуцагч *******эс 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ********т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,305,817 төгрөг, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 560,000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч ********ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон байгааг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй, тодруулбал гэрээгээр ашиг олох зорилгоор хүү тогтоосон гэж үзэх боломжгүй, нэг удаагийн шинжтэй гэж үзэхээр байна гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Учир нь талууд анх удаа зээлийн гэрээг нэг удаагийн шинжтэй байгуулаагүй, ашиг олох зорилгоор хариу төлбөртэй зээлийн гэрээ өмнө нь байгуулж байсан.

Мөн хариуцагч талын зүгээс Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа явуулах эрх аваагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүү шаардсан хэсгийг буруу дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Хариуцагч ******** нь хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 304,000,000 төгрөгийг төлөх байтал анхан шатны шүүхээс нийт 403,400,000 төгрөг нэхэмжлэгчид олгож, 99,400,000 төгрөгийг үндэслэлгүйгээр олгохоор шийдвэрлэсэн.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, 99,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Зохигчийн байгуулсан зээлийн гэрээ нь ашиг олох зорилгогүй нэг удаагийн шинжтэй гэж шүүх зөв дүгнэж, холбогдох тооцооллыг гэрээнд нийцүүлэн тооцсон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч ********ын гомдлыг дэмжсэн.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч ********ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 415,533,300 төгрөг гаргуулах тухай, хариуцагч *******д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч ******** нь зээлийн гэрээнд хүү тооцсон нь хуульд нийцээгүй гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч ******* нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3. ******** нь ********д 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 200,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр тус тус олгожээ.

 

3.1. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******** нь ******* өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Морин тойруулга, Наадамчдын талбай, ******** тоот хаягт байршилтай, 85 м.кв талбайтай, ******* тоот хаягт байршилтай, 85 м.кв талбайтай, ******* тоот хаягт байршилтай, 170 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

 

3.2. Хариуцагч ******** нь нэхэмжлэгчид 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг төлсөн.

 

3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх ******** болон ********д нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Гэрээнд заасан хүү, алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан.

 

4.1. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээг нэг удаагийн шинжтэй байгуулаагүй, ашиг олох зорилгоор хариу төлбөртэй зээлийн гэрээ өмнө нь байгуулж байсан тул хүү тооцох үндэслэлгүй гэж маргасан.

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж өөрчлөн найруулж, мөн өдөр Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль батлагдсан. Энэхүү хуулийн шинэ зохицуулалт 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн.

Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь ашиг олох зорилгоор байнгын шинжтэй зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг болох нь тогтоогдоогүй.

Иймээс зээлийн гэрээгээр хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчөөгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.

 

5. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээл 200,000,000 төгрөг, тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрийг хүртэлх хүү, алданги 42,133,300 төгрөг, алданги 87,000,000 төгрөг, нийт 329,133,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлээс тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрийг хүртэлх хүү, алданги 42,133,300 төгрөг гаргуулах шаардлага нь аль гэрээнд хамаарах нь тодорхойгүй, хүү болон алдангийг зааглаагүй байдлаар гаргасан тул анхан шатны шүүх зээлийн гэрээнд заасан нөхцөлөөр хүүг тодорхойлж тооцсоныг буруутгахгүй.

 

5.1. Энэ гэрээний хугацаа дуусгавар болсны дараа ******** 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг төлснийг шүүхээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу үндсэн төлбөрөөс хассан нь үндэслэлтэй.

Гэрээний талууд 2023 оны 08 дугаар сарын 26, 10 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч энэ хугацаанаас хойш хариуцагч ******** нь зээлийг эргэн төлөх үүргээ гүйцэтгээгүй зөрчил үргэлжилсэн хэвээр байсан тул алданги тооцно.

Иймд анхан шатны шүүх үндсэн зээл 180,000,000 төгрөг, сарын 3 хувиар тооцсон 6 сарын хүү 36,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гарах хүртэлх хугацаагаар тооцсон алданги 87,000,000 төгрөг, нийт 303,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

6. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү 6,400,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Уг гэрээний дагуу аливаа төлөлт хийгдээгүй тул шүүх үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү 6,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

6.1. Харин 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээнд үндэслэн нэхэмжлэгч нь алданги шаардаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлээс хальж алданги 14,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул хэрэгсэхгүй болгож залруулна.

Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрийг хүртэлх хүү, алданги 42,133,300 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ч энэ нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээнд хамааралтай болох нь тогтоогдоогүй.

 

7. 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Морин тойруулга, Наадамчдын талбай, ******** тоот хаягт байршилтай, 85 м.кв талбайтай, ******* тоот хаягт байршилтай, 85 м.кв талбайтай, ******* тоот хаягт байршилтай, 170 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд хүсэл зоригоо илэрхийлж байгуулжээ.

Уг гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх нөхцөл тогтоогдоогүй, харин Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч ******* гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхэд үл хамаарах Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсгийн зохицуулалт баримталсан байгааг хасна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01924 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********аас 389,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********т олгож, нэхэмжлэлээс үлдэх 26,133,300 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1, гэснийг хасч,

5 дахь заалтад 2,174,950 гэснийг 2,104,950 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ********ын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 654,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ