| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0298/Э |
| Дугаар | 1018 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц. Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 1018
2019 06 25 2019/ШЦТ/1018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зт холбогдох эрүүгийн 1706 02504 0303 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.З нь 16 нас 10 сартай байхдаа буюу өсвөр настай байхдаа 2017 оны 10 дутаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төвд иргэн Г.Ганхуягийн ажиллуулж байсан лангуунаас самсунг Жи-7 маркийн гар утас хулгайлж бусдад 372.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.З нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн:
... лангуун дээрээ утсаа тавиад хажуу талын лангууруу ороод хоол идчихээд гараад иртэл миний гар утас алга болсон байсан. ...хяналтын камер нь лангууны хаалга хэсэгрүү л харсан байдалтай болохоос лангуун дотор болж байгаа үйл явдал харагдахгүй ... гомдолтой байна. Гар утасаа олж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/,
Гэрч Н.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:
"... Б.З нь манай байгууллагын сэжигтэй этгээдийн бүртгэлд байдаг юм. 2017 онд ... Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төвд гар утасны хулгай гарсан гэх мэдээлэл ирсэн бөгөөд үүний үндсэн дээр хяналтын камерыг очиж шүүж үзэхэд "Бүдүүн Золоо" хочтой Б.З нь явж байгаа бичлэг байсан. Ингээд эрэн сурвалжлах ажиллагаа явуулж олж, тогтооход Б.З нь лангуунаас гар утас авснаа хүлээн зөвшөөрч байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний Б31-147 дугаартай:
Самсунг жи-7 маркийн гар утас 372.000 төгрөг гэх тайлан /хх-ийн 29-30/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 13/,
Шүүгдэгч Б.Зын мөрдөн байцаалтанд өгсөн:
"... 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би Сандэй худалдааны төвөөс цамц авах гээд явж байсан. 2 давхарт байрлах нүдний шилний лангууны хажуугаар явж байгаад уг лангуун дотор самсунг Жи-7 маркийн гар утсыг би харсан юм. Тухайн үед лангууны эзэн цаанаа хүнд нүдний шил үзүүлээд зогсож байсан. Би лангууны эзнээс нүдний шилний үнэ асуугаад нүдийг нь хариулж байгаад самсунг жи-7 маркийн гар утсыг нь хулгайлсан" гэх /хх-ийн 38/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Б.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30-41/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.З нь насанд хүрээгүй байхдаа 2017 оны 10 дутаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төвд иргэн Г.Ганхуягийн ажиллуулж байсан лангуунаас самсунг Жи-7 маркийн гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх ба шүүгдэгч Б.З нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч Б.Зыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Б.Зт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.
Хохирогчийн хулгайд алдсан гар утсыг хөрөнгийн үнэлгээний үнэлгээчин 372.000 төгрөгөөр үнэлсэн байх тул уг дүн бүхий хохиролыг шүүгдэгч Б.Заас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Зт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Заас 372.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Ганхуяг /ПЮ87080425/-д олгосугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зт урьд хэрэглэсэн цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ