Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00885

 

 

 

 

******** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01529 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******** нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********, ******** нарт холбогдох,

11,830,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч ********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

********гийн гуйлтаар 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 11,830,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд энэ мөнгийг ******** нь надаас зээлдэхдээ би ******** гэх хүнд өртэй гэсэн тул ********ын данс руу 11,830,000 төгрөгийг шилжүүлсэн.

2020 оноос 2022 оны хооронд 16,226,000 төгрөг зээлдүүлсэн. Энэ зээлд 16,599,000 төгрөг төлсөнтэй маргахгүй.

********ын дансаар мөнгө шилжүүлэхэд ********, ******** нар хамт явж байсан тул ********ыг хамтран хариуцагчаар татсан.

Иймд 11,830,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч ********гийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч *******ээс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн мөнгө зээлсэн нь үнэн, гэхдээ 2020-2022 онд нийт 16,599,000 төгрөгийг төлсөн, тиймээс одоо төлөх мөнгө үлдээгүй тул 11,830,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагч ********ын татгалзал, тайлбарын агуулга:

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ********д 9,000,000 төгрөг зээлж барьцааны гэрээ байгуулсан.

******** нь ********аас зээлсэн 9,000,000 төгрөгөө үндсэн зээл, хүү, алдангийн хамт нийт 11,830,000 төгрөг шилжүүлж зээлээ хаасан. Тиймээс ********, ******** нарын хооронд 9,000,000 төгрөгийн зээл олгосон харилцаа бий болохоос би ********тэй хамт *******ээс хамтран уг мөнгийг зээлсэн асуудал байхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар хариуцагч ********гээс 11,457,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч ********д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********гээс 198,262 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч ********гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд ******** итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** зүгээс бид хаан банкны бүх хуулгыг шалгаж үзлээ, илүү мөнгө ********гээс нэхэмжилсэн. Одоо ******** нь манайд 3,594,000 төгрөг төлөх юм байна. Харин ********аас 11,830,000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн байхад, ********гээс уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

******** нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 16,599,000 төгрөгийг ******* хаан банкны дансанд шилжүүлсэн ба одоогоор ямар нэгэн өр төлбөргүй.

******** ********гээс ямар нэгэн мөнгө төгрөг, эд зүйл нэхэмжилсэн зүйл огт байхгүй. ********, ******** нарын хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээг гаргаж тавьсан. Энэ гэрээний хөөн хэлэлцэх хугацаа ч дууссан. Тэгээд ч тухайн үед уг зээл нь төлөгдөж дууссан ба ******** зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгөө чөлөөлж авсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч оролцоогүй, гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ********ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь хариуцагч ********аас 11,830,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, хариуцагч ********гээс нэхэмжилнэ гэсэн тайлбар гаргасныг шүүхийн шийдвэрт тодорхой дурдаж өгсөн. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж үндэслэлтэй зөв шийдвэр гаргасан тул хариуцагч ********гийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч ********гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********, ******** нарт холбогдуулан 11,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч ******** нь зээлсэн мөнгийг бүрэн төлж барагдуулсан гэж, ******** нь нэхэмжлэгчээс мөнгө аваагүй гэж тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Нэхэмжлэгч нь хариуцагч ********гээс 3,594,000 төгрөг, хариуцагч ********аас 11,830,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл анх гаргасан боловч шүүх хуралдааны явцад тэдгээрээс 11,830,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ тодруулсан болох нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн үеэс хариуцагч нар 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ********гийн зээлсэн 11,830,000 төгрөгийг нэхэмжлэгч нь ******** руу шилжүүлсэн эсэх талаар маргаж байсан тул нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар гардуулах шаардлагагүй, энэ талаар мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байна.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********д 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 28,056,000 төгрөг зээлдүүлснээс ******** нь 16,599,000 төгрөгийг буцаан төлжээ.

Энэ мөнгөн дүнд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ******** нь *******ээс 11,830,000 төгрөг зээлэхдээ ********аас урьд авсан зээлээ төлөх үүднээс түүний данс руу шилжүүлсэн зээл багтсан болно.

 

3.1. *******ээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ******** хүлээн авснаар ******** ******** нарын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 9,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй өгсөн зээлийн гэрээний харилцаа, мөн уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан ********гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 гудамж, ******* тоот хаягт байрлах 654 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан гэрээний харилцаа тус тус дуусгавар болсон байна.

 

3.2. Хариуцагч ******** нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр *******ээс ******** руу шилжүүлсэн 11,830,000 төгрөгийг хүлээн авсан эсэхэд маргасан боловч тухайн гүйлгээний утга, ******** болон ******** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон үйл баримтаар үгүйсгэгдсэн.

 

3.3. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдсон.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч ********гээс 11,457,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон боловч үүргийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцааг хуулийн дагуу үүсэх үүрэг гэж буруу дүгнэсэн, хариуцагч ********д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо эрх зүйн дүгнэлт өгөөгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

4.1. *******ээс ********д 16,226,000 төгрөг хүлээлгэн өгсөн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.

Энэхүү гэрээний харилцаанд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр *******ээс 11,830,000 төгрөгийг ******** руу шилжүүлсэн харилцаа мөн адил хамаарчээ.

Учир нь зээлдүүлэгч ******* нь зээлдэгч ********д 11,830,000 төгрөгийн зээл олгохдоо Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн нэрлэн заасан этгээд болох ********ын данс руу шилжүүлсэн байна.

Ийнхүү зээлдэгчийн хүсэлтээр зээлийг бусдын данс руу шилжүүлж олгож буй нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих буюу хуульд зааснаар үүсэх үүргийн харилцаанд тооцогдохгүй.

 

4.2. Хариуцагч ******** нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид зээлийн төлбөр төлсөн баримт хэрэгт авагдсан тул тэдгээрийн хооронд үүссэн зээлийн гэрээнд хамаарах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

 

4.3. Анхан шатны шүүх нотлох баримтын хуваарилалтыг зөв хийж, хариуцагч ********гийн 28,056,000 төгрөгийн зээлийн төлбөрт төлсөн 16,599,000 төгрөгийг хасч тооцон үлдэх 11,457,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгож буй 373,000 төгрөг гаргуулах хэсгийг дурдахгүй орхисныг залруулж өөрчлөлт оруулна.

 

4.4. Хариуцагч ******** болон нэхэмжлэгчийн хооронд үүргийн эрх зүйн хүрээнд болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй тул түүнийг нэхэмжлэгчийн шаардаж буй 11,830,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэхгүй.

Иймд түүнд холбогдох нэхэмжлэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн өгсөн зарим эрх зүйн дүгнэлтийг залруулах замаар шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01529 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ********гээс 11,457,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 373,000 төгрөг гаргуулах болон хариуцагч ********д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ********гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ