Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 595

 

 

 

 

                       

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/6 дугаар байрны 14 тоотод оршин суух Харган овогт Аюурзанын Рэнчинханд/РД-50111708/-ийн,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 23а байрны 10 тоотод оршин байх “Хучилт” ХХК/РД-2691388/-д холбогдох

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11.402.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн төлөөлөгч Д.Шараа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Саранцэцэг нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.Цэрэнханд нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 23а байрны 10 тоотод оршин суух иргэн Д.Шараатай Хэнтий аймгийн Дадал суманд 16х10 метр квадрат хэмжээтэй сургуулийн номын сан, үдийн цайны хөтөлбөрийн байрны барилгыг 40 хоногт багтаан бариулахаар, ажлын хөлсөнд 15.000.000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Захиалагчаас гэрээнд заасан үүргээ биелүүлэн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажлын хөлсний урьдчилгаанд 6.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн боловч Д.Шараа нь гэрээний 2 дугаар зүйлд заасан гүйцэтгэгчийн үүргээ зөрчиж 26 хоногийн хугацаанд хийсэн ажил нь ердөө нэг дан өрлөг өрсөн, тэр нь технологийн дагуу хийгдээгүй, мэргэжлийн бус хүмүүсээр өрлөг хийлгэсэн зэргээс шалтгаалж дахин шинээр өрлөг хийлгэхээс өөр аргагүй байдалд хүрч дахин өөр мэргэжлийн хүмүүстэй гэрээ байгуулан өрлөг хийлгэж дуусгасан юм. Д.Шараа нь дээрх хугацаанд захиалагчийн худалдаж авсан бараа материалыг үр ашиггүйгээр хэрэглэж тоглож дуусган хохирол учруулсан юм. Мөн энэ хугацаанд ажилчдынхаа замын зардалд болон бусад зардалд А.Рэнцэнхандаас байнга мөнгө гаргуулж байсан ба ажилчид нь ажлын байрандаа архи ууж, материал дутаах зэргээр гэрээний үүргээ байнга зөрчдөг байсан. Үүнээс хойш Д.Шараа нь мэргэжлийн өрлөгчид олж явуулъя гэсээр дахин 26 хоносон боловч холбогдохгүй сураггүй болж гэрээний хугацаа хэтрээд 58 хоносон тул А.Рэнчинханд нь өөрийн биеэр Улаанбаатар хотод ирж өөрөө хайж яваад мэргэжлийн өрлөгчид хөлсөлж гэрээ байгуулан барилгыг 9 хоногт бариулж дуусгасан юм. Д.Шараатай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд зааснаар гүйцэтгэгч гэрээнд дурдсан хугацаандаа хийвэл зохих ажлаа эхлэх буюу дуусгах хийж байгаа ажлаа чанартай технологийн дагуу хийж захиалагчид хүлээлгэн өгч 3 жилийн баталгаа гаргаж өгнө, хэрэв муу хийсэн бол үнэгүй засаж өгнө, ажилчид ажлын байрандаа архидах, материал хулгайлах, эвдэхийг хатуу хориглож буруутай этгээдээр төлүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний 3 дугаар зүйлд зааснаар “гүйцэтгэгч хугацаандаа ажлаа хийгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногийн 0,5 хувийн алданги төлөх үүрэг хүлээнэ” гэсэн байгаа. Иймд хариуцагч Д.Шараагаас нийт бэлнээр түүнд өгсөн 6.000.000 төгрөг, бусад зардалд зарцуулсан 2.402.000 төгрөг, гэрээний дагуу төлөх алданги 3.000.000 төгрөг, нийлбэр дүнгээр нийт 11.402.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ гүйцэтгэхдээ нэхэмжлэгчээр замын зардал болон бусад зардлуудыг гаргуулж байсан. 26 хоноход ажлын ямар ч үр дүн гараагүй, Д.Шараа хот руу яваад ирэхгүй, утсаар залгахад утсаа авахгүй, ажилчид нь ажлаа хийх боломжгүй, ажлын хөлсгүй, хоол унд, тамхи тариагүй, ажил зогссон байдалтай байсан учраас А.Рэнцэнханд өөрийн биеэр үлдсэн ажлаа гүйцэтгүүлэхээр өөр хүмүүсийг авч ажиллуулж, уг өрлөгийн ажлыг 9 хоногийн хугацаанд хийж дуусгаж, хүлээлгэж өгсөн байдаг. Бид ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт бэлнээр авсан буюу ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн 6.000.000 төгрөг, н.Банзрагч инженерт өгсөн бензиний мөнгө 120.000 төгрөг, Дадалд очоод өгсөн 280.000 төгрөг, цэргийн ангиас ажилчид хөлсөлсөн 540.000 төгрөг, Шараа захиралд өгсөн буудлын мөнгө 162.000 төгрөг, тогоочийн цалинд 260.000 төгрөг, 4 хүн 26 хоног ажиллуулсан мөнгөнд 940.000 төгрөг, хоолны мөнгө 100.000 төгрөг болон 6.000.000 төгрөгийн 50 хувиар тооцсон алданги 3.000.000 төгрөг, нийт 11.402.000 төгрөгийг хариуцагч байгууллага болон захирал Д.Шараагаас гаргуулна. Алдангийг 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 6.000.000 төгрөгөөс тооцсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байхаар заасан байх тул ажлаа хийж хүлээлгэж өгөөгүй. Модны үндэс татаж гаргахад хүч хүрээгүй учраас машин авч ирж татуулсан, мөн нүх ухаж фундамент тавихад цэргийн ангиас хүмүүс авч ирж ухуулсан бэлэн нүхэнд цутгасан, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 2 дах шинжээчийн дүгнэлт байна, ажлын үнэлгээг өндөр тогтоосон байна  гэв.

            Хариуцагч “Хучилт” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч Д.Шараа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Дадал сумын сургуулийн үдийн цай хөтөлбөр, номын сангийн барилга бариулахаар иргэн А.Рэнцэнханд нь манай компанид санал болгосны дагуу миний бие 20.000.000 төгрөгөөр хийх санал гаргасан боловч 15.000.000 төгрөгт хийж өгөөч гэж гуйсан, би зөвшөөрч гэрээ байгуулан 16х10 харьцаатай барилгын хар зураг гаргаж, төсөв зохиож материалын жагсаалт гаргаж 3 хоног сууж ажилласан. А.Рэнцэнхандын хамт хотоос татах бүх материалыг 3 хоног явж цуглуулж татаж ажилласан. Миний бие ажилчдын хамт Дадал суманд очиж 8 хоног барилгын ажлыг эхлүүлээд буцсан. Манай ажилчид барилгын бүх суурийн ажлыг дуусгаад өрлөгөө эхэлж байтал А.Рэнцэнхандын таньдаг хүмүүс ирж маш хямдхан хийж өгье гэж шургасны үндсэн дээр манай компанид мэдэгдэлгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын тогтоол шийдвэр гараагүй байхад гэрээ дур мэдэн цуцалж 40 хоногоос дөнгөж 20 хонож байхад ажилчдыг хөөж явуулснаас хойш 2014 оны 4 дүгээр сар хүртэл 215 хоног ажилгүй болгож тус бригадыг 8.400.000 төгрөгний хохирол учруулсан. Ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийг илт зөрчиж 3.000.000 төгрөг, миний хот хөдөөд ажилласан цалин 2.200.000, бригадын хийсэн ажил 3.200.000, бүгд 16.800.000 төгрөгийн хохирол компанид учруулсан. Бригад А.Рэнцэнхандад учруулсан хохирол гэвэл 760 кг элс, 5 уут цемент бүгд 87500 төгрөг, бусдыг нь хүлээх боломжгүй юм гэжээ. Нэхэмжлэгч хууль бус мөнгө нэхэмжилж байна, гэрээ бол гэрээ уг ажил гүйцэтгэх гэрээг нотариатаар жилийн дараа батлуулсан байна. Манай ажилчид ажлаа сайн хийж байсан. Нутгийн хүн н.Баяржавхлан 18 хонож байхад нь хямд хийж өгнө гэсэн учраас гэрээгээ цуцалсан гэж бодож байгаа. Манай хийсэн ажлыг мэргэжлийн хяналтын байгууллага болон зохих хууль хяналтын байгууллага хянаж, акт гаргасан бол би хүлээн зөвшөөрөх байсан. Би 6.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй, бид энэ хугацаанд маш их ажил хийсэн. Уг барилгын ажлыг эхлүүлэхийн тулд элс хайрга, тоосго ачуулж, тоосго зөөсөн, барилгын газар дээр улаан шугам татсан, уг байшингийн суурийг дайрсан маш том модны үндэс, хожуул булаастай байсныг бид бүтэн ажлын 3 хоног ухаж, жижиг болгон гаргаж ирсэн. Энэ ажлуудыг хийхэд маш хүнд байсан, уг хожуулыг 3-4 хэсэг болгож ухаж гаргахад 3-4 хоногийн хугацаа орсон. Мөн уг барилгын суурийг тавихын тулд их ажил орсон, уг газар нь зөөлөн хөрстэй байсан тул 70 сантиметрийн гүнтэй нүх ухаж фундамент тавихад 3-4 хоносон, хотоос арматур авч ирж, түүнийг угсрахад 2-3 хоногийн ажил орсон, үүний дараа банзаар палк зангидсан, үүнийг зангидахад бас 3-4 хоногийн хугацаа зарцуулсан. Энэ бүх ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг ерөөсөө тооцоогүй байна. Миний хувьд ажил эхлүүлээд 9 дэх хоног дээрээ хот руу явсан. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд бид 5-уулаа ажилласан, энэ барилгын ажлыг гардаж хийлгэхээр бригадын дарга н.Банзрагчийг ажиллуулж, ажлыг ахлуулан хийлгэхээр болж ажиллуулж байсан. Миний хувьд уг барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд их цаг зарцуулсан, уг барилгын хар зураг гаргасан, хар зураг зурахад мэргэжлийн түвшинд хийхэд цаг хугацаа орсон. Хар зургаа гаргаж дуусаад барилгад орох материалын тооцоог хийж, төсвийг гаргасан. Үүний дараа хот руу А.Рэнцэнхандтай явж материал цуглуулж, татахад өөрийн биеэр оролцож ажилласан. Энэ бүх ажлыг хийж гүйцэтгэхэд 11 хоногоо зарцуулсан боловч эдгээр ажлын хөлс шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй байгаа. Манай бригадын хийсэн ажлын хөлсийг 3.214.350 төгрөг болох тухай шинжээчийн дүгнэлтэд тусгасан байгаа боловч үүнээс гадна 2.200.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж би үзэж байгаа. Энэ нь 2013 онд барилгын ажилчдын цалин өндөр байх үеэр тооцоход барилгын туслахыг өдөрт ажлын хөлсийг 150.000 төгрөгөөр тооцох боломжтой. Ингэж тооцоход ажилласан өдрөөр тооцоход их мөнгө гарна, гэвч би энэ хөлсийг оруулж тооцохгүйгээр зөвхөн өөрийн ажилласан 11 хоногийг 200.000 төгрөгөөр тооцоход л 2.200.000 төгрөгийн ажил хийсэн гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлд онцгой нөхцөлгүйгээр гэрээг цуцалсан аль нэг тал нь үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг нөгөө талдаа төлөхөөр заасан тул ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15.000.000 төгрөгийн 20 хувь болох 3.000.000 төгрөгний төлбөрийг А.Рэнцэнханд хариуцах ёстой. Бид ажлаа хийж 18-19 хонож байхад ажилтнуудыг хөөж явуулсан хүн бол А.Рэнцэнханд юм. Миний хар зураг зурж, төсөв гаргах нь инженерийн нарийн мэргэжлийн ажил тул энэ ажлаа 500.000 төгрөгөөр үнэлж байна. Энэ үнэлгээ нь өнөөгийн нөхцөлд харин ч багаар үнэлж байна. Би нэхэмжлэгч А.Рэнцэнхандад учруулсан хохирол байхгүй, 5 уут цемент, элс 760 килограммыг л үрэгдүүлсэн, үүний үнэлгээ нь 87.500 төгрөг болж байгаа. Иймд нэхэмжилж байгаа 6.000.000 төгрөг болон бусад зардал 2.402.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөгийг төлөх үндэсгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 6.000.000 төгрөгийн тухайд би өөрөө аваагүй н.Банзрагчид би өгөөд явсан. Мөн нэхэмжлэгчийн хэлж байгаагаар материал эвдсэн хулгайлсан гэдэг бол худлаа. 1 метр гаран өндөртэй өрлөг өрсөн ажлыг нурааж дахин өрсөн ч энэ шинэ тоосгыг цэвэрлээд эргээд ашиглах бүрэн боломжтой юм. Иймд би харин хийсэн ажлын хөлсөө нэхэж байна. Суурь цутгана гэдэг бол барилгын ажлын бараг 50 хувь гэж манай мэргэжлийн үүднээс үздэг. Бүх тооцоо төсвийг гаргаж өгчхөөд энэ мөнгийг хариуцахгүй, харин нэхэмжлэлийн шаардлагаас 87.500 төгрөгийг хүлээн зөвшөөрч болох юм. Үүнийг л төлнө гэв.   Нэхэмжлэгч А.Рэнцэнханд анх надтай гэрээ байгуулахдаа бидний очих унааны зардал болон байр хоолны мөнгө даана гэж надад үлдсэн гэрээн дээр тохиролцож бичсэн байгаа, 6.000.000 төгрөгөөс өөр 1 ч төгрөг аваагүй гэв.

Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбар, мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                    Ү Н Д Э С Л Э Х  Н Ь:

            Нэхэмжлэгч А.Рэнцэнханд нь “Хучилт” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11.402.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.

            Зохигчдын хооронд 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 19 дугаартай барилга барих тухай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр 16х10 метрийн харьцаатай 1 дан байшинг бүх засал, сантехник, цахилгааны мантажтай нь барих, мөн саравч барихаар 40 хоногийн хугацаатайгаар, ажлын хөлс 15.000.000 төгрөгөөр тохиролцож Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын гүйцэтгэлээс шалтгаалан 40,20,40 хувиар ажлын хөлсийг тохиролцон төлж дуусгахаар тохиролцон, гэрээ байгуулсан өдөр ажлын хөлсний 40 хувь буюу 6.000.000 төгрөгийг урьдчилгаанд “Хучилт” ХХК хүлээн авсан болох нь тогтоогддог. /ХХ-ийн 8, 23 дугаар хуудас/

Уг гэрээтэй холбоотой үйл баримтын талаар дурдахад нэхэмжлэгч А.Рэнцэнханд нь “Хучилт” ХХК-ийг барилгын ажил гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээгээр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бариулахаар тохиролцон 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулан 40 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон боловч хариуцагч “Хучилт” ХХК нь барилгын ажлын фундаментийг цутгаж, дан өрлөгийн ажил 1 метрийн өндөртэй үргэлжилж байх үед мэргэжлийн өрлөгчин байхгүй гэдэг шалтгаанаар өөр өрлөгчид авч ажиллуулахаар тохиролцож шинээр Д.Энхболд, Д.Уранбилэг, М.Мөнхбаяр нартай 4.700.000 төгрөгөөр хөлс тохирон  2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 9 хоногийн хугацаанд уг барилгын өрлөгийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн байх ба нэхэмжлэгч мэргэжлийн өрлөгчид авч ажиллуулахыг хүлээн зөвшөөрсөн байдаг./хх-ийн 11,13,14,28,29 дүгээр хуудас/. Уг барилгын явц байдлыг сумын хэсгийн төлөөлөгч давхар нотолдог./хх-ийн 12 дугаар хуудас/

Шинэ өрлөгчид “Хучилт” ХХК-ийн 1 метр өрөгдсөн ханыг чанарын шаардлага хангахгүй гэж үзээд нураан шинээр өрлөг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж гэрэл зургаар баталгаажуулсан байдаг./хх-ийн 16-19 дүгээр хуудас/

Үүнээс хойш хариуцагч “Хучилт” ХХК-иар барилгын ажил гүйцэтгүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогддог.

Өрлөгийн ажил дууссаны дараагаар нэхэмжлэгч А.Рэнцэнханд 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уг барилгын дээврийн болон шалны ажил гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээг А.Төгсжаргал, А.Мөнхжаргал, Б.Төмөрбаатар, Г.Золбаяр, А.Ариунбаатар нартай байгуулсан байх ба 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс ажлаа эхлэн мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийж гүйцэтгэж дуусгахаар тохиролцсон болох нь тогтоогддог./хх-ийн 30 дугаар хуудас/

Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч А.Рэнчинханд нь “Хучилт” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл А.Рэнчинханд нь 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шинэ өрлөгчидтэй аман хэлцэл хийж, тэднийг 23-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд ирүүлж, 24-ны өдрөөс 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл ажиллуулсан, 2013 оны  10 дугаар сарын 29-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл А.Төгсжаргал... нартай дээвэр, шалны ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажиллуулж, барилгыг ашиглалтад оруулж дуусгасан болох нь тогтоогддог.

Нэхэмжлэгч А. Рэнчинханд нь “Хучилт” ХХК-д ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл хүргүүлж, мэдэгдсэн гэх боловч хариуцагч “Хучилт” ХХК хүлээн авсан эсэх нь тодорхойгүй баримтыг шүүхэд ирүүлсэн тул нотлох баримтаар үнэлэхээс татгалзсан болно./хх-ийн 10 дугаар хуудас/

Нэхэмжлэгч нь 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 19 дугаартай гэрээний үүрэгт хариуцагч “Хучилт” ХХК-иас урьдчилгаанд өгсөн 6.000.000 төгрөг, н.Банзрагч инженерт өгсөн бензиний мөнгө 120.000 төгрөг, Дадалд очоод өгсөн 280.000 төгрөг, цэргийн ангиас ажилчид хөлсөлсөн 540.000 төгрөг, Д.Шараа захиралд өгсөн буудлын мөнгө 162.000 төгрөг, тогоочийн цалинд 260.000 төгрөг, 4 хүн 26 хоног ажиллуулсан мөнгөнд 940.000 төгрөг, хоолны мөнгө 100.000 төгрөг, 6.000.000 төгрөгийн 50 хувиар тооцсон алданги 3.000.000 төгрөг, нийт 11.402.000 төгрөгийг нэхэмжилдэг.

Хариуцагч нь уг мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтэд тусгасан ажлуудыг болон дүгнэлтэд тусгагдаагүй олон ажил хийсэн, нэхэмжлэгчид хохирол учруулаагүй, алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул төлөх боломжгүй, бодитой учруулсан хохиролд 87.500 төгрөгийг л хариуцах боломжтой гэж мэтгэлцдэг.

Шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд үнэлүүлэхээр ирүүлсэн бусад зардалд нэхэмжилсэн гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлээгүй байх тул үнэлэхээс татгалзсан болно./х.х-ийн 9,15, 20-21, 24-27, 31, 33-41, 59, 64 дүгээр хуудас/

Түүнчлэн хариуцагч “Хучилт” ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул татгалзлаа нотлуулахаар ирүүлсэн татгалзалд хамааралгүй, ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлэхээс татгалзсан болно./х.х-ийн 60-63, 73 дугаар хуудас/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг ба гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар хуульчилсан хэдий ч зохигчид тус хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар ажлаа бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч гэрээг цуцалсан байна. Нэхэмжлэгч нь уг зүйлд зааснаар уг гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй байх ба ажил гүйцэтгэгч “Хучилт” ХХК-д гомдлын шаардлага гаргаагүй, гэрээ цуцлах тухай урьдчилан сануулаагүй, нэмэлт хугацаа тогтоогоогүй байдаг.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тогтоохоор заасан хэдий ч гэрээгээр хүлээсэн ажлуудаас 40, 20, 40 хувийн гүйцэтгэлд ямар ажлууд хамаарахыг нарийвчлан тусгаагүй байдаг тул “Хучилт” ХХК-ний суурь цутгалтын болон гэрээнд тусгаагүй бусад ажлын үнэлгээ, хувь хэмжээг тогтоох боломжгүй байна гэж шүүх үзлээ. Ажлын хөлсийг урьдчилан төлсөн гэх 6.000.000 төгрөгөөс үнэлж тооцох боломжгүй байна. Уг ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдаагүй бусад ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд болон ажлын 40 хувьд ямар ажлууд хамаарах талаар гэрээгээр тохиролцоогүй байх тул уг ажлыг үнэлэх боломжгүй байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээн аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийсэн бол хохирлоо ажил гүйцэтгэгч шаардах эрхтэй байна. Иймд урьдчилгаанд төлсөн гэх 6.000.000 төгрөгөөс 2,934,350 төгрөгийг хасаж тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн шаардсан 11.402.000 төгрөгөөс тооцон гаргуулах нь зүйтэй байна.      

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол мөн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байхаар заасан байх тул нэхэмжлэгч А. Рэнчинханд “Хучилт” ХХК-иас учруулсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Гэвч нэхэмжлэгч нь учруулсан хохирлоо шаардах эрхтэй ч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд шүүх ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11.402.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2.934.350 төгрөгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Захиалагч гэрээг цуцалсан тохиолдолд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5, 355.6-д ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлс болон гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч “Хучилт” ХХК-нь хийсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй байхаас гадна зохигчид барилгын фундамент цутгаж хийсэн ажлын гүйцэтгэлийн талаар маргадаггүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээ өндөр байна гэж маргадаг.

Зохигчид барилгын ажлын урьдчилгаанд авсан 6.000.000 төгрөг дээр маргадаггүй.

“Хучилт” ХХК-ийн хийсэн ажлын хөлсийг тооцохдоо хавтаст хэргийн 69-72 дугаар хуудсанд авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээ хийсэн “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн маргаж буй барилгын хундам цутгах, дотор ханын хундам цутгах, улаан шугам татах, тоосго буулгах, хана өрөх, ажилчдын унааны зардал багийн ахлагчийн цалин зэрэг зардлыг үнэлэн 3.214.350 төгрөгөөр үнэлсэн байна. Гэвч шүүх уг зардлаас хана өрөх ажлын хөлс 780.000 төгрөг болон ажилчдын унааны зардлын 200.000/400.00:2=200.000 нэхэмжлэгч очих зардлын талыг хариуцна гэх тул хасав/ төгрөгийг хасаж тооцон хариуцагчийн хийсэн ажлын үнэлгээг 2.234.350  тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчээс бусад зардалд 2.402.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс баримтаар тогтоогдож байгаа 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр н. Банзрагчид 200.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 22 дугаар хуудас/, 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр н.Банзрагч 500.000 төгрөг бэлнээр авсан/ х.х-ийн 57 дугаар хуудас/ болох нь баримтаар тогтоогдож байх тул 700.000 төгрөгийг “Хучилт” ХХК-иас уг мөнгийг тооцон гаргуулах нь үндэслэлтэй байна. Зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлд ажилчдад олгосон хөлсийг ажлын хөлсөнд тооцохгүй байхаар заасан хэдий ч нэхэмжлэгчээс бригадын ахлагч А.Банзрагчид өгсөн нь баримтаар тогтоогдож байх тул хасаж тооцох нь үндэслэлтэй байна. Бусад зардлууд болох ажилчид хөлсөлсөн, буудлын мөнгө, тогоочийн цалин, хоолны зардал зэрэг нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.   

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон 3.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд уг шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. Зохигчид хэн аль нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан, уг барилгын ажлыг өөр хүмүүсээр гүйцэтгүүлсэн болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд авсан бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй байх ба гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол зардлаа л шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт заасан алдангийг шаардах эрхгүй байна. Иймд алданги төлүүлэх шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч “Хучилт” ХХК-иас 11.402.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас  2.234.350 төгрөг, баримтаар тогтоогдож байгаа 700.000 төгрөгийг хасан 2.934.350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.467.650 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, “Хучилт” ХХК-иас 61.900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Рэнчинхандад олгох нь зүйд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.5, 355.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11.402.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2.934.350 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Хучилт” ХХК-иас 2.934.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Рэнчинхандад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.467.650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Рэнчинхандаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Хучилт” ХХК-иас 61.900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Рэнчинхандад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЯРМАА