| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2024/00955/И |
| Дугаар | 212/МА2025/00019 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 212/МА2025/00019
З.А-ын хүсэлттэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 302/ШШ2024/00043 дугаар шийдвэртэй, *************** багт оршин суух К овогт З.А-ын хүсэлттэй,
“Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар А-ын Н-ыг Б.З-т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хүсэлт гаргагч З.А-, үрчилж авсан эх К.Т-, түүний өмгөөлөгч Т.Бахыт, орчуулагч Т.Хуаныш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн агуулга:
1.1. Миний бие З.А- болон эхнэр Б.С нар өөрсдийн хоёр дахь хүүхэд болох 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Н-ыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар өөрийнхөө эцэг эх болох Б.З-, К.Т- нарт үрчлүүлсэн. Улмаар хүүхэд маань хичээлд орох үед өөрийн асрамжид авсан. Учир нь миний эцэг, эх хөдөө сумын төвөөс хол Согог гэх газарт амьдардаг. Харин би болохоор Хөх-хөтөл гэх газарт багийн төвд амьдардаг. Бага наснаасаа миний асрамжид байгаад сурч боловсорч байна. Үрчлэн авсан эцэг Б.З-, эх К.Т- нар нь одоо 68 настай, нас нэлээд өндөр болсон, биеийн эрүүл мэнд тааруухан байгаа тул хүүхэд асран хамгаалах чадваргүй болж байгаа учраас хүү Н-ыг төрүүлсэн эцэг, эх болох эхнэр Б.С- бид хоёрт буцаан өгөхөөр болж тохирсон юм. Хүү Н- нь одоо манай гэрт бидний гарт хүмүүжигдэж, Улаанхус сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10 дугаар ангид суралцаж байгаа болно.
1.2. Иймд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар А-ын Н-ыг Б.З-т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 302/ШШ2025/00043 дугаар шийдвэрээр:
2.1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч К овогт З-ын А-ын Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар А-ын Н-ыг Б.З-т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч З.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. Хүсэлт гаргагч З.А- болон түүний эхнэр Б.С- нар нь өөрсдийн хүүхэд болох 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Н-ыг тус аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар өөрийнхөө эцэг эх болох Б.З-, К.Т- нарт үрчлүүлсэн боловч уг хүүхдийг 1 дүгээр ангид орох үеэр өөрийн асрамжид авснаар өөрийн төрүүлсэн эцэг эхийн гарт сурч боловсорч, хүмүүжиж байгаа юм.
3.2. Харин үрчлэн авсан эцэг Б.З, эх К.Т- нар нь өндөр настай болсон, эрүүл мэндийн байдал нь сайнгүй байгаа тул өөрийн төрүүлсэн эцэг, эхэд нь буцааж өгөх талаар хүсэлт гаргасан байдаг. Харин хүү Н-ын хувьд мөн адил үрчлэлтийг хүчингүй болгуулах талаар хүсэлтээ бичгээр гаргасан.
3.3. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан шаардлага дээрх нөхцөл байдалд хамаарахгүй байгаа боловч мөн хуулийн 61.2-д заасан шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэсэн байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байгаа ба бусад үндэслэл гэдэгт үрчлүүлсэн хүүхэд өөрийн төрүүлсэн эцэг, эхтэйгээ хамт амьдраад 10 жил өнгөрч байгаа, мөн үрчилж авсан эцэг, эхийн насны байдал, эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид асран хамгаалах боломжгүй гэдгээ илэрхийлж байгаа, мөн 14 насанд хүрсэн хүүхэд өөрөө төрүүлсэн эцэг эхийн асрамжид байхыг хүсэж байгаа, мөн тухайн багийн засаг дарга болон сурч байгаа сургуулиас олгосон тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон бодит нөхцөл байдлууд нь үрчлэлтийг хүчингүйд тооцох хангалттай үндэслэл байсан боловч анхан шатны шүүхийн зүгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хавтас хэрэгт хуулийн дагуу цугларсан ач холбогдол бүхий нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж гомдол гаргаж байна.
Тухайлбал: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2 дугаар багийн Засаг даргын “...З- овогтой А- нь ам бүл-6, эхнэр дүү, 3 хүүхдийн хамт амьдардаг, иргэн А-ын төрсөн дүү нь З-ын Н- нь нэг гэр бүлд амьдарч байгаа нь үнэwн” гэсэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолтоор үрчлэгдсэн хүүхэд Н- нь бодит байдал дээр өөрийн төрсөн эцэг, эхийн хамт амьдарч байгаа нь, мөн Улаанхус сумын Хөх хөтөл дэх Ерөнхий боловсролын 3-р сургуулийн сургалтын менежерийн 2024 оны 11-р сарын тодорхойлолтоор тус сургуулийн 10а бүлэгт суралцаж байгаа нь нотлогддог.
3.4. Харин үрчлэн авсан эцэг, эх З-, Т нар нь мөн сумын Согог багт оршин суудаг болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа юм. Түүнээс гадна хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд Б.З- нь хүнд өвчний улмаас эмчийн магадалгаагаар оролцох боломжгүй болсон нь Улаанхус сумын Эрүүл мэндийн төвөөс олгосон тодорхойлолтоор тогтоогдож байгаа юм.
3.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 302/ШШ2025/00043 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
4. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг ойлгоно.
6. Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хүсэлт гаргагч шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага, үндэслэл ямар учир шалтгаантай болохыг тодорхойлж, хүсэлтийн үндэслэлдээ заавал тусгах ёстой бөгөөд энэ нөхцөл байдлыг шүүх тодруулснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргах нэг нөхцөл нь болдог.
7. Гэтэл анхан шатны шүүх З.А-ын Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар хүү А- овогтой Н-ыг өвөг эцэг болох Б овогт З-т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах” тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхдээ хүсэлтийн бодит үндэслэл, шаардлагыг тодруулахгүйгээр шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байдал нь шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтаар хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
8. Түүнчлэн тус аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101 дүгээр захирамжаар А- овогтой Н-ыг Б овогтой З-т үрчлүүлсэн байх боловч Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн Үрчилсний бүртгэлийн лавлагаагаар А.Н-ыг Б-ийн З-, К-ийн Т- нарт үрчлүүлснээр бүртгэжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон уг нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр хүсэлтийг хянан шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцэх бөгөөд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, тус шүүх дүгнэлт өгөөгүй асуудлаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт өгөх, шийдвэр гаргах эрх хэмжээгүй болно.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна” гэж, 145.4 дэх хэсэгт “Талуудын хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдал шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан. Анхан шатны шүүх үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, шүүх хуралдаанд бүрэн оролцуулаагүйгээс гадна хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах болсон шалтгааныг тэдгээрээс нэг бүрчлэн, хангалттай тодруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн А-ын Н-ыг 2 нас 9 сартай байхад нь эцэг З-ын А-, эх Б-ын С- нар хүүгийн өвөг эцэг Б.З-т 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үрчлүүлсэн бөгөөд энэ талаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын мөн өдрийн 101 дугаартай захирамж гарч байжээ.
Үрчлүүлсэн хүү З.Н- нь одоо 16 нас, 5 сартай бөгөөд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үрчлүүлсэн эцэг З.А- нь шүүхэд хүсэлт гаргасан, үрчлэн авсан гэх эх К.Т- нь анхан шатны шүүх хуралдаанд оролцох зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол үрчлүүлсэн эх Б.С- болон үрчлэн авсан эцэг Б.З- нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч болон үрчлэн авагч талуудад бүгдэд нь шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулаагүйгээс шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцох болсон үндэслэл, шалтгааны талаар үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудаас нэг бүрчлэн, хангалттай тодруулах боломжгүйд хүрсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны иргэн өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо шүүхэд хамгаалах эрхтэй учраас үрчлүүлсэн хүү З.Н-ыг ч мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор хангавал зохино.
Хүүг үрчлүүлсэн эх Б.С-, үрчлэн авсан эцэг Б.З- нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэрэгт үрчлүүлсэн эх Б.С-, үрчлэн авсан эцэг Б.З-, үрчлэгдсэн хүү З.Н- нарын үйлдэж, нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт авагдсан боловч энэ нь тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэх үндэслэлийг хангалттай тогтоохгүй, үрчлэн авсан эцэг Б.З- нь эрүүл мэндийн зайлшгүй шаардлагаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх баримтыг ирүүлээгүй учраас эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
11. Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч нарыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулж, тэдгээрээс хүүхдийг түүний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлсэн эсэх, уг үрчлэлтийг хүчингүйд тооцох талаарх Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд тогтоогдож байгаа эсэхийг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх явцад, мөн шүүх хуралдаанаар тодруулах, бодитой тогтоох шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.
12. Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Т.БА-ын “шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Давж заалдах гомдлыг хүлээж аваагүй учир хуульд зааснаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 302/ШШ2025/00043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК