Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1019

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

   2019        06          25                                  2019/ШЦТ/1019  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,   

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Алтанхуягийн Мд холбогдох эрүүгийн 1906 03108 1339 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 1-34 тоотод иргэн Ш.Цогмаамын баруун гарын сарвууг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                 /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 03108 1339 дүгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч А.М нь иргэн Ш.Цогмаамын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ш.Цогмаамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 5 дугаар сарын 18-ны орой би ажил дээрээ байж байхад 19 цаг 05 минутын үед манай нөхөр Чимэдбат надруу залгаад би архи уучихсан гэртээ байна. Манай дүү ирчихсэн сүү аваад ирээрэй гэхээр нь би 19 цаг 55 минутанд гэр рүү ороход манай гэрт 30 орчим насны танихгүй хүн байсан.

...Тэгэхээр нь би утсыг нь авч өгөөд хоол хийх гээд мах хөшиглөж байхад тэр хүн босч ирээд хутга булаацалдаад авах гээд байхаар нь яах гэж байгаа юм гэхэд хутгаа өгөөтөх гээд хутга булаацалдаад байсан. Би зүүн гараараа хутга барьдаг бөгөөд тэр хүн хутга булаацалдаад миний гарнаас хутгыг авахаар нь баруун гараараа хамгаалах гээд гараараа хаахад миний баруун гарыг зүссэн. Тэгэхээр нь хүүе чи намайг хутгалчихлаа гэж хэлэхэд миний үснээс зуурч доош нь дарахад манай нөхөр босч ирээд тэр хүнийг бариж аваад салгахаар нь би утсаа аваад гараад гүйсэн гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

 

Гэрч Б.Чимэдбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би “И Си Си” нэртэй барилгын компани дээр дотор заслын ажил хийдэг. 2019 оны 5 дугаар сарын 18-ны орой Базараа М бид гурав манай гэрт 2 шил Хараа нэртэй 0.5 литрийн архи уусан. Тэгээд Базараа ах 19 цагийн үед яваад өгсөн. Тэгээд М бид хоёр нэмж Хараа нэртэй 0.5 литрийн архи нэмж уусан. Би архиа ууж байхдаа эхнэр ажлаасаа ирээд хоол хийнэ гэж бодоод мах гаргасан. Тэгээд архи ууж дуусаад би согтоод унтаад өгсөн. Маргааш өглөө нь сэрэх үед эхнэр баруун гараа бийнтээр боочихсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад эхнэр гэртээ ирээд хоол хийх гээд хутга барьсан байхад М угаалтуур луу бөөлжих үед хөөе гарч бөөлжөө гэхэд миний гараас хутга булааж авах гэж байгаад гар зүссэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дүгээр сарын 21-ний өдрийн 6152 дугаартай:

Ш.Цогмаамын биед баруун сарвуунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11 тал/,

 

Шүүгдэгч А.Мөнхтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Дүнжингарав хорооллын хажуу талд баригдаж байгаа барилга дээр туслах ажилтан 10 гаруй хоног хийж байна. Тухайн газраа ажиллаж байгаад иргэн Чимэдбат гэх хүнтэй танилцсан. 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгууллагаас хоолны мөнгө гэж 100.000 төгрөг өгсөн. Тэгээд орой нь ажлаа тараад явж байхад Чимэдбат ах машинтайгаа явж байсан ба манай гэрт очъё гэж хэлхээр нь машинд суугаад гэрт нь очсон. Чимэдбат ахын гэрт хүн байхгүй байсан ба бид хоёр 2 шил 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи уусан. Тэгээд Чимэдбат ах архиа ууж дуусаад унтаад өгсөн. Би ширээний ард сууж байгаад унтсан байсан ба нэг ухаа орох үед танихгүй эмэгтэйгээс урт хар бариултай хутгыг булааж авах үедээ баруун гарыг нь зүсэж, үснээс нь зуурхад тухайн танихгүй эмэгтэй намайг хутгалчихлаа гэж орилох үед нөхөр нь босож ирээд намайг салгасан. Тэгээд нөгөө эмэгтэй гэрээс зугатаад гарсан гэх мэдүүдэг /хх-ийн 24 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч А.Мөнхтулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 14 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 15 тал/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.        

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч А.Мөнхтулгын иргэн Ш.Цогмаамын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч А.Мд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ