| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 2014250006627 |
| Дугаар | 47 |
| Огноо | 2016-02-26 |
| Зүйл хэсэг | 148.3., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 47
Л П-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
Шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Ц.Бурмаа,
нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1352 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 8 дугаар магадлалтай, Л П-д холбогдох 2014250006627 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гомдлоор хянан хэлэлцэв.
1. БНХАУ-ын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, Монгол Улсад ял шийтгүүлж байгаагүй, Л П нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч, онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л П-ийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Л П-д оногдуулсан 10 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж”, тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...384 хоногийг...” гэж тус тус өөрчлөн тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсгийг зөрчиж Л П-д ял шийтгэл оногдуулсан байхад давж заалдах шатны шүүх хуулийн заалтыг буруу ойлгож, хэрэглэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн буруу байх тул хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.
Учир нь Л П нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Тэнгисийн “И” зоогийн газрын ХААН банкны пост терминал машинаар гадаад улсын иргэдийн 11 ширхэг Олон улсын мастер болон виза картын мэдээллийг ашиглан 41.650.000 төгрөгийн гүйлгээг хийхдээ өөрөө ийм хэмжээний гүйлгээ хийж байна гэдгээ ойлгоогүй, пост терминал машиныг ажиллуулах мэдлэг мэргэжилгүй бөгөөд Д.Х, Г.О, Г.Т нарын тусламжтай БНХАУ-ын иргэн Б-н интернетээр өгсөн зааварчилгааны дагуу гүйлгээг хийсэн, мөнгийг Г.О, Д.Х нар авч хэрэглэсэн ба хэн нь хэдэн төгрөг авсныг Л П мэдээгүй учраас энэ үйлдэл Л П-д хамааралгүй бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж байхгүй.
Энэ гэмт хэргийг өвөр монгол Б, Монгол Улсын иргэн Г.О, Д.Х нар бүлэглэн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байхад Л П-д хилсээр ял шийтгэл оногдуулсан нь шударга бус гэж үзэж байна...” гэжээ.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Д.Х, Г.Т, Б.Э, Г.О нарыг мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр шалгаад холбогдолгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Л П нь пост машинаас мөнгө авах зорилгоор Монгол Улсад ирсэн болох нь нотлогдсон. Л П-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна...” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Л П-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих асуудлаас гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг бүрэн гүйцэд тогтоогоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлжээ.
Д.Х, Г.Т, Б.Э, Г.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон прокурорын 204, 208, 209, 210 дугаар тогтоолын үндэслэлийг хянахад нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн гэж үзэх боломжгүй, яллагдагч нарын гэмт хэрэгт оролцоогүй тухай тайлбарыг шалгахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна.
Үүнд: Д.Х, Г.Т, Б.Э, Г.О болон Л П-ийг явуулсан гэх этгээдийн хооронд хөрөнгө оруулалтын талаар бодитой тохиролцоо байсан эсэх, хөрөнгө оруулалт хийх нөхцөл, тухайлбал хөрөнгө оруулалт хийх салбар, ашиг хуваах, буцаан төлөх талаар тохиролцсон болон энэ нь гэрээ, хэлцлээр баталгаажсан эсэхийг шалгах шаардлагатай. Мөн Д.Х, Г.Т, Б.Э, Г.О нар нь Л П-ийн бусдын мөнгөн хадгаламжаас хууль бусаар мөнгөн хөрөнгө татаж буйг мэдэх боломжтой байсан эсэх, хөрөнгө оруулалт гэх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийн талаар ямар ойлголттой байсныг тодруулахаас гадна пост төхөөрөмжийн зориулалт, түүнийг гэрээгээр эзэмших болсон этгээдэд үүнийг мэдэх боломж буй эсэх талаар тусгай мэдлэг бүхий мэргэжилтнийг гэрчээр байцаах нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн Л П-ийн Монгол Улсад авч ирсэн гэх виза картууд нь хуурамчаар үйлдэгдсэн, хулгайлагдсан, жинхэнэ карт аль нь болох, түүнийг олж авсан үйлдлийг шалгах талаар болон Л П-ийн үйлдэлд компьютерийн эсрэг төрлийн гэмт хэргийн аль нэг бүрэлдэхүүн бий эсэх талаар дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах” тухай заалт нь прокуророос ял сонсгоогүй, шүүхэд шилжүүлээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцээгүй гэмт хэрэгт шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахыг хязгаарласан ойлголт юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлох баримтаар нотлогдсон” үндэслэлээр дээрх шүүгдэгч нарт ял сонсгосон атлаа мөрдөн байцаалтын явцад үүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт шинээр авагдаагүй байхад шүүгдэгч нарын анхны тайлбарыг үндэслэн хохирлыг төлж барагдуулмагц холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Д.Х, Г.Т, Б.Э, Г.О нарын үйлдэл, холбогдолд бодитой дүгнэлт өгсөн эсэх, тал бүрээс нь бүрэн, бодитой шалгасан эсэх талаар эргэлзэхэд хүргэж байна.
Гэмт хэргийн хамтран оролцогч харилцан эсрэг ашиг сонирхолтой этгээдүүдэд холбогдох хэргээс зарим холбогдогч нарын үйлдлийг “гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь тогтоогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь нөгөө этгээдийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлдгийг анхааран гэмт хэрэгт хамтарсан этгээдүүдийн үйлдэл, оролцоог хүн тус бүрээр тогтоосны эцэст гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхэд дүгнэлт өгөх нь бусдын үйлдсэн гэмт хэргийн төлөө хариуцлага хүлээх явдлыг гаргуулахгүй байх нөхцөл болохыг анхаарах нь зүйтэй.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн “Л П-д холбогдох 41.650.000 төгрөг залилж авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1352 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 8 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Л П-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.
ДАРГАЛАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ХОСБАЯР