| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0369/З |
| Дугаар | 001/ХТ2025/0020 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2025/0020
"Т А Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0616 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2024/0753 дугаар магадлалтай,
Хэргийн оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэх үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.Хэргийн нөхцөл байдал: Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хайгуулын сонгон шалгаруулалтыг зарлаж, “Т А Н” ХХК нь СШ6605, СШ6615, СШ6625 дугаартай талбайн сонгон шалгаруулалтад оролцсон, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг нээсэн байна. Гэвч 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар “Засгийн газрын 2023 оны 268 дугаар тогтоол болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг санал дүгнэлт гарган танилцуулах хүртэл” гэх үндэслэлээр уг сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон байна.
3.Нэхэмжлэгчээс: “... сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс нөлөөлж байгаа, сонгон шалгаруулалтын техникийн үнэлгээнд аж ахуйн нэгжүүд нэг их зөрөөтэй оноо авдаггүй, ерөнхийдөө ойролцоо, гол нь үнийн санал гэдэг бол компаниудын нууц байдаг, сонгон шалгаруулалт нэгэнт зарлагдаад сонгон шалгаруулалтын материал нээсэн бол хөндлөнгөөс сонгон шалгаруулалт зарласан байгууллага оролцож хүчингүй болгож, дундаас нь зогсоодог эрх хэмжээ огт байхгүй, бусад аж ахуйн нэгжүүд хүртэл цахимаар ороод ямар үнийн санал болон техникийн санал өгсөн гэдгийг үзэж хараад мэдэх боломжтой болсон, дахин сонгон шалгаруулалт зарлахад бусад компаниудын нууцыг мэдсэн учраас өрсөлдөх боломжийг хязгаарласан хууль бус тушаал гарсан тул хүчингүй болгох ёстой” гэж,
4.Хариуцагчаас: “... Засгийн газрын тогтоолоор батлагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд багтсан эсэх талаар нягтлан шалгахаар хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг санал, дүгнэлт гарган танилцуулж нийтэд мэдээлэх хүртэл сонгон шалгаруулалтыг түр хойшлуулсан нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын бүрэн эрхийн асуудал, сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдээс төлсөн босго үнийн төлбөрийг буцаан олгохоор шийдвэрлэсэн тул сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдэд хохирол учраагүй, Баянхонгор аймгийн ард иргэдийн санал, гомдол гарсан, нэхэмжлэгч шалгараагүй тул эрхийг зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.
5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:
5.2.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар тухайн талбай байрших аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал авах ажиллагааг тухайн үед хийсэн болох нь тогтоогдож байна. Энэхүү санал авах ажиллагааны дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын ирүүлсэн санал нь хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу гэж үзэх үндэслэлгүй байсан тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох талбайн солбицлыг тодорхойлон ... хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
5.3.Сонгон шалгаруулалтын талбайг баталсан нь Баянхонгор аймгийн иргэдийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул захиргааны байгууллагын Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасан захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар, санал авах ажиллагааг хэрэгжүүлээгүйг зөвтгөх үндэслэл болохгүй.
6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
6.1.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь маргаан бүхий “СШ-66” дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зарлахдаа Усны тухай хуульд заасны дагуу тус сав газрын захиргаанд мэдэгдээгүй, санал аваагүй болох нь тогтоогдож байх тул ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг дахин шалгах зорилгоор СШ6605, СШ6615, СШ6625 дугаартай талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг буруутгаж болохгүй.
6.2.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт дуусаагүй буюу Сонгон шалгаруулалтын комиссоос ялагчаар шалгаруулсан тухай дүгнэлт гаргаагүй, захиргааны байгууллагаас хуульд заасан ажиллагааг хийсний үндсэн дээр сонгон шалгаруулалт зарлах энэ тохиолдолд маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгч “Т А Н” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээргүй юм.
6.3.Учир нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход дээрх байдлаар Ашигт малтмалын тухай болон бусад хуульд заасан тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд сонгон шалгаруулалтын журмаар олгох зохицуулалттай бөгөөд захиргааны байгууллагаас энэхүү шаардлага хангагдсан эсэхийг дахин хянаж үзэх нь зүйтэй гэж үзсэн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасны дагуу сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлах үүргийн дагуу нийтэд мэдээлсэн. Гэтэл энэ үүргийн дагуу нийтэд зарлаж байгаа зохион байгуулалтын шинжтэй захиргааны байгууллагын үйлдлийг давж заалдах шатны шүүх “сонгон шалгаруулалтыг зарлах, хүчингүй болгох бүрэн эрх” гэж тайлбарлаж байгаа нь хууль тогтоогчийн хүсэл зорилгод нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэв Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу талбайн ялгалт хийж зарлагдсан сонгон шалгаруулалтыг үнэлгээний шатанд нь хүчингүй болгох бүрэн эрхтэй гэж үзвэл сонгон шалгаруулалтын үндсэн зарчим алдагдахаар байна.
7.2.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.26-д заасан чиг үүргийг эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалт зарлахаас өмнө хэрэгжүүлж, давхцалыг шалгасан байдаг ба ... давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. СШ6605, СШ6615, СШ6625 дугаартай сонгон шалгаруулалтын талбай нь сонгон шалгаруулалт явуулахыг хориглосон талбай давхцалгүй болох нь хариуцагчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдсон.
7.3.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд зөвхөн сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэхээр хууль тогтоогчийн хүсэл зориг илэрхийлэгдэнэ. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын дарга сонгон шалгаруулалт хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгааг хянах, шалгах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
7.4.Давж заалдах шатны шүүх Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуульд заасан тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд сонгон шалгаруулалтын журмаар олгох зохицуулалттай бөгөөд захиргааны байгууллагаас энэхүү шаардлага хангасан эсэхийг дахин хянаж үзэх нь зүйтэй гэж үзсэн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох эрхтэй гэсэн хууль зүйн дараалалгүй дүгнэлт хийсэн.
7.5.Захиргааны байгууллагаас тухайн талбайд сонгон шалгаруулалт явуулах нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг бүрэн дүүрэн шалгасны үндсэн дээр сонгон шалгаруулалт зарлагдана. Ийнхүү бүрэн дүүрэн шалгасан учраас сонгон шалгаруулалт нь хуульд заасан шаардлагыг хангаж явагдаж байгаа гэсэн сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжийн итгэл хамгаалагдах ёстой.
7.6.Маргаан бүхий захиргааны акт зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйгээр хийсвэр таамаглалд үндэслэн гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сонгон шалгаруулалт нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 268 дугаар тогтоол болон бусад хууль тогтоомжид нийцээгүй гэх тушаалын үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй болно.
ХЯНАВАЛ:
8.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий тушаалын СШ6605, СШ6615, СШ6625 дугаар талбайд холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгав.
9.Тогтоогдсон үйл баримтын тухайд,
10.Ашигт малтмал, газрын тосны газар нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр СШ6605, СШ6615, СШ6625 дугаартай талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалт зарласан, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг нээхэд “Т А Н” ХХК хамгийн өндөр үнийн санал[1] гаргасан байсан, 5 хоногийн дотор техникийн үнэлгээг гаргах байсан боловч 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр уг сонгон шалгаруулалтыг “хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг тодруулах” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон.
11.Энэхүү маргааны тухайд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь хайгуулын сонгон шалгаруулалт зарлахаас өмнө Усны сав газраас санал авах үүрэгтэй эсэх, захиргаа нэгэнт зарласан сонгон шалгаруулалтыг үнийн санал нээсний дараа хүчингүй болгох эрхтэй эсэх тухай байна.
12.Хууль хэрэглээний хувьд:
13.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж, 11.1.26-д “энэ хуулийн 9.1.11-д заасан талбайд сонгон шалгаруулалт явуулахыг хориглосон талбай давхцаж байгаа эсэхийг шалгаж, давхацсан бол тухайн хэсгийг хасаж, мэдээллийг Үндэсний геологийн албанд хүргүүлэх” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, захиргааны байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй буюу сонгон шалгаруулалтаар олгох талбай нь хориглосон талбайтай давхцаж байгаа эсэхийг бүрэн шалгаж тодруулаагүй буруутай байна.
14.Учир нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж зааснаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлахаас өмнө усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллага болох Усны сав газраас урьдчилан санал авсан байх нь “хориглосон талбайн давхцал шалгах” гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн агуулгад хамаарахаар байна.
15.Тодруулбал, сонгон шалгаруулалтаар олгох талбай нь гол мөрөн нуур усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газартай давхцаагүй байхаас гадна эдгээрт нөлөөлөх сөрөг нөлөөгүй талаар мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гарсны эцэст сонгон шалгаруулалтыг зарлахаар байна.
16.Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар нь маргаан бүхий сонгон шалгаруулалтыг зарлахдаа Усны сав газраас санал аваагүй, улмаар энэхүү алдааг засах шаардлагатай гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий тушаалыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
17.Өөрөөр хэлбэл, хариуцагч сонгон шалгаруулалт зарлахаас өмнө хуульд нийцүүлэн талбайн солбицол тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байгаа хэдий ч өөр бусад үндэслэлээр, тухайлбал, Усны асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагаас ирэх саналаас хамаарч, маргаан бүхий актын эрх зүйн үр дагавар өөр байж болох буюу хэрэв татгалзсан санал ирвэл маргаан бүхий тушаал хууль ёсны болох, харин татгалзсан санал ирээгүй бол маргаан бүхий тушаал хууль бус болох үр дагавар үүсэх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тодруулах, дутуу ажиллагааг нөхөн гүйцээх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаарч байх тул шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна.
18.Түүнчлэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаар тогтоолоор “Х” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж, “... ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан маргаан бүхий журмыг батлахдаа усны сав газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох тохиолдолд нарийвчилсан хуулийн дээрх зохицуулалт, шаардлагыг орхигдуулсан, энэ нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасантай нийцээгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй” гэж дүгнэж, сонгон шалгаруулалтын журмын холбогдох зохицуулалтыг дахин шинээр журам гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.
19.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.26-д заасан “сонгон шалгаруулалт явуулахыг хориглосон талбай” гэдгийг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасан “Энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан талбай нь дараахь шаардлагыг хангасан байна: 17.5.2-д “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх”, 17.5.3-д “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэсэн зохицуулалтад хамааруулан ойлгох бөгөөд энэхүү маргааны тохиолдолд усны асуудлаар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох нөхцөл байдал байгаа эсэхийг шалгах нь маргаан бүхий акт хууль ёсны эсэхэд нөлөөлөхөөр байна.
20.Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.26-д заасан ажиллагаанд “Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан ажиллагаа хамаарна” гэсэн агуулгаар хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоох нь зүйтэй.
21.Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дүгээр тогтоолоор Н.Ц, Д.Ж нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж, “… Ашигт малтмалын тухай хууль нь ашигт малтмалын холбогдох үйл ажиллагааны үндсийг бүрдүүлэхээс гадна дээр дурдсан хүрээлэн буй орчин болон хүний эрхэд учирч болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгыг өөртөө агуулж, уг зорилгод нийцсэн урьдчилсан нөхцөл, шаардлагуудыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход тавигдахаар зохицуулсан байна, … Энэ хүрээнд анхан шатны шүүх хариуцагч нь сав газрын захиргаанаас усны нөөцтэй холбоотой саналыг аваагүй, экологийн хохирлыг нөхөн сэргээхэд ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хүрэлцэх эсэхийг тодруулаагүй нь нэхэмжлэгч нарын экологийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхэд хамааралтай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан байна.
22.Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 8/1946 дугаар албан бичгээр Баянхонгор аймгийн Засаг даргад хандаж, сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайн саналыг хүргүүлсэн, уг албан бичгийн хариуд “...сонгон шалгаруулалт зарлах газруудад нутгийн иргэдийн тахилгат уул, малчдын өвөлжөө, хаваржааны эзэмшил газар, бэлчээр, уст цэг, булаг, шанд олноор хамрагдаж байгаа[2] тул дэмжих боломжгүй” гэж татгалзсан санал хүргүүлснээс үзэхэд усны асуудлыг дахин нягтлах шаардлагатай, тухайн бүс нутгийн усны нөөц хомсдох эсэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсэх эсэх, ус ашиглах боломжит хэмжээний талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг урьдчилан гаргуулах нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэх юм.
23.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-т “тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах ...” гэж, 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэж тус тус заасан тул сонгон шалгаруулалт зохих журмын дагуу явагдаагүй тохиолдолд хүчингүй болгох эрхтэй, хэрэв усны хууль тогтоомж зөрчигдөж, хохирол нөхөн сэргээгдэхгүй, байгаль орчин, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх байвал тухайн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохгүй үр дагавар үүсэх тул нэхэмжлэгчийн “сонгон шалгаруулалтын материал нээсэн бол хөндлөнгөөс нөлөөлж, хүчингүй болгож, дундаас нь зогсоох эрхгүй” гэх гомдлоор маргаан бүхий актыг шууд хүчингүй болгох үндэслэлгүй байна.
24.Энэхүү шүүхийн тогтоолыг биелүүлэх арга журам, үүсэх үр дагаврын тухайд:
25.Захиргааны байгууллагаас хуульд нийцүүлэн холбогдох ажиллагааг хийж, эрх бүхий мэргэжлийн байгууллагаас санал, дүгнэлт авсны дараа, уг саналыг үндэслэн усны хууль тогтоомж зөрчигдөх, нөхөн сэргээгдэх боломжгүй үр дагавар үүсэхгүй, түүнчлэн хориглосон талбайтай давхцахгүй бол тухайн талбайд зарласан сонгон шалгаруулалт хууль ёсны болох ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх түрүүлж хамгаалагдах тул сонгон шалгаруулалтыг дахин шинээр зарлах биш, харин үргэлжлүүлж, техникийн саналыг үнэлж, Сонгон шалгаруулалтын комисс нэгдсэн дүгнэлт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.
26.Дээрх үндэслэлүүдээр, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0616 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2024/0753 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.26, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т А Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/39 дүгээр тушаалын СШ6605, СШ6615, СШ6625 дугаартай талбайд холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий А/39 дүгээр тушаалын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэж өөрчилсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ